Халамцуу ирсэн Ц.Цэнгэл гишүүн Булган аймгийн дарга М.Оюунбат нар маргаантай асуудлаа шийдэх гэж гар зөрүүлжээ

УИХ-ын гишүүний авдаг мөнгө гурван тэрбум гараад талийсан. Үүнээс гадна хууль төсөв баталдаг эрхээрээ далайлгаж байгаад аймгийн хэдэн Засаг дарга нарын халаас руу хүртэл гараа дүрээд авсан. Уг нь сангийн яамнаас Засаг дарга нарт өөрийн үзэмжээр зарцуул гээд хоёр, хоёр тэрбум төгрөг хувиарласан ч хүний юманд нугасгүй гишүүд талыг нь булааж аваал тойрогтоо хийж байгаа ажилдаа зарцуулахаар хууль баталчихсан. Үүнд хоёр тэрбум төгрөгийн захаас нь атгаад алдсан Засаг ноёд тунч дургуй яваа тул гишүүдийн нутагтаа хийж байгаа зарим нэг ‘’бүтээн байгуулалтыг’’ нь янаглан хорлох болж.

Иймэрхүү маягаар дэглэсэн нэгэн жижиг Ц.Цэнгэл гишүүн болон Засаг дарга М.Оюунбат нарын дунд болжээ. Эрхэм гишүүн тэрбум төгрөгөөрөө аймагтаа Анхдагчдын музей байгуулна хэмээн зарлаад жил гаруй явсан.Булган аймгаас Монголын олон анхдагчид төрсөн тул нутгийнхан нь сайхан ажил болох нь гээд зарим хүмүүс музейд хандивлах юмаа бэлдэж байсан аж. Гэсэн ч их сансан газар ес хоног гэгчийн үлгэр болж нутгийхныг гонсойлгожээ. Ц.Цэнгэл гишүүний тэрбум төгрөгөөр баригдсан музей гэж бараг л нэг муухан сумын соёлын төв шиг юм босчээ. Орчин үеийн шил толь болсон хүний нүд хараа татхаар барилга баригдсангүй. Музейн стандарт шаардлага хангахгүй, хамгаалалт дохиолол нь ч тааруу найдваргүй байсан тул зарим хүн үзмэрт өгөх гэж авчирсан юмаа буцаагаад аваад явсан аж. Муу музей нээгдэснийг дээр ‘’найрын эзэд’’ ч өөрсдөө ‘’муухан‘’ иржээ . Уг нь музей нээлтэд олон зүйлд анхдагчид гэж бахархдаг булганчууд, аймгаас төрсөн алдартнууд нь бүгд цугласан байж . УИХ-ын гишүүн болон ирэх жилийн сонгуулиар энэ нутгаас ‘’хишиг горьдож’’ яваа БСШУ-ын сайд Ё.Отгонбаяр , ‘’Улаанбаатар Буян’’ компанийн босс Идэрмаа гээд улс төр бизнесийнхэн ирж. Урлагаас УГЗ Эрдэнэбулган , АЖ Уртнасан, шинэхэн гавьяат Цолмонбаатар гээд томчууд уригдсан. Гэтэл нутгийн олныхон өмнө Ц.Цэнгэл гишүүн халамцуухан гарч ирэн нээлтийн үгээ уншсан боловч үг яриа нь бараг ойлгогдсонгүй гэнэ.

Сүүлдээ бичсэн зүйлээ уншиж дийлхээ болиод цээжний бангаараа уран цэцэн үгс урсгах гэсэн боловч бас л олигтой юм болсонгүй аж. Дараа нь аймгийн Засаг дарга М.Оюунбат гарч ирэн баяр хүргэж үг хэлэх гээд бас л бусдыг инээлгээд авч. Музейн нээлтэд ирсэн нутгийнхаа алдартнуудыг бүгд таниж байгаа ч Засаг дарга нэг бүрчлэн танилцуулах гээд алдар цолыг нь хольж хутгаад баллаж тавьж. Эцэст нь хүндэтгэлийн тавцангаа арын эгнээнд зогсож байсан эмэгтэйг татаж чангаан байж гаргаж ирээд ‘’манай аймгийн хурлын дарга Бат-Эрдэнийн авгай тэр’’ хэмээн зарлах үед л хүмүүс Засаг даргаа хэвийн бус байгааг нь мэджээ.

Албан ёсны арга хэмжээнд албаны хүмүүсээ л танилцуулна биз арын эгнээний авгай хүүхнүүдийн нэр усыг зарлах ямар хэрэг байна вэ ,арай Оюунбат гуайн хурлын даргынхаа авгайг харж явдаг биш юм биз хэмээн тэд тэнд цугларсан хэд нь шоолжээ. Нээлт иймэрхүү инээд хөөртэй болж өнгөрөн музейдээ орсон ч үзэж харах зүйлээр хомс тул бүгд зам мөрөө хөөн алга болжээ . ‘’Монполимет’’ –ийн Гарамжав ,’’ Улаанбаатар Буян ‘’котпаний Идэрмаа нар аймгийн бизнес эмэгтэйчүүдийн чуулга уулзалт хийнэ гээд алга болж, Ё.Отгонбаяр сайд улсын хэмжээнд бас нэгээр нэмэгдсэн тааруухан музейн дэргэд байгаад байхыг хүссэнгүй.

Сар гаруйхан өмнө сайд музейн салбар уналтад орсон гээд УИХ-д сайн гүвүүлсэн нь санагдаа биз. Ингээд нарын эзэд болох Ц.Цэнгэл гишүүн Засаг даргатай хоёулханаа торойтлоо үлдэж гэнэ. Нутгийн олноо баярлуулж нэр хүндээ өсгөөд авах том арга хэмжээ болно хэмээн горьдож байсан ч хүмүүст олигтой хүрсэнгүй, бүгд тэнсхийгээд тараад явжээ. Нутгийн удирдлагын ордоны дэргэд хоёулханаа хаягдах үед нэлээн халамцсан Ц.Цэнгэл гишүүн гэв гэнэтхэн Засаг даргаа шанаадаад унагачихжээ. Оюунбат дарга ч бөөн уур юм босож ирэн барилцаж авах үед тэнд байсан бараа бологчид нь айгаад хэн нь ч хөдөлсөнгүй гэнэ. Хэн тэгэж бухын мөргөлдөөний дундуур орон эвэрт нь өртөхийг хүсэх билээ.

Харин тэр үед амжиж ирсэн Б.Мөнх-Очир гишүүн тэр хоёрыг салган бараа бологсдод нь хүлээлгэн өгч цадуул нь машиндаа чихэж аваад тал тал тийшээ бутарчээ . УИХ-ийн гишүүн Ц.Цэнгэл, Засаг дарга М.Оюунбат нарт гар зөрүүлж байж л шийдэх маргаантай асуудал цөөнгүй байгаа бололтой. Надад зах нь гэхэд л нээлтээ хийн ‘’будаг нь ханхалсан’’ аймгийн Анхдагчдын музей байна. Ц.Цэнгэл гишүүн тэрбум төгрөгөө хаян аль байдагаараа л хичээж зүтгэсэн байлгүй яахав. Гэсэн ч гял цал болсон барилга бус сумын клуб шиг юм босоод ирэхээр уурлаж бухимдах нь мэдээж. Дээр нь сонгуулийн босгон дээр ингэж балрахаар өөрөөсөө гадна өөр хүнийг буруутгаж л таараа .Тэр нь явж явсаар аймгийн Засаг дарга М.Оюунбат болов бололтой. Магадгүй сэтгэл гаргасангүй тусалж дэмжсэнгүй хэмээн Ц.Цэнгэл гишүүн гомдож жаахан халамцахын хамт гар нь түрүүлээд хөдөлсөн гэнэ.

Тэгээд ч М.Оюунбат дарга ирэх сонгуульд нэр дэвших нь тодорхой болсон тул одооноос өрсөлдөгчийн санаа гаргаж байхыг үгүйсгэх аргагүй юм. Тойрог томсож мандат цөөрөхийн хамт МАН-ын дотоод өрсөлдөөн улам бүр ширүүссэн. Сонгууль ойртохын хамт энэ мэт гар зөрүүлэх явдал ганц нэгээр зогсохгүй биз . Тийм ч учраас сүүлийн үед тойргоо жижиглэхгүй бол дотроо хагаралдаад дуусах нь гэсэн яриа улам хүчтэй сонсогдож байна.


URL:

Сэтгэгдэл бичих