ГИШҮҮДИЙГ ХООЛЛОСОН Н.БАЯРТСАЙХАН СЭТГҮҮЛЧДИЙГ Ч ХООЛЛОСОН УДААТАЙ

48ifghnr

Бадарчин явсан газар балагтай гэж… Н.Баяртсайхан 2016 оны долдугаар сарын 24-нд ажил авснаас хойш ам.долларын ханш улам бүр чангарч, төгрөг сулбайв. Түүнийг ажлаа авч байхад ам.доллар 2030 төгрөг байсан бол өдгөө 2560 төгрөг болжээ. Валют чангарахын хэрээр өргөн хэрэглээний барааны үнэ өсч, иргэдийн таллаж авдаг талхны үнэ дөрөв хуваасан талханд чүү ай хүрэх болов. Харин төвбанкны ерөнхийлөгч “Энэ бол түр зуурын аадар бороо” мэтээр уянгалсаар өнөөг хүрлээ.

Тээр жил “Бороо Гоулд”-ийн талаар цуурч байсан шигээ. Эргэн сийрүүлбэл, 2007 онд Засгийн газраас шийдвэр гарган “Бороо Гоулд” компанитай байгуулсан тогтвортой байдлын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Харин уг гэрээний өөрчлөлттэй холбоотойгоор нэлээд хэл ам гарч байсан бөгөөд тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Н.Баяртсайханыг дээрх компанитай холбон хардаж байсан юм. Түүнийг дур мэдэн цаад талд ашигтайгаар гэрээг өөрчлөн гарын үсэг зурсан хэмээн үзэж байлаа. Харин Н.Баяртсайхан үүнийг “Бороо Гоулд”-ын гэрээг шинэчилснээр улсын төсөвт жилд 50 тэрбум төгрөг орно хэмээн тайлбарлаж, өөрийгөө зөвтгөснөөр энэ явдал намжсан.

Ам алдвал барьж болохгүй гэгчээр ажлаа авангуутаа валютын нөөцийг хууль зөрчин байж зарлан эдийн засагт түймэр өрдсөн нь тэр. Түүний сул ам, хариуцлагагүй мэдэгдлээс болж ханшийн савалгаа үүсч, хөрөнгө оруулагчид үүргэвчээ үүрээд гарах шахаж байсныг өдгөө бүгд мартаж. Тэр бүү хэл, мөнгөний бодлогын зөвлөлөө хуралдуулалгүй Монголбанкны захирлуудтайгаа нийлж бодлогын хүүг 15 хувьд хүргэсэн нь ханш өсөхөд шууд нөлөөлсөн. Гэвч түүнтэй хэн ч хариуцлага тооцсонгүй.

Хариуцлага тооцох битгий хэл өөрийгөө хэрхэн бөөцийлөхийг нь харж, алмайрсан гэхэд хилсдэхгүй биз. Н.Баяртсайхан төв банкны ажилчдын цалинг 25 хувиар нэмэгдүүлсэнээ бахархалтайгаар зарлав. Эдийн засаг хүнд, иргэдийн амьжиргаа тааруу, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлдгээр өндөг тансаг хэрэглээнд орчихоод байхад өөрийнхөө хүрээллийнхний цалинг ийнхүү зоргоороо нэмэгдүүлж, хийсэн ажлынхаа тайланг хавсаргаж шоудсан ч түүнийг хэн ч буруутгаж, зэмлэсэнгүй. Өмнөх захирал Золжаргалыг харин өчүүхэн гишгэлт бүрт хэрхэн барьж иддэг байлаа даа, МАН-ынхан. Төв банкныхны цалин хангамж ийн нэмэгдэх ноён Н.Баяртсайханд илүүтэй ашигтай нь тодорхой.

Төв банкны хараат бус байдлын талаар үргэлж сайрхах атлаа ар хударгаар нь мөнгөний бодлогын зөвлөлд шахааны хүнээ томилж, мэргэжлийн хүмүүсийг халж, оронд нь утсан хүүхэлдэйнүүдээ чихэж, угаас өндөр цалинтай дээр нь дахиад 25 хувиар нэмж үнэлсэн нь тэр. Магадгүй гишүүн Т.Аюурсайханы хэлсэнчлэн гишүүдийг худалдаж авдаг арга барилаа төвбанкны ажилчид дээрээ туршиж буй нь ч тэр байж мэдэх юм.

Гишүүн Т.Аюурсайхан Монголбанкны удирдлагууд Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийг дайлж, цайлж, “худалдаж авах” гэсэн талаар илчилж, мэдээлэл хийсэн. Тэрбээр “Мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах бодлого батлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж батлах гэж байна. Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Тэрэлжид, амралтын газарт Монголбанкнаас хүлээн авалт зохион байгуулсан” хэмээсэн юм. Үнэндээ ч Н.Баяртсайхан тэргүүтэн төв банкны ерөнхийлөгч болсноосоо хойш үе үе сэтгүүлчид, тоймчид, жиргээчдийг мөн Тэрэлж рүү зөөж хооллож байсан нь нууц биш. Түүнчлэн тэрбээр “Төв банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлагдах шатанд удаа дараа ийм хүлээн авалт, нөлөөлөх үйл ажиллагааг хийсэн. Батлагдсаны дараа талархал гэж мөн хүлээж авч байсан. Тэр үед нь “Энэ арга хэмжээгээ боль” гэж хэлсэн. Удаа дараа хэлж байхад энэ ажлаа зогсоогоогүй. Очсон хүмүүс нь авлига авч байна” гэдгийг ч тэрбээр онцолж байлаа.

Тиймдээ ч өдгөө түүний өөдөөс үг хэлэх гишүүн, биччих сэтгүүлч ч олддоггүй байна. Энэ бол Н.Баяртсайханы ажлаа явуулах үндсэн арга барил нь бололтой юм. Юугаа нуух гэж сэтгүүлчдийг, юугаа дэмжүүлэх гэж гишүүдийг дайлж цайлдгийг шалгах л хэрэгтэй.

niigmiintoli.mn


URL:

Сэтгэгдэл бичих