ЖДҮХС-гийн дараагийн “манаач” нь Д.Тогтохсүрэн байх уу
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зориулалттай зээлийг дээгүүрээ хувааж идсэн хэргээр нэр бүхий улстөрчдийн суудал дэнжигнэж эхэллээ.
Тэдэн дундаас хамгийн эхэнд зайгаа тавьж өгсөн нь ЖДҮХС-гийн гал тогоог атгаж сууснаараа ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болов. Бүлэг нь түүнийг огцруулах улс төрийн шийдвэр гаргасныг зарласны Б.Батзоригийг буруугаа хүлээхтэй зэрэгцээд салбарын дараагийн сайдын нэр яригдаж эхэлсэн.
Б.Батзориг нь эрх баригч намын 33-ын бүлэглэлийн буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүн хэмээн улс төрийн хүрээнд яригддаг. Тэгвэл хөдөө аж ахуйн салбарыг хариуцах дараагийн сайдын нэр мөн л 33-ын бүлэглэлээс тодорсон бололтой.
Өөрөөр хэлбэл, ХХААХҮ-ийн дараагийн сайдад Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг зүтгүүлэхээр болсон талаар яриад эхлэв. Д.Тогтохсүрэн Ерөнхий сайдын фракцыг дэмждэг ч тэр бүр тэргүүн эгнээнд нь явдаггүй, дундажыг баримталдаг хүн. Тэрээр сүүлийн 18 жилд Өвөрхангай аймгийн удирдлагын багт ажилласан. 2000 онд аймгийн ИТХ-ын дарга, 2008 оноос аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад тус аймгийн 20 дугаар тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа юм.
Ойрын өдрүүдийн улс төр болоод олон нийтийн уур амьсгалаас харвал Д.Тогтохсүрэн гишүүнийг сайдаас илүү ЖДҮХС-г хэр сайн манаж, шударга ажиллах бол гэдэг утгаар нь хүлээж авахаар байна. Бүр, дараагийн сайд огцор, угаасаа идэх нь тодорхой гэсэн наргиа ч гарчээ.
Тэгэхээр түүнийг томилогдохоос өмнө ЖДҮХС-д “юмтай” эсэхийг нь нягтлах нь шалгах нь зүйтэй. Түүний хөрөнгө орлогыг харвал жилийн 142 сая төгрөгийн орлоготой, орон сууц, тээврийн хэрэгсэл нэг, цөөн тооны үхэр адуутай, 10 сая төгрөгийн үнэт зүйл, таван сая төгрөгийн хадгаламжтай гэжээ. Компани, тусгай зөвшөөрөл, зээл, авлагагүй гэж мэдүүлжээ. Харин сүүлийн үед түүнтэй холбоотой нэгэн асуудал яригдах болсон. Түүний эхнэр Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар очсон бөгөөд тус газарт халаа сэлгээ хийгээд байгаа сурагтай байна лээ.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: