Эрх баригчдын оюуны үнэлэмж ийм ядуу

8473ce77532ace8252076d3474d37a91Саявтар Гүржийн Батуми хотноо болсон дэлхийн Шатрын олимпиадад оролцсон манай эрэгтэй шатарчдын баг мөнгөн медаль хүртээд ирснийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд  Г.Занданшатар хүлээн авч уулзаад “Баяр хүргэе. Та нарыг УИХ-ын гишүүдтэй халз тоглуулна” гэж амласан  байна.

Ингээд л болоо. Энэ олимпиадад дэлхийн улс орнуудаас эрэгтэй 179, эмэгтэй 146 баг оролцсон юм шүү дээ. Өөрөөр хэлбэл манай баг тамирчид оюуны спортоор дэлхийд Монгол Улсынхаа нэрийг өргөчихөөд ирлээ гэсэн үг. Гэтэл тэр хүмүүсийн шагнал нь ердөө УИХ-ын 76 гишүүнтэй зэрэг тоглох ч юм уу, тэдний нэг хэсэгтэй нь тоглох л болж байна.

Гэтэл өнгөрсөн зуны Үндэсний их баяр наадмаар ес давж түрүүлсэн бөхөд 15 сая төгрөг, найм давж үзүүрлэсэн бөхөд 10, долоо  давж шөвгөрсөн бөхөд долоон сая төгрөгийн шагнал өгч байсан. Энэ бол баяр наадмын зардлаас, өөрөөр хэлбэл төсвөөс өгч байгаа шагнал.

Гуравхан сая хүнийг баясгасан /гурван сая хүнээс бас нэг хэсэг нь бөх сонирхдоггүй, бага насны хүүхэд байгаа/ бөхийн шагнал үүгээр зогсохгүй ээ. Түрүүлсэн бөхөд аймгийн нь нутгийн зөвлөл жип машин, дөрвөн өрөө байр, шөвгөрсөн бөхчүүлийг тус бүр 50 сая төгрөгөөр урамшуулжээ.

Гэтэл бас түрүүлсэн Н.Батсуурь аваргад, өөрийн нэр дээр барилдуулдаг “Химон констракшн” ХХК Sunshine garden хотхонд 11 өрөө хаус шагнаж. Компанийнх нь нэрийг улс даяар дуурсгаж байгаа болохоор арга ч үгүй биз.

Харин улс орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгаад ирсэн оюун ухаантнуудыг Монголын төр “УИХ-ын гишүүдтэй тоглуулна” гэж тохуурхаж сууна.

Гэтэл баяр наадмын хоёр дахь өдөр үзүүр түрүүний бөх шагналаа авч байхад энэ Г.Занданшатар, ер нь төр засгийн бүхий л удирдлага бүгдээрээ тэр бөхийг тэвэрч үнсээд л хөлсийг нь долоож байсан юм шүү дээ.

Ийм жишээ өчнөөнийг дурдаж болно. Дэлхийн дээвэр Жомлунгмад гарч, өөр бас долоон оргилд Монгол Улсынхаа далбааг мандуулан энэ л улсын нэрийг дэлхийн давцанд дуурсган алмайруулсан Гангаамаа гэдэг шавилхан бүсгүйг Монголын төр яаж гийгүүлсэн юм. Монгол Улсын гавьяат тамирчин цолоо л өгсөн байх. Ганцхан төр ч гэх юмгүй, дотоод гадаадад хэдэн арван тэрбумын хөрөнгө хуримтлуулсан баяцуул хэр анзаарсан юм бол.

Ер нь хүн тархиныхаа хэрээр сэтгэдэг гэдэг болохоор манай эрх баригчид, баячуудын аливаад хандаж байгаа хандлага өөрсдийн нь оюуны хэмжээ л энэ юм болов уу. Шөвөгт үлдсэн буюу 7 давсан бөхөд тус бүр 50 сая төгрөг өгч байгаа нутгийн зөвлөл тухайн аймгаас төрсөн нэг зохиолчийн номыг л ивээн тэтгэчихдэггүйг бид мэднэ.

Хөөрхий хэдэн зохиолч өөрийнхөө халаасны хэрээр 500, сайндаа нэг хоёр мянган ном хэвлүүлнэ, нэлээд хэсэгт нь гарын үсгээ зураад найз нөхөд, уран бүтээл нэгтнүүүддээ дурсгана. Хотын хэдэн дэлгүүрт тавиад л борлогдож байдаг болов уу хэмээн өдөр бүрий шахам эргэсээр л. Гэтэл Төрийн шагналт, ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиол бүтээлийг нь дунд сургуульд үздэг тэр зохиолчийн ном хаа тэртээ Ховд, Увс, Дорнод аймаг, тэндхийн захын сумдад хүрч чадахгүй. Хүргэе ч гэсэн Д.Цоодол найрагчийн “хэдэн муу навсгар найз”-ын бэл бэнчин хүрэлцэхгүй.

Ингээд л оюуны тэр сайхан бүтээлийг хязгаар нутгийнхан, хүүхэд залуучууд, хойч үеийнхэн уншиж чадалгүй өснө дөө.

Тээр жил Төрийн шагналт яруу найрагч Д.Төрбат “Монголын уран зохиолын дээж бичиг 108 боть” гээд буянтай ажил эхлүүлээд сонгодог зохиолуудыг эмхэтгэн хэвлүүлээд борлуулах гэж ёстой үйлээ үзсэн. Сум, сургуулиуд тэр сайхан бүтээлийг худалдаад авахын оронд суварга босгож, бөхчүүдээ л шагнаж байсан даа…Тэр үед төр, Боловсролын яам таг чиг л сууж байсан.

Саявтар харьд амьдардаг Б.Март гэдэг монгол бүсгүй дэлхийн оюутны кино наадмын “Оскар” шагнал хүртлээ. Түүний “Нүүдэлчдийн өрхийн эмч” киног олон улс орон өөрийн дэлгэцнээ гаргахаар гэрээ хийж эхлээд байна. Манай төр засгийнхан аанай л таг чиг суусаар…..Манай зохиолчдын бүтээл дэлхийн олон хэлээр орчуулагдан гарах боллоо.

Бидний өвөг дээдэс “Биеийн хүчээр нэгийг давдаг, Бийрийн хүчээр мянгыг ялдаг” хэмээн хэлж ярьж сургасаар ирсэн.

Та бид, манай эрх баригчид оюуны бүтээлийн үнэ цэнэ, үнэлэмжийг хэзээ харж ойлгож үнэлж  сурах юм бол……

Бүр ядахнаа аялал жуулчлалыг хөгжүүлнэ, энэ жил нэг сая, дараа жил хоёр сая жуулчин хүлээж авна гээд л худал тоо амлаад суудаг. Дэлхийн давцан дээр нэр алдраа дуурсгаж байгаа энэ тамирчид, уран бүтээлчид чинь эрх баригчдыг энэ олон тоо яриад зүгээр сууж байх зуур  жуулчдыг татах тэр сурталчилгааг чинь хийгээд яваад байгаа юм биш үү…Цаашаа хойч ирээдүй энэ тэр гэхээ больё гэхэд ядахад энэ талаас нь харж болмоорсон.

Х.Өлзийбаяр “Ардчилал таймс” сонин


URL:

Сэтгэгдэл бичих