“ХААН”-аасаа ХААЛГАЧИД нь хэцүү байна
Монголд болж бүтэхгүй байгаа муу муухай бүхэн УИХ-ын 76-д хамаатай явж ирлээ. Нийгмийн сэтгэл зүй тэр чигээрээ энэхүү 76 дээр төвлөрч байна. Хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл мөн энэ хэд рүү чиглээстэй. Энэ хэр зөв хандлага вэ гэдэг дээр үнэндээ эргэлздэг боллоо. 76 нөхөр мэдээж хариуцлагын хамгийн том буулгын эзэд мөн. Гэхдээ өнөөдөр Монголд “Хаан”-аасаа хаалгачид нь дэндүү увайгүй байна шүү дээ. Дэндүү их хууль бусыг тэд хийж байна. Хаалгачид гэдэг нь төрийн дунд, доод шатны албан тушаалтнууд. Иргэн та газраа авъя гээд аймаг, дүүргийнхээ газрын албан дээр очоод хөөцөлд. Таних хүнгүй л бол та доромж гэдгийг үзнэ. Захын нэг газрын албаны мэргэжилтэн бээр “Чи жаахан бүдүүн дуугараад байна уу, үгүй юу” гээд эхэлнэ дээ. Уг нь хууль ёсны дагуу газраа авахаар очиж буй иргэн. Гэтэл шоронгийн атамантай уулзсан юм шиг сэтгэгдэл төрөх бий. УИХ-ын гишүүн бол хэзээ ч иргэнийг “Чи бүдүүн дуугараад байна уу” гэж зандрахгүй. Харин энэ төрийн дунд, доод шатныхны ёс суртахуунгүй үйлдлүүд энэ мэт дарамтаас эхэлдэг.
Шулуухан хэлье иргэд ээ, Монголын төрд өнөөдөр Их хурлын гишүүдээсээ илүүтэй дунд, доод шатны дарга, албан тушаалтнууд л жинхэнэ авлигачид, хүнд сурталтнууд, ёс суртахуунгүйчүүд болоод байна. Тэд бүх зүйлийг завааруулдаг. Гэтэл тэднийг ярихаасаа урьд өнөө 76-г л ярьдаг, зүхдэг. Мэргэжлийн хяналтын байцаагчид, Газрын албаныхан, Байгаль орчныхон, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрынхан, хот дүүргийн жижигхэн түшмэд гээд төрийн олон бүтэц ер нь хүнд дээ хүнд. Жишээ нь Шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар (ШБӨХТГ) гэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байна. Өнгөрсөн жилээс шинэ зохион байгуулалтад орж, 10 гаруй байцаагч бий болгож, хуулиар тэдэнд маш том эрх мэдэл олгосон. Гэтэл байцаагчид нь гэж турж үхэх гэж байгаа юм шиг хэдэн хүн тэнд оччихож. Жинхэнэ луйварчид, авлигачид аа, ШБӨХТГ-ын байцаагчид гэж. Авлигач гэж хэлсний минь төлөө энэ байгууллагын байцаагчид намайг шүүхэд өгөөтөхөөсэй. Тэгвэл булайг нь нэгмөсөн, авсан авлигыг нь ёстой нэг баримтаар нотлох юмсан. Даанч тэгж чадахгүй л дээ, тэд. Тэнгэр холуур дуугараасай, ниргээсэй гээд л сууцгааж байгаа. Энэ байгууллагын байцаагчид яадаг гээч нэг барилгын тендер… сургууль цэцэрлэг… гээд төсвийн хөрөнгөөр тендер зарлан баригдаж буй барилга олон. Наад захын жишээ шүү, хэдэн барилгын компани өрсөлдөж нэг нь ялдаг юм биз дээ. Тэгэхээр нь мань газрын байцаагч нэгэн ялагдсан компанитай нь яриад гомдол гаргуулчихна. Гаргасан гомдлынх нь дагуу өнөө байцаагч ялсан компанийн ажлыг эхлүүлэхгүй “Гомдол гарсан учир” гээд зогсоочихно. Өнөө компани ажлаа эхэлмээр байдаг, бүрэн эрх нь энэ муу газрын байцаагч ухаантай юманд хуулийн дагуу байгаа болохоор ажлыг нь эхлүүлэхгүй байлгаад л байна. Байлгаад байгаа учир нь шударга ёсны төлөө биш ердөө нөгөө “юм”-аа авах гээд буй хэрэг. Эцэстээ ажлаа эхлүүлэхийн тулд энэ газрын байцаагчид өнөө ялсан компанийн захирал авлига өгнө дөө. Тав, арван сая төгрөгийг бол голно ш дээ. Томыг авах хүсэлтэй байгаагаа ичихгүй хэлнэ. Ингээд машинтай давхиж ирээд хүссэнээ авч явснаар маргааш нь өнөө гомдлыг нь хүчингүй болгоод тендерийг нь өгөх жишээтэй. Энэ хэрийн шантааж, дарамт, сүр хүчийг Их хурлын гишүүн хэнбугай ч үзүүлж чадахгүй. Сайндаа хууль л ярина, тэд. Тэгээд энэ тэр газар руу элдэв бичиг шиднэ. Статус нь ийм хэмжээний хүмүүс, Их хурлын гишүүн гээд байгаа томчууд чинь. Тэгтэл тэдний дэргэд төрийн нэгэн дунд шатны байгууллагын хамгийн доод албан тушаалтан яаж л бол яаж авлига авч, аль ч аж ахуй нэгжийн эздийг жижигрүүлж чадаж байгаа биз дээ.
Муу муухайг нь дууддаг Их хурлын гишүүдийн алба ердөө дөрвөн жилийн настай. Дахиад сонгогдохоо боддог тэдний хэн нь ч иргэдтэй ёс суртахуунгүй харьцдаггүй юм. Араа байнга бодож явдаг. Мөн тэд хэвлэл мэдээлэл, ард түмний хяналтад сайтар байдаг. Хариуцлага алдвал энэ 76-г нийгэм тэр чигээр нь боорлоно. Боорлож байгаад ачуулах шахна. Тийм болохоор тэд хянуур, хариуцлага алдахаас үхтлээ айдаг болой. Харин тэгтэл төрийн дунд шатны дарга ямар вэ. Тэд тэр албандаа тэтгэвэрт гартлаа сууна. Хэн ч тэдэнтэй дөрвөн жилийн дараа хариуцлага тооцохгүй. Зарим нь бүр бурхнаас насаараа томилогдох зарлигт гарын үсгээ зуруулчихсан мэт даргын сэнтий тэдэнд хэзээний бэлэн. Тэд байсаар байгаад, ард түмний өмч хөрөнгийг идсээр байгаад, ард түмэндээ пээдийсээр байгаад тэтгэвэртээ гардаг нь байна, гарахгүй 70, 80 нас хүртлээ суудаг нь ч байна. Тэдэнтэй хариуцлага тооцох хуулийн механизм нь маш удаан. Хэрэвзээ хариуцлага алдсан нь, хууль зөрчсөн нь баримтаар батлагдлаа гэхэд цагдаа, прокурорын хяналт, гурван шатны шүүх… гэхчлэн хэдэн жилийн нүүр үзнэ. Тэр явцдаа цагаадчихдаг. Ял аваад яхийтал шоронд сууж буй дарга Монголын хаана байгаа юм бэ. Би асуумаар байна. Бүгд л цагааддаг биз дээ. Улсаас идсэн мөнгөөрөө авлигад нь, өө бүр болоогүй том байх үедээ өчнөөн хүнийг элсүүлээд нээнтэглэчихсэн байдаг болохоор хууль хяналтынхнаас авахуулаад бүгдийг нь хөдөлгөхгүй барьчихдаг. “Намайг тэгвэл чамайг тэгнэ” гэсэн ганц үг төрийн дунд, доод шатны бүх албан тушаалтнуудын аманд бэлэн явдаг.
Энэ муу 76-г хардалгүй л яахав, хяналгүй яахав, гэхдээ төр дэх бузар булай бүхэн энэ хэдийн орчноосоо илүүтэй дунд, доод шатны дарга нарын орчинд дэндүү их байгааг монголчууд бид ялгаж салгаж харах цаг одоо болжээ. 76-г өмөөрөх гэсэнгүй. Өмөөрөх шалтгаан ч байхгүй. Тэднээс илүү луйварчид 76 руу хамгийг чихчихээд гэмгүй царайлаад явцгааж байгаад гол учир нь оршиж байгаа юм. Их хурлын гишүүн аймгийн Засаг даргаас илүү мэдэлтэй, илүү ихийг идэж уух боломжтой, гарын үсэг зурдаг… гэхчлэн харьцуулах юм бол миний бие хэзээ ч итгэхгүй. Жишээ нь Их хурлын гишүүн нэгэн бээр аймгийн дарга шиг аль нэг алтны уурхайн боссыг дуудаж “Тийм мөнгө гарга” гэж хэлэх эрхгүй, тэднийг дарамтлах хэмжээний сүр хүчгүй. Алтны уурхайн эзэн Их хурлын гишүүний юунаас нь айх юм бэ. Харин аймгийн даргаас бол айна. Аймгийн Засаг даргад тэдний үйл ажиллагааг яаж ч саатуулах эрх мэдэл нь бий. Гэтэл иргэд аймгийн даргаа ярьдаггүй, Их хурлын гишүүнийг л ярина. Ийм л нэг монгол төрийн тогтолцооны хэлбэр ард түмэн дарга нарын хэн нь хэн бэ гэдгийг бодитой харахыг нь саармагжуулж байгаа юм. Иргэд Их хурлын гишүүнээс урьд аймгийнхаа Засаг даргыг, бусад дарга нарыг сайтар хянаж байх хэрэгтэй юм л даа.
Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдын талаар өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллээр гарснуудыг эргээд санаарай. Их хурлын гишүүн их цөөхөн дөө. Дийлэнх нь дунд, доод шатны төрийн дарга нар, албан хаагчид байгаа. Үнэний ийм л дэнс, тоо баримтыг үндэслэн Их хурлын гишүүд яах вэ, тэртэй тэргүй олны хийгээд хэвлэл мэдээллийн бүрэн хяналтад, харин төрийн дунд, доод шатныхан чинь л нийгмийг идээ бээржүүлж байна шүү гэдгийг дахин дахин хэлмээр байна.
Сонгуульд ойртож байна. Шинэ хуулиар сонгуулийн үйл ажиллагаанд төрийн албан хаагчид давуу байдалтай оролцоно. Гэтэл хот оронгүй төрийн бүх шатанд МАН-ынхан тэр чигээрээ шигсэн байгаа. Сонгуулийн луйвар эдгээр нөхдөөс л гарна. Сүхбаатар аймагт явж байгаад орон нутгийнх нь телевизийг нэг орой харжээ байтал тус аймгийн нэгэн сумын Засаг дарга ярьж байх юм. “Би Ардын намынхаа төлөө улаан голоо тасартал, халуун цусаа буцалтал зүтгэх болно оо” гэж. Үгүй мөн сүр үг шүү. Ардын намынхаа төлөө амиа өгнө гэж нүүрээ минчийлгэж байгаад хэлж байгаа, амиа өгөхөөс буцахгүй байгаа тийм нөхдүүд сонгууль будлиантуулдаг байхгүй юу. Намын төлөө голоо тасартал зүтгээд байхдаа яахав дээ. Энэ нам гишүүдээ мөн хийрхүүлж чадаж байгаа юм шүү. Иргэд, олон түмний зүгээс долдугаар сарын 1-нийг хийчихнэ гэж айх хэрэггүй. Айж байгаа хүмүүс байгаа бол шүү. Харин иймэрхүү цусаа буцалгах нөхдөөс л болгоомжлох хэрэгтэй. Нам нь ялагдвал амьдрал нь талын нэг тарах нөхдөөс, бүр тодорхой хэлбэл өнөөдрийн төрийн албаны шат шатанд ажиллагсдын 90 хувь нь МАН-ын гишүүн байсан хүмүүс, өнөөдөр ч энэ намын төлөө цусаа буцалгахад бэлэн буй хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй юм. Сонгууль боллоо, нам нь ялагдлаа, тэд бүгдээр амьдрал нь дуусчих шиг болно. Шөнө нойргүйднэ. Авлигаас эхлээд олон янзын хууль бус аргаар олдог орлого нь байхгүй болно. Ингэхээр чинь боож үхэх бор шидэмс эрж харайлгүй яахав дээ. Гудамжинд гараад жагсах энүүхэнд хэрэг байлгүй.
Эцсийн бүлэгтээ төрийн үйл хэргийг ёс бус болгож, ард түмний зүхлийг үзэх ёстой төрийн дунд, доод шатныхан бараг нийтээрээ шахуу МАН-ыг дамжсан, тэдний түлхээсээр өнөөдрийн албандаа очсон нөхөд байдаг болохоор хүссэн хүсээгүй хуучин ху нарыг бичихээс өөр аргагүйд хүрэх юм даа. Золиг ч юмаа даа.
URL: