Африк тивийг цөлмөсөн арав гаруй компани хэдийнэ манай улсад ороод ирсэн
Цаг хугацаа өнгөрсөн хэдий ч үнэ цэнээ алддаггүй эд гэж бий. Үүн шиг цаг хугацаа өнгөрсөн хэдий ч үнэ цэнэтэй хэвээр үлдсэн үг, ярилцлага, нийтлэлүүд байдаг. Энэ удаа updown.mn сайт М.Тунгалагийн “Африк тивийг цөлмөсөн арав гаруй компани хэдийнэ манай улсад ороод ирсэн” гарчигтай нийтлэлийг сөхөн нийтэлж байна. Тус нийтлэл 2012 онд “Өдрийн сонин”-д хэвлэгдэж байсан юм.
Саяхан ажил төрлийн шугамаар Африкийн орнуудаар яваад ирлээ. “Африк.. .Африк… Ерөөсөө бид Африкийн араас оржээ. Бидний ирээдүй бол Африк юм байна. Африк шиг болсон хойноо л амаа барих юм байна л даа…” энэ мэт үгс амны уншлага болсон өдрүүдэд чихэнд танил, мэдрэхүйд ойрхон эл газар хөл тавив. Сонссон чихээ хэн ч хараадаггүй шиг үзсэн нүдээ зүхэлтэй нь биш дээ. Нүд эрээлжлүүлсэн тод өнгийн алаг бошинзтой ч нүүрэндээ галгүй, нуруундаа хүүхдээ хүлсэн хүүхнүүд, саарь даг болсон хөлөө нуухгүй ч цоргисон харцанд нь сүүдэр унасан хүүхдүүд, хагсарч хатсан хөрс шороо, хатуу юм аа гэж хэлэхэд ч “гоёдмоор” бүрсгэр амьдрал…
Тэнд өнгөрүүлсэн өдрүүд бодлыг минь хүндрүүлэн сэтгэлээс гарч өгөхгүй одоо ч санааширч явна. Байгаль, тэр дундаа хорвоо ертөнцийн хүчил төрөгч болсон ой мод хэмээх хүчирхэг хүчин зүйлтэй сүүлийн хэдэн жил хувь заяагаа холбож яваа хүний хувьд, эсвэл зүгээр л эх хүн, эмэгтэй хүнийхээ хувьд сэтгэлдээ тээж яваа хүнд бодлоос хуваалцмаар санагдаад үзэг цаас чадан ядан нийлүүлж сууна. Ярихаас бичих нь хавьгүй ултай зүйл хэмээн бичгийн хүмүүс хэлдэг билээ. Хэдийгээр би бичгийн хүн биш ч өөрийн эмзэглэл, эргэцүүллээ уншигчидтай хуваалцахаар зориглолоо.
Ойлгон хүлээж аваасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Нигер гэдэг нэр бүгдэд танил сонсогдож байгаа байх. Албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Нигер улс. Энэ улс өөрийн орны хамгийн том мөрөн, хүн ардаа тэжээн тэтгэгч Нигер хэмээх их мөрнийхөө нэрээр нэрлэгджээ. Их усны нэрээр нэрлэгдсэн энэ улс далайд гарцгүй орон юм. Өмнө талаараа Нигери, Бенин, хойд талаараа Алжир, Ливи, баруун талаараа Буркина-.Фасо, Мали, зүүн талаараа Чад улстай хиллэдэг.
Нутаг дэвсгэрийн хувьд “1,270,000 км2 орчим бөгөөд баруун Африкийн хамгийн том газар нутагтай улс гэгддэг. 16 сая хүн амтай, тэдний нь дийлэнх нутгийнхаа өмнөд болон баруун хэсгээр төвлөрөн амьдардаг юм байна. Нийслэл хот Ниамей нь энэ дэлхийн хамгийн ядуу, хөгжил доройгоороо алдартай, зовлон зүдгүүр, гуниг харуусал дүүрэн хот юм. Дэлгүүр хоршоо ч гэж бараг байхгүй, хотдоо ганцхан том захтай тэp зах гээд байгаа газар нь хүмүүс тэргэнцэр дээр юмаа тавьж зардаг.
Тэнд будааг 50 гр-аар, элсэн чихрийг 20 гр-аар зарж байна. Арай ч дээ гэж хэлэх ч багадмаар санагдаж байгаа биз. Гэвч энэ бол нүдээр харсан, зүрхээрээ мэдэрсэн бодит үнэн билээ. Бид дэндүү сайхан эх орондоо, дэндүү цамаархан туйлж, хоолоо голж, хоорондоо хэрэлдэн хайран сайхан цагаа үрж хэтэрхий болчимгүй амьдарцгааж байх шиг айдас төрснөө нуумгүй. Нууж чадахгүй байгаа учраас ийнхүү бичиж байгаа юм. Бид юу зөгнөөд, юу ёрлоод ингэж орилолдож байна вэ гэсэн айдас Африкт төрсөн юм.
Энэ бол ганцхан надад төрсөн мэдрэмж, айдас биш гэдгийг баттай мэдэж байна. Нигер улсын нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь Тенера гэж нэрлэгдэх алдарт цөлөөр бүрхэгдчихсэн атал үлдсэн нутагт нь ч цөлжилтийн аюул нүүрлэн аюулын харанга дэлдэж байна. Цөлжилт гэдэг ямар ч тивд, аль улс оронд нүүрлэх гамшиг бөгөөд газар нутгийг шууд сэхээнд оруулдаг “өвчин” гэдгийг бүгд мэднэ. Өөрөөр хэлбэл цөлжилт бол газар дэлхийд тусдаг нэгэн төрлийн “ДОХ” юм.
Ийм гамшигт өвчинд нэрвэгдсэн газар нутаг дээр амьдарч, аж төрж буй хүмүүсийн нүднээс жаргал, инээд баясал, гэрэл гэгээ эрэх нь утгагүй санагдаж, уулзсан хүмүүсээ хараад дотроо өөрийн эрхгүй шимширч явлаа. Хүн гэдэг муухай амьтан ажээ. Би тэдгээр хүмүүсийг харж өрөвдөхөөсөө илүү “Монгол минь ийм болчихвол яанаа” гэсэн аминчхан айдаст автаж байсан нь хачин. Бусдын зовлонг үзээд эх орноо илүү их хайрлах сэтгэлд автсан нь сонин юм шүү. Гэвч би Нигер улсад байсан мөч бүрдээ босгоны цаахан талд чимээлэн буй аюулыг маш тод мэдэрсэн юм.
Африк тив юм юмтай, цатгалан газар байсан гэдгийг дэлхий нийт өнөө ч бахдан ярьдаг. Яг л өнөөдрийн манайх шиг. Жишээ нь Нигер улс уранаар маш баялаг орон. Ерөөсөө энэ улсын эдийн засаг нь газар тариалан болон ураны хүдэр зэрэг түүхий эдийн экспортод тулгуурладаг. Уран олборлолтоор Австри, Канад хоёрын дараа ордог гэхээр том сонсогдож байгаа биз. Тэгээд яагаад хөгждөггүй юм бэ гэж та гайхаж байгаа байх. Далайд гарцгүй гачлантай байршил, хүн амын боловсролын буурай төвшин, урагш муутай дэд бүтэц, дэндүү сул дорой эрүүлийг хамгаалах бодлого, байгаль орчны аймшигт сүйрэл…гэж хэн хүнгүй хариулдаг.
Хариулт нь тун энгийн байгаа биз. Ийм асуулт тавихад, ийм л хариулт өгдөг. Тэгвэл яг үнэн хариултыг амьдрал шал өөрөөр илэрхийлж байна. Аливаа гадаадын хөрөнгө оруулагчид, олборлогчид ерөөсөө л дээрэмчид байдаг юм байна гэдгийг би тэнд өөрийн нүдээр харлаа. Дээрэмчид дээрэмдээд л гараад явдаг юм байна. Хөөрхий цөлмүүлсэн орны ард түмэн цөмүүлсэн боргоцой шиг эх орондоо, цөлжсөн хөрсөн дээрээ ам нь ангалзаад л хоцордог юм байна.
Та энэ орон яагаад харийн олз хайгчдад тэгтлээ тонуулсан юм бэ, төр засаг гэж байдаггүй юм уу гэж асуух нь дамжиггүй. Тусгаар тогтносноосоо хойш гурван ч удаа цэргийнхний засаглалын нүүрийг үзэж зовсны эцэст дөнгөж саяхан 1999 онд олон намын систем бүхий ардчилсан сонгууль явуулж байсан орон аж. Нигер улсын хүн амын ихэнх нь хөдөө орон нутагт амьдардаг, түүнийхээ хэрээр мэдлэг боловсрол муутай юм байна. /Тэгсэн хэрнээ англи, франц хэлээр тивээрээ ярьж байна. Гэвч энэ нь тэдэнд дэвшил болсонгүй. Харин ч эх хэлнээсээ, ёс заншилаасаа, эх орноо хайрлах сэтгэлээсээ холдсон байна. Одоо манайхан гадаад хэлгүй л бол хүн биш гэж үзэх шахуу хавчин хээнцэрлэж байна. Энэ бүхэн яг л энэ улс орон шиг болохын эхлэл шиг санагдана/
Төр засаг нь тогтворгүй, ард иргэд нь мэдлэг боловсрол муутай ийм оронд гадаадын дээрэмчдэд үйлчлэх урвагчид тэр дороо гараад ирдэг байна.
Энэ бол хүний хорвоогийн бас нэгэн муухай жам юм даа. Хамгийн гол нь энэ явдал ганцхан тэнд биш манайд ч нүүрлээд байгаа болохоор үүнийг би онцолж байгаа юм шүү. Урвагчдыг түшиглэсэн дээрэмчид уул нурууг нь ухаж төнхөөд юу байгааг нь бүгдийг нь аваад гардаг юм байна. Ард нь алдагдсан ертөнц л хоцордог ажээ. Нигерт үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн арав гаруй компани бүгд Монголд оччихсон байгаа тухай тэндэхийн хариуцлагатай албаны хүн хэлэхэд би өөрийн эрхгүй цочсон юм.
Энэ үг бол тун удахгүй манай Монгол ч гэсэн алдагдсан ертөнц болохын дохио юм. Эрчүүд нь яасныг бүү мэд, авгай хүүхнүүд нь гэдсэндээ нэгийг тээж, гартаа нэгийг тэвэрчихээд Нийгмийн хамгааллын яамныхаа үүдэнд гуйлга гуйн зогсоно. Алдагдсан ертөнцийн амьдрал ийм л байдаг юм байна. Өнөөдөр энэ улсын хөрс, хүмүүс хоёр яг адилхан хатаж хагсжээ. Хатдагаа хатсан, цөлждөгөө цөлжсөн энэ улсын нүүр царайг хүүхэд цувуулсан хүүхнүүд, хүйтэн зэвсэг мөрлөсөн цагдаа хоёр л тодорхойлж байна. Манайхан сүүлийн үед эко цагдаа байгуулна гэж их ярьдаг болсон.
Байгалиа хамгаалах гэж тэр гэнэ лээ. Энэ тийм ч зөв шийд биш бололтой. Надад лав Нигер улс байгаль хамгаалах нэрийн дор улсаа цагдаажуулсан юм шиг санагдсан. Нэг талаас цэрэгжиж, цагдаажсан орны иргэдийн зовхи нь унжаастай, тэмцэх чадваргүй болдог юм шиг санагдсан. Бас нэг зүйл нүдэнд тод ажиглагдсан нь энэ улсын шашин шүтлэг юм. Энэ улсын ард иргэдийн дийлэнх нь Исламын шашин шүтдэг аж. Лалын шашин энэ улсыг сульдаасан бас нэг шалтгаан ч байж мэднэ.
Учир нь ажилгүй иргэдийн дийлэнх нь өдөржин мөргөхөөс өөрийг хийдэггүй юм шиг харагдсан. Энд мод магнаг болжээ. Модоо мөчирлөж, түүнийгээ цуглуулан зарим иргэд нь амьдралаа залгуулж байна. Бараг бүх мод нь тахир дутуу болж мөчирлүүлсэн байхыг харлаа. Мод нь сүйрсний гол шалтгаан коко кола, үнэртэн хоёрын гол түүхий эд эндэхийн өвөрмөц модны давирхайнаас гардагтай холбоотой гэнэ. Үүнийг араб давирхай гэдэг аж. Тэрхүү давирхайнаас болж тус улсын ой мод дайрлаганд өртжээ. Гадны дээрэмчид газар нутгийнх нь доорхийг ч, дээрхийг ч цөлмөн одсон байна.
Хаа газрын амьдрах нөхцөл, ажлын хар борыг гололгүй хийж явдаг хятадууд тэнд оччихсон замыг нь барьж байна. Хэвлийдээ “бөмбөрцөг”-тэй, нуруундаа бяцхан хүүхэд хүлсэн хүүхнүүд зовлонд дарлуулчихсан, тэр бүхнээ нуух гэсэн мэт нүд гялбам тод тод өнгийн цэцэг хуаран бошинз намируулан алхаж байгаа нь өрөвдөлтэй санагдаж байв. Илэн далангүй ярихад энэ газар мөргөл, нөхөн үржихүйн ажил хоёр л тасардаггүй юм шиг. Өөр тэдэнд хийж байна даа гэж харах юм алга.
Ганц Нигер ч биш ер нь Африк тивд хүүхдүүд өлсгөлөнгийн гамшиг, өвчний гамшиг хоёроор хорвоог орхисоор байна. Тэд энэ дэлхийд хүн болж төрчихөөд золгүй тавилангаар буцан одох нь хөөрхий. Нэлээн хэдэн жилийн өмнө шилдэг шүлгээр тодорч байсан, нэгэн африк хүүхдийн гэнэн атлаа өр өвдөм шүлгийг энд зориуд оруулмаар санагдсан юм.
Би төрөхдөө хар л байсан.
Би томроод ч хар л байсан.
Би нарны туяанд ч хар л байдаг.
Би айсан ч хар л байдаг.
Би өвдсөн ч хар л байдаг.
Би үхэхдээ ч хар л байх болно.
Харин цагаан залуу чи…
Төрөхдөө ягаан.
Томрохоороо цагаан.
Нарны туяанд улаан.
Даарахаараа хөх.
Айхаараа шар.
Өвдөхөөрөө ногоон.
Үхэхээрээ саарал.
Тэгчихээд намайг өнгөт арьстан гэж дуудна…
Африк бол газар нутгийн хэмжээгээрээ Евразийн дараа дэлхийд хоёрт ордог тив. Африк тивд 50 гаруй том, жижиг улс оршдог. Хагас зуун жилийн өмнө эдгээр улсын ихэнх нь Европын том гүрнүүдийн эрхшээлд байв. Тамир тэнхээ, эд баялагийг нь сорон томорч байсан тэдгээр эзэрхэг гүрнүүдийн эсрэг 1960-аад оны эхэн үеэс энэ тивийн ард түмэн босч тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэл өрнүүлж эхэлсэн юм.
Энэ том тэмцэлд Африкийн ард түмэн ялж байв. Харин ялсаны дараа сэхэх тавилан тэр бүрт заяадаггүй юмсанж. Африкийн орнуудын улс төр, эдийн засгийн байдалд олон арван жилийн дарангуйлал арилшгүй ул мөрөө үлдээж одсон нь өнөөдөр ч илхэн. Дийлэнх нь тарчиг ядуу амьдралтай, боловсролгүй болж хоцорсон нь ямар ч туг өргөөд өндийх тэнхэлгүй болгожээ. Колоничлогчид тэднийг үргэлж хооронд нь хагаралдуулж, цаг үргэлж туйлдуулж байснаас болж энд тэндгүй толгой, энд тэндгүй хил хязгаар үүссэн байх юм.
Сая сая африк иргэн дайн, ган гачиг, өлсгөлөнгөөс зугтан дүрвэцгээжээ. Эзэд нь хаян явсан газар нутагт юу үүсч, юу нүүрлэх нь тодорхой шүү дээ. “Зүүн Африкийн нутаг дахь чулуужсан олдворууд анхны хүн энэ тивд үүссэнийг баталдаг. Өөрөөр хэлбэл Африк тив бол хүн төрөлхтөний өлгий нутаг гэсэн үг. Тиймээс дэлхийн бүх хүн энэ тивийн ирээдүйг сайн сайхнаар төсөөлөхийг хичээдэг билээ” хэмээн нэгэн африк залуу бичсэн байна. Тийм ээ. Би ч гэсэн тэгж хүсч байна.
Гэхдээ Африкт сайн сайхныг хүсэхээс илүү алаг нүдний цөцгий шиг, амин голын Монгол эх орноо ийм болчих вий битгий ийм болоосой гэж бүр илүү хүсч, залбирч байна. Хүн гэдэг ийм л аминчхан байдаг юм байна.
Мажигийн Тунгалаг
/Нигер-Улаанбаатар 2012 он/
URL: