Амжилтад хүрэхийн тулд бусдын хүчийг ашигла
Амжилтад хүрэхийн тулд бусдын хүчийг ашигла, битгий бүх хүчээ шавх /Г.Нармандахын орчуулгын уран бүтээл/
Нэг
Хүн болгон л амжилтад хүрэхийг хүсдэг ч, үргэлж л өөрт байгаа хүч чадал нь үл хүрэлцэх мэт санагддаг.
Бяцхан хүүгээ хашаан доторх нэгэн чулууг хөдөлгөхөөр оролдож байгааг харсан аав нь түүнийг зоригжуулан: “Аль вэ, миний хүү, чи бүх чадлаараа оролдох л юм бол заавал хөдөлгөж чадна” гэв. Гэвч бяцхан хүүгийн хувьд чулуу хэтэрхий хүнд байсан учраас яагаад ч хөдөлгөж чадаагүйдээ урам нь хугаран, аавдаа: “Чулуу хэтэрхий хүнд байна. Би бүх хүчээ шавхаад ч хөдөлгөж чадсангүй ” гэхэд, аав нь: “Чи бүх чадлаа бүрэн ашигласангүй шүү дээ” гэж хэлэв. Бяцхан хүү гайхшран зогсоход, аав нь инээмсэглэн: “Хүү минь, яагаад гэвэл би чиний хажууд байсаар байхад чи намайг дуудаж туслуулсангүй шүү дээ” гэв.
Үнэн хэрэгтээ, ямар нэгэн хэрэг явдлыг үр дүнтэйгээр шийдвэрлэхэд зөвхөн өөрийнхөө чадварыг л ашиглах ёстой гэсэн дүрэм байхгүй шүү дээ. Амжилтад хүрсэн маш олон хүний нууц нь тэдний чадвар тийм өндөр байсандаа биш, харин олон талын нөөц боломжийг нэгтгэж чадсандаа оршдог юм. Тиймээс үүнийг ч бас “бусдын хүчийг ашиглах” гэж хэлж болно.
Тайлбар: Нэг хүний амжилтын нэг тал нь өөрийнхөө хичээл зүтгэлд түшиглэх, нөгөө нэг тал нь амжилтын суурь болох зүйлд түшиглэх. Энэ хоёрын аль нэг нь үгүй болбол нөгөө нэг нь ч дагаад үгүй болно. Тиймээс, үргэлж чамд итгэж, суурь болж байдаг гэр бүлийн хүмүүсийнхээ төлөө үргэлжлүүлэн тэмц.
Хоёр
Гурван улсын үеийн Жу Гэлян1 бусдын хүчийг ашиглахдаа гаргууд хүмүүсийн нэг байсан
Жөү Юй2 Жу Гэлянд хандан: “Гурван хоногийн дотор түмэн ширхэг сум бэлд” гэсэн тушаал буулгаж гэнэ. Хэдийгээр энэ нь огт биелэх боломжгүй тушаал байсан боловч Жу Гэлян харин итгэлтэйгээр хүлээн авчээ. Яагаад болохгүй гэж? Түмэн сум хийж чадахгүй ч гэсэн бусдаас зээлж болно шүү дээ. Улмаар, Жу Гэлян Цаоцао3 -д хандан: “Би чамайг хөнөөмөөр байна. Надад түмэн ширхэг сум зээлж болох уу?” гэж гэнэ.
Удалгүй, нэгэн битүү манантай өглөө Жу Гэлян хэдэн мянган модон завийг сүрлээр дүүргэж, Цаоцаог хөнөөхөөр айсуй мэт харагдуулахаар явуулжээ. Цаоцао үүнийг үзээд, Жу Гэлян үнэхээр өөрийг нь хөнөөхөөр ирж байна гэж бодон, тэгвэл би чамайг түрүүлээд хөнөөх болно хэмээн өөрийн талд байгаа бүх нум сумаараа харвах тушаал буулгажээ. Ингэж нэг нэгээр харваж эхлэхэд ниссэн сум нь шунгинан завин дээрх сүрэл дээр ирж зоогдсоор байгаад хоёр цаг ч хүрэхгүй хугацаанд түм гаруй сумтай болж гэнэ.
Бусдын хүчийг ашиглана гэдэг нь зөвхөн ах дүү, найз нөхөд, ажлын хамтрагчдаа хандахыг хэлнэ гэж хэн хэлсэн билээ? Зарим үед чиний өрсөлдөгч этгээд ч бас чамд хүчээ ашиглуулах сайн түшиг болж болно шүү дээ. “Би өөрөө” гэсэн хязгаарыг эвдэж чадах л юм бол ертөнц улам өргөн уудам болно.
Тайлбар: Энгийн хүн бусдын дүгнэлтээс суралцаж, тэр дүгнэлтээс хамааралтай болж, бусдын нөлөөн дор амьдардаг бол амжилтад хүрэгсэд харин удирдагчдын бодол сэтгэхүйгээ бүтээн цогцлоосон аргад суралцаж, эргээд өөрийнхийгөө боловсруулж, улмаар хүчирхэг өөрийгөө бүтээж чаддаг.
Гурав
Гадаадын нэгэн түүх ярьж өгье
Английн Лондон хотод байрладаг Британийн Номын Сан бол дэлхийд ихээхэн алдартай, дотор нь хадгалагдаж байдаг номууд нь ч асар баялаг билээ. Нэгэн удаа, номын сангаа хуучин байрнаас нь шинэ байранд нүүлгэн шилжүүлэх гэж. Гэтэл, нүүлгэх зардлыг тооцоод үзэхэд хэдэн саяар тоологдох мөнгө гарчээ. Одоо яах билээ?
Харин нэг ажилтан нь номын сангийн даргадаа мэргэн санаа хэлж өгчээ. Дараа нь, номын сангийнхан сонинд нэгэн зүйл нийтэлсэн нь: “Өнөөдрөөс эхлэн хотын иргэн бүр Британийн Номын Сангаас 10 ном үнэгүй зээлж болно” гэсэн зарлал байв. Үр дүнд нь, хотын иргэд номын сангийн үүдэнд шавцгааж, хэдхэн өдрийн дотор номын сан хоосон шахуу болжээ. Бүх номоо зээлээд тараачихлаа. Одоо яах билээ? Яах юу байх вэ? Номоо буцаахдаа шинэ номын санд л аваачиж тушаана шүү дээ. Ингэж, номын сангийнхан хотын иргэдийн хүчийг ашиглан номын сангаа шинэ байранд нь нүүлгэсэн гэдэг.
Британийн Номын Сангийнхан ч ёстой “бага чулуугаар их чулууг хөдөлгөнө” гэдэг болж дээ гэж та бодож байгаа байх. Хэрэв та өөрийнхөө “бага чулууны хүч”-ийг олж мэдээд, түүнийгээ бусдад ашиглуулах зориг гаргаж чадвал бүх зүйл ямар ч асуудалгүй болно. Өгөөмөр байдал бол бас нэг төрлийн бусдын хүчийг ашиглах арга юм.
Тайлбар: Бусдын хүчийг ашиглана гэдэг нь нэг төрлийн чадвараар барахгүй бас нэг төрлийн зориг, мэргэн ухаан юм.
Эх сурвалж: “Саран жиргээ”/Вичат/ -ний “Бие сэтгэлийн хүчийг хослуулахуй” олон нийтийн тавцан
Уг зохиолын хаяг: https://mp.weixin.qq.com/s/CePhJ29-Jp70NyjNx2UvpA
Хятад хэлнээс орчуулсан: Г.Нармандах
2018 оны 10-р сарын 28
1 Жу Гэлчн /МЭ 181-234 он/. Хятадын түүхэн дэх Гурван Улсын үе (220-280 он )-ийн Шү Хань Улсын эрхт сайд, улс төрч, цэргийн зүтгэлтэн, дипломатч, утга зохиолын онолч, уран бичээч, зохион бүтээгч.
2 Жөү Юй / МЭ 175-210 он/. Хятадын түүхэн дэх Зүүн Хань Улсын цэргийн нэрт жанжин.
3 Цаоцао /МЭ 155-220 он/. Хятадын түүхэн дэх Зүүн Хань Улс (МЭ 25-220 он)-ын сүүл үеийн улс төрч, цэргийн зүтгэлтэн, утга зохиолын онолч, уран бичээч.
Зохиогч: | Орчуулсан: Г.Нармандах |
Найруулагч: | С.УРЬХАН |
Эх сурвалж: | Солонго мэдээллийн төв |
URL: