“Үхлийн тэврэлт”-ээс гарах мөр бий юү?

“Үхлийн тэврэлт”… Хожим улс төрийн менежмэнтэд нэвтэрсэн америк гарвалтай геополитикийн энэ уламжлалт технологийг МАХН-ын дарга С.Баяр /2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа  Ардчилсан намыг Засгийн газарт  татан оруулсан тэр үеийн тухай учраас МАХН-ын дарга гэв/ Ардчилсан намд хэрхэн хэрэглэсэн тухай, үүнээс үүдэн бий болсон засаглалын хямрал /парламент нь сөрөг хүчингүй, улс төрийн намууд нь өрсөлдөгчгүй болж, улс орны хөгжлийн гол асуудлууд сонгуулийн амлалтаар халхавчлагдан хойш хаягдаж байгаа тухай/, “стандарт бус” хэмээгдсэн Засгийн газрын байгуулагдсан шалтгаан, үр дүнг үнэлж цэгнэсэн энэ нийтлэл өнгөрөгч долоо хоногт манай сонинд нийтлэгдсэн билээ. Долоо хоногийн онцлох нийтлэлээр дурдагдсан тоймч З.Боргилмаагийн энэ нийтлэл сайтад тавигдсан өдрөө 24 цагийн дотор 200 гаруй сэтгэгдэл, 80 мянга гаруй хандалт авсан нь энэ сэдэв уншигч, олон нийтийн хувьд хамгийн эмзэг, хөндүүр сэдэв болоод байгаагийн илрэл болов. Үүн дотор С.Баярын эрх мэдлийн цагиргаар гогдож оруулсан “үхлийн тэврэлт”-ээс Ардчилсан нам одоо болтол гарч чадахгүй байгаад бухимдсан сэтгэгдэл хамгийн их байсныг хэлүүштэй.

Учир нь иргэд, олон нийтийн хувьд “ардчилал”, “ил тод байдал”, “шударга ёс” гэдэг ухагдахуунуудыг одоо хэр нь Ардчилсан намтай холбож ойлгосоор, нийгэмд үгүйлэгдэж буй эдгээр зүй тогтлыг ардчиллын лидерүүдээс ахин хүлээсэн хэвээр. Харин Ардчилсан намын дарга нар тэдний энэ горьдлогыг юугаар хариулсан билээ, дуулиант “долдугаар сарын 1”-ний хэргийн дараа.

Энэ хэргийн дараа болсон нэгэн хэвлэлийн бага хурал дээр МАХН-ын дарга С.Баяр “Ардчилсан намыг Засгийн газарт хамтарч ажиллуулахаар урьж буйгаа” дуулгахад нэг бус сэтгүүлч уг хэвлэлийн бага хурлыг орхин гарсан билээ. Ердөө л хэдхэн хоногийн өмнө намынхаа ялалтыг бахархалтайгаар зарлаж, өрсөлдөгч намаа тоосон дундаа үлдээж байсан энэ хүн таван хүний амь хөнөөсөн гэмээ халхавчлахын тулд л энэ урилгыг илгээж байна гэдэг ухамсар тэр үед л бүх хүний тархинд суусан. Гэвч С.Баяр гэдэг хүн олон нийтийг ч, намынх нь гишүүдийг ч “шок”-ын байдалд оруулсан энэ мэдэгдлээ намын бага хурлаараа 100 хувийн саналаар дэмжүүлээд гараад ирсний дараа түүний өөдөөс үг сөрөх хүнгүй болсон билээ.

Ардчилсан намын дарга нар ч гэсэн хулгайлагдсан гээд байгаа долоон тойргоо нэхэхийн оронд хамтарсан Засгийн газарт орох асуудлаар ҮЗХ-гоо хуралдуулсан болохоор “стандарт бус” гэгдсэн энэ Засгийн газар гэрээ хийсэн хоёр намаас бусад бүх талын хувьд хамгийн муухай хэрнээ халдах эрхгүй зүйл болж үлдсэн билээ. Уналаа гэхэд энэ Засгийн газрыг хамтарч байгуулсан АН, МАН /үүнээс хойш МАН гэх болно/ хоёрын хэн нэг нь л унагаж чадах юм. Гэхдээ Ардчилсан нам лав санаачилгаараа хамтарсан засгаас гарахгүй гэдгээ мэдэгдсэн болохоор хувь заяаг нь шийдэх эрх зөвхөн Ардын намд үлдсэн гэсэн үг.

Үхэхээс бусдыг үзсэн /хамгийн сайн нөхрийг нь хамгийн хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт хамгийн муухайгаар гүтгэгдэнэ гэдэг хүний нэг байтугай хоёр амьдралд тохиохгүй зүйл/ улсын баатар, буурал Бат-Үүл хүртэл МАХН-ын даргын энэ “стандарт бус” шийдвэрийн өмнө буруутан болон /Э.Бат-Үүл: Ардчилсан нам одоо хэр нь С.Баярын тавьсан занганаас гарч чадахгүй байна. Ардын эрх сонин 2011 оны 11 дүгээр сар/ гараа өргөсөн гэхээр С.Баярын энэ “тэврэлт”, түүний зохиосон улс төр ямархуу хорон байсан бэ гэдэг аяндаа ойлгогдоно.

Ардчилсан намын дарга нарыг ийнхүү хөлдөө чөдөртэй дэвхэрч байхад Ардын намын дарга нар юу эсийг амжуулсан гэх вэ. Таван хүний амь хөнөөсөн цагдаагийн дарга нарын хэргийг илрүүлэхийн оронд хохирогчдын амь насыг 50-хан сая төгрөгөөр үнэлж, шатаагдсан байшингаа босгохын тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс 11 тэрбум төгрөг гаргуулж, уул уурхайгаас олох орлогоо урьдчилж аваад сонгуулийнхаа амлалтыг барагдуулж, төсвийн зардлыг жил бүр 200 хувиар нэмэгдүүлж, ямаа болоод хонинд хэдэн тэрбумаар нь төсөвлөсөн хэрнээ Улаанбаатарын утааг бууруулах, эмнэлэг, сургууль, орон сууц, дэд бүтэц гэх мэт хүн рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалт бүрийг танаж, хүний хөгжлийг 21 мянгаар үнэлж байхад Ардчилсан нам энэ бүхнийг харсан ч хараагүй, сонссон ч сонсоогүй мэтээр МАН-ын сүүдэрт жиндэж, намынх нь сайд нар МАН-ын сонгуулийн сурталчилгааны ажлыг гүйцэлдүүлж байгаа нь иргэдийг ингэж дургүйцэхэд хүргэсэн хэрэг.

Гэвч энэ бүх дургүйцэл, харуусал ч бас үеэ өнгөрөөсөн. Гурван жилийн өмнө намын дарга нар нь гаргаж, удирдах байгууллагуудаараа албажуулсан энэ шийдвэр, хамтарсан Засгийн газрыг байгуулсан гэрээг өнөөдөр буцаах боломжгүй нь тодорхой. Харин алдагдсан гурван жилээс авах сургамжаа шүүрдэж харах цаг нь болж. Ядахдаа ирэх дөрвөн жилд ялсан нам нь төр барих уу, ялагдсан нь хяналтаа тавих уу, олонхи нь эрх барьж, цөөнх нь хяналтаа тавьдаг парламентат ёсны зарчим Монголын улс төрийн намуудад үйлчлэх юм уу гэдэгт хариултаа өгч эхлэх хэрэгтэй цаг нь болсон байна. Тэр нь харин “үхлийн тэврэлт”-ээс амь бүтэн гарах зам, мөр болж магадгүй. Хэрвээ С.Баярын хэлсэн шиг “Сонгуулийн дараа ч хамтрах шаардлага гарна” гэж ярьж, үүний тулд сонгуулиа явуулна гэвэл Ардын нам ч, Ардчилсан нам ч ирэх сонгуульд оролцож, иргэдийн бухимдлыг барахын хэрэггүй. Ахиад хэдэн удаагийн “долдугаар сарын 1”-нийг үзэх гэсэн юм бэ…

Б.СЭМҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих