Н.Төгсцогт Лас-Вегаст 11 дэх тулаанаа хийнэ
Mонгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт ээлжит тулааныхаа гэрээг үзэглэжээ. Тэрбээр “Лас-Вегаст тулалдах гэрээгээ хийлээ. Миний хувьд их хүлээсэн чухал тулаан. Ялагч нь албан ёсоор WBC холбооны аваргатай тулалдана. Хоёр жилд гурван тулаан гэдэг зарим хүнд хангалтгүй санагдаж магадгүй. Гэмтэл бэртлээ даван, эргэн ирж байгаадаа баяртай байна. Одоо л бүх зүйл эхэлж байна” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.
Тоглолтын хуваарь, өрсөлдөгчийн мэдээллийг одоогоор хараахан зарлаагүй байна.
King Tug нэрээр тулалдаж буй Н.Төгсцогт мэргэжлийн боксын өөрийн карьерийн 10 дахь тулаанаа энэ оны тавдугаар сард хийсэн. АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотын “Beau Rivage Resort &Casino”-д болсон тулаанд тэрбээр нь Колумбийн Оскар Эскандоныг ялж, арав дахь ялалтаа авсан.
Энэ тулааны дараа Н.Төгсцогт мэргэжлийн боксын дөрвөн том холбооны нэг WBC-ийн чансаанд тавдугаарт бичигдэх болсон юм. Чансаа өгссөн даруйдаа Н.Төгсцогт “WBC холбооны чансааны тавдугаарт бичигдлээ. Удахгүй №1 болно оо” хэмээн бичиж байсан билээ.
URL: