АСЕМ-ын үеэр нэг хүнд өгөх бэлэг дурсгалд 6.7 сая төгрөг зарцуулжээ

ef06fb3b3ee1527greatҮндэсний аудитын газраас АСЕМ-ын үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг танилцууллаа. Аудитын үйл ажиллагаанд төрийн 46 байгууллага, 28 хуулийн этгээд хамрагдсан байна.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг мэдээлэл хийлээ.

Аудитын дүгнэлтэд “АСЕМ-ыг зохион байгуулахдаа түүний үр дүн, ач холбогдлыг тодорхойлоогүй. Гарсан үр өгөөжийг тайлагнаагүй. Санхүүжүүлсэн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг холбогдох эрхийн актад орхигуудсан зөрчил гаргасан байна. АСЕМ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө, зарцуулах хөрөнгийн төсвийг санхүүжилтийн бүх эх үүсвэрээр нь нэгтгэж батлаагүй. Гадаад харилцааны яам, АСЕМ-ын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг нь АСЕМ-ын үйл ажиллагаанд төсвийн болон бусад эх үүсвэрээс гаргасан хөрөнгө түүний зарцуулалтын тайланг гаргаж Засгийн газар, УИХ-д танилцуулаагүй” гэжээ.

Аудитаар 163.6 сая төгрөгөнд акт тогтоож, 151.8 тэрбум төгрөгийн албан шаардлагыг холбогдох газарт нь өгчээ.

Мөн 79.2 тэрбум төгрөгийн зарцуулалттай холбоотой 17 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар санал хүргүүлж, 290.9 тэрбум төгрөгийн зарцуулалттай холбоотой асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлжээ.

Тайлангийн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

-АСЕМ-тай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 163 дугаар зарлигаар АСЕМ-ыг зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг буюу Үндэсний зөвлөл байгуулж, Ерөнхий сайд ахалсан. 2015 оны 17 дугаар захирамжаар үндэсний зөвлөлийг зургаан ажлын хэсэгтэй байгуулсан байна. Дээрх үйл ажиллагаа болохтой холбогдуулан УИХ-аас импортоор оруулж ирсэн суудлын машин, микро автобус, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэлийг зургаан тэрбум төгрөгийн татвараас чөлөөлсөн байна.

-Аудиторуудад олдсон нотлох баримтуудын хүрээнд АСЕМ-ын үйл ажиллагаанд 395.7 тэрбум төгрөг зарцуулсан нотлогдсон. Үүний 23 хувь буюу 90.9 тэрбум төгрөг нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөс, 11.6 хувь буюу 46 тэрбум төгрөг нь төрийн өмчит аж ахуйн нэгж түүний өөрийн хөрөнгө, хандив тусламжаас, 65.4 хувь буюу 258.7 тэрбум төгрөг нь гадаад болон дотоодын банкны зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн байна.  Дээрх төсвийг УИХ-аас батлан гаргасны дагуу Гадаад хэргийн яам 23.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийг тайлагнасан. Харин бусад эх үүсвэрийн гүйцэтгэлийн нэгдсэн тайлан гараагүй байна. Ерөнхийлөгчийн 2014 оны 163 дугаар зарлигаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн 3.3т заасны дагуу Үндэсний зөвлөлийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг Ерөнхийлөгчид танилцуулах үүрэг даалгасан боловч ажил хэрэг болоогүй байна.

-ҮАБЗ-ийн 2014 оны 64/37 дугаарт бичгийн 3.5.7 дахь хэсэг зөвлөмжийг үндэслэн Засгийн газар, төрийн байгууллагаас эрх зүйн шийдвэрүүд гарсан. Эдгээр эрх зүйн шийдвэрүүд нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 зүйлийн 3.4, 34.1.5 дахь заалтын дагуу АСЕМ-ын үйл ажиллагааг зохион байгуулахдаа эдгээр үйл ажиллагаатай холбоо хамаарал бүхий ажлуудын гүйцэтгэгчийг шууд гэрээгээр сонгох шийдвэр гаргасан нь уг хуулийг зөрчих нөхцлийг бүрдүүлсэн байна.

Төсөв зарцуулалтад гаргасан зөрчил: 

-АСЕМ-ын үйл ажиллагааг бэлтгэн зохион байгуулсан хуулийн этгээдтэй хийсэн гэрээний захиалагч, гүйцэтгэгч хоёр тал нь хийсэн ажлаа дүгнээгүй. Гэрээнд хийсэн ажлынхаа үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа гаргаж хянуулах заалт орсон боловч эдгээр ажлууд хэрэгжээгүй. Иргэн, хуулийн этгээдийн гэрээний үлгэрчилсэн загварыг баталсан боловч гүйцэтгэгчийн эрх, үүрэг хариуцлагыг орхигдуулсан. Иргэн, хуулийн этгээдтэй болон ажил үзүүлэх, хөрөнгө түрээслэх гэрээнүүд нь хяналт тавих боломжгүй гэрээнүүд хийсэн нь эдгээр зөрчил үүсэх эх үүсвэр болжээ. Мөн ажлын шаардлага гэсэн үндэслэлээр гэрээг тухайн үед нь байгуулаагүй. дараа нь нөхөж байгуулсан байна.

-Хуулийн этгээдүүд хөрөнгө, материал бэлтгэсэн боловч гэрээнд заагаагүйгээс захиалагчид хүлээлгэж өгөөгүй байна. АСЕМ-ыг зохион байгуулах зориулалтаар батлагдсан төсвийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг орхигдуулснаас хөрөнгийг хяналтгүй зарцуулж, хууль дүрэм журмыг мөрдөж ажиллагаагүй. Тухайлбал, дээрх 90.9 тэрбум төгрөгөөс уулзалтыг зохион байгуулах болон бэлтгэл ажлын урсгал зардалд 19.3 тэрбум, найман салбар уулзалтыг зохион байгуулахад 100 иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллахад 1.3 тэрбум, дээд түвшний уулзалтад 2.6 тэрбум төгрөг зарцуулсан байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр чиглэл өгөх шийдвэр гарсан. Төв талбай дээрh “Тэнгэрийн өрх” уран баримлыг “Энх тайвны хонх” хөшөөгөөр солиход 668.7 сая төгрөгийн зардал гарсан хэдий ч үүнийг батлах анхан шатны баримт, ажил хүлээлцсэн акт байхгүй.

-АСЕМ-ын арга хэмжээний бэлэг дурсгалын зардалд 981.4 сая төгрөг төлөвлөснөөс хэтрүүлэн зарцуулсан. Нэг хүнд ногдох бэлэг дурсгалын зардалд 6.7 сая төгрөг оногдож байна. Бэлтгэл ажлын хүрээнд гадаад болон дотоодын сургалт зохион байгуулахад 722.4 сая төгрөг зарцуулсан боловч тайлан, зарцуулалтын анхан шатны баримт нь аудитын явцад бүрэн нотлогдоогүй.

-Эрчим хүчний салбарт 5.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шууд гэрээгээр гүйцэтгэсэн. ИНЕГ-т улсын төсвөөс 7.5 тэрбум, өөрийн хөрөнгөөс 19.6 тэрбум төгрөг нийт 27.1 тэрбум төгрөг олгосон. Ингэхдээ Тендерийн тухай хууль, Төрийн болон оро н нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн байна.

-Нийслэлийн болон төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх , арга хэмжээний хүрээнд автозам, хот тохижилт, засвар үйлчилгээ, бүтээн байгуулалттай холбоотой 33.6 тэрбум төгрөг зарцуулсан. Эдгээрийг мөн л шууд гэрээгээр хийж, эрх шилжүүлсэн байна. АСЕМ-ын бэлтгэл ажилтай холбоотой хэрэгжсэн нийт төсөл, арга хэмжээний 74 хувийг нийслэлийн өмчид бүртгээгүй. Мөн АСЕМ-ын үйл ажиллагаатай холбоотой төсөл, арга хэмжээ нэрийн дор шууд гэрээ байгуулан гүйцэтгэж, АСЕМ-тай холбоогүй ажилд хөрөнгө зарцуулсан байна.

-АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд хийсэн автозамын 2.9 тэрбум төгрөгийн 25 төсөл, арга хэмжээ нь АСЕМ-тай холбоогүй. АСЕМ-ын үйл ажиллагаанд хамааралгүй зам, замын засвар ашиглалттай холбоотой 5.7 тэрбум төгрөгийн зардал гаржээ. Тухайлбал, АСЕМ-д зориулж “Тэргүүн саруул зам” ХХК-ийн гүйцэтгэсэн Яармагийн гэр хорооллын дундах замыг 1.2 км замын анхны өртөгийг 433 сая төгрөгөөр нэмэгдүүлж 1.5 тэрбум төгрөгөөр гүйцэтгэжээ.

-АСЕМ-ын үйл ажиллагаанд зарцуулсан мөнгөний томоохон хэсгийг зочид буудлуудад олгосон 233.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл эзэлж байна. Ингэхдээ зургаан жилийн хугацаатай дөрвөн хувийн хүүтэй үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргах эрхийг “Хөгжлийн банк”-нд өгчээ. Үүний дагуу “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт банк”, “Улаанбаатар банк”, “Хаан банк”, “Төрийн банк” үнэт цаасыг худалдан авахдаа 13-14 хувийн хүүтэй гэрээгээр зээл олгосон байна. Засгийн газрын 2015 оны 331 дүгээр тогтоолоор “АСЕМ вилла” цогцолбор хотхон хамгийн өндөр буюу 125 тэрбум төгрөгийн зээл авчээ. “Худалдаа хөгжлийн банк”-наас “Скай ресорт” ХХК-д энэ зээлийг олгосон байна.

-Сангийн яам БНСУ-ын Экспорт-импортын банктай 2016 оны гуравдугаар сарын 21-нд 30 жилийн хугацаатай жилийн 0.25 хувийн хүүтэй 5.5 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулж “Хьюндай моторс” компаниас 43 автобус худалдаж авчээ. Үүнийгээ Авто тээврийн үндэсний төвд актаар хүлээлгэн өгсөн. Эдгээр автобусны тохижилт, ажилчдын хувцас, хариуцлагын даатгал, цалин хөлс, эмчийн үзлэг зэрэгт 195 сая төгрөгийн нэмэлт зардал гарсан байна.

-2017 оны долдугаар сарын 4-нд 198 дугаар тогтоол гаргаж 43 суудлын автобусыг жилийн 2.25 хувийн хүүтэй 12 жилийн хугацаагаар зээлдүүлэх гэрээ болгож зөвшөөрсөн. Ингээд Зам тээврийн яаманд өнгөрөгч арванхоёрдугаар сарын 15-нд “Чингис хаан” банк болон, “GDM лизинг” компаниар дамжуулан зээлдүүлэх гэрээ хийсэн байна. Энэ оны гуравдугаар сарын 1-ний байдлаар дээрх автобуснаас 10 автобусыг нь төсвийн байгууллагууд худалдаж авсан.

-АСЕМ-ын үйл ажиллагаанд аудитаар нотлогдсон баримтын хүрээнд БНСУ, БНХАУ болон бусад олон улсын байгууллагаас 20.4 тэрбум төгрөгийн барааны тусламж ирүүлсэн байна. 2016 оны тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 27-ны  өдрүүдэд БНХАУ-аас зочид буудлын тавилга, цагаан хэрэглэл, албан тасалгааны тавилга, хурлын орчуулгын төхөөрөмжүүд ирсэн. Үүнийг Гадаад харилцааны яамны АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас хүлээж авахдаа албан ёсны комисс томилоогүй, акт үйлдээгүй байна. Г адаад харилцааны яам Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын албан ёсны тогтоол шийдвэр гараагүй байхад туламжийн хөрөнгийг дур мэдэн үнэлж 2016 оны найм, есдүгээр сард аман болон аман бус бичгийн цохолтоор 475 иж бүрдэл тавилгыг зочид буудлууд болон хувь хүн, аж ахуйн нэгжид 1.1 тэрбум төгрөгөөр, 670 ширхэг тавилга, эд хогшилыг 102 сая төгрөгөөр байгууллага болон хувь хүнд худалдсан байна.

Зочид буудлын 103 тавилгыг 230 сая төгрөгөөр, албаны зориулалттай 4784 ширхэг тавилга, тоног төхөөрөмжийг нийт 34 төслийн болон төрийн өмчийн үйлчилгээний компаниудад 596.9 сая төгрөгөөр үнэлж, үнэ төлбөргүй шилжүүлсэн байна.

-БНХАУ-аас Монгол Улсын Засгийн газарт АСЕМ-д хэрэглэх дуу болон орчуулгын 5.8 тэрбум төгрөгийн өртөгтэй тоног, төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар олгосон. Үүнийг Гадаад харилцааны яамны комисс хүлээн авч, үнэлэхгүйгээр нэр бүхий компанид үнэ төлбөргүй өгч, түрээслүүлж байсан нь нотлогдсон.

Ц.Цэнгэл

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих