Монгол хүнийг боолчилсон бодлогын хүү
Товчхондоо Монгол хүний амьдралыг 20 жил бодлогын хүүгээр хулгайллаа. 20 жил бодлогын хүү нэрэн дор эрх баригчид луйврын үйлдлээ далдалж ирлээ. Сүүлийн 20 жил Монгол хүнийг Монгол банкны бодлогын хүү нэртэй дээрэм туйлдууллаа. 90-ээд оны үед ганзагын наймаа хийдэг байсан хүмүүс бүгд л банкны болон хувь хүмүүсийн зээлэнд хамаг эд хөрөнгөө алдаад дууссан. Аргагүй шүү дээ сарын 20-30 хувийн хүүтэй зээлийг баргийн хүн төлж чаддаггүй байсан цаг. Тэр үед наймаа арилжаа эрхэлдэг байсан хүмүүс банкны зээл гэдэг үгийг сонсоод хар дарсан зүүд шиг л санадаг гэсэн.
Харин өнөөдөр Монгол банкны бодлогын хүү жилийн 12.25 тай байна. Үүнийг дагаад банкнуудын хүүгийн түвшин 18%-24%-ийн хооронд хэлбэлзэж байна. Монгол улс дэндүү өндөр, ард түмнээ шулсан банкны хүүгээрээ дэлхийд толгой цохиж явна. Монголоос илүү өндөр бодлогын хүүтэй төв банк, зээлийн хүүтэй арилжааны банкнуудтай улс дэлхийд алга. Үүнийг зүгээр л товчхоноор солиорол гэж нэрлэнэ.
Бизнес эрхэлдэггүй, баялаг бүтээдэггүй олигархиуд хөдөлмөрлөхгүйгээр мөнгөө өсгөхийн тулд банкны зээлийн хүүг хэт өндөр байлгах сонирхолтой байдаг. Авлига болон луйвраар олсон мөнгөө өндөр хүүтэй хадгаламжинд хийчихээд л ард түмнээ шулаад байна гэсэн үг. Дэндүү өндөр өртөгтэй зээлээс болж бизнесийн салбарын хөгжил зогсож, үүнийг дагаад ажлын байр үгүй болж, нийгэм тэр аяараа хямарна гэсэн үг. Монголын нийгэм, эдийн засаг хөгжихгүй зогсонги байдалд ороод буйн шалтгаан нь хэт өндөр бодлогын хүү юм.
Инфляци өсөх шалтгаан нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлт, банкны зээлийн өсөлт, алдагдалтай санхүүжилтүүд, төрөл бүрийн барааны хомсдол, хүн амын өсөлт зэрэгтэй холбоотой байдаг. Иргэд эд хөрөнгөө бодит өртөгийнх нь 30%-40%-аар үнэлүүлэн банкинд тавина. Эргээд төлж чадахгүй бол банк ямар ч өршөөлгүйгээр хураагаад авчихна. Маш өндөр хүүтэй зээл аваад тэгээд эд хөрөнгөө маш багаар үнэлүүлээд алдчихна гэсэн үг.
Сүүлийн үед Монголд моодонд ороод буй лизингийн зээл ёстой л ард түмний цалинг хоосолж байна даа. Сарын 2%-ийн жилийн 24%-ийн хүүтэй лизингийн зээлгүй хүн Монголд алга. Лизингийн зээл өндөр хүүтэйгээс гадна хугацаа богинотой байдаг нь ард түмэнд маш том алдагдлыг бий болгож байна. Монголын арилжааны банкнуудаас олгож буй зээлүүд өндөр хүйтэйгээс гадна хугацаа дэндүү богино байдаг нь бизнес эрхлэгчидэд боломж олгодоггүй.
Ёс суртахуунгүй, дураараа авирлагч төр засаг ард түмнийхээ эд хөрөнгө, баялаг, хөдөлмөрийг бодлогын хүү нэрийн дор, инфляцаар хулгайлан авдагийг “INFLATION IS THEFT” номонд маш ойлгомжтойгоор харуулсан байдаг. Монгол банк инфляци өндөр байгаа учраас бодлогын хүүгээ нэмэх хэрэгтэй хэмээн мэдээлдэг. Бодлогын хүү өндөр байснаараа инфляци буурдаг механизм бол зүгээр л өнгөлөн далдлалт. Инфляци бол товчхондоо зүгээр л хулгай дээрэмтэй адил. Харин ард түмэн үүнийг сайн мэддэгүй нь инфляцид шулуулах хөнгөхөн зууш болоход хүргэдэг. Таны цалинг, таны хөдөлмөрийг, таны хоногийн хоолыг инфляци хэмээх тороор булаан авч байна шүү дээ. Монголын төр дэндүү ёс суртахуунгүй авирлаж ард түмнээ 20 жил яс арьс болтол нь шуллаа.
Бодлогын хүүнээс мэдээж шулуулж байгаа ард түмэн хожихгүй харин шулж мөлжиж байгаа эздүүд нь л хожно. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилцааны банкнууд төв банкнаас тогтоосон бодлогын хүүгийн зохицуулалтын дагуу өөрсдийн зээлийн хүүг тогтоодог. Төв банкны бодлогын хүү өндөр байгаад байвал зээлийн хүү хэзээ ч буурахгүй гэсэн үг. Энэ логикоор бол Монголчууд бид хэзээ ч өмчтэй, хөрөнгөтэй болохгүй.
Банкнаас хэт өндөр хүүтэй зээл авсан хүн зээлээ төлж чадахгүй хамаг эд зүйлсээ алдаад \орон сууцаа, машинаа\ дуусна. Үр дүнд нь дундаж давхаргаас ядуу давхарга, ядуу давхаргаас нэн ядуу давхарга үүснэ. Өнөөдөр Монгол улсын хүн амын 70 хувь нь ядууралтай байна гэсэн албан ёсны судалгаа гарсан байсан. Тэгэхлээр энэ ядуурлын буруутан хэн бэ? Өндөр хүүтэй бодлогын хүү инфляциар ард түмнээ шулсан төр засгийнхан. Үнэндээ Монголд ямар ч бизнес эрхлэх орчин нөхцөл байхгүй.
Төв банк ямар хөдөлмөр шингэсэн болоод ийм өндөр өртөг тогтоож байгаа юм бэ? Тухайн мөнгөнд зөвхөн хэвлэсэн зардал нь л орж байгаа шүү дээ. АНУ-ын 1 долларыг хийхэд 25 центийн зардал гардаг. Харин Монгол төгрөг хэдий хэр үнэтэй бол. Төгрөг яагаад иргэдийн гар дээр очихдоо жилийн 20%-ийн хүү 20%-ийн инфляцитай болчихов. Төгрөгөнд шингэсэн нэмүү өртөг ард түмний нуруун дээр дэндүү том ачаа болж байна.
Жишээ хэлбэл: Таны гар дээр очиж буй 100 төгрөг банкны зээлийн хүү, төв банкны бодлогын хүү, тэгээд инфляцид өртөөд таны гар дээр 60 төгрөг л очно гэсэн үг. Та 40 төгрөгөө зүгээр л хэн нэгэнд хулгайлуулсан гэсэн үг. Ямар их хөлс хүч, мэдлэг боловсрол, цаг хугацаагаа зориуллаа даа гэтэл бараг талыг нь зүгээр л хэн нэг олигархид бэлэглэчихлээ шүү дээ. Энэ бол маш цэвэрхэн бас боловсон хулгай. Ямар ч зохицуулалтгүй, хяналтгүй, замбараагүй төр засаг л ард түмнээ шулж, ард түмэн нь туйлдаа хүртэл ядуурч харин эрх баригчид нь хагартлаа баяжидгийг Монгол улс маш амжилттай харуулсан.
Монголд өрнөсөн замбараагүй хувьчлал, төрийн өмчийг хувьд гаргасан хавтгайрал үнэндээ маш буруу зүйл байсныг бид одоо л мэдэж байна. Аймгийн төвүүдэд байсан өнгөтэй өөдтэй үйлдвэрүүд хувьчлал нэрийн дор төмрийн хогонд ачигдаад урд хөршийг зорьсон, аж үйлдвэрийн район нэртэй байсан Хан-Уул дүүрэг балгас болсон хэдэн байшинтай л үлдсэн. Энэ бүхний буруутан хэн бэ?
Харин Германчууд төрийн оролцоогүй чөлөөт эдийн засаг бол луйварчдыг өөхшүүлэх аюултай гэж үзээд татгалзсан байдаг. Гэтэл Монголчууд яг эсрэгээрээ бүх зүйлээ хувьчлаад төрийн хяналтгүй болгоод дэндүү чөлөөт эдийн засгийн бодлогын уршгаараа юу ч үгүй үлдсэн. Эдийн засагч Хайк болон Кенин нар социал маркет экономи \хамтын зах зээлийн эдийн засаг\ гэгчийг гаргаж төр эдийн засгийн хөгжилд оролцох хэрэгтэй гэж үзсэн. Гэхдээ үүгээрээ хувийн хэвшлийг эсэргүүцээгүй харин энэ бүхэн хувийн хэвшилд тулгуурлаж үүгээрээ эдийн засгийн либериализмийг бий болгоно хэмээн сургасан.
Зах зээлийн гэх тодотголтой 20 жилийн эдийн засгийн системээс өнөөдөр ядуурал, явлигал, олигархи хэмээх өндөгүүд гарч, үр дүнд нь Монгол улс ХАА болон Уул уурхай гэсэн хоцрогдсон эдийн засгийн тогтолцоог хөгжлийн гарцаа болгоод байна.
Дахиад хэлэхэд Инфляци бол хулгай. Бодлогын хүү ч бас хулгай. Хэт өндөр бодлогын хүүтэй манай улсад гадны эдийн засгийн бүлэглэлүүд луйврын мөнгөө угааж байна. Гаднаас бага хүүтэй зээл аваад Монголд оруулж ирэн өндөр хүүтэй хадгаламжинд хийнэ. Тэр өндөр хүүтэй хадгаламжинаас Монгол улсын иргэд бид өндөр хүүтэй зээл авна. Тэр зээл бидний хөдөлмөрийг бас цалинг юу ч үгүй болтол нь сорно. Үр дүнд нь Монголын баялаг гадны нэг луйварчны халаасанд зүгээр л урсаад ороод байна гэсэн үг. Монголбанкнаас тогтоосон хэт өндөр бас зохиомол бодлогын хүү эцэстээ Монгол улсад бизнес хөгжих, Монгол хүн хөрөнгөжих бүх болоцоог хааж, зөвхөн олигархиуд болон гадныхныг дэмжсэн эдийн засгийн колончтлол болж хувирдаг. Олигархиуд гадныхантай нийлж ард түмний баялгийг сордог.
Бодлогын хүү багатай орнуудын луйварчид Монголыг луйврын мөнгөө угаах сайхан диваажин болгож, Монголын ард түмний хамаг эд баялгийг мөлжиж байна. Үүнийгээ өнгөлөн далдлахын тулд гадны хөрөнгө оруулалт, тусламж зэрэг гоёмсог нэр өгнө.
Ард иргэдээ шулсан мөлжсөн эдийн засгийн тогтолцоонд Монгол хүн шударгаар амьдрах ямар ч боломжгүй болдог. Хэн шударга зоригтой дугарна тэр хохирно, хэн шударгаар бас зөвөөр амьдрахыг хүсэн тэр хүнд амьдрал туйлаас хатуу хандана.
Хэт өндөр бодлогын хүүнд нухлуулсан дарамтлуулсан пүүс компаниуд орлогоо нууна, татвараа төлөхөөс зайлсхийнэ. Ингэж хэт өндөр бодлогын хүү эдийн засгийн гэмт хэргийг үүсгэдэг. Цаашлаад банкны хүү, инфляцид нухлуулсан ард иргэд ядуурал, ажлын байрны дарамтад орж нийгмийн бухимдал үүснэ. Эцэст нь бодлогын хүү бол луйвар бас дээрэм.
Д.Санчир
URL: