Сайд уу, саад уу?

xirr9ivd

У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүд одоогоос яг жилийн өмнө томилогдож бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Тэд бүтэн жилийн хугацаанд хэрхэн ажилласныг “Үндэстний ТОЙМ” сэтгүүл дараахь байдлаар онцолжээ.

У.ХҮРЭЛСҮХИЙГ ХҮЛЭЭСЭН 1 ЖИЛ

Энэ хорвоод хүн болж төрөхийг зүүний үзүүр дээр будаа тогтохтой адилтган зүйрлэдэг. Ийм ховор хувь заяаг олж төрсөн хүн их том зүйлийн төлөө л амиа зольж чадах биз ээ. Тиймээс ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн одоогоос яг нэг жилийн тэртээ хэлсэн “Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна…” гэх үгийг нийгэм тэр чигтээ сэрдхийж, бас зоригтой ажиллах нь гэж талархан хүлээн авч байв. Ийм эрс шийдэмгий мэдэгдэл хийсэн Ерөнхий сайд ардчиллын түүхэнд У.Хүрэлсүхээс өөр гараагүй учраас ард түмний сэтгэлд тэгж итгэлийн гал ассан байхыг үгүйсгэхгүй. Тиймдээ ч намынхаа Ерөнхий сайдыг дүрмийн бусаар огцруулж, өөрөө гүйцэтгэх засаглалыг тэргүүлсэн У.Хүрэлсүхэд үе үеийн Ерөнхий сайдаас илүүтэй нийгмийн дэмжлэг байсан. Энэхүү дэмжлэгийг нь УИХ-ын 65 суудал баталгаажуулж, албан тушаалтай нь дүйх улс төрийн эрх мэдлийг ч Ардын нам түүнд өгч намын даргаараа давхар сонголоо.

Хамгийн их хүлээлт үүсгэж гарч ирсэн 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх гүйцэтгэх засаглалыг тэргүүлсэн нэг жилийн хугацаанд Монголд харин юу өөрчлөгдөв. Урсгал ажил, өдөр тутмын үйл явдал, цаг зуурын PR-аас илүүтэй Монголдоо, монголчуудад үлдэх юу хийв. Өчнөөн жил яригдсан нефтийн үйлдвэрийн шавыг лав тэр тавьж чадлаа, өмнөх засгуудын үед яригдаж байсан Мянганы сорилтын сангийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээг тэр эцэслэв, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийг ч мөн эхлүүллээ. Энэ мэт урагштай, хэрэгтэй шийдвэрүүд энэ Засгийн өнгөн дээр гарсан нь үгүйсгэх аргагүй үнэн.

Гэхдээ бас багш нарын ажил хаялт, зам тээврийн салбарт гарсан осол, төрийн албан хаагчийн цаг бус эндэгдэл гээд залруулж болшгүй алдаа ч өнгөрсөн хугацаанд тохиолоо. Энэ мэтийг жингийн тухай дээр тавибал итгэл найдвараас эхэлсэн У.Хүрэлсүхийн цаг бүтэн нэг жил гүйхдээ анхны хүлээлтдээ хүрч чадаж байгаа болов уу. Уг асуултад “Үндэстний ТОЙМ” сэтгүүл хариулт хайхаар зорьсон юм. Өмнө нь хоёр ч дугаараа У.Хүрэлсүхийн Засгийн газарт “зориулсан” бид эхлүүлсэн ажлуудыг нь, амласан үгсийг нь асуух ёстой цаг одоо гэж үзэв. Яагаад гэвэл У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдоод яг нэг жилийн нүүр үзэж байна. Хөгжлийн бодлогоо дөрвөн жилээр төлөвлөдөг, сонгуулийн цикль нь тэгэхийг шаарддаг Монгол Улсын хувьд Ардын нам засаглаад яг хоёр жил болжээ.

Хэдийгээр У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдоод нэг жил болж байгаа ч том зургаар нь харвал Ардын нам амлалтынхаа талыг биелүүлэх, адаглаад суурийг нь зөв тавих хугацаа хэдийнэ өнгөрсөн байна. Иймээс л Ардын намын дарга У.Хүрэлсүх, түүний тэргүүлсэн Ардын Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрхэн ажилласныг сайд нэг бүрээр гаргалаа.

Хэвлэлийн шарласан хуудас, сэтгүүлийн үнгэгдсэн цаас, сайтын шар, бор мэдээллээс шүүрдэхэд заримдаа У.Хүрэлсүхээс сайн хүн үгүй юм шиг, заримдаа түүнээс муу хүн байхгүй мэт өдөр хоногууд үргэлжилжээ. Ерөнхий сайд бол танхимынхаа тал нь, гэвч Засгийн газрын бодлого шийдвэр яамд дээр төвлөрөн явагддаг. Тэгэхээр Засгийн газрын гишүүн нэг бүр өнгөрсөн хугацаанд САЙД ХИЙВ ҮҮ, СААД ХИЙВ ҮҮ гэдгийг тус бүр жингийн туухай дээр тавих ёстой болов уу. Тэгж байж л Ардын Засгийн газрын ажлын үр дүн, У.Хүрэлсүхийн бодлогын өөрчлөлт гарт мэдрэгдэх учиртай. Гайг нь Ерөнхий сайд ганцаараа үүрч, гавьяаг нь салбарын сайд дангаараа эдлэхгүй учраас тэрюм.

Эцэст нь хэлэхэд, “Төрийн ордонд зургаа өлгүүлж үлдэх Ерөнхий сайд байхыг би хүсэхгүй байна” гэж мэдэгдсэн У.Хүрэлсүх, түүний Засгийн газрын бүтэн нэг жилийн ажлыг элдэв хачир, нэмэлт мэдээлэлгүй хүргэж буйгаа тодотгоё. Бас амиа алдахаас айдаггүй хэрнээ ард түмнийхээ итгэлийг алдахаас л айдаг Ерөнхий сайдтай бид азтай ард түмэн гэдгээ ахин нэг санацгаая.

Ам, ажлын зөрүү

Сайд уу, саад уу?Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин

Уг нь өөрийнх нь хүслээр болсон бол Шадар сайд Ө.Энхтүвшин өдийд Ерөнхий сайд байх байлаа. Учир нь, тэрээр жил гаруйн өмнө өөрийнхөө нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж байсан юм.

Харамсалтай нь, олонхийн анхаарал У.Хүрэлсүх рүү чиглэж, намын нөхөд нь Ө.Энхтүвшинд итгэл хүлээлгээгүй. Үүнийхээ дараа “Би Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ хэлчихсэн. Шадар сайд болъё гэж бодсон юм алга. Би тэгж юм юм руу давхиж явдаг хүн биш” гэж мэдэгдсэн ч нөхцөл байдал өөрчлөгдсөн гэдэг шалтгаанаар Шадар сайдад нэр дэвшин томилогдсон. Шадар сайд бол Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэсэн дөрвөн агентлагийг хариуцаж ажилладаг. У.Хүрсэлсүхийн Засгийн газрын гишүүдээс томилогдоод удалгүй хэцүү зүйлтэй нүүр тулгарсан хүн бол Шадар сайд Ө.Энхтүвшин. Албаа аваад дөнгөж гурав хонож байтал Отгонтэнгэр хайрханд авирсан 17 уулчин амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэрээр улсын онцгой комиссын даргынхаа хувиар газар дээр нь очиж ажилласан. Шадар сайдын хариуцах ёстой ажил бол элдэв байгалийн гамшиг, бусад эрсдэлд бэлэн байдлыг хангаж ажиллах. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрсдэлийн менежмент сайжирч элдэв аюулт үзэгдлийг хохирол багатай давдаг болсон уу гэвэл, өнгөрсөн зун болсон үерийн гамшгийн үр дүн үгүй л гэх байх.

Оноо

Ө.Энхтүвшин гишүүнийг Шадар сайдаар томилогдох үед УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан түүнд хандан хатуу үг шидэж байлаа. Тэрээр “Танд улс төрийн соёл, ёс зүй гэж алга. Тэгсэн атлаа зарчим ярих дуртай. Засгийн газарт орохгүй гэчихээд маргааш нь байр суурь чинь өөрчлөгдөж байна. Тайлбарлахдаа “Нөхцөл байдал өөр болсон” гэж хэлсэн. Нөхцөл байдал үргэлж өөрчлөгддөг. Тэгэхээр таны үг үргэлж өөрчлөгдөх нь. Ганц удаагийн албан тушаал юу юм бэ. Та хийж үзээгүй биш дээ. Та ичиж амьдрах хэрэгтэй. Зөнөж байгаа бол зөв зөнөх хэрэгтэй” гэсэн юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин түүнээс хойш хэдхэн хоногийн дараа “Залуучуудын аазгайг хөдөлгөж байгаа бол сайн л байна ш дээ. Би хүчтэй хэвээрээ, улс төрд нөлөөтэй хэвээрээ байна гэсэн үг. Харин намайг хэн ч ярихаа больчихвол улс төрөөс явах цаг болж дээ гэж бодно” хэмээн хэлж байлаа. Түүний энэхүү тайлбарын дараа олон нийт Т.Аюурсайхан гишүүнийг буруутгах болсон нь үнэн юмдаг.

Алдаа

Шадар сайд Ө.Энхтүвшин сул гишүүн байх үедээ төрийн албаны үргүй зардлыг бууруулах талаар их ярьдаг байлаа. Тухайлбал, яам, агентлагуудын ашиглаж байгаа талбайн хэмжээг бууруулах талаар хэлэхдээ “Дарга нар олон дамждаг өрөөтэй, ардаа амралтын өрөөтэй. Бүр нэг давхрыг дангаар нь эзлэн суудаг газрууд бий. Ингэж төрийн албаны зардлыг нэмэгдүүлж болохгүй. Төрийн алба цомхон байх ёстой” гэж байлаа. Гэвч Шадар сайд үүнийгээ ажил хэрэг болгосонгүй. Уг саналаа Засгийн газраар хэлэлцүүлээд шийдвэр гаргуулдаггүй юм гэхэд өөрийнхөө харьяа агентлагуудад хэрэгжүүлж болох байлаа.

Шадар сайд Ө.Энхтүвшингийн ярьсан ч хэрэгжүүлээгүй бас нэг санаачилга бий. Энэ бол өвлийн морин уралдааныг хориглох. Олон нийтээс бүрэн дэмжлэг хүлээх энэхүү санаачилгаа ажил хэрэг болгож чадаагүй. Өвлийн улиралд 12-оос дээш насны хүүхдээр хурдан морь унуулах шийдвэр л гаргуулсан. Гэвч өнгөрсөн хаврын нэгэн үдэш нууцгайхан болсон Дүнжингарав уралдаанд 10-13 насны хүүхдүүд хурдан морь унасан тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн билээ.

Ардын засгийн “Тулах цэг”

Сайд уу, саад уу?Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн Г.Занданшатар

Ухнаагийн Хүрэлсүхийн кабинетын “гал тогоо”-г базаж, аймаг, нийслэл, орон нутгийн дарга нарт ч үүрэг чиглэл өгдөг Г.Занданшатар сайд парламентад гурав дахь удаагаа сонгогдоод буй. Өмнө Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан тэрээр хоёр дахь Засгийн газартаа орж ажиллахдаа ийн “гал тогоо” манаж байна.

Түүний хариуцдаг ажил их учраас тэр бүр төвлөрч, нэг ажил руу орж чадахгүй байна гэх шүүмжлэл дагах болсон. Гэхдээ тэр зарчимтай нэгэн.

Оноо

ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч мэргэжлээр төгссөн Г.Занданшатар ихээхэн эр зориг гаргаж УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжинтэй “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тогтвортой засаглалыг бий болгож чадах уу?” сэдвээр олон нийтийн телевизээр мэтгэлцэв. 65-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна хэмээн хүчтэй дуугарч байгаа энэ үед намынхаа бодлого үйл ажиллагааг өмгөөлж, дуугарч буй нь эзгүй арал дээр хоёулхнаа үлдлээ гэхэд нэгнээ барихгүй байх сайн чанар. Засгийн газрын “гал тогоо”-г хариуцдаг учраас салбар бүрийн ажилтай танилцаж, ерөнхий үүрэг чиглэл өгч, холбогдох газрууд нь үргэлжлүүлээд ажиллаад явдаг учраас түүнд хаяглагдах мэдэгдэхүйц шийдвэр, эрс өөрчлөлт одоогоор алга. Гэхдээ түүнийг үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч нэгэн гэдгийг УИХ-ын гишүүнээр ажиллахдаа чуулганы танхимаас хэлж, ярьж байсан үгнүүд нь нотолно.

Хамгийн сүүлд төрийн албаны машинуудыг хувийн хэрэгцээндээ ашиглахыг хориглосон зохицуулалт хийж, таних тэмдэг тавьж эхэлсэн нь олон нийтийн талархлыг хүлээгээд буй. Ер нь аль ч намын Засгийн газар хамгийн тулхтай кадраа “тулах цэг“ буюу Хэрэг эрхлэх газрын даргаар томилдог. Төрийн ой санамжийг үеэс үед, засгаас засагт дамжуулах үүрэгтэй энэ ажилд одоохондоо Г.Занданшатараас илүү тохирох хүн МАН-д үнэндээ ховор оо.

Алдаа

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын тушаалаар өнгөрсөн сард яамд, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газруудад шалгалт хийсэн. Гэхдээ шалгалт хийхээ урьдчилан зарлаж, өнөө шинэ халаад, ширээний бүтээлгээ дэвсээрэй гэдэгтэй төстэй ажил болох шахав.

Ийн зарлаж шалгалт хийснийхээ дараа тэрээр “Төрийн захиргааны байгууллагуудад, төрийн албан хаагчдын дунд сахилга хариуцлага дэг журмыг улам илүү чангатгах шаардлага байгааг энэ шалгалтын дүн илтгэж байна. Төрийн захиргааны байгууллагуудад ажилчид нь ажлын цаг ашиглалт хангалтгүй, архидан согтуурахтай тэмцэж байгаа бодитой ажил алга. Яам агентлагууд албан хаагчдын цаг ашиглалтыг хурууны хээгээр бүртгэж, цалингийн системтэй холбож хариуцлага тооцож, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, үүрэгт ажлаа чанартай үр дүнтэй гүйцэтгэх ёстой. Иргэдэд үйлчлэх үүрэгтэй. Бид ард түмнээс сонгогдсон ардчилсан төр” хэмээсэн.

Ардын засгийн “гол дүр”

Сайд уу, саад уу?Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар

Монголын эдийн засагт амь тариа залгасан жилүүд үргэлжилж байна. ОУВС-гийн хөтөлбөрийг манай улс зургаа дахь удаагаа хэрэгжүүлж, төсвөө сахилга баттай болгохоор ажиллаж эхэлсэн 2017, 2018 онд хангалттай чичлүүлж, баалуулж байгаа хүн бол Чимэдийн Хүрэлбаатар.

Сайдаар нэрийг нь оруулж ирэх үед Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж, үргэлжлүүлэн 2018 оны төсөвт бүхэлд нь хориг тавьж байлаа. Сөрөг хүчний зүгээс ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг огцруулах шаардах бичгийг Ерөнхий сайдад хүргүүлж байв. Ийм эсэргүүцэлтэй тулгарч байсан ч тэр У.Хүрэлсүхийн танхимд “гол дүр” бүтээгээд нэг жил болжээ.

Оноо

Өрийн тааз мэдэгдэхүйц нэмэгдсэн. Гэхдээ Ч.Хүрэлбаатар өндөр хүүтэй дотоодын бондуудыг хумьсан. Тэр хэрээр Засгийн газар банкуудад өндөр хүүтэй мөнгө төлөхөө больсон нь олзуурхууштай. Дээрээс нь жил бүрийн намар баталсан төсөвтөө тодотгол хийдэг байсныг тэр эрс хориглосон. Сөрөг хүчнийхэн “Төсвийн тухай хуулийг зөрчиж 180 гаруй тэрбум төгрөгийг төсвийн орлогын зохицуулалт хийлгүйгээр хуулийн зөрчил гаргасан гэж үзэж байна. Тиймээс төсөвт тодотгол хийх ёстой” гэж байсан юм.

Харин Сангийн сайд “Төсөвт тодотгол хийх нөхцөл үүсээгүй. Цаашид ч баталсан төсвөө тодотгохгүй” гэдгээ мэдэгдчихээд байгаа юм. “Чингис” бондын эхний төлбөр болох 500 сая ам.долларын өрийг ч барагдуулсан. “Дим сам” бондыг бас төлсөн. Анх удаа нэгдсэн төсөв ашигтай гарч, эдийн засаг өссөн нь Хүрэлээ сайдын бодлого, ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн үр дүн, төсвийн сахилга бат сайжирсны илрэл гэж хэлж болно.

Алдаа

Улсын төсөв анх удаа ашигтай гарч, эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа мэдээлэл хэвлэлийн хуудсаар хөвөрнө. Тоон үзүүлэлтээс харвал үнэхээр тийм. Гэхдээ энэ өсөлт ард иргэдийн амьдралд төдийлөн наалдацгүй. МАН үнэмлэхүй олонхи болж, хүссэнээрээ бодлого, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж байгаа энэ үед дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөв. Сайд дарга нар ч ийш тийш айлчлал хийх бүртээ хандив, тусламж, зээл “гуйж” байгаа нь ч бүтэмжтэй. Дээрээс нь ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд донор орнууд, байгууллагуудаас авах мөнгөний түрүүч орж ирээд буй.

Нэг ёсондоо, мөнгөний урсгал нэмэгдэж, тэр хэрээр эдийн засгийн тоон үзүүлэлтүүд өмнөхөөс дээрдсэн харагдаж байгаа ч иргэдийн амьжиргаа дээшилсэнгүй. Бүр баян, ядуугийн ялгаа тэнгэр газар шиг хол зөрж, өнөө баялгийн тэгш хуваарилалтын байдал сахил хүртээд шал дордов гэгч болоод байна. Уг нь эдийн засгийн өсөлтийг дагаад цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмж, амьжиргаа дээшилж, дэлхий нийтийн толгойн өвчин болоод байгаа ядуурал буурах ёстой. Гэвч Монголд ядуурлын төвшин өмнөхөөс нэмэгдсэн статистик үзүүлэлт байна. Үнийн өсөлт хэдийнэ хол “давхичихлаа”. Дөрвөн жилийн өмнөх 200 мянган төгрөгийг одоогийнхтой харьцуулбал ханш нь унаж, өнөө өсөлт гээч нь гарт баригдаж, нүдэнд харагдахгүй л байгаа.

Сайн мэдээгээр таслахгүй байгаа салбар

Сайд уу, саад уу?Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар

С.Батболдын Засгийн газрын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Барилга, хот байгуулалтын сайд гээд Д.Цогтбаатарт сайдаар ажиллаж байсан “бяцхан” түүхүүд бий.

“Бяцхан” гэхийн учир нь 2012 оны сонгуулийн өмнө Н.Алтанхуяг даргатай АН Засгийн газраас гарахад сонгууль хүртэлх хэдхэн сарын хугацаанд тэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байлаа. Сүүлд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсон ч удалгүй АН-ынхан хөөгөөд гаргачихсан. Харин одоо өөрийнхөө үндсэн мэргэжлийн дагуу Гадаад харилцааны сайдаар ажиллаж байна. Тэрээр одоогийн байдлаар карьертаа хамгийн урт буюу бүтэн жилийн хугацаанд сайд хийгээд байна. Тиймээс одоо л хожим нь дурсагдах зүйл хийх ёстой. Гэхдээ Гадаад харилцааны сайдын ажил бол бусад салбарын сайд нарын ажил шиг гарт баригдаж, нүдэнд харагдах байдлаар хэмжигддэггүй.

Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлаа дипломат улс төрийн аргаар хангаж ажиллах нь Гадаад харилцааны сайдын үүрэг. Үүнийхээ дагуу Гадаад харилцааны сайд дэлхийн улс орнуудад ажиллаж яваа. Улсаа төлөөлөн дэлхийн улс орнуудтай хэлэлцээр хийж бусад салбарынхан болон бизнес эрхлэгчдэд сайн хөрс бэлтгэж өгөх нь түүний үүрэг.

Оноо

Гадаад харилцааны сайд хариуцлагатай мэдэгдэл хийдэг, дотроо бодолтой, доороо суурьтай хүн байх ёстой. Энэ шалгуурыг Д.Цогтбаатар сайд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хангаж ирлээ. Энэ салбар бол популизм хийж шоуддаг салбар биш гэдгийг Д.Цогтбаатар сайд эхнээсээ онцолж байсан. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын уулзалт Монголд болох тухай яриа гарах үед тэрээр “Энэ асуудалд Монгол Улс хариуцлагатай хандах ёстой. Шоу хийгээд өнгөрч болохгүй. Зөвхөн Монгол Улсын дотоод асуудал биш, олон улсын хэмжээнд яригдаж байгаа асуудал” гэж байв.

Түүнчлэн Өмнөд хөрш болон БНСУ, Япон, Энэтхэг зэрэг их гүрнүүдтэй өндөр төвшинд харилцаж, У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед сонсогдсон хамгийн том тоо, том зээл тусламжуудыг ажил хэрэг болгож чадсан нь манай гадаад бодлогын томоохон амжилт байв.

Алдаа

Гадаад харилцааны сайд Монгол Улсыг гадаадад төлөөлдөг Ерөнхийлөгчтэйгөө санал бодлоо нэгтгэж ажиллавал үр дүнтэй. Гадаад харилцааны өмнөх сайд нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой нягт хамтарч ажилладаг байлаа. Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд Х.Баттулга Ерөнхийлөгч, Д.Цогтбаатар сайд нарт энэ байдал ажиглагдсангүй. Тухайлбал, оффшорт байгаа мөнгийг Монголдоо авч ирэх Ерөнхийлөгчийн санаачилгыг Гадаад харилцааны сайд дэмжиж оффшор бүсэд багтдаг улс орнуудтай хамтарч ажиллах ёстой. Гэвч Д.Цогтбаатар сайд өөрөө оффшор данстай гэх мэдээлэл гарч байсан учраас энэ чиглэлд ажиллах хүсэлгүй байгаа бололтой.

Улсын Сангийн сайд, Гадаад хэргийн сайд нар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй хамт баруун хязгаараар зугаалсан нь үндсэрхэг үзэлтнүүдийн эгдүүг хүргэснийг эс тооцвол Д.Цогтбаатар тун хийгүй ажиллаж байгаа.

Бахь байдгаараа л өнгөрөөсөн нэг жил

Сайд уу, саад уу?Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат

“Гуч гаруй настай ч гучин компанитай сайд” гэх гарчигтай нийтлэл саяхан нэгэн хэвлэлд гарсан. Энэ бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Намсрайн Цэрэнбатын тухай юм.

Үүнээс өмнө түүнийг өөрийн хамаарал бүхийн компанидаа засвар нэрээр төслийн мөнгөнөөс авч зориулалтын бусаар ашигласан гэх мэдээллийг АТГ-аас өгч байсан ч тэрээр няцаасан. Ямартай ч АТГ энэ асуудлыг шалгаж буйгаа зарлаад байгаа юм.

Сайд болохоосоо өмнө тэрээр “Засаг огцрох болгоны ард том хулгай явдаг гэж ард түмэн ярьдаг. Тиймээс Засгийн газрын алдаа оноог хэлэлцээд засаад явах ёстой. Бид ард түмнийхээ төлөө тангараг өргөсөн. Ийм байхад дараагийн Засгийн газар байгуулах гэж цаг үрэх хэрэг байна уу. Энэ засгийг тогтвортой байлгаад дараагийн асуудлыг ярихыг уриалж байна” хэмээн МАН үнэмлэхүй олонхи болсон үедээ өөрийнхөө байгуулсан Засгийн газрыг өөрсдөө огцруулах үед хэлж байсан юм. Гэвч тэр Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсны дараа У.Хүрэлсүхийн кабинетыг байгуулах үед намынхаа бүлгийн хурал дээр “Би сайд болъё. Залуу хүнийг та бүхэн дэмжээч” гэж гуйж байсан гэдэг.

Оноо

Н.Цэрэнбат сайдад хамаарах дараагийн асуудал аялал жуулчлал. Аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс долоон аймгийн нисэх онгоцны буудлыг олон улсын зэрэглэлд хүргэхээ Н.Цэрэнбат сайд хэлж, 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээж авах зорилттой байгаагаа илэрхийлсэн. Үе үеийн сайд нарын хэлдэг, ярьдаг цаасан дээр үлддэг ажил. Үнэн хэрэгтээ нэг сая жуулчин хүлээж авах материаллаг бааз, орчин нөхцөл манайд бүрдсэн үү гээд үзэхэд учир дутагдалтай. Гэхдээ тэр энэ ажлыг хэрхэн урагшлуулахыг засаглаж байсан он жилүүдэд нь харах үлдлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын яам бэлгийн яам байдаг, бодлого гэхээсээ илүү аргацаасан маягтай ажил явдаг нь өөрчлөгдөх үү?

Сайд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Герман, Испани гэх зэрэг улсад хуралд оролцжээ. Германд оролцсон хурлынхаа талаар тэрээр “Берлинд болсон үзэсгэлэнд Монгол Улс сүүлийн 14 жилийн турш оролцож байна. Гэтэл бидэнтэй хамт энэ үзэсгэлэнд ороод явж байсан улсуудын аялал жуулчлалын салбар сайн хөгжсөн байна. Тиймээс жуулчин хүлээж авах аялал жуулчлалын маршрутыг яамнаас боловсруулна” хэмээн ярьжээ. Тэр зургадугаар сард энэ хөтөлбөрөө батлуулсан. Одоо хэрэгжих дутуу үлдээд байгаа юм. Амлалтаа ажил болгоно гэвэл энийг нь л ОНОО гэж үзэж болох юм даа. Өөр гавьтай юм үнэндээ Н.Цэрэнбатад алга.
Аан нээрэн, тэрээр Богд уултай холбоотой 2-3 зөвшөөрлийг цуцалсан гэсэн шүү.

Алдаа

Төрийн ордонд хийсэн мэдээллийнхээ үеэр “Бид зуух тараадгаараа тараана. Үүнээс өөр хувилбар байхгүй” хэмээж гүйцэтгэх засаглалынхаа тэргүүний уур ундууцлыг төрүүлж, сошиалаар түүнд анхааруулга өгөхөд хүргэсэн. Саяхан даа, утаа буурахгүй байгаа учраас агаарын бохирдлыг бууруулахын тулд шинээр агентлаг байгуулах шаардлагатай гэж хэвлэлээр ярьж, түмэн амьтны уур хилэнг хүргэж амжив. Аа тийм, утаа ихэссэн ч хорт үзүүлэлт нь багассан гэдгийг Монгол Улсын байгаль орчныг хамгаалах сайд маань мэдэгдчихээд байгаа.

Удахгүй утааны улирал эхэллээ. Засгийн газраас ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Үүний оронд утаагүй түлш, зуух тарааж, худалдахаар болсон ч яндангийн тоог бууруулахгүйгээр утаанаас ангижрана гэдэг мянгуужингийн үлгэр.

Ширүүн далайлт, зөөлөн буулт

Сайд уу, саад уу?Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

Ц.Нямдорж бол ямагт ялагчийн дүртэй байж чаддаг улстөрч. Энэ чадвараараа түүнтэй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж л дөхөж очиж магад. У.Хүрэлсүхийн кабинетэд ч тэрээр мөн л ялагчийн дүртэй орж ирсэн.

Харамсалтай нь түүний далайлт, сүржин мэдэгдлүүдийн мөрөөр өрнөсөн ажил тийм ч далайцтай байж чадсангүй. Ц.Нямдорж сайдын иймэрхүү сүржин эхлэлтэй даржин төгсгөлтэй ажилд монголчууд дасчээ.

Оноо

Эрдэнэтийн 49 хувийн асуудал дээр өнгөрсөн хугацаанд хамгийн их улс төрийн ашиг хонжоо олсон хүн бол Ц.Нямдорж. Ард түмэн ч түүнийг энэ санхүүгийн процессийн цаадахь “но”-г гаргаж тавина хэмээн харж байгаа. Харамсалтай нь өнгөрсөн нэг жилд Засгийн газар “Эрдэнэтийн 49 хувь”-ийг албадлагын маягтай төрд шилжүүлснээр өөрөөр энэ чиглэлд ахиц гараагүй. Гэтэл энэ шийдэл нь Улсын дээд шүүх дээр унаад хэдхэн хонож байна. Чухам л “49 хувийн хэлцэл”-ийн цаана байсан бузар булхайг илчилнэ хэмээн сайдын суудалд очсон Ц.Нямдоржийн хувь улстөрчийн “ОНОО” л нэмэгдсэнээс биш, үнэн байдал мөн л хөшигний цаана үлдлээ.

Алдаа

Ц.Нямдорж сайдын зүтгэлээр ТЕГ-ын даргыг сүр дуулиантайхан сольсон. Харамсалтай нь ажлаа өгсөн чекист Б.Хурц БНСУ-д суух амбассадор болсон. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн хавтаст хэргийн ихэнх хэсгийг мөн л дуулиантайгаар нээлттэй болгосон. Гэхдээ хуулийн багахаан мэдлэгтэй ямар ч хүн хэрэв хэрэгт ямар нэг талаар хамаатай л биш бол тэр хавтаст хэрэгтэй чөлөөтэй танилцах боломжгүй, тэр нь хуулиар хязгаарладдагийг мэднэ. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл хэргийн хавтаст хэргээс нэмж дэлгэсэн нэг ч хэвлэл, мэдээлэл байхгүй байгаа. Гэхдээ энэ бүхнийг Ц.Нямдорж гуай мэдэж байсан.

Түүний албан хэрэгцээндээ хэсэгхэн ашигласан машины талаар хэсэг шуугисан ч, энэ нь Ц.Нямдорж шиг улстөрчийн хувьд хэтэрхий жижигхэн бор шувуу. Харин нийслэлийн прокурор Г.Бясмангийн хийсэн “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд хамтарч Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж, нэр бүхий сэтгүүлч хувь хүнийг тагнаж, чагнасан хэрэгт Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” хэмээх мэдэгдэл жинхэнэ “бөмбөг” байв. Харин эрхэм сайд энэ мэдээлэлд, “Би ямар ч сэтгүүлчийг тагнаж чагнах үүрэг өгөөгүй. Есөн сэтгүүлчийг тагнаж, чагнасан л гэнэ. Нэг сэтгүүлчийн машины дугуйг буудсан л гэнэ. Та нар намайг тагнадаг болохоос би сэтгүүлчдийг тагнаж байсан тохиолдол миний амьдралд байхгүй” хэмээх хариулт өгч байв. Энэ асуудал одоо ч нээлттэй, хариултаа хүлээсээр байгааг санах хэрэгтэй.

Популист яамны антипопулист сайд

Сайд уу, саад уу?Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, УИХ-ын гишүүн С.Чинзориг

МАН-аас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдыг тодруулах болгонд С.Чинзоригийн нэр яригддаг.

Хоёр бүрэн эрхийн хугацаа буюу 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар ажилласан, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт богинохон хугацаанд Хөдөлмөрийн сайдаар ажилласан тэрээр энэ удаад ч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байна. Улс төрийн хүрээнд түүнийг гавьяа ч байгуулдаггүй, гай ч тарьдаггүй хүн гэж дүгнэх нь бий. Хүлцэнгүй, даруухан, зөвхөн өмнөх ажлаа л хийдэг нь ингэж дүгнэхэд хүргэсэн болов уу. Тэрээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ л жишгээрээ ажилласан. Хамгийн сүүлд нэг гавъяа байгуулсныг олон нийт төдийлөн анзааралгүй өнгөрчих шиг боллоо. Энэ бол багш нарын ажил хаялтыг зогсоосон явдал юм. С.Чинзориг сайд дангаараа шийдээд зогсоогоогүй ч түүний оролцоо их байлаа. Салбарын сайд нь ам нээх бүртээ алдаа гаргаж, асуудлыг улам хурцдуулчих гээд байсан багш нарын ажил хаялтыг С.Чинзориг сайд багагүй хугацаа алдсаны дараа ч гэсэн амжилттай шийдчих шиг боллоо. Тэрээр энэ сарын 12-нд Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Багш нарын ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзаж, цалин нэмүүлэх асуудлаар тавьсан шаардлагынх нь хариуг товч бөгөөд тодорхой өгсөн. МҮОНТ-ийн хэлэлцүүлэгт оролцохдоо эдийн засгийн нөхцөл байдлыг ажил хаялт зохион байгуулсан багш нарт ойлгомжтойгоор тайлбарласан.

Товчхондоо асуудлыг шийдэхдээ хэн нэгнийг буруутгах бус ойлгомжтой тайлбарлаад ойлголцоход л болдгийг тэрээр харуулсан. Засгийн газар ч С.Чинзориг сайдын багш нарт өгсөн албан ёсны хариултын дагуу асуудлыг шийдвэрлэж цалингийн доод жишгийг 2014 онд шинэчлэн тогтооход үүссэн 4.3 хувийн зөрүүг арилгахад зориулж 14.5 тэрбум төгрөг зарцуулахаар болсноор ажил хаялт зогссон юм.

Оноо

С.Чинзориг сайдын сүүлийн нэг жилд хийсэн ажлын ололтыг нэрлэх гэсэн боловч дээр дурдсан багш нарын ажил хаялтыг зогсоосноос өөр зүйл олдсонгүй. Ц.Цогзолмаа сайдыг салбарынхантайгаа учраа олохыг хүлээсэн бол 2019 оны төсөв батлагдаж багш нарын цалингийн нэмэгдэл албан ёсоор шийдэгттэл ажил хаялт үргэлжлэх байсан ч юм бил үү. Ямартай ч С.Чинзориг сайд нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт олон жил ажиллаж мэргэшсэн хүн гэдгээ харуулан Засгийн газрынхаа өмнө тулгамдсан томоохон бэрхшээлийг зохицууллаа.

Алдаа

С.Чинзориг сайдын алдаа бол хэтэрхий хүлцэнгүй, хийсэн ажлаа сурталчилдаггүй байдал. 2012 оны сонгуулиар ялалт байгуулсан гэдэг ч эрхийнхээ төлөө тэмцэхгүй явсаар тангараг өргөж чадаагүй. Уг нь МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт багтсан томоохон зорилтууд болох Цалинтай ээж хөтөлбөр, өрх толгойлсон эцэг, эхэд 240 мянган төгрөг олгох, малчдын тэтгэвэрийн насыг багасгах зэрэг хуулийг УИХ-аар батлуулсан гол автор нь С.Чинзориг гишүүн. Харин сайд болсноосоо хойш бодитой хийсэн ажил байгаа бол түүнийгээ танилцуулах нь зөв. Энэ нь өөрт нь болоод Засгийн газарт ч хэрэгтэй. Гэвч С.Чинзориг сайдад ийм самбаа алга.

Урсдагаараа л урсах улсын ажил

Сайд уу, саад уу?Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Н.Энхболд

Улс төрд шуугиан таригч байх нь хэзээд ашигтай. Гэхдээ улс төрд нам жим байж сурах ч бас өөрийн ашиг тустай. Энэ ашиг шимийг хүртсэн шиг хүртэж яваа хүн бол туршлагатай парламентч, МАН-ын энэ удаагийн Засгийн газрын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мөн.

Батлан хамгаалахын салбар бол ажил нь урсдагаараа урсаад, офицеруудын тушаал дор оршиж байдаг салбар. Өмнөх сайд Б.Бат-Эрдэний үед салбарын суурь хууль нь шинэчлэгдэн батлагдаад, тэр хуулиа ёслол төгөлдөр хүлээгээд авчихсан болохоор бодлогын төвшинд ч үнэндээ хийх ажил бага.

Оноо

Батлан хамгаалахын шинэ сайдын ажил оны босгон дээр Баруун хязгаарын цэргийн ангиудтай танилцсанаар эхэлсэн. Энэ үеэр тэр цэргийн ангиудын зэвсэглэлийн хоцрогдлын талаар хөндөж, энэ асуудалд төрийн анхаарал хандуулах нь өөрийн ажлын гол зорилгуудын нэг гэдгийг хэлсэн. Сайдын энэ байр суурь Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн гадаад дахь, ялангуяа ОХУ-д хийсэн айлчлалын үеэр ажил хэрэг болох шатандаа орсон. Мөн тэрээр Оросын армийн 100 жилийн ойд хүрэлцэн очиж оролцох үеэрээ ч Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай ойлголцолд хүрснийг албан мэдээнд дурджээ.

Гуравдугаар сарын сүүлээр Энэтхэг улсад айлчлах үеэрээ Монгол Улсын Батлан хамгаалах яаманд Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь цахим технологийн дэлхийн их гүрний туршлагыг Монголын зэвсэгт хүчинд нэвтрүүлэх үүдийг нээсэн.

Алдаа

Монголын арми гэгээнтэнтэй болж буй тухай шуугианд Н.Энхболд сайд, “Монгол Улсын бүх цэргийн хэрэг эрхлэх газрын гэгээнтэн гэж тэр хүнийг өргөмжилж бичсэн байна лээ. Түүнийг хамт явсан хүмүүс нь ингэж бичсэн үү, эсвэл өөрөө өөрийгөө цоллосон уу гэдгийг мэдэхгүй юм. Батлан хамгаалах яам ямар нэгэн тушаал шийдвэр гаргасан асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Юун яасан цэргийн гэгээнтэн” хэмээн няцаалт хийж байжээ.

Нийтлэлч Баабар зургадугаар сард нийтлүүлсэн “ЯАГААД ГЭНЭТ ШХАБ-Д ЭЛСЭХЭЭР БОЛОВ?” нийтлэлдээ, ОХУ-ын албан мэдэгдлээс эшлэн “Монгол Улс Оросоос Т-90А танк, БТР-80, БМП-2 хуягтууд, Зенит пуужингийн хосолмол С-300 “Фаворит”, цэргийн нисдэг тэрэг РЛС, Олон зориулалттай дөрөвдүгээр үеийн сөнөөгч онгоц Су-27-ийг 12 ширхгийг тус тус авахаар болж” буйг өгүүлсэн. Энэ талаар Батлан хамгаалах яам харин тухайлсан мэдэгдэл хийлгүй өдийг хүрээд буй. Хар сэр төрүүлэх энэ нам жим байдал нь л магадгүй Н.Энхболдын 1 жилийн дотор гаргасан ганц алдаа байж мэдэх юм.

Байгаа, үгүй нь мэдэгдэхгүй САЙД

Сайд уу, саад уу?Барилга, хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн Х.Баделхан

Ур чадвар, туршлага гэхээсээ илүү үндэстний цөөнхийн төлөөлөл болгон Х.Баделхан гишүүнийг Барилга, хот байгуулалтын сайдаар томилсон. Барилга, хот байгуулалт бол том салбар. Засгийн газар танхимын зарчмаар шийдвэр гаргадаг ч салбарын сайдын хичээл зүтгэл юу юунаас илүү чухал.

Барилга хот, байгуулалтын сайдаас иргэдийн хамгийн их хүсдэг зүйл бол ипотекийн зээл. Харамсалтай нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд Х.Баделхан сайд Ипотекийн зээлийн хөтөлбөрт томоохон өөрчлөлт, шинэчлэлт хийсэнгүй. Бүхнийг урсгалд нь тавьсан.

Монгол Улсад суугаа Элчин сайд нар манай сайд нартай тухайн яаманд нь ирж уулздаг. Гэвч Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан БНХАУ-ын Элчин сайд Шинь Хаймин, Кувейтийн Элчин сайд Халид Яатийм Аль-фадли нартай Элчин сайдын яамны байранд нь очиж уулзаж эрэмбээ алдсан удаа бий. Дээрээс нь уулзаад ярьсан зүйлс нь Монгол Улсыг тус хоёр орны өмнө хөөрхийлөлтэй харагдуулж байгаа юм. Жижиг орны том салбарын сайдын зовлон гэдэг чухам энэ байх. Учир нь, БНХАУ-ын Элчин сайдтай уулзаад тус улсаас олгох буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжид зарцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол Кувейтийн Элчин сайдтай уулзахдаа Хан-Уул дүүргийн ХХ хорооны нутаг дэвсгэрт барихаар төлөвлөж буй иргэдийн худалдан авах чадварт нийцсэн 4320 айлын орон сууцны иж бүрэн хорооллын барилгыг буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх хүсэлтийг айлын талд тавьсан.

Оноо

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханы өнгөрсөн нэг жилийн ололт амжилт, оноо гээд нэрлэчих зүйл олдсонгүй. Харин төрсөн нутаг Баян-Өлгий аймагт нь энэ зун усархаг бороо орсны улмаас үерт өртөж, орон гэрээ алдсан иргэдэд туслах зорилгоор хувиасаа 20 сая төгрөг хандивлаж сайн үйлс хийжээ.

БНХАУ-ын тусламжтайгаар Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдэхээр ажиллаж байгааг эс тооцвол Барилга, хот байгуулалтын сайдад хамаарах томоохон ажил өнгөрсөн нэг жилийн хугацаанд өрнөсөнгүй.

Алдаа

Сайдын зүгээс салбартаа томоохон бүтээн байгуулалт удирдан эхлүүлээгүй атлаа хувийн хэвшлийн бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа нь энэ гээд алдаа гаргаж шүүмжлэлийн бай болов. Тодруулбал, тэрээр Майдар хотын бүтээн байгуулалттай холбоотойгоор 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлсэн. Тухайн газарт нь нийтдээ 208 иргэн, аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгосон байжээ.
Газрын тухай хуульд заасны дагуу улсын тусгай хэрэгцээнд авсан газрын нөхөн төлбөрийг төсвөөс олгодог. Ийм байтал хувийн хэвшлийн хэрэгжүүлж буй төсөлд зориулан 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан нь Х.Баделхан сайдыг хардах шалтгаан болж байв.

Цацаа цалгиатай дөрөв дэх семестр

Сайд уу, саад уу?Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа

Боловсролын салбар дахь ажил үүрэг нь “Найрамдал” зуслангийн багшаас хэтрээгүй ч, нам олон нийтийн байгууллагад гялалзтал хийсэн карьерийнхаа ачаар хатагтай Ц.Цогзолмаа улс орны хамгийн чухал салбаруудын нэгийг толгойлох болсон билээ.

Түүнийг У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн дуулиан шуугиантай сайд гэвэл хилсдүүлсэн болохгүй. Угаасаа ч хоёр жилд гурав дахь сайдынхаа нүүрийг үзэж, төрийн нарийн бичгийн даргын асуудал шүүх дээр байсаар сар гаруйхны өмнө нэг талдаа гарсан Боловсролын салбарт асуудал чамгүй их байгаа.

Оноо

Боловсрол, спортын салбар бол учиргүй савлаад байдаггүй, сэхээтнүүдийн нуруун дээр зугуухан ч болтугай ямагт урагшилж байдаг салбар. Тэр жамаараа шинэ сайдын нүүрэнд дөрөв дэх семестр нь эхэлж байна.

Засгийн газраас цэцэрлэг, сургуулийн орчинд гар утасны хэрэглээг хязгаарласан нь жижиг ч чухал шийдвэр байв. “Жайка”-тай хамтарч Боловсролын системийг тогтвортой хөгжүүлэх 5-10 жил түүнээс урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулах ажил эхэлсэн гэж байгаа. Энэ ажил нь сайд сайдын нүүрэн дээр суурь бодлогоороо оролддог заншлаар хийж буй ээлжит “самраа” биш байгаасай. Мөн тэрээр саяхан “Сургуулиудад хүүхдүүд багтахгүй байгаа зовлонгоос бид нэг жилийн дараа сална” гэсэн том ам өгсөн. Энэ том амлалт нь бусад амны алдас шиг нь төгсөхгүй гэж найдъя.

Алдаа

Ц.Цогзолмаа сайдын өнгөрсөн хугацаанд гаргасан хамгийн том алдаа бол болчимгүй ч гэмээр юм шиг, дээрэнгүй ч гэмээр юм шиг мэдэгдлүүд нь байв. Өөрөөр хэлбэл тэр өөрөө өөртөө л дэгээ тавьсан гэж хэлж болно. Багш нарын ажил хаялтын сургаар “Өнөөдөр авч байгаа цалинг нь аваад ажиллах хүсэлтэй хүмүүс ч байна” гэсэн мэдэгдэл хийсэн нь татуу цалин, тарчиг амьдралтай дунд сургуулийн багш нарын тэмцэл дээр гал нэмж орхисон. Улмаар хичээлийн шинэ жилийн эхний 10 хоногийн турш хичээл сургууль тасалдахад хүрэв. Ц.Цогзолмаа сайдын бусад амны алдасуудыг тоочвол алд дэлэм урт жагсаалт гарна.

Дээр нь түүний ажлаа авуутаа хийсэн халаа сэлгээнүүд салбарт эсрэг хөдөлгөөн үүсгэсэн. Боловсролын удирлагын системд бугшсан хүнд суртлыг цэгцэлнэ хэмээн шийдэмгий мэдэгдэл хийсэн ч бодит байдал дээр төдий л оносонгүй. Ялангуяа АШУҮИС-ийн захирлыг илт улс төрийн шалтгаанаар халсан нь олон нийтэд тийм ч таатай сэтгэгдэл төрүүлээгүй.

Суудал нь өнцөгдсөн ХҮН

Сайд уу, саад уу?Зам, тээврийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын мэргэжлийн сайд нарын нэг. Анх томилогдох үед нь мэргэжлийн хүн томилогдож байгаад баяртай байна гэх хүн олон байлаа. Өмнө нь тус яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан салбараа мэддэг хүн учраас бусад сайд нар шиг ажилтайгаа танилцах гэж хугацаа алдахгүй гэх зэргээр дэмжсэн хүмүүсийн байр суурь хөвөрсөн. Гэвч энэ салбарын ажил тухайн үеийн хүмүүсийн төсөөлж байсан шиг урагшилсангүй. Тэрээр өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч “Энэ салбарт ирэхдээ олон ажлыг хийж хэрэгжүүлнэ гэж зорьсон. Зорьсон ажлууд маань эхнээсээ УИХ, Засгийн газрын төвшинд шийдэгдээд явж байх үед ажлаа өгөхөд хүрсэн. Хийж эхэлсэн, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудынхаа үр дүнг нь хараагүйдээ жаахан харамсалтай байна” гэсэн юм. Эхлүүлсэн ажлынхаа эцсийн үр дүнг үзэж чадаагүй Ж.Бат-Эрдэнийг мэнгэ нь голлож, суудал нь өнцөгдсөн гэхээс өөр юу гэх билээ.

Оноо

Яаманд нь хүн амины ноцтой хэрэг гарснаас гадна төмөр замын осол гарсантай холбоотойгоор Ж.Бат-Эрдэнэ сайд үүрэг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь зөв үйлдэл болсон. Ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй бол түүний улс төрийн карьер сайдын бүрэн эрхийн хугацаатайгаа хамт дуусах байсныг ч үгүйсгэхгүй. Тиймээс ажлаа өгөх шийдвэр гаргасан нь түүний хувьд хамгийн зөв алхам болсон юм. Товчхондоо энэ шударга шахуу үйлдлээрээ ядаж л Булганы тойрог хавьцаа бүтэн нэртэй үлдэв.

Алдаа

Уг нь Улаанбаатар хоттой авто замаар холбогдоогүй үлдсэн дөрвөн аймгийг холбох, Тавантолгойн төмөр замын асуудлыг шийдэх, шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулах, Дархан-Улаанбаатарын замыг шинэчлэх, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын ажлыг эхлүүлэх гээд хийх ажил нь хамгийн тодорхой сайд байлаа. Гэвч Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулснаас өөр бусад ажлынхаа эцсийн үр дүнг үзсэнгүй, заримынх нь эхлэлийг ч харсангүй.

Ж.Бат-Эрдэнэ Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдохдоо “Нэг ухаантай сайд очоод бүгдийг сайжруулчихна гэж байхгүй. Сайд болон түүний багийн хичээл зүтгэл, харах өнцгөөс бүгд шалтгаална. Дэд сайд, төрийн нарийн, газрын дарга нар ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, юм бүтээе гэсэн бодолтой байх ёстой” хэмээн хэлж байлаа. Гэвч тэрээр багаа ярьсан шигээ бүрдүүлж чадаагүйгээс нь болж яаманд нь хүн амины ноцтой хэрэг гарсан.

Хүлээлтэд дарагдсАН сайд

Сайд уу, саад уу?Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

Биеийн хүч биш оюуны бядаар асуудалд хандсангүй гэж чичлүүлж байгаа хүн бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар. Гэхдээ түүний тэс хөндлөн салбарт ирээд хийсэн зоримог мэдэгдэл, байр сууриуд хүлээлтээс давсан хүлээлт үүсгэснийг дурдах нь зүй.

Д.Сумъяабазарын сайд болоод хийсэн хамгийн тод мөртэй ажил нь Тавантолгойн ордыг гараанаас гаргах төслийг Засгийн газраар дэмжүүлж, УИХ-ын хаврын чуулганы төгсгөлд батлуулсан явдал. Үр дүн нь одоо мэдэгдээгүй учраас сайн, саарын алинаар нь дуудуулахыг таашгүй.

Оноо

Одоогоор иргэн бүрт өгсөн 1072 хувьцааг эргэлтэд оруулах ажлыг идэвхийлэн хийж байгаа хэмээн өөрөө мэдэгдэж буй. 6.4 тэрбум тоннын нөөцтэй “Эрдэнэт”, “Оюутолгой”-н дараа орох бүтээн байгуулалт Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өссөн үед ашигтай хувилбар.

Гэхдээ хаанахын хөрөнгө оруулагчтай хамтрах, зарчмаа яаж тогтох, хэний дүрмээр явах вэ гэдгээс их зүйл хамаарах учир Сумъяа сайд цаашлаад Ухнаагийн Хүрэлсүхийн кабинет, Монгол Улсын хувь заяатай холбоотой асуудал. Ямартай ч тэрээр “Эхлээд хувьцаагаа бүртгэж аваад хөрөнгийн зах зээл дээр гарах бэлтгэл ажлаа хангах ёстой. Үүнд багагүй хугацаа орно. Энэ ондоо багтаах чиглэл өгөөд шахаад ажиллаж байна. Ямар нэгэн байдлаар энэ онд багтаахгүй бол 2019 онд үйл ажиллагаа нь суларна. Тэгэхээр арванхоёрдугаар сарын 31-нд багтаж Хонгконгийн хөрөнгийн бирж дээр гарах боломж бололцоо юу байна тэр бүгдийг шахаж ажиллана” хэмээн ярьжээ. Ирэх намрын чуулганаар Тавантолгойн ордыг хэрхэн эргэлтэд оруулах талаарх хувилбарыг оруулж ирэхээр харагдаж байна.

Баялгийн сангийн тухай хуулийг батлуулж, байгалийн баялагт Норвегийн туршлагаас нутагшуулна гэж байгаа ч Монголын хөрсөнд нутагших эсэх нь бүүдгэр.

Алдаа

Уул уурхайн бүтээгдэхүүн өсөлттэй байгаа энэ үед салбарын яамнаас гадаадын хөрөнгө оруулалт татах, улстөрч бүрийн ярьдаг томоохон төслүүдийг хөдөлгөх их ажил хүлээж байна. Зах зухаас нь урсгалаараа хийж байгаа ч одоогоор нүдэнд харагдаж, гарт баригдсан ажил алга. Түүнийг сайд болсноос хойш шатахууны үнэ 2-3 ч удаа нэмэгдчихлээ. Литр тутамдаа өмнө нь 20-30 төгрөгөөр нэмэгддэг байсан бол энэ удаа 100 гаруй төгрөг өссөн нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, инфляцид нөлөөлж орхив.

У.Хүрэлсүхийн Засгийн газар “Шатахууны үнэ нэмэгдэхгүй” гэх байр суурийг илэрхийлж байсан цаг ард хоцорчээ. Аргаа ядахдаа Дорноговийн Алтанширээд Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавьж байх вэ дээ. Хэдэн ч Засгийн газар ийм шав тавьсан юм бүү мэд, монголчууд тоогоо алдаж байна. Энэ жишгийг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар давтсан, ажил урагшлах уу, байрандаа байх уу гэдэг одоогоор бүдэг бадагдуухан байх.

“Өнөөдөр шатахууны үнэд зохицуулалт хийх барьц нь алга. Бүгдийг нь хувьд шилжүүлсэн. Төр хүчгүйдээд байгаа шалтгаан энэ. Янз бүрийн хүндрэлтэй шалтгаан бий. Гэхдээ төрийн зүгээс үнэ нэмж буй асуудалд хариуцлага тооцно” хэмээн мэдэгдэж байсан сайд маань одоогоор өөр гарц гаргалгаа хэлсэнгүй. Харин өөрөө бол албан тушаалын дээлийг дөмөгхөн шиг давхарлаж, хамгийн сүүлд нийслэлийн МАН-ын дарга болж амжлаа.

Хөгжиж буй ХӨДӨӨ АЖ АХУЙ

Сайд уу, саад уу?Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Б.Батзориг

Буудайн сангийн хэрүүлээс өөрөөр төдийлөн олон нийтийн анхааралд өртдөггүй ч, улс орны гал тогоо, үндэсний аюулгүй байдлын чухал салааг атгаж байдаг хүн бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд.

Сайд нарын ажлын талаар судалж, цахимыг ухахад Б.Батзориг сайдын ажлын мэдээлэл хамгийн ихээр олдож байв. Том салбарын онцлог байж болох ч үүнийг эерэгээр харж болох л үзүүлэлт.

Оноо

Өмнөх сайд нар нь яаж ийгээд л ямар нэг дуулиан шуугианд орооцолддог, хэрүүлийн олон алимтай яамыг нам жимхэн удирдаад яваа нь Б.Батзориг сайдад өгөх гол “очков” байж болох юм. Олон жил ярьсан газар тариалангийн бүс нутгийг зарлах ажлыг Б.Батзориг сайдын нүүрэнд нугалав. Таван сарын дундуур Засгийн газраас аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналыг харгалзан тариалангийн бүс нутгийг тогтоосон.

Үүнээс гадна бас нэгэн чухал ажил нь “Малын удмын сангийн үндэсний цогцолбор”. Энэ цогцолборт эрдэмтэн, судлаачид туршилт-судалгаа хийх, мэргэжлийн зохиомол хээлтүүлгийн техникчид үржүүлгийн бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын дагуу үйлдвэрлэж, малчдад нийлүүлэх юм. Үйлдвэрлэгчдийг баяжуулсан хүнс үйлдвэрлэхэд чиглүүлсэн Баяжуулсан хүнсний тухай хуулийг УИХ-ын гишүүний хувиар мөн хамтран боловсруулж батлуулжээ. Сум дүүрэгт мал эмнэлгийн тасагтай болох шийдвэр, улсын хэмжээнд тариалалт 1.8 дахин нэмэгдсэн зэрэг энэ салбарт гарсан эерэг өөрчлөлтүүдийг жагсаавал чамгүй цаас орно. Үүнд салбарын сайдын манлайлал ч бий байх, ер нь хөдөө аж ахуй Монголд сэргэж, хөгжиж буйн илрэл ч байх.

Алдаа

Ажлаа авахтай нь зэрэгцээд яамнаас нь УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэх асуудал удаашралтай байгаа нь, ер нь малын эрүүл мэндийн асуудал Б.Батзориг сайдыг өөлөх ганц том шалтаг болж болох юм. Өнгөрсөн зургадугаар сард Архангай, Өвөрхангай аймагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс улбаалаад ахиад л өнөөх “вакцины мафи”-ийн талаар шүүмжлэл явж эхэлсэн. Шинээр байгуулагдсан Мал эмнэлгийн ерөнхий газар хэмээх агентлаг энэ асуудалд шийдтэй хариу өгөх цаг болсон.
Унгар улсын 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Биокомбинатыг өргөтгөх ажил бол олон Засгийн газар дамнан яригдаж байж нэг тийш болж буй асуудал.

“Ёс зүйн хариуцлага” хүлээх ёстой сайд

Сайд уу, саад уу?Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Оюутолгойн гэрээтэй улс төрийн бүхий л замналынхаа турш тэмцэж яваа гэх Ц.Даваасүрэн сайд өнгөрсөн нэг жилийн турш Эрчим хүчний сайдын ажлыг хавсран гүйцэтгэлээ. Чингэхдээ тэрээр улс орны амьдралд нэн чухал дэд бүтцийн асуудалд биш, “Рио Тинто” хэмээх компанитай “тар түр” хийх ажилд илүүтэй цаг зарсныг сонингийн хуудас, цахим орчинд үлдсэн мэдээллээс бэлээхнээ харж болно.

Оноо

Эрчим хүчний яамны урсгал ажил хийгддэгээрээ хийгдэж, өвлийн бэлтгэл хангагддагаараа хангагдсаар нэгэн жилийг тойрчээ. Харин энэ салбар сайдаас шалтгаалан өөрчлөгдсөн, өөдлөн дэвжсэн зүйлээр маруухан байна.

Зуухнаас агаарт ялгарч буй бохирдлыг 80 хувь бууруулах сайжруулсан түлшний үйлдвэрийн төслийг Эрчим хүчний яам хэрэгжүүлж буй. Нийслэлийн болон улсын хэмжээнд түлшний шинэ соёл, хэрэглээг нэвтрүүлэх зорилготой энэ төслийн эхний Улсын үйлдвэрийн газрыг энэ зун байгуулж ашиглалтад орно гэж Ц.Даваасүрэн сайд мэдэгдсэн. Гэхдээ одоогоор ашиглалтад ороогүй буй уг үйлдвэр Тавантолгойн угаасан нүүрсний үлдэгдэл буюу коксжсон нүүрсэн дээр түшиглэж шахмал түлш үйлдвэрлэх зорилготой.

Алдаа

Дарга С.Анхбаяр нь шүүхээр таслуулж 2 жил хоригдох ял хүлээсэн “ДЦС-4” дээр гарсан эвдрэл манай эрчим хүчинд бугшаад байгаа асуудлыг ил болгосон. Салбарын сайд нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний “2017 он гэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрээс эрчим хүчээ авах ёстой” гэсэн заалтыг мөрдүүлэхийг шаардах тэмцэлдээ гол анхаарлаа хандуулах зуур, улсын ажил ямархуу явж байсныг нийслэл бүхлээрээ тоггүй болсон нэг өдөр харуулав. Харин Ц.Даваасүрэн сайд “Хариуцлага хүлээ гэвэл хүлээж болно” хэмээн гүрийж сууна.

Дайны хажуугаар дажин гэгчээр АТГ-аас Эрчим хүчний яамны удирдлагууд тус салбарт зарласан 5.8 тэрбумын тендерийг хувьдаа завшсан, хувийн компаниудад давуу эрх олгосон байж болзошгүй гэх мэдээлэл хийв. Харин салбарын сайд нь бас л уг асуудалд огтоос хамаагүй хэмээн мэлзэж суугаа. Хариуцсан яаманд нь томоохон мөнгөн дүн бүхий тендер ийм сэжигтэй байдлаар шийдэгдэж байхад нөхөр сайд хаана явсан бэ гэдэг асуулт эндээс эрхгүй ургана.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын бас нэгэн гишүүн Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон дэд сайд Б.Цогтгэрэл нар яаман дээр нь болсон хэргээс болж ёс зүйн хариуцлага хүлээсэн. Энэ жишгээр бол эрчим хүчний тасалдал, яамыг нь тойрсон авлигын дуулианы “ёс зүйн хариуцлага”-ыг Ц.Даваасүрэн сайд мөдхөн хүлээх биз ээ. Тэгэхгүй бол кабинетаа хөлдөө чирэх ч юм бил үү?

Эрүүл мэндийн “яамны сайд”

Сайд уу, саад уу?Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл

Түүнийг ажлаа авах үед мэргэжлийн бус хүн Монголын эрүүл мэндийн салбарыг удирдлаа гэж олон нийт их л ам муутай байсан. Гэхдээ хийж, эхлүүлсэн ажлыг нь хараад боломжийн гэх үнэлгээг ч зарим хүн өгч байх.

Өнгөрсөн хавар эрүүл мэндийн ажилтнууд нийтээрээ ажил хаяж, цалингаа нэмүүлэхийг шаардав. Төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэхээр болж, “гал”-ыг намжаасан ч сав л хийвэл эмч нар ажил хаячих гээд сайд айдастай байгаа. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрыг салгаж, туурга тусгаарлан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг яамны харьяанд аваачсан. Энэ нь эхнэр нь талх барьчихаад нөхөртөө зарах гэж байгаатай адил явдал болсон хэмээн эрүүл мэндийн салбарынхан шүүмжлэлтэй хандаж байх.

Оноо

Монголчууд элэгний өвчлөлөөр дэлхийд дээгүүр ордог. Тиймээс элэгний В, С вирусийг эрт үед нь оношилж, эмчлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Вирустай иргэдийг эмчлэх эмийг хөнгөлөлттэй нөхцөлөөр өгч эхэлсэн нь олон хүний талархлыг хүлээж байна. Мөн Засгийн газраар “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг батлуулсан.

Тэрээр “Шүд цоорох өвчин хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолдож олон өвчлөлийн суурь болж байгааг эмч мэргэжилтнүүд тогтоосон. Тиймээс 2019 оноос эхлэн таван жилийн хугацаатай хөтөлбөрийн 50 тэрбум төгрөгт багтаан хэрэгжүүлэхээр тогтлоо. Хөтөлбөрт 2-12 насны 725 мянган хүүхдийн хамруулахаар төлөвлөж байна. Үүний үр дүнд 2022 он гэхэд бага насны хүүхдүүдээ шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ” хэмээв.

Алдаа

Эрүүл мэндийн салбар айхтар сайжирсан зүйлгүй ч гольдрилоороо явж байна. Хүн ам өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа нийслэл хотод эмнэлгийн очер дарааллаас болж иргэд тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа. Социализмаас хойш шинээр эмнэлэг барьж ашиглалтад оруулаагүй учраас 100 мянган хүн амтай байхад үйлчилдэг байсан эмнэлэгт өдгөө давхардсан тоогоор 400 гаруй мянган хүн үйлчлүүлж байна. Энэ зөвхөн нэг дүүргийн эмнэлгийн жишээ. Эмнэлэг барья гэхээр газар байхгүй гэх ам тагласан хариулт үе үеийн сайд нар хэлсээр ирсэн. Д.Сарангэрэл сайдын үед ч Баянгол дүүрэгт ахмадын эмнэлэг, хаа нэг сувилал ашиглалтад орсныг эс тооцвол ямар нэг байшин ашиглалтад орох нь бүү хэл шав ч тавиагүй байна.

Д.Сарангэрэл сайдыг томилогдсоноосоо хойш халаа сэлгээ хийсэн гэх мэдээ гарах болсон. Хамгийн сүүлд АТГ-аас хүүгийнхээ найз, туслах хоёроо хэлтсийн дарга, мэргэжилтнээр томилсон гэх мэдээллийг өгсөн. Хүүгийнх нь найз биш ч хоёр хүнийг ажилд томилсон гэдгээ сайд хэвлэлээр хэлсэн байна лээ. Хувийн эмнэлгүүдийг цэгцлэх болов уу гэсэн хүлээлт олон нийтийн дунд байсан ч Д.Сарангэрэл сайд одоогоор эмх цэгцэнд нь оруулаагүй л байна. Манай улсад 2017 оны байдлаар эрүүл мэндийн 4005 байгууллага байгаагийн 1618 нь, 1226 хувийн эмнэлгийн 185 нь эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авдаг баримт байгаа юм. Очер дараалал багатайгаар нь хувийн эмнэлэгт даатгалаар үзүүлье гэхэд аль нэг шинжилгээ, үзлэгийг төлбөрөө төлж үзүүл гэдэг. Хэвтэн эмчлүүлэх, сувилалд явахаар бол эрүүл мэндийн даатгалаас тодорхой хувийг нь төлөх дүрэм журам хувийн эмнэлэгт үйлчилж байна. Нэгэнт л тодорхой хэмжээний санхүүжилт авч байгаа тохиолдолд үйлчилгээг улсын эмнэлэгтэй адил жигд үзүүлдэг болох ёстой. Энэ шинэчлэлийг хийж чадвал Д.Сарангэрэл сайдад нэмэх оноо өгмөөр байна. Даанч…

EAGLE.mn


URL:

Сэтгэгдэл бичих