Төрийн ордонд тоглодог моод дэлгэрч хошин шог, кино руу халдварлах нь
Төрийн ордонд өчигдөр дуучин, хөгжимчин Б.Чинбатын дахиж давтагдахааргүй тоглолт болоод өнгөрлөө. Суудал бүрийг 100-н мянган төгрөгөөр үнэлсэн энэ тоглолтод энгийн иргэд орох бололцоо хэр байсныг мэдэхгүй ч судалж, сурвалжлах сэтгүүлчдийг оруулахгүй гэдгээ зохион байгуулагч шулуухан хэлсэн. Тийм учраас төрд суугаа гишүүд, сайд, ерөнхийлөгч тэдний гэр бүлийнхэнд зориулагдаад өнгөрсөн болов уу гэх таамгаас өөр зүйл одоогоор алга. Уг тоглолтыг Ч.Сайханбилэг гишүүн ивээн тэтгэсэн гэнэ лээ.
Төрийн хэрэг хэлэлцэж, хууль баталж ирсэн уг ордныг тоглолт явуулах бүү хэл тоохгүй явахад ч нурах аюултай гэдгийг мэддэг мэргэжлийн хүмүүс аль эртнээс сануулсаар байв. Гэвч газар хөдлөлтийн багахан доргилтод бутраад ойчих энэ ордонд чанга хөгжим, нүсэр бөмбөрийн чимээ хана таазыг ихэд доргиодог аж. 100-н мянган төгрөг төлөн байж ямар аюултай зүйл өөд зүтгэж байгаагаа хүмүүс ойлгоогүй л байна.
Өчигдрөөс хэдхэн долоо хоногийн өмнө СТА дуучин Д.Болд “Монгол Поп”-оо төрд танилцуулж, тоглолт үйлдээд, түүнийхээ дараахан цол ахиулж төрөөр соёрхуулсан. Рок, поп хөгжмийн урсгал бол бөмбөр, нүсэр чимээ, чанга хөгжмийн найруулгагүйгээр оршихгүй. Морин хуур тэргүүтэй үндэсний хөгжмүүдээр хачирласан Монгол поп урсгал хана тааз нураахын дайтай чимээлсэн эсэхийг мэдэхгүй. Гэтэл саяхан “Таван яамны 100 жилийн ой”-н үеэр рок попынхон мөн л Төрийн ордондоо тоглолт зохион байгуулаад авчээ. Тэдний дунд “Харанга” хамтлаг, “Voice” хамтлаг, “Арга билэг”, “Хөсөгтөн” зэрэг ардын хөгжимтэй орчин үеийн хамтлаг, дуучин С.Наран, “Гурван охин” хамтлаг гээд 10 гаруй номер багтсан байна. Ер нь төрийн ордныг урлагийн танхим болгоод, түрээслүүлж суугаад, хэдэн төгрөг олж, түүнийгээ төрдөө оруулсан хөрөнгө болгоё гэх ахар бодол хэн нэгэн эрхэмд байгаа бололтой. Улс нь урлаггүйгээр оршихгүй хэдий ч утга учиртай л байх хэрэгтэй. Төр нь дэмжиж, тэтгэж байгаа хэрэг гээд нэгдүгээрт аюултай байгууламжид тоглолт зохион байгуулах учиргүй юм. Хоёрдугаарт, хуулиа баталж, хурлаа хийгээд, анхаарал хандуулсан асуудалаараа мэтгэлцэж суудаг гишүүдийн дэргэд хөгжим эгшиглэж, хуур уянгалж, хүмүүс инээлдэж, алга ташицгаагаад байж болохгүй л болов уу.
Засгийн газрын ордонд тоглолт хийдэг урлагийнхны явдал гурван ч удаа давтагдлаа. Үүнээс бие даасан хоёр, бүгдээрээ нийлсэн нэг. Удахгүй тусдаа тоглолтоо хийхээр “Харанга” хамтлаг хөөцөлдөж байгаа сурагтай, “Гурван охин” бас тэгнэ лээ гэх хүн ч бий. Амташсан хэрээнүүд 13 удаа дахина гэдэг шиг Төрийн ордонг СТӨ мэт санан зүтгэх боллоо. Тэр ч бүү хэл жүжгийн төрөл ч бас орж ирэх бололтой. “Өнгөт инээд” гэдгээр нь мэдэх ч өнөөдөр “Шилдэг өнгө” хэмээн нэрээ сольсон хошин шогийн хамтлаг шоугаа хийхээр хөөцөлдөж байгаа аж. Түүгээр ч зогсохгүй “ДОЗ Энтертайнмент”-ынхан нэгэн уран сайхны киноны нээлт хийхээр тохиролцоод, хугацаа нь тодорчээ. “Хөх толбот хүмүүс” хэмээх уг киноны нээлт нэгдүгээр сарын зургаанд болно.
Б.Ганбилэг
URL: