Эйфелийн цамхгийг зарсан цуутай луйварчин эр

1-20Виктор Люстиг бол ертөнцийн хамгийн авьяаслаг залилагчдын нэг юм. Тэр оршин суугаа газраа үргэлж сольдог, 45 нууц нэртэй, 5 хэлээр чөлөөтэй ярьдаг нэгэн байлаа. Люстигийг зөвхөн АНУ-д л 50 удаа баривчилсан боловч баримт нотолгоо хангалтгүй шалтгаанаар тухай бүр суллаж байжээ. Дэлхийн 1-р дайнаас өмнө Люстиг хонжворт сугалаа хуурамчаар зохион байгуулж мэргэшсэн байв. 1920-иод оны үед АНУ-д шилжин ирж, хэдхэн жилийн дотор банк, хувь хүнээс хэдэн арван мянган доллар залилан авчээ.


Люстигийн хамгийн том луйвар нь Эйфелийн цамхагийг зарсан явдал юм. 1925 оны 5-р сард Люстиг адал явдал хайж Парист ирсэн гэнэ. Тэрээр нэгэн франц сониноос алдарт цамхаг ихэд хуучран муудаж, засвар хийх шаардлагатай байгаа тухай олж уншжээ. Люстиг үүнийг ашиглахаар шийдэж өөрийгөө Шуудан холбооны яамны орлогч сайд гэсэн хуурамч бичиг баримт бүрдүүлж аваад хэд хэдэн газрын дилерүүдэд албан захидал илгээсэн байна. Дараа нь нэрд гарсан бизнесменүүдийг өөрийн буудалласан үнэтэй зочид буудалд үрьж цамхагийн засварт маш их хөрөнгө зарцуулах тооцоо гарсан тул засгийн газраас түүнийг буулгаж, хаалттай дуудлага худалдаан дээр хаягдал төмөр болгон зарах шийдвэр гаргасан тухай танилцуулсан гэнэ.


Олон нийтийн дургүйцлийг төрүүлэхгүйн тулд энэ хэргийг нууц байлгахаар шийдвэрлэснийг дуулгахаа бас мартсангүй. Хэсэг хугацааны дараа тэр цамхагийг буулган зайлуулах эрхийг Андре Пуассон гэгчид зарж, чемодан дүүрэн бэлэн мөнгөтэй болж аваад Вена руу зугтаажээ. Пуассон ажил хэрэгч хүрээлэлдээ тэнэг хүн болж харагдахыг хүсээгүй тул энэ явдлыг хав даран нууцалсан байна. Иймээс хэсэг хугацааны дараа Люстиг Францад эргэн ирж яг ийм маягаар Эйфелийн цамхагийг 2 дахь удаагаа заржээ. Энэ удаа залилуулсан бизнесмен цагдаагийн газарт хандсан учраас Люстиг АНУ руу яаралтай оргон зайлсан байна. 1935 оны 12-р сард Люстиг баривчлагдав. Тэр хуурамч мөнгө хийсний учир 15 жил хоригдох ял, мөн ялын тогтоол хүлээх зуураа оргон зайлсны учир дахин 5 жил нэмж авчээ. Люстиг 1947 онд алдарт Алкатраз шоронд уушигны хатгаа өвчнөөр нас барсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих