“Үндсэн хуульд өөрчлөлт хийх бус шинэчлэх шаардлагатай”

712-154016857310-22-5-750x400

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-нд түүхэндээ  анх удаа “Бүх нийтийн санал асуулга”-ыг явуулсан  байдаг. Түүхт өдрийг тохиолдуулан “TV-9” телевиз “Ардын парламент” нэвтрүүлэгтээ  Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, “Стратеги” академийн захирал, судлаач Г.Наранбаяр, МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор П.Дэлгэржаргал нарыг урьж оролцуулсан юм. Тэдний байр суурийг тоймлон хүргэж байна. Тэртээ 73 жилийн өмнө болж өнгөрсөн “Бүх нийтийн санал асуулга”-д Монгол Улсын иргэд сайн морио унаж, сайхан хувцсаа өмсч очоод бичиг үсэг мэдэхгүй ч хурууныхаа хээгээр саналаа өгч байсан түүхтэй. Нэвтрүүлэгт оролцогчид түүхт үйл явдлын ач холбогдол, өнөөгийн нөхцөл байдлыг Үндсэн хуулийн шинэчлэлтэй холбон ингэж ярьж байна.

 П.Дэлгэржаргал:
-Монгол Улс одоогоос 73 жилийн тэртээ буюу 1945 оны аравдугаар сарын 20-нд “Бүх нийтийн санал асуулга”-ыг явуулахдаа монголчуудын хамгийн гол язгуур асуудал болох тусгаар тогтнолын талаар ард түмнийхээ саналыг асуусан юм. Энэ санал асуулгад үндэслэн тухайн үеийн Дундад улс,  түүнчлэн ЗХУ хүлээн зөвшөөрснөөр Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхийн дахинаар хүлээн зөвшөөрүүлсэн түүхтэй. Монголчуудын тусгаар тогтнолыг баталгаажуулахад  энэ нь чухал үйл явдал болсон. Монгол хүн бүр  сайн морио унаж, сайхан хувцсаа өмсч, баяр ёслолын байдалтайгаар ирж  “Тусгаар тогтнолынхоо төлөө санал асуулгад оролцож, саналаа өгнө гэдэг бол монгол хүн болж төрсний үүргээ гүйцэтгэлээ”  гэж  хэлэлцэж байсныг ахмадууд хэлж, ярьсан нь эх сурвалжуудад бий. Санал асуулгад оролцогчид бичиг үсэггүй нь хурууны хээгээ  дарсан нь өдгөө Монгол Улсын Үндэсний түүхийн архивт хадгалагдаж байдаг.
Н.Энхбаяр:
-1945 оны аравдугаар сарын 20 бол түүхэн өдөр. Монгол Улсын хэмжээнд  анхны бөгөөд сүүлчийн удаа  явагдсан  санал асуулга юм. Тэр үед дэлхийн  II дайн дэгдэж, Англи, Франц, ЗХУ-ын удирдлагууд Ялта хотод цугларч, дайны дараа дэлхийг  яаж эмхэлж  цэгцлэх вэ  гэдэг асуудлыг ярьсан байдаг. Зөвлөлтийн  төлөөлөгч Сталин Монголын статус буюу тухайн үед байсан хил хязгаараар нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг монголчууд өөрсдөө шийдэг. Хэн нэг хүн, аль нэг улс дотуур, гадуур нь орж шийдэх хэрэггүй  гэсэн санал тавьсан байдаг. Энэ саналынх нь эсрэг Зөвлөлтийн талд Америкаас  Японтой хийх дайнд та бүхэн оролцооч гэсэн саналыг тавьсан байдаг. Ингээд хоёр талаас тавьсан саналд тогтож ярилцахад  “Хэрэв Монголын  ард түмэн санал асуулгад оролцож, тусгаар тогтнолын асуудлаар саналаа хэлэх  юм бол тэрийг тухайн үеийн Гоминданы Засгийн газар хүлээн зөвшөөрнө”  гэдэг талаас Гоминданы Засгийн газрыг төлөөлж  Чан Кайши саналаа тодорхойлж, ингээд Ялтагийн бага хурлын шийдвэрээр энэ асуудлыг ерөнхийдөө их гүрнүүдийн дунд ойлголцож, 1945 оны  аравдугаар сарын 20-нд Монголд санал асуулга явуулсан. Ард түмэн маань 100 хувь “Монгол  бол  тусгаар тогтносон улс мөн”  гэж саналаа өгсөн байдаг. Хуучин монгол бичгээр, крилл үсгээр,  эрхий хуруугаа дарж  саналаа  өгсөн. Бид энэ туршлагыг түүхэнд тэмдэглээд өнгөрөх биш  өнөөдөр хэрэгжүүлэх  хэрэгтэй юм. Түүнээс айх хэрэггүй. Ард түмэн ухаантай. Тулгамдсан асуудлыг олон талаас хэлэлцэж, шийдвэрлэх цаг ирсэн гэж би боддог.
З.Энхболд:
-Монгол Улс 1911 онд Манжаас тусгаарлаж, 1921 онд тухайн үеийн Хятадын гамин цэргийг хөөн явуулсан ч тусгаар улс болоогүй. Улаанбаатар хотод нэг ч улсын Элчин сайдын яам байдаггүй, ийм байдалтайгаар 1945 оны дайн дууссан. Түүнээс өмнө тусгаар тогтнолоо хэрхэн баталгаажуулах вэ гэдэг асуудал Монгол Улсын гол зорилго, юуны өмнө хоёр хөршөөрөө хүлээн зөвшөөрүүлэх байсан. Хойд хөрш бол хүлээн зөвшөөрөхөд бэлэн, урд хөршөөр яаж хүлээн зөвшөөрүүлэх вэ гэдгийг ЗХУ-ын тусламжтайгаар  шийдүүлсэн. Чан Кайши бол Америкийн тусламж дээр амьдарч байсан тухайн үед. Тийм учраас америкчуудад татгалзаж чадаагүй. Ийм маягаар бид тусгаар улс болсон. Тэр нь 1961 онд НҮБ-ын гишүүн болсноор бүрмөсөн хэрэгжсэн. Түүнээс 1921 онд Ардын хувьсгал ялаад тусгаар улс болоод явчихсангүй. Ийм суртал ухуулга 1990 оноос өмнө маш хүчтэй байсан. 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш энэ бүх зүйлээ, түүхчид ч гэсэн түүх бичлэгээ зөв болгож байх шиг байна, улстөржсөн түүхээ. 1945 оны санал асуулгыг тухайн үед явуулаад өнгөрчихөөгүй, 1992 оны Үндсэн хуулийн 25-ын 16 дахь  УИХ-ын бүрэн эрх гэсэн хэсэгт “Ард нийтийн санал асуулга явуулах, сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож,олонхийн саналыг шийдэгдсэнд үзнэ” гэж оруулсан. Олонхийн санал авчихсан энэ шийдвэрийг УИХ өөрчлөх эрхгүй.  Түүнийг зүгээр л дагана. Тэгэхээр 1945 оны санал асуулгын үр дүн, хэлбэр, зохион байгуулалт нь нийт ард түмний туйлын дээд шийдвэр гаргаж буй хэлбэр. Үүнээ цааш газаргүй гэдэг шиг түүнээс цааш өөр шийдэх хүн байхгүй. Тэгэхдээ 1945 онд тусгаар тогтнол гэж маш том асуудлаа шийдсэн байгаа юм. Тэгэхээр 1945 оны аравдугаар сарын 20 буюу одоогоос 73 жилийн тэртээх үйл явдал бол өнөөдөр ч гэсэн ач холбогдлоо алдаагүй. Одоо бидний хүчин төгөлдөр мөрдөж буй 1992 оны Үндсэн хууль дотор ч явж байгаа. Үүнтэй холбогдуулаад УИХ-д өргөн баригдсан Үндсэн хуулийн хувилбар байгаа, Д.Лүндээжанцан гишүүний баланкан дээр 70 орчим гишүүн гарын үсэг зурчихсан. Одоо МАХН бол Үндсэн хуулийг шинээр боловсруулан батлуулъя гээд явж байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулга  мөн  Үндсэн хуулиа шинээр хийе гэж байна.  Ерөөс засаглалын хэлбэр гэдэг том шийдлээрээ хоёр талдаа гарчих  нь зөв юм. Дэлхий дээр засаглалын гуравхан хэлбэр байна. Хаант засаглал бол  Арабын хэдэн улсаас өөр үндсэндээ байхгүй боллоо. Үндсэн хуульт хаант засагтай улс ч  байна, Япон, Англи гэх мэт. Ихэнх нь парламентын, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай байгаа. Мэдээж хаант засаг одоо Монгол таарахгүй байх. Үлдэж буй хоёр хэлбэрийн аль нь дээр вэ гэдгийг хялбархан шийдчих боломжтой. 1945 онд асуусан шиг, зөвшөөрч байна, тийм, үгүй гээд л шийдчих асуудал. Санал асуулга хялбархан, хүн шууд хариулчихаар байх ёстой. Түүнээс дотор нь янз бүрийн юм байх шаардлагагүй. Д.Лүндээжанцан гишүүн эд нар бол их сонин санал асуулга явуулах гэж үзсэн юм билээ. Тэр нь Үндсэн хуулийн 25-ын 16-д байгаа шиг биш. Баахан юм биччихээд, үүнийг дэмжиж  байна уу гээд бүтэн хоёр хуудас  зүйлд  хариулуулсан байгаа юм. Тэгэхээр 1945 оны санал асуулга бол одоогийн санал асуулгын загвар болох ач холбогдолтой. Олон юм асууж болохгүй. Асуудал нь зарчмын байх ёстой. Түүгээр шийдсэн бол УИХ тэрэнд нь зориулж л Үндсэн хуулиа бичнэ. Өөрөөр бичих эрхгүй. Өөрөөр хэлбэл, засаглалын хэлбэрийг нь сонгуулчихаж байна шүү дээ.
Г.Наранбаяр:
-Тусгаар тогтнол гэдэг маш өндөр үнээр олдсон байдаг. Ялалтын 70 жилийн ойн үеэр Оросын нэг сэтгүүлчийн бичсэн өгүүллийг уншсан юм. Түүнд юу гэж байсан гэхээр эх орны дайны эхний жилүүдэд /эхний гурван сард/ Зөвлөлтийн арми ялагдаж, бүх зэвсэг техник нь устгагдаж, Москваг хамгаалах зэвсэг, техникийг татахад хамгийн чухал зүйл нь морь байсан байгаа юм. Зөвлөлтийн улаан армид 500 мянган морь хэрэгтэй болж л дээ. Дэлхий дээр 500 мянган морийг олох хоёрхон газар байж. Нэг нь Хойд Америк, нөгөө нь Монгол. Тэгэхээр Монгол Улс 500 мянган морийг  улаан армид нийлүүлсний хүчинд Москвагийн дэргэд Гитлерийн Германы армийг бут цохисон байдаг. Тухайн үед дэлхийн хамгийн баян, хүчирхэг орон Америк бол Зөвлөлтийн улаан армид 65 мянган тонн мах нийлүүлсэн байдаг гэж судлаачид тэмлэглэсэн байгаа юм. Монгол Улс тухайн үед 70 мянган тонн мах нийлүүлж. Түүний зэрэгцээ манай улс  60-аад мянган тонн ноос нийлүүлсэн байна. АНУ мөн 60 орчим  мянган тонн ноос нийлүүлсэн байдаг. Тэр ноосоор улаан армийн дайчид шинель хийж өмсөөд тэр хүйтэнд тулалдаж ялсан түүхтэй. Сэтгүүлчийн бичсэн гол санаа нь юу вэ гэхээр, эх орны дайнд тухайн үеийн ядуу, хүн ам цөөнтэй, жижигхэн орон Гитлерийн Германыг ялахад асар өндөр тусламж үзүүлсэн байдаг юм байна гэсэн байгаа юм.
Үүний дараа Японы эсрэг дайнд олон улсын цэргийн эвсэл байлдахад Сталин хоёрхон санал тавьсан гэдэг. Нэг нь Курилийн арлуудыг ЗХУ-д өгөх, хоёрдугаарт Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх.
Монголын түүхэнд  нэг их ярьдаггүй үе  байсан, 1924-1930 он хүртэл. Тэр үед Монгол Улсм булигаарын үйлдвэрээ байгуулсан. Хамгийн түрүүнд эсгийний үйлдвэртэй болсон. Тоосгоны үйлдвэр байгуулсан. Хэд хэдэн үйлдвэр байгуулсны хүчинд  дэлхийн II дайны үед Монгол Улс асар их хэмжээний тусламжийг ЗХУ-д өгсөн байдаг.
Н.Энхбаяр:
-Түүхийг харж байхад, 1911, 1921, 1924, 1945, 1961  онд түүхэн үйл явдлууд болсон байдаг. Аль нэгийг дөвийлгөж ярьж болохгүй. Багцаар нь аваад үзвэл, монголчууд тусгаар тогтнол, хөгжил дэвшлийнхээ төлөө маш хүнд бэрх цаг үеүдийг туулж ирсэн. Энэ дотроос ялгарч харагдаж байгаа нь яах аргагүй, 1945 оны аравдугаар сарын 20-ны үйл явдал юм. Ард түмэн өөрөө тусгаар тогтнолоо “Тийм ээ” гэж эрхий хуруугаа дарж, гарын үсгээ зурж, бүр хамгийн  хурдан морио  унаж, хамгийн сайхан дээлээ өмсч очиж шийдсэн байгаа юм. Баяр хөөр болсон, бүх ард түмнээрээ. Одоо бас нэг ард түмнээ баярлуулах хэрэгтэй байна. Ард түмнээ баярлуулж, ард түмнээсээ цаашид яаж амьдрах вэ гэдгээ асууж шийдэх хэрэгтэй байна. Түүний тулд өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гээд ярьж байна. Монголчууд өнөөдөр  бүгд боловсролтой болсон. Тухайн үед бол зарим нь бичиг үсэгт тайлагдаагүй байсан учраас эрхий хуруу дарж байж. Тэгвэл өнөөдөр монголчууд бүгд боловсролтой болсон. Зарим нь гадаадын хэдэн ч их, дээд сургууль төгссөн. Хэний төлөө саналаа  өгөх вэ гэдгээ бүгд мэднэ. Тиймээс битгий айгаач, УИХ-ын гишүүд ээ гэж хэлмээр байгаа юм.
Ялангуяа Үндсэн хуулийн асуудал ярьж байгаа  бол ард түмнээсээ асуучих. Төлөөллийн ардчилал гээд Д.Лүндээжанцан гишүүнтэй ярьсан л даа. Тэр хуралдаа намайг урьсан юм. Тэгэхээр нь би бас саналаа хэлэх юм байх гээд очсон чинь “Үгүй, та санал хэлэх эрхгүй” гэсэн. “Тэгвэл ямар төлөөллийн ардчилал байдаг юм бэ” гэхэд “Өдөр хоол өгнө” гэж байна лээ.
“Хоол яах вэ, Лүндээ гишүүн ээ, би саналаа хэлж болох уу” гэхэд “Үгүй, зөвхөн хэдэн хүнийг сонгосон байгаа. Тэд л саналаа хэлнэ. Группээр хэлэлцэхэд та санал хэлнэ. Группээс гарч ирсэн саналыг нэг хүн танилцуулна. Та тэрэнд ямар нэг байдлаар санал хэлэх эрхгүй” гээд ийм сонин хэлбэртэй хурал хийхээр нь би “Уучлаарай, би та нөхдөд зөвлөе. Ийм байж болохгүй” гээд би зөвлөсөн. УИХ-ын дарга М.Энхболд даргад ч зөвлөсөн. Ард түмнээсээ битгий айгаач ээ, ард түмнээсээ асуучих гэсэн.
МАХН-аас боловсруулан  ард түмнээр хэлэлцүүлж  байгаа Үндсэн хуулийн төслийг би УИХ-ын дарга  М.Энхболд болон бусад намын дарга нарт гардуулсан. Энд тогтолцооны асуудал чухал юм. Хоёр том тогтолцооны асуудлыг бид ярьж байгаа. Нэгдүгээрт, ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгч, ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгч Засгийн газрыг тэргүүлье гэж байгаа. Тэгэхгүй бол хариуцлагагүй байна. Сая ч гэсэн биднийг хөдөө явж байхад “Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Одоо хаачив аа, амлалтаа хэрэгжүүлэх үү” гэж байна. Хуулиараа ийм байна гээд хэлэхээр зарим нь ойлгож байна. Өнөөдрийн хуулийн хэмжээнд Ерөнхийлөгч амлалтаа хэрэгжүүлэх бололцоогүй. Зарим нь амлалтаа хэрэгжүүлээч гэж шаардаж байна. Гэтэл УИХ түрүүлж  байгаа Засгийн газарт  УИХ-даа л таалагдах гээд байна. УИХ-ын гишүүддээ таалагдах гээд тойрог дээр мөнгө тавиад байна шүү дээ. Тухайн үед тойрог дээр тавьдаг мөнгө нэг сая байсан нь өнөөдөр таван тэрбум болоод явж байна. Энэ тогтолцооны буруу. Ерөнхий сайд төсвөө авч гарахын тулд шийдэл гаргаж, УИХ-ын гишүүнтэйгээ учраа олох гэж оролддог. Ард түмэн хамаагүй болчихоод байна. Ард түмэнд жилд таван машин явдаг гүүр хэрэггүй байж магадгүй. Гэтэл тэндээс сонгогдсон УИХ-ын гишүүн гүүр тавина гээд хэдэн айлаар орохдоо амлачихсан, тэгээд түүнийгээ хэрэгжүүлээгүй болохоор айлаар орж, сонгогчидтойгоо уулзаж чаддаггүй. Тэгэхээр нь Ерөнхий сайд нөгөөхийг нь батлаад төсөв тавиад явдаг. Энэ харилцааг одоо засах нь зөв.
Үндсэн хуульд бий, төр, засгийн  эрхийг ард түмэн барина гэж. Ард түмэн хэдэн хүнийг сонгочихоод хамаг хувь заяагаа тэдэнд даатгаад сууж байгаа юм биш. Алдаа гарвал ард түмэн засна, зөв бол дэмжинэ. Тиймээс ард түмэн төр, засгийн эрхийг барина гэдэг Үндсэн хуулиа ард түмэн мэднэ гэсэн үг. Үндсэн хууль бол ард түмэн зарлан тунхаглаж, хэлэлцэн баталдаг хууль юм. Бусад хууль бол мэргэжлийн чиглэлээрээ боловсролын тухай,  эрүүл мэндийн тухай хууль гээд явчихдаг. Тиймээс ард түмнээсээ Үндсэн хуулиа асууя гэж байгаа юм. Хоёрдугаарт, ямар засаглалтай байхыг ард түмнээсээ асууя. Үүнд айх хэрэггүй. Ард түмэн шийдээд өгнө. Засгийн газрыг шууд ард түмнээс хараат болгох хэрэгтэй, УИХ-ын гишүүдээс биш. Засгийн газар ард түмнээсээ хараат байгаад, амласнаа хэрэгжүүлдэг Ерөнхийлөгчийн засаглалтай болъё. Ингэвэл хариуцлагатай төр, засаг бий болно.
З.Энхболд:
-Одоогийн Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцоно, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ. Нэгдүгээрт, ард түмэн төрийн хэрэгт шууд оролцох эрхтэй” гэжээ. 1945 оны санал асуулгаар бол  Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт ямар нэгэн зуучлагчгүйгээр Монгол Улс тусгаар улс байна гэдэг шийдвэрийг  гаргасан байгаа юм. Ихэнх эрх мэдэл нь ард түмнийхээ гарт байдаг Швейцар юм уу, санал асуулга явуулж шийддэг ард түмэн байна. Бараг өдөр бүхэн шахам юмаа асуугаад байх нь цомхон жижиг газар дээр байгаа Швейцар улсад болоод байна.
Бидэн шиг 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагт амьдардаг, өдөр бүр санал асуулгад оролцох боломжгүй учраас ядаж  засгалалын хэлбэрээ ард түмэн өөрөө сонгоё. Сонгосон засаглалын хэлбэр дээр мэргэжлийн хүмүүс нь Үндсэн хуулиа хийчих.
Пифагорын теорем гэдэг шиг энэ  засаглалаар явбал сонгууль нь ингэж явна, Засгийн газар ингэж байгуулагдана гээд ойлгомжтой томъёолж, олон улсад маргаан  гарахгүй, ийм л ойлгомжтой юм. Бид 1992 онд мэдэхгүй, Үндсэн хууль хийхдээ ард түмнээс асуусан ч, Ардын их хурал болоод Улсын Бага хурлын гишүүд нь, ард түмэн өөрсдөө парламентын засаглалаар явбал ард түмэн ямар үр дүнд хүрэх вэ, Ерөнхийлөгчийн засаглалаар явбал ямар үр дүнд хүрэх вэ, эсвэл хаант засгаар явбал ямар үр дүнд хүрэх вэ, 30 жилийн дараа ямар болох вэ гэдэг төсөөлөл хомс байсан. Миний Д.Лүндээжанцан гишүүнтэй маргаад байгаа асуудал  тэр. Одоо ард түмнээсээ парламентын засаглал уу, Ерөнхийлөгчийн засаглал уу гээд асуучихад юу нь болохгүй байгаа юм бэ. Хүмүүс хэл устай болж, судалдаг хүмүүс ч олон болсон байна шүү дээ. Парламентын засаглалаар 30 жил явбал гишүүд нь төсвөө хувааж авдаг явдал арилахгүй. Арилгах гэж үзсэн шүү дээ, манай УИХ-ын үед гишүүний мөнгө гэдэг зүйлийг устгасан. Сайндаа ч биш мөнгө нь алга болсон. Дөнгөн данган цалиндаа хүрч байсан учраас захиргаадаад, гишүүний мөнгө гээчийг алга болгосон. Гэтэл дөнгөж түүхий эдийн үнэ нэмэгдмэгц нөгөө мөнгөө гаргаад ирж байна шүү дээ. Шинэ Сангийн сайд гарч ирээд “Бидний орлого тэрбум төгрөгрөөр давлаа, гишүүд тойрогтоо юу бариулмаар байна, намайг битгий огцруулаарай. Танай тойрогт юу тавьчих вэ” гэсэн утгатай юм ярьж  наймаа явж байна. Сүхбаатар жанжны нэртэй  өрөөний  хаалттай хаалганы цаана тийм л яриа явж байгаа. Гэтэл ард түмэн төсвөөс юу хүлээж байна вэ. Төрийн албан хаагчид цалингаа нэмүүлчихээр байна, эмч багш нарын цалин,  цагдаагийн цалинг нэмэх ёстой. Соёлын төв гэж нэг  муу амбаар шовойлгоод, тийм, ийм юмны контор, Залуучуудын хөгжлийн төв, хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн контор барина гээд байж байна. Конторууд юугаараа аюултай вэ гэвэл, дараа жилээс нь тэрийг халнаа, тог цахилгаан, ус, дотор нь суух төрийн албан хаагчийн цалинг өгнө гээд урсгал зардоыг жил болгон нэмээд байдаг, 50 жилээр тооцвол замбараагүй төсөв гарна. Төрд үзүүлэх үйлчилгээ байж болно, тэрийг үгүйс­гэхгүй. Тийм бол түрээслэ л дээ. Хэрэггүй болох үед нь гараад явчихна шүү дээ.
П.Дэлгэржаргал:
-ХХ зуун бол монголчуудын тусгаар тогнтолын эрин үе. Монгол үндэстэн сэргэн мандсан үе. 1911 онд Манжийн ноёрхолыг түлхэн унагаж, тусгаар тогтнолоо зарласан. Есөн улсад нот  явуулж тусгаар тогтнолоо зарлая гэхэд аль нь ч хариу ирүүлээгүй. 1921  онд дахиад энэ асуудлаа тавьж, 1922 онд дахиад нот бичиг явуулсан, хариу өгдөггүй. Ямар учиртай вэ гэвэл, дэлхийн колоничлолын үе байсан. Хожим имперлист гэж ярьдаг болсон, колонийн үе. Шинээр тусгаар тогтносон улсуудыг хүлээн зөвшөөрдөггүй, ийм цаг. Энэ байдал дайны дараа өөрчлөгдсөн. Имперлист систем гэдэг зүйл 1950-аад онд нурж унасан. НҮБ-ыг байгуулснаар олон улсын харилцаа өөр болсон. Хүчтэй нь хүчгүйгээ ноёлдог үеийг төгсгөл болгох алхам нь тэр олон хүн үгүй болсон дайны дараа л шийдэгдсэн.
Дэлхийн I  дайн яах гэж гарсан бэ гэвэл, энэ колонийг дахин хуваахын төлөө, газар нутаг, нөөц, хүн ам, байгалийн баялгийн төлөө дайн болж байлаа. Дэлхий ертөнц ийм л байсан. Олон улсын харилцаа дайны дараа огт өөр болсон. Энэ бүхэн дунд Монгол Улс тусгаар улс гээд  тусгаар оршиж байсан ч гэсэн олон улсын эрх зүйн үүднээс манайхыг хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ манай улс хэн нэгний хараат биш, тусгаар улс л байсан. 1911 оноос хойш тусгаар улс гэж өөрийн Засгийн газартай явж ирсэн. Тэгэхээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх зайлшгүй шаардлага байсан. Энэ үйл явцад 1945 оны хоёрдугаар сард Ялтад болсон гэрээ чухал алхам болсон. Том гүрнүүд дэлхийн газрыг зургийг яаж зурах вэ, НҮБ-ыг байгуулна, ирээдүйд дэлхий ертөнц ямар байх вэ гэдгийг зурсан. Тэнд гурван гүрэн том үүрэг гүйцэтгэсэн нь  ЗХУ, АНУ, Англи. Тэнд Японы эсрэг дайнд Герман улс бууж өгсний дараа  ЗХУ-ыг орооч гэсэн хүсэлтийг АНУ тавьсан. Түүнд нь ЗХУ болзол болгож тавьсан. Тэр дагуу гэрээ байгуулахад Гадаад Монголын статусыг хүлээн зөвшөөрөх. Нөгөө нь Япон-Оросын дайны дараа авсан байсан олон эрхийг буцааж өгөх, Японы талд очоод байсан Курилын арлыг шилжүүлэх гэхчлэн асуудал байсан.
Том гүрнүүд тохирсны дараа зуны турш Чан Кайши, Сталин нарын дунд том хэлэлцээрүүд явагдсан. Түүнд Хятадын талд ямар ч нөхцөлд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөв­шөө­рөхгүй гэдэгт хатуу зогссон. Энэ дээр Сталин шахсан. Бүр Гадаад  Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх нь манай аюулгүй байдалтай холбоотой юм гэж шахсан байдаг.
Хятадын тал нь санал хэлэхдээ “Хэрэв гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрвөл ямар ч Засгийн газар тэсэхгүй. Хятадын тал өршөөхгүй” гэсэн байгаа юм. Ингэхэд нь Сталин 1921 оноос хойш энэ улс тусгаар байсан. Хятадын мэдэлд байгаагүй. Байхгүй юмыг алдана гэж байдаггүй” гэж хэлсэн байдаг. Энэ бүх протокол нь хадгалагдаж үлдсэн. Сүүлдээ байдал ширүүссэн ч байдаг. Гадаад Монголын тусгаар  байдлыг зөвшөөрөхгүй бол ЗХУ цэргээ оруулахгүй гэсэн байгаа юм.  Өөрөөр хэлбэл, Хойт хятад, Манжуурыг тэр чигээр нь ЗХУ чөлөөлсөн байдаг. ЗХУ дайн зарласнаас хоёр хоногийн дараа манай улс дайн зарлан хамтран оролцсон түүх ч бас учир шалтгаантай. Энэ бүх нөхцөл байдал бүрдэж байж, Монгол Улсын тусгаар тогтнол хүлээн зөвшөөрөгдсөн. Түүний дагуу 1945 оны санал асуулга явагдсан.  Бас нэг зүйл нь НҮБ-д манай улс элсэхэд ч  бид дэлхийн II дайнд ингэж оролцсон, чөлөөлөх дайнд цэргийнхээ хүчээр оролцсон гэж тайлагнасан байдаг. Өөрөөр хэлбэл, бид ялагч талд байсан гэсэн байгаа юм. Энэ бүхний дотроос яалт ч үгүй том үйл явдал бол 1945 оны аравдугаар сарын 20-ны “Бүх нийтийн санал асуулга” юм.
 Н.Энхбаяр:
-Саяхан би Киргизстанд очиход ерөнхийлөгч нь ярьж байна лээ, “Ний, нуугүй хэлэхэд, Киргизстанд хэцүү байна. Монгол харин ч амжилттай хөгжиж  байна” гэж. Гадны хүнд бид тэгж харагддаг  юм байна. Тэр тайлбарынхаа гол үндэслэлийг тэд юу гэж хэлж байна гэвэл “Та нар хэдийгээр ЗХУ-ын нөлөөнд байсан ч гэсэн тусгаар тогтносон улс байсан учраас шинэчлэл, шилжилтийг биднээс илүү богино хугацаанд давлаа” гэж байна лээ. Тэгэхээр бид ингээд гацаад суугаад байж болохгүй. УИХ-ын гишүүд ч Үндсэн хуулийн эхийг барьж  авч буй нь буруу биш. Тэд ямар нэг зүйлийг мэдэрч байна. Энэ бол одоо ч ярьж буй асуудал биш. Ер нь бол Үндсэн хууль, зохицуулалт маань гаж болчихож. Д.Лүндээжанцан гишүүн, М.Энхболд дарга хоёр хэлж байсан “Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасвал яасан юм бэ” гэж. Ард түмэн тэр хүнийг сонгосон, хууль санаачлах эрхтэй субьект гэж бодож сонгож байгаа шүү дээ. Тэр сонголтын эсрэг хууль санаачлах эрхийг нь хасна гэж болохгүй. Нөгөөтэйгүүр, УИХ  төсөв хэлэлцэж байх үед Засгийн газрын дэмжээгүй саналыг УИХ-ын гишүүн илэрхийлж болохгүй гэсэн мяагаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж хорих гээд байна. Төрийн үйл хэрэгт төлөөллөөр дамжуулан оролцохоор ард түмэн сонголтоо хийсэн. Тэрийг шийдэхэд хориг тавьж болохгүй. Засгийн газар дэмжээгүй, Сангийн сайд дэмжээгүй гээд гишүүний саналыг хасчихаар ард түмэн төлөөллөөр дамжуулж төрийн ажилд оролцох гэдэг нь нурчихаж байна. Тиймээс ямар ч хэрэггүй, утгагүй зүйлүүдийг  авч Үндсэн хуулийг  дордуулахаа болиоч ээ. Түүний оронд тогтолцоогоо яривал яасан юм бэ гэж байгаа. Энэ асуудал байгалийн  баялгаа хэн өмчлөөд байна вэ гэдэгтэй их холбоотой. Ард түмний өмч үү, дарга нарын өмч үү гэдэг маргаан дээр бас санал асуулгаар шийдэх нь зүйтэй юм билээ. Тэгэхгүй бол бид байгалийн баялгаа алдчихаад тусгаар тогтнол ярихад хэцүү юм. Тэнд манай баячууд, эсвэл гадныхан очоод суучихсан. Эсвэл нийлээд эзэн суучихсан байна. Ард түмэн болохоор тэр байгалийн баялгаас олддог юм болов уу, үгүй юм болов уу гэж асуугаад, зарим нь өгөөч гэж уурлаад. Тэр нь шийдэгддэггүй. Тэгвэл тусгаар тогтнол гэдэг зүйл ХХ-XXI  зуунд баялгаа хэн мэдэж  байгаагаар шийдэгддэг болсон байна. Колоничлолын үеийг манай түүхчид түрүүнд хэллээ. Тэр үед байгалийн баялгаа том гүрнүүд мэддэг байсан. Тэгвэл 1961 онд НҮБ-д элсчихээд өнөөдөр  байгалийн баялгаа цөөн хэдэн дотоод, гадаадын олигархи, цөөн хэдэн гэр бүлд өгчихөөд сууж байна гэхээр тусгаар тогтнолын хувьд хийх юм их байгаа биз.
З.Энхболд:
-Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.1-д  “Монгол Улсад газар түүний хэвлий, ойн сан, ургамал амьтан, газрын доорх баялаг нь гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэж бий. Энэ заалт бол 1924, 1940, 1960 оны Үндсэн хуульд яг энэ томъёоллоороо орж ирсэн. 1992 оны Үндсэн хуульд мөн байгаа. Ерөөс юу ч өөрчлөгдөхгүй явж ирсэн, зарим тохиолдолд тавдугаар зүйл гэх мэтээр дугаар нь л солигдсон. Зарим газар нь фабрик, завод, төмрийн уурхай гэх мэт орсон байгаа. 1992 оны Үндсэн хуульд ихэнх нь ерөнхий үгээр ороод ирчихсэн байгаа. Би саяхан  УИХ руу Ерөнхийлөгчийн санаачилсан Валютын тухай болон зарим  хуулийн төслийг авч орсон. Аргагүйн эрхэнд тэнд Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.1-ийг ишилсэн. Гишүүд “Оюутолгойтой нэгэнт гэрээ хийсэн юм чинь валютын орлого нь Монголоор дамжихгүй байж болно шүү дээ” гээд байсан. Бас “Валютын сан”-гаас асуусан уу  гээд байна лээ. Үндсэн хуульд баялгийг Монголын ард түмний мэдэлд гэсэн байна шүү дээ, яахаараа Валютын сангаас асуудаг юм бэ. Валютын сангаас  асууж болохгүй, зарчмын хувьд. Бид тэр хөрөнгө оруулалтыг гуйж байгаад оруулсан нь үнэн ч, тодорхой мэдээллүүд алга. Яах гэж тэрийг шаардав гэвэл татвараа авахын тулд шаардаж байгаа юм. Алт, зэсийг хэдээр зарж, юу хийгээд байна вэ. Хэрэв байгалийн баялаг ард түмний мэдэлд байдаг юм бол асуух эрхтэй, мэдэх эрхтэй. Ядаж хэдийг хэдээр ачуулж байгаа мэдмээр байна шүү дээ. Оюутолгойгоос бусад бүх компани ийм үүрэгтэй байгаа. Дэлхийн зах зээлийн үнээр зарна, өмнгө нь орж ирнэ, татвар төлнө.
Бүх төрлийн татвараа төлнө гэсэн үг. Тэгэхгүйгээр өнөөдөр хэдийг гаргаж байгаа, хэдээр зарж байгаа нь мэдэгдэхгүй, мөнгө нь орж ирдэг ч юм уу, үгүй юм уу. Ийм л байна. Үндсэн хуульд ард түмний өмч гэдгээс эхлээд хангалттай заалтууд байна, хэрэгждэггүй.  Ерөнхийлөгч Х.Баттулга яагаад шинэ Үндсэн хууль хэрэгтэй гээд байгаагийн бас нэг учир нь эндээс гарч ирж байгаа юм. Бид Ардын намтай санал зөрж  байгаа. Ардын нам Үндсэн хуульд “косметик” засвар хийж, ганц нэг зүйл өөрчлөөд болгочих гэсэн жижиг сажиг зүйлээр хөөцөлдөөд байна. Үндсэн зарчим өөрчлөгдөхгүй , ард түмэн өөрийгөө төлөөлөх хүнээ яаж сонгож байна, хариуцлага хүлээх хүн байна уу. Улс орны хөгжил сумын Иргэдийн хурлын 30 хүн дээр очоод эзэнгүйдэж байна уу, аймгийн ИТХ-ын 40 хүн дээр очоод эзэнгүйдэж байна уу, эсвэл УИХ-ын 76 дээр очоод хариуцах хүнгүй болчихож байна уу. Энэ чинь болохгүй байна гэж хэлж  байгаа болохоос тэр жижиг, сажиг өөрчлөлтийг болохгүй байна гэж шаардаад байгаа юм биш ээ. 1992 оны Үндсэн хуулийг дагаж 400 гаруй хууль гарсан. Ардын Их хурал , Улсын Бага хурал нийлээд  450 хууль баталсан. Түүний үг, үсэг, таслал, үзэл санаанд салбарласан баахан хуультай болчихоод байна. Тэгэхээр шинэ Үндсэн хууль хийх гэж буй нэг зорилго нь мэдээж засаглалын хэлбэрээ асуугаад, ард түмэн парламентаа сонговол тэр, Ерөнхийлөгчийн засаглалаа сонговол тэр. Гэхдээ энэ  доторх үндсэн зарчим, тухайлбал  засгийн эрх бүх ард түмний мэдэлд байдаг нь   өөрчлөгдөхгүй, байгалийн баялаг  ард түмний мэдэлд байдаг нь өөрчлөгдөхгүй, тусгаар тогтнол, бүрэн эрхийн төлөөх заалтууд өөрчлөгдөхгүй. Аймаг, сумын Засаг даргыг хэрхэн сонгох  вэ, удирдлагын хэсэгт бол 100 хувь солих шаардлагатай. Тэрийг 100 хувь сольчихвол 400 гаруй хууль бараг бүгд хөндөгдөх гээд байгаа юм. Тэгэхгүй болохоор хаана юу үлдэж, хаанаа  зөрчилдөж байгаа  дээр систем нэг цогц ажиллахгүй байгаад байгаа юм.
  Н.Энхбаяр:
-Бидний ярьж буй гол асуудал Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.2 дээр гараад байгаа юм. Энд ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байгаа баялгийг төрийн өмч гээд зарлачихсан. Энэ заалтыг ашиглаж тоглодог. Тэгэхээр үүнийг өнөөдөр ард түмний санал асуулгаар шийдэх ёстой. Ард түмний өмч юм уу, төрийн өмч юм уу. Эсвэл олигархийн өмч юм уу. Ард түмэн үүнийгээ шийдэж, маргааныг хагалж өгвөл бүх асуудал ойлгомжтой болно. Тэгээд энэ бүхнийг ашиглаж болно, ашиглахдаа ард түмнээсээ асууж шийднэ. Ард түмнийхээ дэмжлэг, туслалцаатайгаар хөрөнгө оруулалтыг татаж чадах юм уу, эсвэл үйлдвэрлэлээ барьж ашиглаж чадах ийм үүд хаалга нээгдэх юм. Тиймээс бид Дээд хуулийг боловсруулалцсан. Энэ бол МАХН-ын өмч биш, АН, МАН болоод бусад намд үүнээс өөр сайхан саналууд байвал хамтраад ярилцая. Заавал хэрэлдэж, маргаж хоёр талд сууж, тэгээд жижиг сажиг зүйлээр хөөцөлдөлгүйгээр нэг л зүйлд төвлөрч шийдэлд хүрэх зам руу явъя гэж санал тавиад байгаа юм. Тийм цаг ирлээ. Монголын өвгөд дээдсийн үр сад, монгол хүн  бид асуудлыг ард түмнийхээ эрх ашигт нийцүүлж, ард түмнийхээ хүсэл  зоригоор шийдэх  учиртай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих