Аварга Д.Сумьяабазар: Ард түмэн, найз нөхөд маань дэмжиж, УИХ-д нэр дэвших хэрэгтэй гэж хэлдэг л юм, гэхдээ энэ шийдвэрийг би биш намын хамт олон л гаргана
МАН-ын Бага хурлын үеэр бид Аварга Д.Сумьяабазартай уулзаж ярилцсан юм. Сүүлийн үед бизнес хөөж, улс төр сонирхох болсон аваргыг ирэх 2012 оны сонгуульд нэр дэвшиж өрсөлдөнө гэж олон хүн таамаглаж байгаа. Тиймээс бид Д.Сумьяабазар аваргатай улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцсан юм.
-МАХН-ын Бага хурлаар олон чухал асуудал хэлэлцэгдэнэ гэж хүлээж байсан. Гэвч хаалттай хуралдаж байна. Энэ хурлаар яг ямар асуудал яригдав гэдгээс ярилцлагаа эхлэх үү?
-МАН олон жил улс орны ачааг нуруун дээрээ үүрч, олон жил сайн мууг сонсож, янз бүрийн нэр хоч зүүдэг ч гэсэн тусгаар тогтнолын суур, цөм нь болж өгсөн. Манай намын ахмадууд, өвөг дээдсийн цусаар нулимсаар, хүч хөдөлмөр, хөлс зүтгэлээр Монгол улс өдий зэрэгтэй болж Монгол Улс хөгжиж ирсэн. Яг Улс тунхагласны байрян өдөр МАН Тусгаар тогнолын ордныхоо нээлтийг хийлээ. Шинэ байрандаа Бага хурлаа хийж байна. Сэтгэл өндөр байна. Өнөөдрийн хурлаар намын үзэл баримтлал мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайд илтгэл тавьлаа. Хаа хаанаа бие биенээ ойлгож, хамтран ажиллах, сахилга бат хариуцлагыг өндөржүүлэх талаар ярилцаж байна. Ер нь сахилга бат, хариуцлагын асуудал байж байж цаашдаа улс орны хөгжлийн асуудал, гэрэл гэгээтэй ирээдүйн тухай ярилцах боломжтой болно гэдэг дээр манай намын нөхдүүд санал нэг байгаа. Намын гишүүдийн үйл ажиллагааг шүүмжлэх хүмүүс ч байна.
-Энэ Бага хурлаар Хамтарсан Засгийн газартай холбоотой асуудал яригдах байх гэж олон хүн найдаж байсан. Гэвч энэ асуудал сөхөгдөж, тавигдсангүй?
-Яахав дээ. Хамтарсан Засгийн газрыг сайн муу хэлэх хүмүүс ч байна. Нийллээ, хуйвалдлаа гэж шүүмжлэх улсууд ч байгаа. Гэхдээ Монгол улсын язгуур эрх ашиг гэж нэг зүйл бий. Олон жил хэрэлдэж, бие биенийхээ хийх гэсэн зүйлийг боомилж, нуруу нуруугаа харж суусан. Бид юу ч хожоогүй. Ард түмэн нь ч, улс төрчид нь хэдэн хэсэг хагарч, хуваагдаж, бутарсан. Амьдрал төдийлөн сайжирсан зүйл харагдаагүй. Харин өнөөдөр хамтарч ажиллаж байна. Том том гэрээний асуудлууд яригдаж байна. Уул уурхайтай холбоотой том том шийдвэрүүд гарч байна. Бидз энэ гэрээг үзэглэх, уул уурхайг ашиглах гээд олон жил талцаж хэрэлдээд чадаагүй. Хамтарч ажилласнаар алдсан зүйл байдаг л байх. Гэхдээ алдсан нь оносноосоо бага байх гэж бодож байгаа. Өнөөдөр нэг үеэ бодоход гадаадын улс орнууд Монгол услыг сонирхоод эхэллээ. Уул уурхайн баялаг ч тэр улс орны амьдрал, өнөөгийн нөхцөл байдал ч гэсэн дэлхийн анхаарлын төвд байна. Ийм цаг үед талцаж хэрэлдэхээс илүүтэйгээр эвлэж нэгдэж, хамтран ажиллах хэрэгтэй байх. Улс төрийн онол ярьж, заавал нэг сөрөг хүчин байх ёстой гэж шахаж шаардах хэрэггүй байх. Үүний цаана язгуур эрх ашиг гэдэг зүйл бий гэдгийг бид мартаж болохгүй байхаа. Монгол улс тусгаар тогтносон улс. Гэвч эдийн засгийн тусгаар тогтнол гэдэг асуудал өнөө хэр бүрэн бэхжиж чадаагүй байна. Монголчуудын өргөн хэрэглээ урд хөршөөсөө, шатахуун гэхэд хойд хөршөөсөө бүрэн хараат байна. Энэ бэрхшээлийг арилгах, улс үндэстний хувьд ч, эдийн засгийн хувьд ч тусгаар тогтносон улс байхын тулд хамтран ажиллах хэрэгтэй. Гэхдзээ цаг хугацааг өнгөрөөх гэж аргацаасан бус илүү үр дүнтэй, ард түмэнд хэрэгтэй зүйл хийгээсэй л гэж хүсдэг юм. Бидний хувьд хийх ажил шийдэх асуудал маш их байгаа. Тиймээс Засгийн газрыг илүү шуурхай ажиллаасай, бас илүү их зүйл хийгээсэй гэж хүсдэг. Засгийн газрыг унагаах гэж муу хэлэх, бас шүүмжлэх амархан. Харин ийм Засгийн газар байгуулж, тогтвортой ажиллах нь хэцүү зүйл байжээ гэдгийг хэзээ нэг цагт манайхан хүлээн зөвшөөрөх байх л даа.
-Удахгүй сонгууль боллоо. Хамтарсан Засгийн газар гэдэг нэг малгай дороос гарч ирж байгаа хоёр том яаж өрсөлдөж, яаж сонгууль хийх нь олон хүнд сонин байна л даа?
-Улс төрийн нөхцөл байдал гэдэг талаасаа хэцүү л байх л даа. Гэхдээ ард түмний эрх ашгийн төлөө хэр сайн ажилласан бэ гэдэг дээр л иргэд саналаа өгнө. Хувь хүний хувьд би Хамтарсан Засгийн газрыг дэмждэг хүн. Мэдээж юм хийж байгаа хүмүүс алдах онох зүйл байлгүй л яахав. Шүүмжлүүлж байна гэдэг зүгээр суугаагүй хөдлөж байна л гэсэн үг. Харин алдсан зүйлээ засаж залруулж явах хэрэгтэй. Болноо. Ирээдүй өнөөдрөөс илүү гэрэлтэй, гэгээтэй байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаа. Монголчуудын хувь заяа өнгөрсөн зуун жилийн дотор утсан дээр л явсан шүү дээ. Өнөөдөр бид бүрэн эрхт тусгаар улс болчихоод хөгжил яриад, төв азид, азид цаашлаад хөгжил дэвшлээрээ дэлхийд тэргүүлэх тухай ярьж байна.
-Та МАН-ын Бага хурлын гишүүнээр хэдэн жил ажиллаж байна?
-МАН-ын Бага хурлын гишүүнээр 2008 онд сонгогдсон одоо гурав дахь жилдээ ажиллаж байна.
-МАН-ын Бага хурал улс төрд орох, нэр дэвших маш том гишгүүр болж өгдөг. Энд хүссэн хүн бүр багтаад байж чаддаггүй. Харин таны хувьд Бага хуралд орсон ч гэсэн арай л чимээ анир багатай суугаад байх шиг санагддаг юм?
-Хувь хүний өөрийн л байгаа байдал, хүмүүжил юм даа. Аливаа зүйлд түрүүлж хөдлөж, түрүүлж дуугарч, хаашаа ч хамаагүй цолйж давхиад байхыг хүсдэггүй. Бас хойш суугаад буруу, болохгүй зүйлтэй эвлэрээд, дагаж намираад байхыг боддоггүй хүн.
-Ирэх 2012 оны сонгуульд таныг Өвөрхангай аймагт нэр дэвших гэж байгаа гэж сонссон?
-Яахав. Ард түмэн, найз нөхөд маань дэмжиж, нэр дэвших хэрэгтэй гэж хэлдэг л юм. Гэхдээ энэ шийдвэрийг би биш нам, намын хамт олон, Удирдах зөвлөл л гаргана шүү дээ. Ерэн жилийн түүхтэй бүхэл бүтэн том улс төрийн хүчин хэнийг хаана нэр дэвшүүлэхээ сонгодог, шийддэг өөрийн гэсэн дүрэмтэй.
-Хэрвээ таныг УИХ-д нэр дэвшүүлэх санал тавьбал Та хүлээж авах уу?
-Би нэр дэвшинэ гэж өөрөө өөрийгөө бэлтгэсэн зүйл алга. Миний гол бодож байгаа юм юу гэхээр Монгол улс хөгжих ёстой, бизнес хийж байгаа хүмүүсийн эрх зүйн орчинг сайжруулах учиртай л гэж боддог хүн. Тиймээс энэ намд элссэн. Түүнээс биш хүн бүр улс төрч болж, хүн бүр нэр дэвшиж, төрийн албанд орох албагүй. Гэхдээ намын гишүүн байж болно. Өөрийнхөө үзэл бодлоор намд элсэж, улс төрийн үйл ажиллагааг дэмжиж, энэ ажилд оролцож байх учиртай л гэж боддог юм. Тиймээс ч би МАН-д элссэн гэдгийг хэлэх хэрэгтэй байх л даа.
-Гэхдээ бөхчүүд улс төрд одтой байдаг юм биш үү? Б.Бат-Эрдэнэ аварга, сүмоч Д.Батбаяр нар өнөөдөр шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа шүү дээ?
-Ард түмэн бөхчүүдээ хүндэлдэг, хайрладаг. Нөгөө талаас бөх хүний суурь хүмүүжил, үзсэн харсан зүйл гээд олон зүйл нөлөөлдөг байх.
-Бага хуралд суугаад бараг дөрвөн жил болж байна. Хэр олон улс төрч найзуудтай болов?
-Сайн сайхан ухаантай, хүлээцтэй залуучуудаар найз нөхдийнхөө хүрээг өргөжүүлж байна. Мөн их зүйл сонсож сурч байна. МАН-ын Бага хуралд сууснаар их олон зүйлийг мэдэж, их олон төрлийн мэдээлэл авч байгаа шүү.
-Ярилцсанд баярлалаа.
URL: