Төрийн ордонд тонгорцогдоод төрийн шагнал авдаг хэрэг ээ

Өнгөрсөн сард “Давтагдашгүй” нэртэй тоглолт хийсэн төгөлдөр хуурч, “Sweethymotion” хамтлагийн продюсер Б.Чинбат өчигдөр Төрийн ордонд тоглолт хийлээ. “Харшийн шинэ жил” нэртэй уг тоглолтын зар бараг хоёр долоо хоногийн өмнөөс тархад “Чинбаа төрийн шагнал авах гэж саарал ордонд тоглолт хийхээр шийджээ” гэж гадуур ярилцаж эхэлсэн юм. Дуучин Болдыг дуурайлаа гэж ч ярилцах нь сонстоно. Поп дуучин Д.Болд Төрийн ордонд “Монгол поп” нэртэй тоглолт хийгээд сарын дотор төрийн шагнал авсан болохоор ийм мессеж нийгэмд таржээ. Өнөөдөр манай попын ертөнцөд болж буй үйл явц гавьяа шагналын тухай эргэн санахад хүргэлээ. “Гавьяат жүжигчин” гэдэг цолыг дуртай хүн болгон авч нэр хүнд нь унаад олон жил өнгөрсний гол шалтгаан нь уг цолыг зохиолын дуучдад олгодог болсных. Одоо араас нь “төрийн шагнал” мөн ийм замаар орох нь гэсэн сэтгэгдэл нийгэмд төрж эхэлжээ.

Продюссер, төгөлдөр хуурч Б.Чинбат өнгөрсөн сард хийсэн “Давтагдашгүй” тоглолтын рекламаа цацаж хэвлэлийн хурал хийлгэхдээ урлагийн учир начрыг сайн мэдэх, энэ салбарын нэлээн нэр хүндтэй Б.Долгион гуайгаар “Чинбаа бол Монголдоо номер нэг төгөлдөр хуурч” гэсэн үгийг хэлүүлээд авсан. Долгион гуайн энэ үг Монголын мэргэжлийн хөгжмийн амьдралыг сайн мэдэх хүмүүсийн гайхширлыг нэлээн төрүүлж байв. Түүнчлэн Америкийн хөгжмийн одтой хамтран тоглосноороо ч Чинбаа олны сэтгэлийг тоглолт руугаа нэлээн татсан юм. Гэвч яг тоглолт болоход төгөлдөр хуурчийн урын санд байвал зохих нэг ч зохиол сонсогдоогүй. Өнөөдөр бид Монголынхоо төдийгүй дэлхийн аль дуртай дуучин, хөгжимчнийхөө, дуртай хөгжмийн зохиолчийнхоо бүтээлийг өөрсдөө сонгоод ямар нэгэн сувгаар олоод сонсчихож байна. Тиймээс аль нэг уран бүтээлч тоглолт хийхээ зарласан бол хөтөлбөрийг нь харж байж очдог болсон цаг. Тиймээс Чинбаа төгөлдөр хуурчийнхаа хувьд тоглолт хийж байгаа юм чинь жинхэнэ “тасархай” зохиолуудыг “тасархай” тоглох байх гэсэн таамгаар “Давтагдашгүй” нэртэй тоглолтод нь очсон хүмүүс эсрэгээр нь мэргэжлийн төгөлдөр хуурчийн программаас огт олж сонсолгүй гарсан байх жишээтэй. “Харшийн шинэ жил” тоглолтынхоо хөтөлбөрийг мөн л “нууцаллаа”.

boldБолд ч мөн ялгаагүй, тоглолтынхоо зарыг тараахдаа “Монгол поп” гэдэг цоо шинэ урсгал үүсгэн байгуулаад уран бүтээлээ тайлагнаж байна гэж мэдээлснээс бус “шинэ урсгал”-ынхаа дагуу ямар ямар дуу сонсгох тухай хөтөлбөрөө зарлаагүй. Төгөлдөр хуурч уран бүтээлийнхээ бие даасан тоглолтоор мэргэжлийн гоцлоочийн урын сангийн бүтээлүүдийг нийгэмд танилцуулдаг жишигтэй бол продьюссер, төгөлдөр хуурч Чинбаагийн эхний тоглолт эсрэгээрээ байсан учир түүний тоглолт жирийн нэг поп залуугийн шоу байв. Учир нь төгөлдөр хуурчид урын сангийнхаа бүтээлүүдээр л зиндаагаа харуулдаг. Харин Чинбаа “Давтагдашгүй”-дээ манайхны сайн мэдэх “Жалам хар”-аас өөр мэргэжлийн хөгжмийн зохиол тоглоогүй. Уг тоглолтын хамгийн том байр суурийг эзэлсэн энэ “Жалам хар” төгөлдөр хуурын зохиол биш, төрийн шагналт хөгжмийн зохиолч Э.Чойдог гуайн монгол бүжиг болон үндэсний хөгжмийн ансамбльд зориулсан зохиол юм. Энийг симфони оркестрт хөрвүүлээд тоглож болох ч төгөлдөр хуурчийн урын санг тодорхойлох зохиол биш юм. Харин хөгжим сонсдог хүмүүс Чинбаагийн тоглолт руу төгөлдөр хуурын зохиол сонсох гэж очихоос өөр ямар ч шалтгаанаар очихгүй шүү дээ. Тэрбээр урын сангийн ганц ч зохиолгүй “Давтагдашгүй” тоглолтынхоо дараагийн шоуг “Харшийн шинэ жил” нэртэйгээр Төрийн ордонд өчигдөр тоглоход мөн л хөгжим сонсдог хүмүүс очсонгүй. Чинбаа хүү “гавьяат” руу бус “төрийн шагнал” руу санаатай даг аа гэж хүмүүс ярилцаж байгаа нь үнэний ортой төдийгүй рок, попынхон болон ая зохиогчид, нийтийн дуучдын “бусдыг дуурайх өвчин”-г харуулж байна.

Манай монгол үндэстний өргөн баялаг хэлэнд “тонгорцоглох” гэж үг байдаг. Тэр нь төв халхын ярианы хэлэнд “годройтох” гэсэнтэй ойролцоо үг л дээ. Нэг залуу Төрийн ордонд ганц удаа тонгорцоглоод л төрийн шагнал авчихдаг болж эхэлж буй энэ өдрөөс мөнөөх “Төрийн шагнал”-ын нэр хүнд “сэвтэж” эхлэв бололтой. Ойрын өдрүүдэд хэвлэлд “Төрийн шагналыг уг нь авторуудад өгдөг” гэж Н.Жанцанноров гуай хэлсән байна лээ. Энэ үнэн Монгол попыг өндөр үнэлж төрийн шагнал олгож байлаа бол үүнийг буруутгах хэн л байв гэж. Уг шагналыг авсан гээд хөдөлмөрч, хичээнгүй чанараараа залуус хүүхдүүдэд үлгэр дуурайл болж яваа Болд хүүгийн буруу юу байв гэж.

Харин тэр монгол “Монгол поп” гэж чухам юуг хэлээд байна гэдгийг олж харцгаая. Бидний сонсож, мэдэж байгаагаар монгол дууг поп стилиэр дуулсныг хэлээд байгаа бололтой. Харин үг нь монгол хэлээр, ая нь монгол хөгжмийн таван эгшигтийн зарим дээр зохиогдсон байх төдийг монгол дуу гэхгүй юм. Дууны үг, аялгуугаар дамжиж буй ахуй, оюуны соёлын хэв шинж, сэтгэлгээ нь монгол байхыг л монгол дуу гэх юм уу даа. Тэр дууг ямар ч хэл рүү орчуулахад монгол дуу гэж танигдана гэсэн үг. Жишээ нь, поп хатагтай Сараагийн дуулсан “Нүгэл буян”, “Аргагүй амраг” зэрэг нь монгол поп юм. Энэ хоёр дуу ардын дуу. Сараа хөгжмийн найруулагчдаа санал болгоод ардын дууг поп хэмнэл рүү хөрвүүлэн найруулснаар монгол поп бий болж байх жишээтэй. “Нүгэл буян” дууг ҮДБЭЧ-ын оркестр юм уу, үндэсний цөөхүүл хөгжмийн чуулга хөгжимдөж Чулуунчимэг дуулбал монгол ардын дуу оргиороо байгаа нь тэр. Харин поп хэмнэл рүү хөрвүүлээд хатагтай Сараа дуулбал “Нүгэл буян” ардын дуу гэхээсээ илүү монгол поп болж байх жишээтэй. Зөвхөн Сараа ч биш, “Мандах нар”-ыг хөгжмийн найруулагч нь поп хэв маягт хөрвүүлснээр Алтаа(СТА Ж.Алтанцэцэг) гайхалтай дуулсан. Үүгээрээ Алтаа монгол ардын дууг монгол поп болгож дуулжээ. Үнэндээ монгол попыг одоогоор хөгжмийн найруулагч нар л хийж байх шиг байна. Ардын дууг поп стилиэр дуулах нь наад зах нь хоёр талтай юм. Ардын дууг орчин үеийн сонсогчдын таашаалд нийцүүлэн попоор дуулснаараа үндэсний хөгжмийн соёлоо, мартагдах шахсан ардын дуугаа тодорхой хэмжээнд авч үлдэж байна. Тиймгүй бол ардын дуу дахиад арван жил өнгөрөхөд мартагдах байсан байж болно. Нөгөө тал нь, поп хөгжмөө уламжлалт хөгжмийн сэтгэлгээгээрээ баяжуулаад авч байгаа нь сайн хэрэг. Сонгодог уламжлалаас суралцаагүй орчин үеийн урлаг байдаггүй учраас тэр шүү дээ. Ингэснээрээ илүү үнэ цэнэтэй ч юм. Монгол попын жишээг цааш нь үргэлжлүүлбэл, А.Батдэлгэрийн хөгжим “Тэмээн жингийн говь” гэдэг наяад оны дуу бол цэвэр монгол поп. Сүүл рүүгээ гэвэл, “Уруулын будаг” гэдэг хамтлаг гарч ирээд алга болсон. Тэр хамтлагийн охид яруу найрагч Ш.Дулмаагийн шүлгээр “Хүрээ хүүхэн” гэдэг билүү тийм дуу дуулдаг байв. Тэр бол цэвэр монгол поп байв. Бидний сайн мэдэх “Хурд” хамтлаг Дамчаа гуайтай хамтран дуулсан “Эх орон” бол монгол поп шүү дээ. СТА Б.Мягмарсүрэнгийн дуулсан “Хөөрхөн халиун”-ыг монгол блюз гэж болно. Бэсрэг уртын дууг блюз хэв маягаар дуулсан учраас. Тэгэхээр монгол попын автор нь Монголын хөгжмийн найруулагчид болж таарлаа. “Хөөрхөн халиун”-ыг, “Мандах нар”-ыг Ази, Европын ямар ч хэл рүү хөрвүүлж дууллаа ч хаанаас нь харсан ч монгол дуу гэж танигдана.Түүнээс биш дээл өмсч, монгол гутал өшиглөчихөөд цовхрохыг монгол поп гэхгүй юм.

“Яруу найрагч” олшроод, монгол дээл өмсч, үсээ ургуулаад, эр эмгүй цээжээ дэлдээд эхэлсэн тэр үеэс эхлэн мэргэжлийн гэмээр гайгүй яруу найрагчид нь өөрийгөө шүлэг бичдэг, яруу найрагч гэж хэлэхээс ичдэг, нуудаг болж билээ. Одоо энэ санаанд орж байна. Шагнал цол горилоод Төрийн ордонд тоглоод, түүнээ аваад байвал нөгөө төрийн шагналтай жинхэнэ ланжгар авторууд маань мөдхөн Төрийн шагналт гэж дуудуулахаасаа ичдэг болох нь гарцаагүй. Ингэхэд би ч бас хааяа шүлэг бичдэг ухаантай. Түүнийгээ “сюрриалист” маягийн гэчихэд болохгүй нь юув. Бас хөгжмийн зохиолч нэлээдийг танина. Тэднээр хэд гурван шүлгэндээ ая зохиолгоод, “монгол сюрриализм”-ыг үндэслэн байгуулсан гээд Төрийн ордонд нэг удаа уран бүтээлийн тоглолт хийж цол горилоход буруутах юмгүй биз дээ. Дуучдаар дуу дуулуулаад, өөрөө монгол дээлээ өмсч, монгол гутал өшиглөчихөөд ганц хоёр шүлэг уншиж нэг өдөр сайхан тонгорцоглож өгөөд л гүйцээ. Ерөөсөө Төрийн шагнал авдаг хэрэг ээ. Нээрээ, цол хэргэмд нугасгүй дуртай нөгөө бөхчүүд чинь одоо байтлаа төрийн шагнал авна гээд Төрийн ордонд бөх барилдана гэвэл яана. Тэд ч ёстой жинхэнээсээ годройтох байх даа.

Н.ПАГМА


URL:

Сэтгэгдэл бичих