Дэлхийн сүүлчийн шөнө (Өгүүллэг)
МОЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулж буй Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлүүдээс манай сайт уншигчдадаа цувралаар хүргэж байна.
- Хэрэв энэ шөнө дэлхийн хамгийн сүүлийн шөнө байсан бол чи яах байсан бэ?
- Би яах байсан бол гэж үү? Үнэхээр мэдмээр байна уу?
- Тийм ээ. Үнэхээр мэдмээр байна.
- Мэдэхгүй юм даа. Энэ талаар бодож байгаагүй юм байна. Тэрбээр кофены халуун савны бариулыг түүн рүү харуулаад өмнө нь хоёр аяга суурь тавагтай нь тавьжээ. Кофе аягалав. Тэдний бага насны хоёр охин цаана нь хуй салхины ногоон гэрлийн туяанд зочны өрөөний хивсэн дээр суугаад тоглож байлаа. Үдшийн агаарт чанасан борголын хөнгөхөн, цэвэрхэн үнэр сэнгэнэнэ.
- Тэгэхээр энэ тухай бодож эхэлсэн нь л дээр дээ хэмээн түүнийг хэлэхэд эхнэр нь “Чи үнэхээр тэгэж бодоогүй биз дээ?” гэж асуув. Нөхөр толгой дохив.
- Дайн уу?
Нөхөр толгой сэгсрэв.
- Устөрөгч эсвэл атомын бөмбөг биш биз дээ?
- Үгүй ээ.
- Эсвэл нянгийн тэмцэл юм уу?
Кофегоо зөөлөн хутгаж, гүн хар өнгийг нь ширтэх зуур “Аль нь ч биш дээ. Харин зүгээр л нэг номын төгсгөл гээд ойлгочих” хэмээн хариулав.
- Би сайн ойлгохгүй л байх шиг байна.
- Яг үнэндээ би ч бас сайн ойлгохгүй байна. Нэг тийм мэдрэмж төрөөд… заримдаа түүнээс маш их айж, заримдаа бол огт айхгүйгээр амар тайван байдаг.
Тэрбээр охидынхоо зүг, чийдэнгийн хурц гэрэлд гялалзах тэдний үсийг зурвас харж, дуугаа намсган, “Би урьд нь чамд хэлж байгаагүй. Анх энэ дөрвөн сарын өмнө болсон явдал юм” гэв.
- Юу тэр вэ?
- Би нэг зүүд зүүдэлсэн. Бүх зүйл төгсөх гэж байна гэж зүүдэлсэн. Нэгэн дуу хоолой тэгэж хэлсэн. Миний мэдэх хэн нэгний дуу хоолой байгаагүй. Гэхдээ л нэгэн дуу хоолой дэлхий дээрх зүйлс энд ирээд зогсох тухай хэлсэн.
Маргааш нь сэрээд би энэ талаар тэгтэл их бодоогүй ч ажил дээр байх үед тэр мэдрэмж өдрийн турш байсаар байсан юм. Их үдийн үед би Стан Виллисийг цонхоор ширтэн зогсохыг ажиглаад юунд тэгтэл бодлогоширсон талаар асуухад “Урьд шөнө нэг зүүд зүүдлээд” гэж хариулав. Түүнийг тэгж хэлмэгц л юу зүүдэлснийг нь би тэр даруй ойлгосон юм. Би түүнд шууд хэлж болох байсан ч түүний зүүднийхээ талаар ярихыг нь сонсож хүлээв.
- Чиний зүүдтэй ижил байсан хэрэг үү?
- Тийм ээ. Би Станд тэр тухайгаа ч хэлсэн. Гэхдээ Стан огт гайхсан шинжгүй байсан. Харин ч илүү тайвширсан. Тэгээд бид зүгээр л ажлын өрөөн дотуур тойрч алхаж эхэллээ. Төлөвлөж шийдсэн зүйл байгаагүй. “Тойроод алхацгаая” гэж ярьж тохирцолгүй зүгээр л алхаж эхэлсэн. Бидний харсан хүн бүр нүднийхээ өмнөх зүйлийг харалгүй ширээ, цонх эсвэл гараа ширтэн сууцгааж байв. Би тэдний заримтай ярилцаж үзлээ. Стан ч бас хэдэн хүнтэй ярилцсан юм.
- Тэгээд бүгд адилхан зүүдэлсэн байсан уу?
- Бүгд ямар ч зөрүүгүй, адилхан зүүд зүүдэлсэн байсан.
- Чи тэр зүүд биеллээ олно гэж итгэж байна уу?
- Тийм ээ. Би хэзээ ч өөртөө ийм бат итгэлтэй байсан удаагүй.
- Тэгвэл хэзээ төгсөх юм бэ? Дэлхий?
- Бидний хувьд шөнө дунд хавьцаа. Дараа нь дэлхийн бусад хэсэгт шөнө болоход тэд бас дуусах болно. Бүх зүйлс үгүй болоход хорин дөрвөн цаг зарцуулагдана.
Тэд кофендоо хүрэлгүй хэсэг суув. Дараа нь нэгнийгээ харангаа аягаа аажмаар өргөн кофегоо ууцгаав.
- Бид үүнийг хүртэх ёстой хүмүүс үү? гэж эхнэр нь асуув.
- Хүртэх ёстой эсэх тухай асуудал биш юм аа. Зүгээр л юмс болж бүтээгүй хэрэг. Би нэг зүйл ажиглалаа л даа. Чи энэ тухай огт маргалдсангүй. Яагаад маргалдсангүй вэ?
- Надад нэг шалтгаан бий.
- Манай ажил дээрх бүх хүнд байсан шалтгаантай адилхан шалтгаан уу?”
Эхнэр толгой дохив. “Би уг нь хэлэхийг хүсээгүй. Энэ бол урьд шөнө болсон явдал. Манай гудамжны эмэгтэйчүүд зөвхөн өөр хоорондоо л энэ талаар ярилцаж байгаа” гэж хэлээд тэрээр оройн сонинг авч нөхөртөө өгөөд, “энэ талаар мэдээнд огт дурдаагүй байна лээ” гэв.
- Дурдаагүй ээ. Хүн бүхэн мэдэж байгаа болохоор тэгэх шаардлага байхгүй шүү дээ! гээд нөхөр охидынхоо зүг нэг харснаа эхнэртээ хандаж, “Чи айж байна уу?” хэмээн асуув.
- Үгүй дээ. Хүүхдүүдийнхээ төлөө ч айхгүй байна. Би үхлээс үнхэлцэг хагартал айх байх гэж боддог байсан. Гэхдээ үнэндээ л ямар ч айдас алга.
- Нөгөө эрдэмтдийн баахан яриад байдаг өөрийгөө хамгаалах дотоод сэтгэлийн хүч хаана байна вэ?
- Мэдэхгүй юм даа. Юмс утга учиртай, эмх цэгцтэй байна гэдгийг мэдрэх үед хүн хэт их сэтгэлийн хөөрлөөр ханддаггүй. Энэ бол утга учиртай, ойлгомжтой төгсгөл. Бидний амьдралын хэв маяг үүнээс өөр төгсгөлийг авчрах боломжгүй байсан.
- Бид хэт муу байгаагүй биз дээ? Байсан юм болов уу?
- Хэт муу байгаагүй. Гэхдээ маш сайн ч байгаагүй. Миний бодлоор энэ л асуудлын гол учир. Дэлхийн ихэнх хэсэгт үзэшгүй муухай зүйлс олноор тохиолдоод завгүй байхад бид өөрсдөөсөө өөр илүү зүйл байж чадаагүй.
Охид гараа даллахад өрсөн тоглоом нь нурж, зочны өрөөнд инээд хангинаж байлаа.
- Ийм үе тохиолдвол хүмүүс гадаа гудамжинд орилолдож, хашгирцгаах байх гэж би үргэлж боддог байлаа.
- Үгүй бололтой. Хүмүүс бодит зүйлийн талаар орилж, хашгирдаггүй юм байна.
- Чи мэдэж байна уу? Би зөвхөн чамайг болон охидоо л санах болно. Надад хот, машин, үйлдвэр, миний ажил, ер нь та гурваас өөр юу ч, хэзээ ч таалагдаж байгаагүй. Би гэр бүлээсээ бусад нэг ч зүйлийг үгүйлэхгүй. Магадгүй улирал солигдохыг, халуун өдөр аяга хүйтэн ус уухыг, эсвэл унтаж амрахын сайхныг санах байх. Үнэндээ зүгээр л энгийн жижиг зүйлсийг л санах болно.
Ингэхэд бид энд суугаад яаж ингэж ярьж чадаж байна аа?
- Учир нь бидэнд өөр хийх зүйл байхгүй шүү дээ.
- Мэдээж тийм л дээ. Хэрэв хийх өөр зүйл байсан бол түүнийгээ л хийж байх байсан байх даа. Магадгүй энэ бол дэлхийн түүхэнд анх удаа хүн бүр сүүлийн шөнө юу хийх тухайгаа мэдэж байгаа тохиолдол байх.
- Бусад хүмүүс одоо, энэ орой, үлдсэн цөөн хэдэн цагт юу хийх бол?
- Тоглолт үзэхээр явах, радио сонсох, зурагт үзэх, хөзөр тоглох, хүүхдүүдээ унтуулах, өөрсдөө унтах гээд л үргэлж хийдгээ л хийх байх даа.
- Нэг бодлын үргэлж хийдгээ л хийх нь хүмүүсийн бахархах ёстой нэг зүйл байх.
- Бид бүгд муу хүмүүс биш шүү дээ.
Тэд хэсэг суусны дараа нөхөр нь кофе аягалангаа, “Яагаад заавал өнөө шөнө гэж чи бодож байна?”
- Зүгээр л.
- Яагаад өмнөх зууны сүүлийн арван жил эсвэл тав, арван зууны өмнөх аль нэг шөнө байж болоогүй юм бол?
- Магадгүй түүхэнд өмнө нь хэзээ ч 1951 оны хоёрдугаар сарын 30 тохиож байгаагүй байх. Харин өнөөдөр энэ өдөр тохиосон учраас л тэр. Магадгүй энэ өдөр бусад бүх өдрөөс илүү утга учиртай. Магадгүй энэ онд л дэлхийн өнцөг булан бүрт юмс байх ёстойгоороо байгаа. Тийм учраас л энэ бол төгсгөл байх.
- Өнөө шөнө далайн хоёр талаас хэзээ ч эх газар дахин харахгүй бөмбөгдөгчид нэгнээ зорин давшиж байгаа.
- Наадах чинь ч бас өнөөх шалтгаануудын нэг.
- За тэгэхээр одоо яах уу? Аягаа угаацгаах уу?
Тэд аягаа хянамгай угаагаад маш нямбай өрж тавив. Найм хагас болоход охидыг оронд нь оруулж, сайхан амрахыг хүсэн үнсээд, орных нь дэргэдэх жижиг гэрлүүдийг асааж, өрөөнийх нь хаалгыг ялимгүй нээлттэй орхив.
Өрөөнөөс гарч ирээд нөхөр нь гаансаа барин зогсоод эргэн харж, “Би бодлоо л доо…”
- Юуг тэр вэ?
- Хаалгыг нь хаах уу эсвэл бага зэрэг онгорхой орхих уу? Онгорхой орхивол, биднийг дуудсан тохиолдолд сонсох юм даа.
- Хүүхдүүд ер нь мэдэж байгаа болов уу? Хэн нэгэн тэдэнд ямар нэг зүйл хэлсэн болов уу?
- Мэдээж үгүй байх. Тэгсэн бол биднээс асуух байсан байлгүй дээ.
Тэд суугаад сонин уншиж, хэсэг ярилцаж, хөгжим сонсоцгоов. Дараа нь тэд цагийн зүү арав хагас, арван нэг, арван нэг хагасыг заах хүртэл нүүрсний халуун нурмыг харан ил зуухны дэргэд хамтдаа сууцгаав. Энэхүү оройг өөрсдийнхөөрөө ямар нэг онцгой байдлаар өнгөрөөж буй дэлхий дээрх бусад бүх хүмүүсийн талаар бодов.
Эцэст нь нөхөр нь “За, тэгэхээр…” гээд эхнэрээ удаан гэгч нь үнсэв.
- Ямар ч байсан бид нэгэндээ таарч тохирсон байсан.
- Чи уйлмаар байна уу? гэж нөхөр нь асуужээ.
- Үгүй юм шиг байна.
Тэд гэр дотроо явж, гэрлүүдээ унтраагаад, хаалгануудаа түгжиж, унтлагын өрөөндөө ороод шөнийн сэрүүнд нүцгэлэн зогсов. Эхнэр нь уламжлал ёсоор орны бүтээлгийг авч, цэвэрхэн эвхээд сандал дээр тавиад, “Ор дэвсгэрийн даавуу маань маш сайхан цэвэрхэн байна даа” гэв.
- Би их ядарсан байна.
- Бид хоёул их ядарлаа.
Тэд орондоо орж, дээшээ харж хэвтэцгээв.
Эхнэр нь гэнэт “Хүлээгээрэй” гээд босож, гэрийн хойд хэсэг рүү алхан оджээ. Хаалганы зөөлөн савлах чимээ нөхөрт сонсогдов. Хормын дараа эхнэр нь буцаж ирээд, “Би гал тогооны усаа хаалгүй орхисон байна. Хаачихаад ирлээ” гэжээ.
Яагаад ч юм энэ тун инээдтэй санагдаж, нөхөр инээдээ барьж чадсангүй.
Эхнэр нь ч мөн адил ямар инээдтэй зүйл хийснээ ойлгож хамтдаа инээлээ. Эцэст нь тэд инээж дуусаад шөнийн сэрүүн жавартай орондоо гараа атгалцан, толгойгоо наан хэвтэцгээв.
Хэсэг хугацааны дараа нөхөр нь “Сайхан амраарай” гэхэд эхнэр нь “Сайхан амраарай” гэснээ “Хайрт минь…” гэж араас нь зөөлнөөр нэмж өгүүлжээ.
Рэй Брадбури (1920-2012)
Эх сурвалж www.wikimon.mn
Орчуулсан Э.Энхтуул
URL: