Хятад улсад эдийн засгийн тусламж үзүүлэхээ бүрэн зогсооно
Японы засгийн газар энэ санхүүгийн жилд Хятадад үзүүлдэг эдийн засгийн тусламжаа бүрэн зогсоох аж. 1979 оноос явуулж эхэлсэн уг тусламжийг Японы эрх баригчид Хятадын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг аж. Одоогоор Хятад улс Японоос 3,7 их наяд иен буюу ойролцоогоор 32 тэрбум ам.долларын бага хүүтэй зээл, буцалтгүй тусламж болон техникийн туслалцаа авсан байна.
Хятадын эрх баригчдад үзүүлэх буцалтггүй тусламж болон зээл олголтыг 2006 оноос зогсоожээ. Бусад төрлийн тусламжийг бүрэн зогсоох талаар Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 25-нд Хятад улсад хийх айлчлалынхаа үеэр мэдэгдэх аж. Тэрбээр одооноос эхлэн тэгш эрхтэй эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлэхийг Хятад улсад санал болгох, тухайлбал хөгжиж буй орнуудад тусламж үзүүлэхээ мэдэгдэх бодолтой байгаа аж.
Японы Хятад улсад 1980-1990-ээд онд үзүүлсэн дэмжлэг нь зам, далайн боомт, нисэх онгоцны буудал, эмнэлэг зэрэг голдуу дэд бүтцүүдийг хөгжүүлэхэд зарцуулагдах урт хугацаанд төлөгдөж дуусах бага хүүтэй зээл хэлбэрээр үндсэндээ хэрэгжиж байжээ. Энэ нь Японы хувийн бизнес эрхлэгчдийн зүгээс Хятадын эдийн засагт их хэмжээний хөрөнгө оруулалт хийх таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: