Ерөнхийлөгч өө, Оффшор бүсээс хөрөнгө татахаа МАРТЧИХСАН УУ
Манай эрхэм Ерөнхийлөгч сүржин мэдэгдэл хийх хоббитой юм дагуу даа. Хамгийн сүүлд “өлсгөлөн зарлана” гэсэн сүржин мэдэгдэл хийнэ лээ. Монголчуудыг гадныхан Чингис хаанаар нь мэддэг бол одоо өлсгөлөн зарласан Ерөнхийлөгчөөр нь таних нь л дээ.
Ерөнхийлөгч өө, та бол төрийн тэргүүн. Та өлсгөлөн зарлахаар ард түмэн яах билээ. Та энэ талаар бодож үзсэн үү? Хүүхдүүд нь үгэнд орохгүй байна гээд өлсгөлөн зарладаг өрхийн тэргүүний тухай би сонсож байгаагүй. Аав хүний холч ухаан гэж нэг юм байдаг даа. Та энэ эрдэмд суралцаагүй бололтой. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад, төрөө зас гэдэг хэлц их өргөн утга агуулгатай. Та л олон нийтэд мэдэгдэл хийж өлсөх тухай ярьж суугаа болохоос ард түмэн хоногийн хоолоо арайхийн залгуулж байна.
Уг нь та Ерөнхийлөгчийн санал хураахаас хэдхэн хоногийн өмнө ард түмний авралын бурхан шиг л аашилсан. Өрийг нь дарж нурууг нь тэнийлгэнэ гэсэн. Энэ тухай ард түмэн дурсамж болгон ярьж, та мартсан бололтой.
Таны дараагийн таг мартсан нэгэн зүйлийг эргэн сануулъя !!!
Жил гаруй хугацааны өмнө та улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар уриалга гэгчийг гаргаж байв.
Тодруулбал, оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалсан. Заасан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн итгэлтэйгээр мэдэгдэл хийсэн.
Ийнхүү таны ээлжит шоу үлгэр адил жаргасан байна. Үүнтэй зэрэгцэн ард түмний танд итгэх итгэл буурч эхэллээ. Эхнээсээ та далайн эргээс шуудай шуудайгаар доллар авчирч ард түмний өрийг дарах тэнэг Иваны үлгэрийг зохиосон. Үүний оронд та зээлийн хүүг бууруулах акц эхлүүлсэн бол арай илүү үнэмшилтэй байх байлаа. Гэвч эхлүүлсэн уриалсан уухайлсан бүхнээ мартаж, дахин дахин шоудсаар…
Монгол Улсын Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заажээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн гучинхоёрдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэжээ.
Ерөнхийлөгч таны үйл хөдлөл, үг яриа Үндсэн хуулийн дээрх заалтуудтай хэр нийцэж байгаад дүгнэлт хийхэд илүүдэхгүй биз.
П.ГОО
Оллоо.мн
URL: