ЕРӨНХИЙЛӨГЧ АРДЧИЛСАН ХҮЧНИЙХНЭЭР “ТУГ ТАХИХ” УУ

chuulgan_-00Ерөнхийлөгч таны эхлэл цэг бол ард түмний өрийг тэглэх.  Хэрвээ та худлаа яриагүй бол Монголчууд бид өргүй ард түмэн болчихсон байх байв. Гэвч та дахин дахин худал амлалт, биелшгүй төлөвлөгөөг гаргаж, ард түмнээр тохуурсаар байна.

Төлөвлөгөө-1

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг эргэн санацгаая. Х.Баттулга болон түүний багийнхан оффшор дахь хөрөнгийг эргүүлэн татаж, ард түмний зээлийг тэглэх тухай “мөрийн хөтөлбөр” дэвшүүлсэн. Улмаар ард түмний үүнийгээ сонгуульд ялалт байгуулсан. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойших хоёр дахь намрыг үдэж байна. Зээл тэглэх тухай яриаг Ерөнхийлөгч хийгээд ард түмний аль аль нь мартаж эхлэв.

Төлөвлөгөө-2

Монгол Улс гурван сая гаруйхан хүн амтай. Гэтэл Ерөнхийлөгч маань 500 мянган залуучуудыг цэргийн албанд татаж бүтээн байгуулалт хийлгэх тухай бүтэшгүй төлөвлөгөөгөө танилцуулсан. Түүний энэ төлөвлөгөөний талаар намын нөхөр Э.Бат-Үүл “Социалист эдийн засаг зайлшгүй сүйрэлд хүрдэг нь онол болоод туршлагаар бүрэн нотлогдсон.Коммунист удирдлагатай Хятад, Вьетнамын удирдагч нар хүртэл зах зээлийн эдийн засгийн төлөө тууштай байгаа.

Гэтэл Ардчилсан намаас нэр дэвшиж ялсан Ерөнхийлөгч маань “цэргийн социализм” байгуулна гээд байгаа нь бүр гайхаш тасармаар юм. Яагаад ингэх болов? Яаж хэрэгжүүлэх юм бол?

500 мянган залуучуудыг (энэ тоог Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан твиттердсэн ) цэрэгт татах юм гэнэ.Эрэгтэй,эмэгтэй ялгалгүй цэргийн алба хаадаг байна. Цэргийн албаны хугацаа 3 жил болох юм. Аргагүй,нэг жилд хийгдэх бүтээн байгуулалт гэж байхгүй шүү дээ.

Ийм их нүсэр армитай улс дэлхийд, их гүрнүүд болон Хойд солонгос мэтийг эс тооцвол маш цөөн.Манай түүхэнд огт байгаагүй.

500 мянган залуусыг байрлуулж хооллож,унтуулах ёстой.Дор хаяж 200 мянга нь охид байж таарна. Хоол унд, ариун цэврийн хэрэгсэл,бүсгүйчүүдэд зориулсан тусгай байр гээд замаа алдсан их зүйлээр хангана.

Тэгэхээр цэргийн ангиудын казарм, хуаранг бүгдийг шинэчилж таарна. Одоо байгаа нь 60 жил гар хүрээгүй хуучин байр.Бас шинийг барина.Төмөр зам зэрэг бүтээн байгуулалтын зам, талбар дагуу цэргийн хотхон, хөдөлмөрийн хуаран босгоно.

Энэ их хөрөнгө оруулалт,урсгал зардлын мөнгө хаана байгаа юм бэ? Японы эдийн засаг ч бараг дийлэхгүй их хөрөнгө!” хэмээн бичиж байв.  Энэ бол таны ээлжит биелшгүй амлалт.

Төлөвлөгөө 3

Долоо хоногийн өмнө энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өлсгөлөн зарлахаа мэдэгдэв. Тэрбээр 2019 оны төсвийн төсөл болон ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн зэрэг асуудлуудтай холбоотойгоор УИХ-д өөрөө тарах шийдвэрийг санал болгосон юм.

Харин түүний саналаар УИХ тарахгүй бол Ерөнхийлөгч өлсгөлөн зарлана эсвэл суулт хийхээ олон нийтэд зарлалаа. Тэгвэл үүний дараахан Ардчиллын гэх дөрвөн холбооныхон Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, УИХ-ын гишүүдийн тоотой тэнцүү хүн өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.  Ийнхүү Ерөнхийлөгч намын гишүүдээрээ “Туг тахих”-аар болчхов. Нэг үгээр Ерөнхийлөгч Ардчиллын үндэс суурь болсон холбоодыг ашиглан өөрийн дараагийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ.

Гэвч УИХ тарах нь тийм зохистой шийдвэр мөн үү?  УИХ нь хэнд ашигтай вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн. Гэвч Ерөнхийлөгч та ард түмний эв нэгдлийг илэрхийлэх нь байтугай хагаран бутаргах санал өргөн барьчихаад сууж байна. Төрийн ордонд бий болсон дампуурал улс төрийн хямрал болон жилээс жилд даамжирсаар байгаа нь нууц биш. Гэхдээ энэ хямрал дампуурал бол АН, МАН-ынхан  та бүхнээс эхтэй гэдгийг сануулахад илүүц биз. Эрх мэдэлтнүүд албан тушаал, эд хөрөнгийн төлөөх улайран тэмцэлдэх зуур ард түмэн энэ шуурганы хөлд сөхөрч, бүр туйлдаа хүрээд байгааг сануулахад илүүц биз. Ийм нөхцөлд өлсгөлөн зарлах тухай яриад сууж байгаа таны шийдвэр зохистой вэ, Ерөнхийлөгч өө.

 П.ГОО
Оллоо.мн


URL:

Сэтгэгдэл бичих