У.Хүрэлсүхийн кабинетын хоёр дахь сайд огцорлоо

zgm_hevteeGH_2dfE3YlХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг ЖДҮХС-гийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсантай холбогдуулан өчигдөр албан тушаалаас нь огцрууллаа. Тэрбээр Засгийн газрын гишүүнээс огцрох өргөдлөө өнгөрсөн долоо хоногт өгсөн байсан юм. Тэгэхдээ “Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ… Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно” гэсэн хуулийн заалтыг үндэс болгожээ. Б.Батзоригийн асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед тэрбээр “Жил гаруйн хугацаанд сайдаар ажиллалаа. Салбарынхаа сайн сайхны төлөө ажилласан. Ард иргэдээсээ, хайрт ээжээсээ, нийт салбарынхнаасаа чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна” гэсэн юм.

Харин Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “ЖДҮХС-гаас зээл авсан нь буруу. Нам ЖДҮХС-гаас зээл ав гэсэн даалгавар өгөөгүй. Зээл авсан хүмүүс зээлээ төлөөд, ард түмнээсээ уучлал гуй гэдгийг хэлсэн. Энэ нь хаа хаанаа сургамжтай үйл явдал боллоо. Зээлээ эргэж төлөөгүй, ард түмнээс уучлалт гуйгаагүй хүнийг 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэсэн юм. Мөн гишүүдийн асуултад хариулахдаа хэлсэн Ерөнхий сайдын үгэн дунд “МАН асуудлаа ярина” гэсэн санаа гарч байв. Чуулганы хуралдаан өндөрлөж Б.Батзориг гишүүд гарсан ч, тэрбээр танхимд ганцаараа үлдсэн юм. Улмаар төв хаалгаар бус ихэвчлэн төрийн гурван өндөрлөгийн нэвтэрдэг хойд талын хаалгаар гарч явав. Чуулганы нэгдсэн хуралдаанаас Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас огцруулсны дараа МАН-ын бүлэг яаралтай хуралдаан зарлав. Уг хуралдаанаар УЕП-ын газраас Б.Батзоригийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх саналыг авч хэлэлцлээ.

18.30 цаг хүртэл хуралдсан бүлгээс түүнийг огцруулах шаардлагагүй гэж үзжээ. Энэ талаар ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд “Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг хуулийн байгууллага оруулж ирвэл УИХ түүнийг нь хэлэлцэх ёстой. Прокурор Б.Батзориг гишүүнийг яллагдагчаар татах санал оруулж ирсэн. Б.Батзориг сайдын хувьд эрхлэх асуудлын хүрээнд хамаарах олон агентлагийн нэг нь ЖДҮХС. Энэ утгаараа гарсан алдаа дутагдал дээр ёс зүйн хариуцлагаа хүлээгээд, өргөдлөө өгч сайдаас чөлөөлөгдсөн. Харин гэмт хэргийг шалгах процесстой холбоотойгоор өөрөө шалгуулахаас татгалзсан, цааргалсан үйлдэл байхгүй. Тиймээс заавал түдгэлзүүлэх шаардлага байхгүй. Хуулийн байгууллагын аливаа шалгах процесст одоо сайдын хувьд оролцох ямар ч боломжгүй” гэв. Харин энэ шийдвэрийг гаргахдаа МАН-ын бүлэг дотроо улс төрийн тохиролцоонд хүрсэн гэдгийг бүлгийн дарга Д.Хаянхярваа нэмж хэлэв.

ЗГМ сонин

 


URL:

Сэтгэгдэл бичих