Тийзээ зээлээр авч, бэлэн гоймон идэж яваа тамирчдаас амжилт нэхэх нь шударга бус

f2910a7080588c9ed15a5ea54b44acfaab8b726bСүүлийн үед Монгол Улсын шигшээ багийн тамирчдын цалин, тэдний тэмцээн уралдаанд зарцуулж буй мөнгөний асуудал олны анхаарлыг татаж байна. Тухайлбал, Индонезийн нийслэл Жакарта хотноо болсон Азийн пара наадамд оролцсон манай улсын үндэсний шигшээ багийн тамирчид онгоцны тийзээ зээлээр авч явсан тухай мэдээлэл гарсан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр үүнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд “Жакартад болсон Азийн пара наадамд оролцсон тамирчдын төсөв 2018 оны төсөвт 80 сая төгрөгөөр батлагдсан. Нэмэлт 200 сая төгрөг шаардлагатай гэдгийг Сангийн яаманд танилцуулсан боловч “Боломжгүй” гэсэн хариу өгсөн” гэсэн юм.

Азийн пара наадамд оролцох тамирчид маань онгоцны тийзээ зээлээр авч явсан тухай мэдээлэл гараад удаагүй байтал Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчид маань бэлэн гоймонгоор хооллож яваа тухай мэдээлэл олны анхаарлыг татлаа. Учир нь, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдын тойрч суугаад бэлэн гоймон идэж буй зураг цахим орчинд түгсэн юм.

Тийзээ зээлээр авч, бэлэн гоймон идэж яваа тамирчдаас амжилт нэхэх нь шударга бус

Тийзээ зээлээр авч, бэлэн гоймон идэж яваа тамирчдаас амжилт нэхэх нь шударга бус

Олон улсын тэмцээн уралдаанд оролцож буй тамирчдын идэх хоол хүнс нь бэлтгэл сургуулилалтаас нь ялгаагүй чухал. Ялангуяа, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй баг тамирчдын хоол хүнсэнд ихээхэн анхаарал хандуулж тогооч дагуулж явах нь ч бий. Харин чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчид бэлэн гоймон идэж суугаагаас харахад тогоочгүй явсан бололтой. Энэ нь Үндэсний шигшээ багтаа зарцуулж буй төсөвтэй шууд холбоотой. Спортын асуудал хариуцсан яам нь үндэсний шигшээ багтаа зарцуулах төсвөө нэмэх санал гаргадаг ч төдийлөн дэмжигдэггүй байна. 300-400 мянган төгрөгийн цалинтай үндэсний шигшээ багийн тамирчдынхаа цалинг нэмж 500 мянган төгрөг болгох санал гаргасан ч Сангийн яам хүлээж аваагүй байна. Шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй дарга нар “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байгаа хүн байхгүй” гэж ярьдаг. Гэтэл дэлхийд улс орноо төлөөлдөг тамирчид маань хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байна.

Тийзээ зээлээр авч, бэлэн гоймон идэж яваа тамирчдаас амжилт нэхэх нь шударга бус

Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нийдээ 364 хүн багтдаг. Энэ хүмүүсийн цалинг нэмэх бус эсрэгээрээ орон тоог нь цөөлөхийг шаардах болжээ. Ингэхдээ зөвхөн олимпийн эрх авсан тамирчдыг л үндэсний шигшээ багт оруулах зарчим баримтлах нь зөв гэж үзжээ. Уг нь аль болох олон тамирчнаа дэмжиж уралдаан тэмцээнд оруулснаар олимпийн олон эрх авна. Гэтэл олимпийн эрх авсныг нь дэмжинэ гэж байгаа нь хачирхалтай. Амжилттай яваа цөөхөн хэдэн тамирчныг аж ахуйн нэгжүүд дэмжиж байгаагаас өөрөөр залуу тамирчдыг дэмжих төрийн бодлого дутагдалтай байна. Тамирчдыг амжилт гаргаж, алдар нэрээ цуурайтуулсан хойно нь шагнаж урамшуулахаас илүүтэй ирээдүйтэй залуу тамирчдаа дэмжиж амжилт гаргах боломжоор хангах нь чухал юм. Бэлэн гоймонгоор хооллоод дэлхийн дэвжээнээс медаль авч байгаа тамирчдыг бодлогоор дэмжвэл илүү амжилт гаргах нь тодорхой.

“Та бидний итгэлийг алдаагүй

Тамирчны алдар хямдхан олдоогүй” гэж тамирчдын алдрыг магтсан сайхан дуу бий. Энэ бол тамирчид маш их хүч хөдөлмөр гаргаж байж амжилтад хүрдгийг илэрхийлсэн мөртүүд. Шууд утгаар нь ойлгосон ч тамирчны алдар хямдхан олддоггүй, асар их үнэ өртгөөр олддог гэсэн үг. Бэлтгэл сургуулилалтдаа их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байж л амжилтад хүрнэ. Эхлээд тамирчдаа дэмжчихээд дараа нь тэднээс амжилт нэхэх ёстой. Онгоцны тийзээ зээлээр авч, очоод бэлэн гоймонгоор хооллож яваа тамирчдаасаа амжилт нэхэх нь шударга бус.

2019 он бол Токиогийн олимпийн өмнөх жил. Гэвч ирэх жил ч ялгаагүй тамирчдын бэлтгэл сургуулилалт, тэмцээн уралдаанд зарцуулах санхүүжилт дутагдалтай байхаар байна. Учир нь, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2019 он олимпийн өмнөх жил учраас төсвөө нэмүүлэх санал гаргасан боловч дэмжигдээгүй байна.

 

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих