Хөшөөтийн уурхай иргэдэд нүүрс үнэгүй өгчээ

Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг МоЭнКо компани хоёр сарын өмнө тус орон нутгийн гэрээ хийсэн 10 гаруй сумын байгууллага, иргэдэд нүүрс үнэгүй  өгөх болсноо мэдэгдэж байсан. Харин тэд энэ хугацаанд  амласанаа ажил хэрэг болгож 100 мянга гаруй тонн нүүрсийг албан байгууллага, ард иргэдэд үнэгүй нийлүүлжээ. МоЭнКо  компаний зүгээс өвлийг өнтэй давахад нь халуун дулаан илч бэлэглэсэнд Ховдын иргэд талархаж буйгаа илэрхийлж байна. Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Түмэндэмбэрэл : Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийг өнтэй өвөлжихөд үнэтэй хувь нэмэр оруулж ард иргэд, хүүхэд багачуудад маань сургууль, цэцэрлэг, гэр орондоо халуун дулаан, тав тухтай орчинд сурч боловсрох  нөхцлийг бүрдүүлэн өгч, нүүрс үнэгүй нийлүүлсэн нь чухал ач холбогдолтой  үйл ажиллагаа байлаа хэмээн ярилаа. Хөдөөгийн иргэдэд үнэ төлбөргүй нүүрс нийлүүлснээр тэдэнд эдийн засгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй байгаль орчныг хамгаалахад ч ихээхэн хувь нэмэр оруулж байгаа гэж нутгийнхан ам сайтай байна. МоЭнКо компани энэ жил  анх удаагаа байгууллага, иргэдэд нүүрс үнэгүй өгч байгаа бус цаг агаарын байдал хүндэрсэн өмнөх жилүүдэд ч тусламжийн гараа сунгаж байжээ.

Тухайлбал, 2009-2010 оны өвөл байгалийн бэрхшээлийн өмнө хүчин мөхөсдсөн  Ховдын малчдын гэрт, сумын эмнэлэг, сургуулиудад нүүрс тээвэрлэн хүргэхээс гадна өргөн хэрэгцээний бараа бүхий 260 гаруй сая төгрөгийн тусламж  өгч байсан байна. Мөн үүнээс гадна Ховд аймгийн эдийн засаг, хөгжилд болон ард иргэдийнх нь амьдралд хувь нэмэр болохуйц олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.Ховд аймагт хэрэгжүүлж байгаа зарим хөтөлбөрүүдээс товч дурьдахад 2008 оноос эхлэн Ховдын 170 гаруй оюутны их дээд сургуулийн сургалтын  төлбөрийг 100 хувь МоЭнКо компани санхүүжүүлж байгаа бөгөөд түрүүчийн оюутнууд нь сургуулиа амжилттай дүүргээд байна.

Мөн уурхайн нөлөөллийн сумуудад олон төрлийн бодит дэмжлэг туслалцааг үзүүлжээ. Үүний нэг тод жишээ гэвэл Хөшөөтийн уурхай нь Дарви сумын нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд тус сум өнгөрсөн жил “Улсын жишиг” сумаар шалгарсан байна. Дарви сумын энэхүү амжилтад тус уурхайн зүгээс үзүүлдэг тусламж, дэмжлэг ихээхэн нөлөөлсөн гэдгийг хүлээн зөвшөөрөх хүн олон байна.      Булган, Үенч сумын төвд 2,5-3 км хар замыг тус компани өөрийн хөрөнгөөр барьж өгсөн байна. Үйлдвэрлэл нь эхэлж ашиг орлого олоогүй байгаа хэдий ч МоЭнКо компани энэ мэтчилэн маш олон үр бүтээлтэй хөрөнгө оруулалтыг  үйл ажиллагаа явуулдаг орон нутагтаа зориулаад байна. Цаашид ч  илүү үр өгөөжтэй бүтээлч хөтөлбөрүүдийг  үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр  төлөвлөөд байгаа аж

Д.Оюумаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих