ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд шалгалт оруулжээ
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
Тэрбээр: -Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн. Ерөнхийлөгч төсөвтэй холбоотой асуудлаар санал тавьсан. Ерөнхийлөгч бүлгийн хуралдаанд оролцож саналаа хэлсэн. Мөн төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Энэ долоо хоногт төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, батлах юм гэлээ.
-Ерөнхийлөгч төсөвтэй холбоотой ямар санал хэлсэн бэ?
-Ерөнхийлөгч малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлд анхаарч, төсөв нэмэх хэрэгтэй гэсэн. Мөн аялал жуучлалыг хөгжүүлэхэд анхаарч төсвийг нэмэгдүүлэх саналтай байсан.
-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооцох уу?
-Энэ асуудлаар Ерөнхий сайд бүлэг дээр тодорхой ярьсан. ХХААХҮЯ-нд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг шалгахаар Сангийн яамнаас шалгалт орсон. Сар гаруйн хугацаанд шалгалт хийж, Сайдын зөвлөлөөр хэлэлцэнэ. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хууль зөрчиж зээл авсан эсэхийг шалгах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Шалгалтын дүн дуусаад, хууль зөрчсөн асуудал байвал шалгуулах, Засгийн газар хэлэлцээд дараа дараагийн асуудлыг хэлэлцэнэ.
-Энэ сангаас хэдэн гишүүн зээл авсан бэ?
-Хэдэн гишүүн зээл авсныг тоолоогүй. Хэрвээ байгаа бол баримтаа гаргах хэрэгтэй. Бидэнд ийм том асуудал дэгдээд эхлэхээр үүнийг дагасан улс төр яваад эхэлдэг. Би ХХААХҮЯ-нд албан бичиг хийж өгдөг. Үүнийг хуулийн дагуу шийдэж өг гэсэн бичгийг хэлдэг. Би ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл аваагүй. Надад хамааралтай компани ЖДҮ-ийн сангаас зээл авсан бол би хуулийн дагуу шалгуулна.
-АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд байхдаа ЖДҮ-ийн сангаас гишүүдэд зээл авч өгч байсан гэдэг үнэн үү?
-Тэмээ, туулай хоёр бие биенийхээ сэтэрхийг гайхна гэдэг байх хэрэггүй. ЖДҮ-ийг дэмжих сангаас ямар ямар зээл аваад зориулалтын дагуу ашиглаж уу гэдэг нь гол асуудал.
-Гишүүн бүр таван тэрбум төгрөгийг тойрогтоо төсөвлөх нь зөв үү?
-Гишүүн бүрт тав таван тэрбум төгрөг авлаа гэдэг. 76 жижиг тойргийн зовлон их байна. Энэ тойргууд дээр тодорхой хэмжээний санхүү суулгаж байж, хөрөнгө оруулалт хийх юм.
URL: