Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
-АТГ УЛСЫН МӨНГӨ ХУВЬДАА ЗАВШСАН ЭТГЭЭДИЙГ
НУУЦАЛЖ БАЙНА-
Хэдхэн хоногийн өмнө Авлигатай тэмцэх газрын хэвлэл мэдээллийн ажилтан өөрийн твиттер хуудастаа нэгэн ноцтой мэдээлэл гаргав. Тэрээр бичихдээ: “Манай алба хаагчид яам, агентлагт ажилласан тайлан мэдээг уншихад их олон сонирхолтой явдал таарч байна. Нэгэн яамны төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/ тухайн яамныхаа харъяа төрийн өмчит компанийн данснаас эхнэрийнхээ хувийн данс руу ямар ч тайлбаргүйгээр гурван сая төгрөг шилжүүлсэн байна” хэмээсэн байв.
Энэхүү мэдээлэл даруй олны анхаарлыг татаж эхэлсэн юм. Улсын мөнгөнөөс дур мэдэн ямар нэгэн зарлагын тайлбаргүйгээр эхнэрийнхээ данс руу улсын мөнгөнөөс шилжүүлсэн ТНБД хэн байв? Энэ талаар тодорхой мэдээлэл авах гэсэн боловч “Яг одоо шалгаж байгаа, эцсийн байдлаар тогтоогоогүй байна. Шалгаж дууссаны дараа мэдээлэл өгөхгүй бол хүний эрх зөрчсөн хэрэг болно” гэж учирлав. Энэ талаар ирэх долоо хоногт АТГ-аас мэдээлэл хийхээр товлоод байгаа юм. Энэ мэдээлэл хийх үеэр нэрийг нь тодорхой зарлах аж. Олон нийт АТГ-аас хууль бус үйлдэл хийсэн төрийн нарийн бичгийн даргын нэрийг мэдэж, хариуцлага тооцохуулахыг шаардах нь зүйн хэрэг.
Сүүлийн үед тус газраас авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтан хуулийн этгээдүүдийг толгой дараалан баривчилж, түүнийгээ нийтэд нээлттэй байдлаар зарлаж эхлээд байгаа билээ. Харин төсвийн мөнгөнөөс хувьдаа завшсан байж болзошгүй эл хэргийг чандлан нууцалж буй. Иргэдийн дунд төрийн албаны өндөр дээд албан тушаал наймаалцдаг болсон, томилогдож очихдоо аль нэг намын гишүүн, ямар ч мэдлэг боловсролгүй хүмүүс байдаг тухай ихээхэн шүүмжлэх болсон.
Судалгаагаар 2015-2017 онд төрийн албанд томилсон 1369 ажилтан, албан хаагчийг аудитын түүвэрт хамруулан шалгахад 1063 буюу 77.7 хувийг хууль тогтоомжид заасны дагуу томилсон, 306 буюу 22.3 хувь нь хууль тогтоомж болон холбогдох шаардлагыг хангаагүй байна гэжээ. Түүнчлэн төрийн албаны хариуцлагагүй, хэт замбараагүй байдлаас үүдэн ноцтой хэргүүд ч гарах болсон. Иймд АТГ-аас төрийн албаныхныг шалгах эрх үүргийн хүрээнд нийтэд нь шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Иргэдийн дунд улсын мөнгөнд гар дүрж, эхнэрийнхээ дансанд шилжүүлсэн этгээдэд холбогдох хэргийг нуун дарагдуулж, сүүлдээ тохиролцоход хүрэх вий гэсэн хардлага байна.
medee.mn У.УРАНЦЭЦЭГ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Эхний тэрбум, тэрбумаар нь луйвардсан хүмүүстээ арга хэмжээ авахгүй болохоор болдог юм байна гэж бодоод 3 саяыг ч болтугай авчихы гээд дараагийн луйварчид гарч ирж байна ш дээ. Хаа хаанаа ажлаа цаг тухайд нь зөв хийлдээ