Тусгаар тогтнолын ойг мөнгө хөөсөн бөхчүүдийн хэмжээнд тэмдэглэмээргүй байна
Сүүлдээ байгаад тусгаар тогтнол гэдгийг намууд өмчлөөд эхлэв –
Монголчууд хэдхэн хоногийн дараа Монгол Улс тусгаар тогтносны 100 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Уг нь энэ ойг хоёрхон хоногийн зөрүүтэй тэмдэглэгдэх хиристийн баяраас илүү ач холбогдол өгөх учиртайсан. Гэтэл шинэ жилийн баяр гэж их багагүй хөл алдаад жигтэйхэн.
Монголын түүхийн эгзэгтэй үе 1911 оны 12 дугаар сарын 29 ны энэ өдөр олон зуун жилийн Манжийн дарлалаас чөлөөлөгдөж дэлхий дахинд тусгаар тогтнолоо зарласан нь хамгаас том баяр байх учиртай. Өнөөдөр тусгаар тогтнолын 100 жилийн ой гэж яриад байгаагаас биш өсвөр залуучууддаа таниулж байгаа юм алга.
Энэ түүхэн ой нь бидний нөгөө “Март-8″, цэргийн баяр гэх мэт хундага тулгаад байдаг баяруудтай адилтгах юм биш л дээ. Монголын эх орон ч хаад ноёд амь насаараа дэнчин тавьж олж ирсэн хувьсгал гэж үзэж болохыг түүх гэрчлээд байгаа. Сүүлдээ байгаад “тусгаар тогтнол” гэдгийг намууд нь хүртэл өмчлөх шинжтэй. МАН ажлын байраа Тусгаар тогтнолын ордон” гээд нэрлэчихлээ. Тэгвэл АН Тусгаар тогтнолын өргөө гэж нэрлэж мэдэх нь.
Тусгаар тогтнолын, Улс тунхагласны, Үндсэн хуулийн өдөр л гэнэ. Иргэд бүр будилж орхив бололтой. Нүүдлийн соёлтой монголчууд бидэнд шинэ жил гээд байгаа хиристийн баяр гэдэг нь ёстой хамаагүй зүйлийн нэг баймаар.1940-өөд оны эхээр МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга С.Лувсан ЗХУ-д явж ирээд ёолк буюу шинэ жилийн баярыг бүх нийтээр тэмдэглэх нь зүйтэй юм байна гэснээр сумын сургуулиас эхлээд тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 29-ны өдрийг Тусгаар тогтнолын 100 жил гэдгээр нь зөвхөн энэ жил бүх нийтийн амралтын өдөр болгох нь зүйтэй гэж үзлээ. Энэ удаад яах аргагүй түүхэн ойг тэмдэглэх нь. Харин яаж тэмдэглэх вэ гэдэгт хамаг учир байна.
Лав л төрийн тэргүүнүүд Чингэс хаан, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж таараа. Дараа нь хэдэн хүмүүст гавьяатийн тэмдэг, барагддаггүй одон медалиа тараана. Сүүлийн үед хүмүүсийг зал-хаасан нэг хэцүү юм байна. Тэр нь юу вэ гэхээр үүдээр нь ороход өнгө алдаж, хөлс шивэр ханхалсан бөхийн өргөөндөө хэдэн бөхөө барилдуулж таараа.
Тэрнийг нь байнга үздэг хэдхэн хүмүүс ороод суудлыг нь дүүрэгчихнэ. Албатай нь аргагүй ёсыг бодож төрийн тэргүүнүүд нь зам талбай хааж, машин гуугчуулан ирж гурвын даваанаас бөх үзэж хэдэн бөхөнцөрүүдийн өврийг түнтийлгэнэ. Ингээд л Тусгаар тогтнолын ой дуусна даа.
Ийм л дүр зураг ажиглагдаж байна. Түүхэн ойгоо өөрөөр тэмдэглэх арга сэдэж чадахгүй л байна уу даа. Нөгөө л улиг болсон хэдэн бөхөө барилдуулж ам хаах шинжтэй. Нөгөө хэд нь амташчихаад шагналын сан нь ахиухан байж таараа барилдана гэж явах жишээтэй. Тэд ямар дэлхийн дэвжээнээс медаль аваад ирсэн биш дээ.
Нэгэн мэдээлэл сонсогдсон нь энэ ойн барилдаанаар бөхчүүдэд цол олгох юм яригдлаа. Хэдхэн хоногийн өмнө болсон Улс тунхагласны ойн барилдааныг бөхчүүд тоогоогүй тухай яригдсан. Энэ нь төрийн ёслол хүндэтгэлийн барилдаан байсан. Тэд шагналыг нь голсон сурагтай.
Үүнээс ажихад манай бөхчүүд мөнгөнөөс өөр юм бодохоо байсны илрэл. Зөвхөн эрчүүд үздэг, хүнд ямар ч гоо сайхны таашаал, баяр баясгалан өгөхгүй бөхийн барилдаанаар баяр болгоныг таглаж өнгөрөөдгийг болимоор байна. Тусгаар тогтнолын ойг тэмдэглэх Засгийн газрын комисс гэж байгаа. Тэд шинийг бодож сэдэж байгаа нь лавтай.
Өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбоо гэхч бүхэлдээ мөнгө хөөсөн хэдэн бөхчүүдийн талбар болсон гэж хэлж болохоор. Зарим бөхчүүд нь допинг хэрэглэж, хар тамхиний хэрэгт холбогдож байгааг юу гэж ойлгох вэ. Байр, шагнал архиутайхан барилдаанд допинг хэрэглчихээд ирж барилдаж байгааг үгүйсгэх аргагүй.
Монголчууд бид XX зууны түүхэн үйл явдлын XXI зуунд тохиож буй тэмдэглэлт Тусгаар тогтнолын 100 жилийн ойг түшилцэж хөшилдөж цаг үрсэн хэдэн бөхчүүдийг барилдуулж ам хаамааргүй байна. Бүх нийтээрээ төрөө хүндэтгэн гудамж талбайдаа гарч баярлан цэнгэх учиртай.
Монголын тусгаар тогтнолын түүхэн ач холбогдлыг залуучуудадаа ойлгуулах учиртай. Баяр болгоноор бөх барилдуулах ёстой хууль тогтоочихсон юм шиг жишиг тогтчихоод байгаагаа халах цаг нэгэнт болжээ.
Н.Лхагвасүрэн
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: