С.Ганбаатар МАН-д багш нараар “тахил өргөсөн” үү?
Долоо хоног үргэлжилсэн багш нарын ажил хаялт зогсож, ард нь хариу нэхсэн асуултууд чиргүүцэлдэж хоцорлоо.
Багш нарын цалинг энэ онд багтааж нэмэхгүй бол эмч, цагдаа нарыг уруу татна гэдгээ эрс шийдэмгий мэдэгдэж байсан МҮЭХ-ны дарга С.Ганбаатарын “хэрсүү” үгс ням гарагт ерөнхий сайдын өрөөнд ороод таг чиг болов. Яагаад? Одоо л нэмэхгүй бол болохгүй гэж байснаа навс буулт хийв. Яагаад? Төсвийн тодотгол хийх шаардлагатай, инфляци огцом өснө гэсэн сайд нарын үгэнд гэнэт итгэж, тавьсан шаардлага нь биелэгдэхгүй “утопи” гэдгийг гэнэт ухаарсан юм болов уу? Т.Ганди сайдтай ширүүхэн маргалдаж, багш нарыг цээжээрээ хамгаалан тэмцэж байсан түүнийг ийн амаа үдүүлсэн юм шиг болсонд цөөнгүй хүн гайхаж байна. Гэсэн ч үүний учиг нь аль хоёр сарын өмнө яригдаж эхэлсэн түүний сонгогдох эрхтэй нь холбоотой бололтой. С.Ганбаатарыг МАН-аас Чингэлтэй дүүргийн тойрогт нэр дэвшихээр санаархаж буй тухай яригдаж байсан. Тэгвэл өнөөдөр түүнийг МАН-д элсэж, тэдний амласан тойргоос нэр дэвшихээр зэхэж байгаа тухай баттай эх сурвалж бидэнд мэдээлэв. Өнгөрсөн ням гарагийн орой, ажил тарах үеэр уулзалтыг зарласан тул ихэнхи сэтгүүлчид очиж, амыг нь асууж чадсангүй. Энэ нь сэтгүүлчдэд мэдэгдэж “гэрэл цохиулахгүй” гэсэн санаа байхыг үгүйсгэх аргагүй.
Гурван талт хэлэлцээр гэж сүржин нэрлээд байгаа гэрээнийх нь үр дүнд багш нарын цалинг он гаргаад хоёр үе шаттайгаар нэмэх болов. Энэ бол Засгийн газрын анхнаасаа ярьж байсан хувилбар. Багш нарын араас жагсахад бэлэн гэж дарамтлуулан байж мэдэгдэж байсан эмч нар ч “даший шог”. Гадаа хүйтэнд ажлаа таслан байж жагссан багш нарын хичээл зүтгэлийн үр дүн гарсангүй шив. “С.Ганбаатар: “Шинэчлэлийг дотроос нь хийхийн тулд МАН-д элслээ” гэсэн гарчигтай ярилцлага хаа нэгтээ гарсан байвал гайхах хэрэггүй нь. Иргэний нийгмийн төлөөлөл гэсэн аятайхан, бас их итгэж үнэмшмээр нэр өөрсөддөө өгчихөөд аль нэг намд тохилог суудал бэлдүүлсэн шигээ шургачихдаг Б.Лхагважав тэргүүтэн олширч байгаа хойно. Гэхдээ эмзэг сэдэв дээр нь дөрөөлөх гэдэг шиг цалингаа хүргэх гэж ядаж байгаа багш нараар түрий барьсан бол л жаахан муухай юм.
Б.Баяр
URL: