“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэргүүд замхарав
Дэлхийн улс орнууд арилжааны банк болон хөрөнгийн зах зээлийг ашиглалгүйгээр аж ахуйн нэгжүүдээ дэмжих, иргэдээ орон сууцжуулах гэх зэрэг бодлого хэрэгжүүлэх үүднээс Засгийн газрынхаа дэргэд Хөгжлийн банк байгуулдаг жишиг бий. Энэ жишгээр 2010 оны долдугаар сарын 20-нд Монгол Улсын Засгийн газар 195 дугаар тогтоол гаргаж, 2011 онд Хөгжлийн банкнытухай хууль баталснаар Хөгжлийн банк байгуулсан.
Үүнийг эдийн засагч, шинжээчид “Монгол Улс эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих том хөдөлгүүртэй болсон” гэж үздэг. Тус банкнаас 2016 оны арваннэгдүгээр сарын 31 хүртэл нийтдээ зургаан их наяд төгрөгийн зээл олгосны 3.2 их наяд нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, 1.7 их наяд нь Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн, арилжааны банкуудаар дамжуулсан нэг их наяд төгрөг байдаг. “Чингис”, “Самурай” гэх мэт өрийн олон бичгийг гадаад зах зээлд гаргаж, маш их хэмжээний мөнгө цуглуулсан ч улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх шахам хэмжээний зээл эргэн төлөгдөх боломжгүй гэдгийг тус банкинд шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийнхэн дүгнэсэн байдаг.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгийн хямрал биш, эрх дархтнуудын хямрал болжээ. Улсын төсвийн орлого нь таван их наяд төгрөг. Гэтэл Хөгжлийн банкнаас түүнтэй тэнцэх хэмжээний зээл гаргасан ч 70 хувь нь эргэн төлөгдөхөөргүй байна” хэмээсэн юм.
Ийм байдалд хүрсэн шалтгаан нь тухайн үеийн Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага нь хуулиа хэрэгжүүлээгүй, үйл ажиллагаанд нь Засгийн газар, улстөрчдийн нөлөөлөл их байсан зэргийг тоочиж болно. Тус банкны үйл ажиллагаанд улстөрчид оролцож, хамаарал бүхий хүмүүс, найз нөхдөдөө давуу байдал олгосон, хахууль авсан хэд хэдэн хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгасан билээ.
2016 оны аравдугаар сарын 15-нд “Хөгжлийн банкны” гэх тодотголтой хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хамгийн түрүүнд тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Нанжидын Мөнхбатад эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж шалгаж эхэлсэн билээ. Улсын эдийн засагт нөлөө үзүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой тус банкны хөрөнгийг хууль зөрчин зарцуулж, шамшигдуулсан байж болзошгүй хэмээн түүнийг буруутгаснаас хойш хоёр жил болох нь.
Энэ хугацаанд маш их мөнгөн дүнтэй хэд хэдэн үйлдэлд түүнийг холбогдуулан яллагдагчаар татсан ч хэрэг нь шийдэгдэлгүй сураг алдрав. Мэдээж санхүүгийн гэмт хэргийг шалгахад их хугацаа, шинжилгээний дүгнэлт гаргуулах гээд ажиллагаа ихтэй. Энэ бүхнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн прокурорын хяналт дор хийж эхнээс нь дуусгасан юм билээ.
АРИЛЖААНЫ БАНКАНД БАЙРШУУЛСАН МӨНГӨӨ ТАТСАНААС 4.6 ТЭРБУМЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭВ
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат тэргүүтэн 2015 оны зургадугаар сард Худалдаа хөгжлийн банктай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж 27.5 тэрбум төгрөгөөр оффис авахаар болжээ. Прокурор, мөрдөгчид үүнийг Худалдаа хөгжлийн банканд хууль бус давуу байдал олгох зорилгоор албан тушаалаа урвуулж, сонгон шалгаруулалт зарлалгүйгээр Худалдаа хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр худалдан авсан.
Улмаар ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатараар оффис худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон хууль бус тогтоол батлуулж, 2015 оны долдугаар сарын 6-нд гэрээ байгуулан, зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөг зарцуулж, Хөгжлийн банкинд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж яллагдагчаар татсан юм билээ.
Хөгжлийн банк Худалдаа хөгжлийн банкны төв байрны (УНТЭ-ийн баруун хойд талд) 11, 12 давхарт 3240 ам метр талбайг нэг ам метрийг нь 8.3 сая төгрөгөөр үнэлж, В1 давхарт байрлах автомашины 10 зогсоолыг 775 сая төгрөгөөр үнэлэн авсан байдаг. Өдгөө хаяг нь Худалдаа хөгжлийн банкныхаасаа ч жижигхэн байдгийг тэр бүр хүмүүс анзаардаггүй биз.
Үүнээс гадна Н.Мөнхбатыг 4.6 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг Хөгжлийн банканд учруулсан үндэслэлээр яллагдагчаар татсан. Тэрбээр албан тушаалаа урвуулан Хөгжлийн банкан дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банканд хугацаатай байршуулах шийдвэр бие даан гаргаж, 2013 оны есдүгээр сараас 2016 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд түүнийгээ буцаан татах шаардлагагүй байхад арилжааны банкуудаас мөнгөн хадгаламжаа хугацааны өмнө буцаан татсан аж.
Үүнээс болж Хөгжлийн банкны хадгаламжийн хүүгийн орлогыг алдагдуулж, тус банканд онц их хэмжээний хохирол учруулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна.
Түүнээс хойш УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Эрчим хүчний сайд байсан М.Сономпил, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар 2012-2016 онд ажилласан, Улсын баатар Э.Бат-Үүл, ТОСК-ын захирал А.Гантулга нарын олон хүнтэй холбоотой хэргийг тус бүрт нь нарийвчлан шалгаж, заримыг нь прокурор, шүүхэд шилжүүлсэн ч З.Баянсэлэнгээс бусдыг хэрхсэн нь тодорхойгүй өнөөг хүрэв.
Эх сурвалж: Д.ДАЙЧИН
Unuudur.mn
URL: