Төрийн толгой данхайна түмний халаас хонхойно

Тууз хайчилж телевизээр гарах нь үндсэн ажил

Төрийн бүтэц данхайж төсөөлбөл Дагвадорж аварга даага унаад явбал иймэрхүү байх болов уу гэлтэйг дарга нар өөрсдөө ч андахгүй. Төр данхайхын хэрээр зардлаас гадна авлига хүртэл нэмэгддэг жамтай. Сайд, иргэн хоёрын дундах зай холдох дамжлагын тоогоор л гар цайлгалт өсдөг болохыг олон ч судалгаа нотолсон доо. Төсөв хэлэлцэж байх үед бараг гишүүн болгон иймэрхүү шүүмжлэл хэлсэн байх. Харамсалтай нь хэлж хэлж хий нь гараад яам агентлагаар оролдож зүрхлээгүй. Зүрхлээгүй ч юм уу, эсвэл хожим өөрөө тэнд залрах ч юм билүү хэмээн алсыг бодон товчлуураа дараагүй ч юм билүү. Нэг хэсэг есөн яамтай болоод л байсан. Тэгэх тэгэхдээ бүр дэд сайд ч үгүйгээр шүү дээ. Ажил цалгардаж, хөгжил хоцроод байсныг мэдэхгүй л юм. Зарим улс орон бүр яамгүй мөртлөө манайхаас хавьгүй илүү хөгжөөд байгаа жишээ цөөнгүй. Жишээ нь Швейцарь Улсад яам, яамны сайд гэсэн ойлголт огт байдаггүй. Парламентын нэг танхимаас байгуулсан хороод нь салбар салбараа хариуцаад явдаг. Өөрөөр хэлбэл яамны үүргийг манайхаар бол байнгын хороод гүйцэтгэдэг гэж ойлгож болохоор. Мэдээж тэрийг хуулах тухай хэлэх гэсэнгүй. Харин төр маань дэндүү данхайгаад, дарга нарын тоо олширч, унаа тэрэгнээс эхлээд тусгай тансаг өрөө тасалгаа бэлдэх хүртэл илүү зардал гараад байгааг л цомхтгох талаас нь хошуу нэмэрлэж буй хэрэг. Ийнхүү данхайхын хэрээр төсөв нэмэгдэж, нэмэгдсэн төсвийг захиран зарцуулах сонирхол давамгайлаад байна.

Уг нь манай сайд нар тухайн салбарынхаа бодлогыг тодорхойлж, чиглэлийг нь зааж өгөх үндсэн үүрэгтэй гэдэг. Өөрсдөө ч тэгэж хэлдэг. Үнэн байдлыг харахаар юун бодлого тодорхойлох, төсвийн хөрөнгийг хэрхэн зарцуулахад л гол ажлаа чиглүүлнэ. Тэгээд л тууз хайчлаад байна даа. Байнга л телевиз сониноор рекламдаад байгаа биз дээ. Бодлого ярьдаг, зорилт дэвшүүлдэг сайд байна уу. Бүгд л хаана хэдэн байшин барьсан, хэдэн машин бэлэглэсэн, ямар байшинд өргөтгөл хийсэн, хэдэн дээвэр шинэчилсэн, хичнээн хана шохойдсон мэтхэнээр хийсэн ажил нь хязгаарлагдана. Иймэрхүү аж ахуйн аар саар ажил хийх үүрэгтэй хурган даргыг жижиг гэж бодвол аймаг, нийслэл, дүүргийн дарга нараас эхлээд, аж ахуйн эрхлэгч нар тоймгүй олон. Тэднээс гадна дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, салбар хариуцсан газар, хэлтэс, тасаг гээд юу хийдэг нь тодорхойгүй давхардсан албан тушаалтнууд байх. Заримдаа төсөв хөрөнгөө зарцуулах ажил олдохгүй байгаа юм болов уу гэж бодогдохоор.

Яам болгон кинотой, гишүүн болгон клиптэй Монгол оо гэж

Өдгөө бөх болгон дуутай болсон төдийгүй сонгуульд нэрээ дэвшүүлэх сонирхол өвөртөлсөн нөхөд хүртэл клиптэй болоод байгаа л даа. Ёстой мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хэнд хамаатай. Төсвөөс иргэдийн төлсөн татварын мөнгөнөөс гэсэн үг л дээ хөрөнгө гаргаж байгаа биш. Дуутай, кинотой болохоор ажил нь сайжирдаг бол ч өөрөө мэдэж. Ийм сонин жишиг манайхаас өөр улс оронд байдаг эсэхийг бүү мэд. Лав л тоёотогийн дуу, майкро софтийн кино ч гэдэг юм уу байдаг билүү. Дээр үед манайхан орос “ах нар”-аа дуурайгаад Цэдэнбалын тухай, жанжин Лхагвасүрэнгийн тухай, маршал Чойбалсангийн ээжийн тухай гэхчлэн дуу зохиолгоод хүн бүхэнд зааж сургадаг байж билээ. Одоо тэр байдал л давтагдах нь холгүй.

