“…Жамбаа үлдчихлээ” гэж МАН-ынхан яриад байна

712-154137566911-5-7-750x400Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой ЖДҮХС-гийн зээлийг УИХ-ын гишүүн, их гарын бизнесмэнүүд хуваагаад авчихжээ. УИХ-ын бараг бүх гишүүн шууд болон дам байдлаар энэ зээлтэй холбогдож байна. Тиймээс УИХ-ын 75 гишүүнээс энэ сангаас зээл аваагүй гишүүдийг олж тогтоох нь илүү амархан болоод байгаа юм.

Хамгийн эвгүй мэдээлэл нь ЖДҮХС-г хариуцах ёстой Б.Батзориг “Тээвэр ачлал” компанидаа 1.4 тэрбум төгрөгийн зээл өгчихсөн байгаа юм. Тэгээд болоогүй “Тээвэр ачлал” надад хамаагүй гэж хэд хоног гүрийгээд өнгөрсөн долоо хоногт аргагүйн эрхэнд ажлаа өгөх шиг боллоо.
Одоо энэ хэрэг улам хүрээгээ тэлэх бололтой байна. Б.Батзориг тэргүүтэй гишүүдийн авсан нь зөвхөн энэ оных юм. Харин ЖДҮХС 10 жил үйл ажиллагаа явуулжээ. Өөрөөр хэлбэл, 2009 оноос хойшх бүх зээл олголтыг гаргаж тавих ёстой гэсэн санаачлагыг зарим хүн гаргаж байна. Эх сурвалжийн хэлж буйгаар МАН-аас ч, АН-аас ч энэ зээлтэй холбогдоогүй хүн үлдэхгүй. Гэхдээ тэр үед улс төрд сураггүй байсан цөөхөн хэдэн шинэ гишүүнд нялзах юм байхгүй гэж байгаа юм.
Хамгийн гол нь ЖДҮХС-гаас зээл туусан гишүүд үүнээсээ “ичиж үхэх” хэрэгтэй. Шуудхан хэлэхэд энэ бол хулгай.Жинхэнэ жижиг, дунд үйлдвэрлэгчид жилд дор хаяж 30 хувийн хүүтэй зээл авч хэрэглэж байхад тэд наагуур нь гурван хувийнхыг нь туучихаж байгаа юм. Тэгээд бас УИХ-ын гишүүд хот хоорондын тээврийн зөвшөөрөлтэй компанидаа, нярайн сувиллын газартаа, социализмын үеэс үлдсэн монополь хувьцаат компани дээр авчээ.
Нэрийг нь хүртэл бод. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан шүү дээ. Наад захаар бодоход оймс, гуталны үйлдвэр, нарийн боовны цех, үхэр хонины ферм, малын тэжээлийн үйлдвэр, тоног төхөөрөмж, барилгын материалын үйлдвэрийг дэмжих учиртай сан юм.
Энэ хэргийн мөрөөр АТГ орж, өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг хоёрыг баривчиллаа.
Хариуцлага хүлээдэг тогтолцоо яг л ийм байдаг. Ноён Б.Батзориг бол хэзээ ч хариуцлага хүлээхгүй. Сайдын ажлаа өгсөн нь их юм шүү гээд л сууж байгаа. Доор нь ажиллаж байсан энэ муу хоёр л буруудвал ял үүрч, мэнд шиг гарвал ажил албан тушаалын карьертаа цэг тавиад дуусна.
Баривчлагдсан хоёр хоёулаа “дарга”-тай. Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат нь Б.Батзоригийнх, нөгөөх ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг нь банкинд ажиллаж байсан нэгэн гишүүний томилсон хүн гэж байна.
Тэгвэл “…Бас нэг сайд гишүүний хамаарал бүхий Жамбаа үлдчихлээ” гээд МАН-ынхан өөр хоорондоо ярьцгааж байна. Мань Жамбаа яадаг вэ гэхээр “томчууд”-ын ярьж тохирсон зээлийг гаргахад зохицуулалт хийдэг гол хүн гэх яриа байгаа юм. Гэхдээ тэр Жамбаа гэдэг нөхөр хаана, ямар албан тушаал эрхэлдэг, бүтэн нэр нь хэн гэдэг хүн бэ гэх мэдээлэл алга.
Ийм хүн байгаа эсэхийг, энэ яриа үнэн худлыг АТГ-ынхан удахгүй нэг тийш болгох биз ээ.
Хамгийн гол нь ЖДҮХС-гаас зээл “авсан” гишүүд, албан тушаалтнууд, түүнийг голлож шийддэг томоохон дарга нар ингээд л өнгөрөөх үү. Ядаж Б.Батзориг шиг ёс зүйн хариуцлагын асуудал яригдах уу гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих