ОХУ-д мөрдөгч бүсгүйг дарга нар нь хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ
Хохирогч Екатерина. /лента.ру/
Энэ сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Уфа хотын цагдаагийн газарт Оросын хууль хүчнийхнийг доргиосон жигшүүрт гэмт хэрэг гарчээ. Хотын хууль хүчний байгууллагад өндөр албан тушаал хашдаг гурван офицер 23 настай мөрдөн байцаагч бүсгүйг бүлэглэн хүчирхийлсэн байна. Энэхүү хэрэг хойд хөршид тоомон дуулианыг дэгдээсэн бөгөөд хууль хүчний байгууллагад ийм хэрэг ховор биш гардаг гэсэн мэдээлэл цацагдаж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Энэхүү жигшүүрт хэргийн талаар лента.ру цахим хуудсанд гарсан нийтлэлээс товчлон хүргэж байна.
Дотоод хэргийн яамны Уфа дахь салбарын орлогч дарга, цагдаагийн дэд хурандаа 51 настай Эдуард М, Дотоод хэргийн яамны Кармаскалинский дүүрэг дэх салбарын дарга, цагдаагийн дэд хурандаа 50 настай Салават Г, Дотоод хэргийн яамны Уфа дахь салбарын Дүрвэгсдийн асуудал хариуцсан хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа 34 настай Павел Я нар өнгөрсөн сарын 29-ний орой ажлын байрандаа архидан согтуурчээ. Эхэндээ ажил хэрэг, амин хувийн яриа өрнүүлж байсан тэд гэнэт хажуугийн байшинд нь мөрдөн байцаагч 23 настай Екатерина /нэрийг нь өөрчилжээ/ ажлаасаа тараагүй байгааг санацгаасан байна. Тэгээд “Ажлын шаардлагаар” гэсэн шалтгаанаар өрөөндөө дуудаж, улмаар архи уулцахыг шаардаж, дараа нь бүлэглэн хүчирхийлсэн аж. Екатеринаг удам дамжсан цагдаа гэж хэлж болохоор. Түүний эцэг нь Росгвардийн Башкиртостан дахь салбарын орлогч дарга нэгэн аж. Ийм том албан тушаалтай хүний охинд уг нь ямар ч заналхийлэл, аюул учрах ёсгүй мэт. Гэтэл энэ удаад байдал эсрэгээр эргэжээ. Гэмт этгээдүүд бүсгүйг хэрцгийгээр зодсон бөгөөд хожим шүүх эмнэлгийн дүгнэлтээр бүсгүй биеийнхээ олон хэсэгт зөөлөн эдийн няцралт зэрэг гэмтэл авсан болохыг тогтоожээ.
Хохирогч бүсгүй аавынхаа хамт төгсөлтийнхөө баярын үеэр. /лента.ру/
Гэмт хэрэг болсны маргааш өглөө нь хохирогч эмэгтэй хуулийн байгууллагад хандсанаар гэмт этгээдүүдийг өнгөрсөн сарын 31-ний өдөр дайчлан баривчилжээ. ОХУ-ын Мөрдөн байцаах албаны төлөөлөгч Евгений Канаевскийн хэлснээр, гэмт этгээдүүдийг бүгдийг нь баривчлан хорьсон бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж. Харин хохирогч бүсгүй одоогоор ажлаасаа чөлөө авсан, гэртээ байгаа юм байна.
Энэ хэрэг иргэдийн жигшил зэвүүцлийг төрүүлсэн тул Дотоод хэргийн яамнаас албан ёсоор мэдэгдэл хийхэд хүрчээ. Туя яамны албан ёсны төлөөлөгч Ирина Волк Уфа дахь салбарт нь онц хүнд гэмт хэрэг гарсныг батлаад хэргийг сайтар нягтлан шалгаж, гэмт үйлдэл нь батлагдвал зохих хариуцлага хүлээлгэх болно гэсэн байна.
ДХЯ бузар булайгаа далдлахыг оролдож байна уу
Екатеринад тохиолдсон хэрэг олон нийтэд ил болсны дараа “Нэр ус нь тодорхойгүй хүмүүс хохирогч руу залгаж, 10 сая рубль санал болгосон” тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигджээ. Тэгээд түүнийгээ өгсөн ч бололтой. Энэ сарын 1-нээс Башкирын хэвлэлээр гэмт хэргийн талаарх мэдээллүүд үргэлжлэн гарсан боловч агуулга нь 180 хэм эргэсэн байсан гэнэ. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг бүгд гэр бүлтэй, амьдралын зөв хэвшилтэй, хууль хүчний байгууллагад доод шатнаас эхлэн ажилласан, хотын иргэдийн хүндлэлийг хүлээсэн хүмүүс байсан гэхчлэн бичих болсон байна. Мөн хохирогчийг гурван даргатай тааламжгүй харилцаатай байсан, тэр ч байтугай орон нутгийн нэгэн сэтгүүлч “Энэ хэргээс Диана Шурыгинагийн хэрэгтэй ижил үнэр үнэртэж байна” гэж хүртэл бичжээ.
Сэжигтэн Павел Я. /лента.ру/
Дина Шуригина гэдэг нь 16 настайдаа 21-тэй Сергей Семёнов гэгчтэй төрсөн өдөр дээр танилцаад дараа нь хүчирхийлүүлсэн хэмээн цагдаад өгч шийтгүүлсэн нэгэн аж. Тэрээр хожим “Нэгдүгээр суваг” телевизийн “Пусть говорят” нэвтрүүлэгт оролцохдоо хүчиндүүлсэн гэх хэргээ олигтой онолж чадаагүй тул иргэдийн шүүмжлэлд өртөж байсан нэгэн аж. Сергей Семёнов шүүхээс найман жилийг чанга дэглэмтэй шоронд эдлэх шийтгэл ногдуулсан байсныгаа нэвтрүүлгийн дараа жирийн дэглэмтэй хорих ангид гурван жил ял эдлүүлэхээр сольж байжээ. Хууль хүчнийхэн оролцсон ийм ноцтой хэргийг тэр нэгэн удаагийн хэрэгтэй адилтган бичиж байгаа нь гэмт этгээдүүдийн талд орж байгааг баталсан хэрэг хэмээн лента.ру цахим хуудсанд гарсан нийтлэлд онцолсон байна.
Ийм хэрэг байнга гардаг…
Лента.ру цахим сонины сэтгүүлчийд энэ удаагийнхтай төстэй хэрэг урьд өмнө гарч байсан эсэх талаар сэтгүүлзүйн эрэн сурвалжлах ажиллагаа явуулж олон эх сурвалжтай холбогдон мэдээлэл цуглуулжээ. Ингээд “хууль хүчнийхний дунд ийм хэрэг цөөн биш гардаг ч дарагдаад өнгөрдөг юм байна” гэсэн халаглам дүгнэлтэд хүрсэн байна. Хууль хүчний том дарга нарын гэмт үйлдлийн золиос нь ихэвчлэн ажилд ороод удаагүй, ажлын байраа хадгалж үлдэх сонирхолтой шинэхэн ажилтнууд байдаг аж.
Дотоод хэргийн яамны нэгэн эх сурвалжийн хэлснээр, хоёр жилийн өмнө удирдах газарт нэгэн эмэгтэй ирж, өөрийг нь ажилд авах эсэхийг мэдэхийг хүсчээ. Тэрээр дадлага хийж байсан байгууллагын даргатай бэлгийн харилцаанд орсон бөгөөд дарга нь ажилд авна гэж амалсан аж. Орлогч даргатай нь ч мөн бэлгийн харилцаанд оржээ. Гэтэл цаг хугацаа өнгөрөөд байтал ажилд авах асуудал нь таг чиг. Тэгээд хоёр жилийн дараа “Асуудлыг нэг тийш нь шийдэх болсон” гэж үзээд шалгахаар шийдсэн нь тэр байж. “Одоо тэр эмэгтэй хуульчаа хийж байгаа боловч өөр салбарт ажиллаж байгаа” гэж эх сурвалж хэлжээ. Хамгийн эмгэнэлтэй нь, бүсгүйг тухайн байгууллага дээр ажлаа сураглан очиж уулзахад “Ажилд оруулж өгнө” гэж амалсан дарга нь солигдоод оронд нь өөр эмэгтэй дарга ирсэн байж. Бүсгүй шинэ даргад болсон явдлын талаар ярихад “Ийм зүйл байж л байдаг шүү дээ. Би ч гэсэн иймэрхүү замаар л албан тушаалаа дээшлүүлж ирсэн” гэж хэлсэн гэнэ.
Хэрэг гарсан Уфа дахь ДХЯ-ны байр. /лента.ру/
Лента.ру цахим сонины сэтгүүлчдийн олж мэдсэнээр, эмэгтэй мөрдөн байцаагчдыг зөвхөн дээд тушаалын дарга нь ч биш, прокурорууд ч байнга дарамталж, ууж, идэхдээ дуудан “Ширээний бүсгүй” болгох нь түгээмэл гэнэ.
Лента.ру нийтлэлийнхээ төгсгөлд хүний эрхийн төлөөх “Human Capital” сангийн тэргүүн, Алена Поповагийн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн “иймэрхүү түүх манайд маш олон бий. Зөвхөн цагдаад ч гэлтгүй… ” гэсэн үгийг эш татсан байсан бөгөөд хууль хүчнийхэнтэй холбоотой энэ төрлийн гэмт үйлдлийн хохирогч болсон, эсвэл ийм хэргийн гэрч болсон хүн байвал редакцийн хаягаар холбоо барихыг хүссэн байсан юм.
http://eagle.mn/r/51860
URL: