“Түлэнхийн төв”-ийн барилгын зарим хэсэг газрын наймаачдын гараар ороод дуусчээ

1541496841_dsc00743Эрүүл мэндийн салбарт ашиглалтад орохыг нь хүлээж буй эмнэлгийн барилгуудын нэг нь “Түлэнхийн төв”-ийн эмнэлгийн байр мөн билээ. 2012 онд “Түлэнхийн төв”-ийн байрыг шинэчлэх шийдвэр гарснаар эмнэлгийн эмч, ажилчид байраа суллаж “Мөнгөн гүүр” хувийн эмнэлгийн байрыг бараадах болсон бөгөөд түүнээс хойш “Түлэнхийн төв”-ийнхөн тус эмнэлэгт түрээс төлөн үйл ажиллагаа явуулсаар зургаан жилийн хугацаа өнгөрчээ.

 Харамсалтай нь уг төвийн шинэ барилгын ажлыг өнгөрсөн жил “Цаст констракшн” компани эхлүүлсэн ч санхүүжилт нь бүрэн олгогдоогүйн улмаас барилгын ажил зогссон байна. Манай сайт өмнө нь “Эрүүл мэндийн яам, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар “Хамтын шийдэл” ТББ зөвшилцсөний үндсэн дээр “Түлэнхийн төв”ийн газрыг хуваан авсан болон хэн нэгэн эрхтэн дархтан дарга эмнэлгийн газраас дур мэдэн хумслан хувааж дээрх ТББ-д зарснаас болоод ийнхүү бүхэл бүтэн эмнэлэг ашиглалтад орлоо гэхэд шарил хадгалах газаргүйгээр үйл ажиллагаагаа явуулах хүндхэн нөхцөл байдал үүссэн талаар дэлгэрэнгүй мэдээлсэн билээ.

Бид энэ удаа уг асуудлаар Нийслэлийн газрын албаны ахлан мэргэжилтэн Ц.Шижрээс тодруулхад тэрээр “Одоогийн байдлаар манай газрын бүртгэл дээр Нийслэлийн Засаг даргын 2010 оны 608-р захирамжаар Гэмтэл согог судлалын төвийн нэр дээр 7339 мкв газар олгогдсон газрын бүртгэл байна. Та бүхний асууж буй “Хамтын шийдэл” ТББ-ын хувьд гэвэл уг ТББ нь 2016 оны А247 захирамжаар 2376 мкв газар эзэмших зөвшөөрөл авсан бөгөөд уг газрыг Төрийн өмчийн хорооноос олгожээ. Саммит медикал сервис ХХК нь 2016 оны Нийслэлийн Засаг даргын А450 тоот захирамжаар 2291 мкв дээрх газрыг мөн авсан байна.

“Түлэнхийн төв”-ийн обьектийн газар дээр өөр байгууллагын барилга баригдсан болон барилга байгууламжтай холбоотой асуудлыг барилгын асуудал эрхэлсэн холбогдох байгууллагууд нь мэдэх байх. Анхнаасаа эмнэлэг байгаад эмнэлэгээс шилжсэн процессыг мэдээж архив дах бичиг баримт, хувийн хэрэг харж байж та бүхэнд нэлээн нарийн тайлбар өгөх болов уу. Дээрх нэр бүхий ААН-ийн газрын асуудлын хувьд гэвэл тэдгээр байгууллагууд нь бүгд газар эзэмших зөвшөөрөлтэй учраас тэдгээрийг газрын хуулийн дагуу хүчингүй болгодог хууль дүрэмтэй байдаг. Газрын маргааны хувьд гэвэл уг асуудал өмнө нь эцэслэн шийдэгдсэн асуудал юм билээ. Одоогоор манай дээр уг барилгын газартай холбоотой ямар нэгэн гомдол санал ирээгүй байна” гэлээ.

Энэ бүхнээс дүгнээд үзэхэд өнөөдөр Монголд авлига, хээл хахууль газар авч хэн мөнгөтэй этгээд нь дурынхаа газрыг эрх бүхий өндөр албан тушаалтнуудын тусламжтайгаар өөрийн болгодог нэгэн бичигдээгүй хууль бий болсон гэхэд хилсдэхгүй болжээ. Уул нь Монгол улсад хууль ёс гэж баймаар л юмсан. Гэтэл тийм биш бололтой. Өдрөөс өдөрт экологийн хямралд нэрвэгдэж буй нийслэл Улаанбаатар хот маань өнөөдөр авлигачин түшмэдийн балгаар газрын наймаачдад хамаг газраа цөлмүүлчихээд улсын нийслэл хотыг ямар ч төлөвлөлтгүй зүгээр л хүн ам, байшин барилгын хэт их төвлөрөл болгосон нь бодит үнэн билээ. Өдгөө ичих нүүрээ элгэндээ наасан авлигачин түшмэд болон газрын наймаачид нийслэл хотын сөөм газрыг ч үлдээлгүй өөрийн болгохоор өдөр шөнөгүй улайран тэмцсээр байгаа бөгөөд тэгэхдээ тэд бүр иргэд олон нийтийн эзэмшил талбай, байшин барилга руу өлсгөлөн чоно мэт өрвөлзөн дайрах болжээ. Харамсалтай нь тэдгээр хог шаарнуудтай төрийн албаны дарга түшмэд нийлсэн нь байдлыг бүр ч хэцүү болгосон бөгөөд ёстой л нөгөө чонотой нийлсэн гэрийн “нохой” хээрийн боохойноос ч дор аюултай араатан болдгийн үлгэр гэж энэ буюу.

Ж.Батдорж

BOLOD.mn 


URL:

Сэтгэгдэл бичих