Загас, нугасны мах зэрэг түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хууль бусаар оруулж иржээ
БНХАУ-аас загас, нугасны мах зэрэг түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг хууль бусаар оруулж ирсэн байсныг Мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүллээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн X, XIV хороонд энэ сарын 1-ны өдөр Замын-Үүдээс зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж ирсэн иргэдийн үйл ажиллагаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид шалгалт хийжээ.
Шалгалтаар зориулалтын бус тээврийн хэрэгслээр хүнсний бус бараа бүтээгдэхүүнтэй цуг гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй, холбогдох баримт бичиггүй, эзэн холбогдогч нь тодорхойгүй 11 нэр төрлийн 430 хайрцаг, 4.7 тонн тахиа, гахай, загас, нугасны мах, амталсан ногоо, ундааны хандыг илрүүлж, түр хугацаагаар битүүмжилжээ.
Эдгээр бүтээгдэхүүнийг оруулж ирсэн иргэд хувийн хэрэгцээний зориулалтаар хэмээн бага хэмжээгээр ганзагаар оруулж ирж, Замын-Үүдэд, агуулахад бөөгнүүлж байгаад Улаанбаатар хотод зориулалтын бус тээврийн хэрэгслээр оруулж ирдэг байжээ.
URL: