Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө

Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг үг бий. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нар хэвлэл мэдээллийн сал­барт ажиллаж байгаагүй мэтээр аашилж, мэргэжил нэгт­нүү­дээсээ нүүр буруулж, улстөр­чидтэй нэгдээд хэв­лэлийнхний эсрэг хуулийн зүйл заалтыг Сонгуулийн тухай хуульд оруулчихлаа.


Нэгэн цагт нэг тогоон дот­роос хооллож явсан, зовлон жаргалыг нь дэндүү сайн мэдэх сэтгүүлчид маань улстөрч гэдэг нэр зүүгээд эхлэхээрээ өмнө нь хэн байснаа мартчихжээ.

20 гаруйхан настай Ч.Сай­ханбилэг  “Та сув­гаа битгий солиорой” гэж  шинэ үеийн төлөөлөл болж, телевизийн сэтгүүл зүйн хөгжилд хувь нэмрээ оруулж байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 30 гаруй настайдаа “Ардын эрх” сонины парламентын сэтгүүлчээр ажиллаж, хууль сурталчлах ажилд гар бие оролцож явснаа өнөөдөр ийнхүү мартаж, би л болж бай­вал бусад нь яах вэ гэдэг сэтгэлээр хандаж байна.

Мэдээж тэднийг хэн байгаад хэрхэн өөрч­лөгд­сөн нь сонин биш. Харин мэр­гэ­жил нэгтнүүддээ хан­дах хандлагыг өм­гөөлөн хам­гаалж, улстөрчдөд мэргэж­лийн­хээ өмнө тулгардаг хүнд­рэл бэрхшээлийг ойлгуулах гүүр болж өгөх байх хэмээн хэвлэлийнхэн найдаж, хүлээж суусан. Гэвч их санасан шөнө есөн шөнө хоосон хонов гэгчийн үл­гэр болов.

Сонгуулийн тухай хуулийн есдүгээр зүйл. Сон­гуулийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим гэдэг заалтын  9.2.-д Хэвлэл мэдээллийн байгууллага, түүний албан тушаалтан сонгуулийн үйл ажиллагааны талаар үнэн зөв, бодитой мэдээлэл түгээх үүрэгтэй. Энэ хуулийн 9.6-т заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэн­цэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно гэсэн заалт орсныг үл ойшоож, гарал үүслээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг үлгэрийг харуулаад амжив. Гайхалтай нь энэ хуулийн заалтыг хөнгөрүүлж өгсөн заалт ч тусгагдсан байгаа. Үүнийгээ хэвлэлийнхэн анзаараа­гүй байна хэмээн цэцэр­хээд сууж байна.

Тэрхүү хэвлэлийнхний олж хараагүй заалт гэгдээд бай­гаа нь буюу 35.24-т “Нам эвсэл, нэр дэвшигч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд өөрийн бэлтгэсэн болон захиалсан нийтлэл, нэвтрүүлгийн үнэн, зөв, бодитой байдлыг хариуцна. 35.25-т хэвлэл мэдээллийн байгууллага нь энэ хуулийн 35.24-т зааснаас бусад өөрийн бэлтгэсэн болон бусдын захиалгаар бэлтгэн ний­тэлж, нэвтрүүлсэн сон­гуулийн сурталчилгаатай хол­богдсон нийтлэл, нэвт­рүүл­гийн үнэн, зөв бодитой байд­лыг хариуцна”.

35.30-д “Энэ хуулийн 35.24, 35.25-д заасан нийтлэл, нэвтрүүлэг нь үнэн зөв, бодитой байдлыг зөрчсөн бол нам, эвсэл, хэвлэл мэдээл­лийн байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээг 50-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нэр дэвшигчийг  нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15-25 дахин нэмэг­дүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно”. Өөрөөр хэлбэл сонгуулийн хуулийг зөрчвөл 9.828.000 төгрөгөөр торгоно гэсэн үг.

35.31-д “Энэ хуулийн 35.24, 35.25-д зааснаас бусад 35 дугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нам эвсэл, хэвлэл мэдээллийн байгууллага болон бусад хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээг 15-20 дахин нэмэг­дүүлсэнтэй тэнцэх хэм­жээний төгрөгөөр, бусад этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно” гэж оруулсан байна.

Нэмэгдэхүүний байрыг соль­сон ч нийлбэрийн дүн өөрч­лөгдөхгүй гэдэгтэй агаар нэг сонсогдохоор хуулийн заалт. Монголын улстөр хэзээ ч цэвэр өрсөлдөөн дунд явдаггүй. Нэр дэвшигчид хийгээд өрсөлдөгчөө унагааж, нэрийг нь муутгахын тулд юу ч гээд гүтгэхдээ бэлэн байдаг хүмүүсээр дүүрэн. Гэтэл овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэгчээр захиалга өгч, бусдыг гутаан нэр хүндэд нь халдсан нэр дэвшигч багахан хэмжээний торгууль төлөөд хэвлэлийнхэн рүү буруугаа чихэх ёстой юм гэж үү.

Эрх мэдлийн төлөө ил далдаар цуглуулсан хэдэн төг­рөгөөрөө бусдын нэр хүн­дэд халдахаа улстөрийн соёл гэж нэрлэх гээд байгаа юм уу. Үзэг, микрофонтой сэт­гүүлчид тэдний гар хөл болсноороо хохироод үл­дэхээр болжээ. Арван жилийн өмнөхөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин үзэг дэвт­рээ, УИХ-ын гишүүн Ч.Сай­ханбилэг микрофоноо барьчихаад сууж байсан бол ийм хуулийн төсөл батлагдахад хамгийн түрүүн эсэргүүцэх хүмүүс байх нь лавтай. Гэвч тэд өнөөдөр улстөрч гэдэг нэр зүүсэн,эрх мэдэлд хүрцгээсэн төрийн сайд хүртлээ дэвшиж  яам толгойлж явсан гээд хэвлэл мэ­дээллийн бай­гуул­лагад ажил­­лаж байс­наа­саа ха­маа­гүй дээр орлого ца­линтай үн­дэсний хэм­жээний оли­гар­хиуд болсон. Бусад улс­төрчийн адил нэг тэрэгний ду­гуйнууд болцгоосон учраас гутаан доромжлогдох вий гэж үхтэлээ айх нь аргагүй. Тийм ч болохоор хуулийн заал­тыг хэвлэлийнхнийг чан­галж, амыг нь хамхих гэсэн хуу­лийн заалтыг тун амжилт­тай батлуулж гар­гасан биз ээ.

Сэтгүүлчдэд эрүүгийн хариуц­лага хүлээлгэнэ, дээ­рээс нь эдийн засгийн аргаар боомилно. Ингэж байс­наас  коммунизмын үеийнх шиг үзэл суртлын аргаар ард иргэдийг мунх­руулаад суух соёлын хувьс­галаа хийвэл яасан юм бэ. Ингэж Ардчилсан хувьс­галын өнгөн хөрс болсон чөлөөт хэвлэлийг хаан боогдуулж, өөрсдийгөө магтан дуулах хэвлэл мэдээллийн хэрэгс­лийг бий болгоход хүчин зүт­­гэж буй  УИХ-ын гишүүн Ө.Энх­түвшин, Ч.Сай­­хан­билэг нарт “Хэв­лэлийнх­нийг булшлагч” гэдэг нэр хайрлая. Яагаад болохгүй гэж.


URL:

Сэтгэгдэл бичих