УИХ-ын гишүүд бараг бүгд өөртөө зориулсан клиптэй. Мэргэжлийн дуучдаас хавьгүй илүү дуулсан байхыг яана. Энэ ч бас дүүрч. Сонгууль дөхөх тусам манай түшээдийн далд авьяас тодорч бүгд л сайн тогооч, сайн тамирчин, сайн жүжигчин болох төдийгүй зарим нь спортын мастер цолоор ч шагнуулаад авсан байна лээ. Өнгөрсөн жил байх хоёр ч яам өөрсдийнхөө салбарыг сурталчилсан олон ангит кино хийлгэв дээ. Телевизээр орой бүр гарах уг киноны эхэнд салбарын сайдынх нь нэр зурагтайгаа гарч санаачлагч гэх нэрээр дурдагдах нь гол зорилго байж гэлтэй. Батлан хамгаалах салбарын хувьд бол ч ойлгомжтой. Залуу үеэ цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, цэргийн амьдралын хаалттай орчныг олон нийтэд таниулах гээд үнэхээр ач холбогдолтой шийдэл байсан. Харин эрүүл мэндийн салбарын тухай дуу, киноны зорилго огт ойлгомжгүй. Уг киног үзсэн залуус эмч, сувилагч, асрагч болох гэж зүтгэх юм уу, эсвэл эмнэлэг гэж нэг иймэрхүү газар байдаг юм байна, тэнд бас дэл сул явдалтай эмч нар ч ажилладаг болохыг таниулах гээд байгаа юм уу. Кинотой киногүй эмнэлгүүд ямар байдаг, ямар болсныг мэдэхгүй хүн гэж бараг үгүй биз. Дуу ч гэсэн дээ. Хэзээ, хаана хэн дуулах юм. Эмчийн тухай, сувилагчийн тухай сайхан дуунууд байдаг. Баярлаж талархсан иргэд, уран бүтээлчдийн сэтгэлийн дуудлагаар л дуу, шүлэг төрдөг болохоос хэн нэгний аавынх нь шүлгэнд хүчээр ая оруулснаар хүн бүрийн сэтгэлд хүрэх нь юу л бол. За энэ ч яахав. Болоод өнгөрсөн явдал. Уг нь хайран л мөнгө юм даа. Өөр зүйлд зарцуулсан бол аштай юу.

Ой нь болсон яам, агентлаг бүр өмнөхтэйгээ барьцаад дуу зохиолгоод, кино хийлгээд унах вий л гэж санаа зовж буй. Нийгмийн даатгалын тухай дуу хүртэл байх юм билээ. Ямар зорилготой хийгдсэнийг бүү мэд. Ажилтнууд нь л хөөрхий өөрсдийгөө магтан дуулж, ханамж авдаг биз дээ л гэхээс. Иргэд тэр дууг сонсоод уяран татвар, шимтгэлээ төлөөд унах нь эргэлзээтэй.

Зуун ямаа жаран ухнатай, ухна болгон жиптэй

Жип хүлэглээгүй бол дарга биш. Хоёр жилийн өмнө шиг билээ УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр том том жипнүүд хүлэглэхийн эсрэг тэмцэл өрнүүлсэн нь олны талархал хүлээж байв. Тэгсхийгээд намжсан байх. Дэмжихгүй болохоор халширсан байлгүй. Нэг байгууллагын даргаар ч юм уу орлогчоор, газрын даргаар томилогдмогц хамгийн түрүүнд шуурхай хэрэгжүүлдэг ажил нь машинаа томсгох гэхэд хилсдэхгүй. Нэг жижгэвтэр агентлаг л гэхэд нэг дарга, 2-3 дэд даргатай. Тэд нар нь бүгд жип унана. Унах унахдаа бүр ланд 200 юм уу лексус, бенз гэхчлэн хамгийн үнэтэй, томоос нь шилж унана. Аймгийн Засаг дарга, орлогч нар бүгд жиптэй. Тэд сум багаараа орж гардаг болохоор байж болох ч аймгийн төв дотор бол машин унаад байх шаардлагагүй л баймаар. Миний мэдэх хэд хэдэн даргын гэр нь ажлынхаа зэргэлдээ. Тэгсэн мөртлөө жипээрээ ирж очихыг яана гээч. Бүгд орон тооны жолоочтой. Хөөрхий жолооч нар нь баар, буудлын үүдэнд өдөржин зогсох төдийгүй хонох тохиолдол ч гардаг гэсэн.

Засгийн газар ч юм уу, УИХ судалгаа гаргаад үздэг болоосой. Засгийн газрын нэг багавтар агенлагийн хэлтсийн дарга нар нь хүртэл албаны жип унадаг гэж сонссон. Ажлын үр дүн нь сайн бол жип байтугай нисэх онгоц унадаг байсан ч яахав дээ. Харамсалтай нь ингэж тансаглаад байхаар хөрөнгө чинээ байгаа юм уу. Хэдэн багш нарынхаа цалинг нэмж чадахгүй, хойд хормойгоо авч урдахаа нөхөх тухай яриад байгаа биз дээ. Зуун ямаанд жаран ухна гэдэг үүнийг л хэлдэг болов уу.

Олхонууд ШААБАР

Үндэсний мэдээ

URL:

Сэтгэгдэл бичих