“ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОН”-Д “ХАР ЧИНГИС” ХУДАЛДАЖ БАЙНА
Хоёр нөхөр тааралдаад нэг нь нөгөөдөө “Хөгшин чинь өчигдөр Тусгаар тогтнолын ордноос “Хар Чингис” худалдаж аваад, хоёр найзтайгаа хувааж уусан чинь тасарч балрах шахсан байна” гээд яривал ямар сонсогдох вэ. Эсвэл хоёр хүүхэн тааралдаад “Сая Тусгаар тогтнолын ордонд орж хоёр бууз идэж, аяга аарц уучихаад, гарахдаа талх, хэдэн кило төмс авлаа” гэж ярьж байвал яах вэ. Эвтэйхэн сонсогдохгүй нь лавтай. Тусгаар тогтнол гэдэг үгийн утга жинхэнэ гутна биз дээ. Одоо Тусгаар тогтнолын ордон буюу МАН-ын байр яг ийм байдалтай болчихоод байна. Өчигдөр “Тусгаар тогнолын ордон” хэмээн нэрлэгдсэн МАН-ын шинэ байраар орлоо. Үүднээс нь харахад, ордон ч сайхан болжээ. Миний татварт төлсөн мөнгөнөөс бага ч болов нэмэр энд орсон гэж бодохоор нэг л сайхан. Гэртээ л орж байгаа юм шиг, энэ миний ч юм, ард түмний ч юм гэж бодохоор цаанаа л сайхан.
Дулаан орохоор үүдээ чимэглэх гэж байгаа бололтой усан оргилуур хийхээр бэлтгэсэн байна. Мөн гэрэлтүүлгийн утаснууд энд тэнд цухайсан харагдсан. Бодвол гэрэл суулгах гэж байгаа бололтой. Шатны хажуугаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд явах зам тавьчихаж, овоо доо. Муулаад л байсан бас ч гэж хөөрхий. Ийн бодсоор ордны хаалгыг татав.
Үүдэнд 4-5 хамгаалагч зогсчихсон, орж ирж байгаа хүмүүсийг хаашаа явж, хэнтэй уулзах гэж байгааг асууж байна. Надаас ч бас хаашаа орох гэж байгаа, хэнтэй уулзахыг минь шалгаав. Манайх, минийх гэсэн бодол толгойд зурсхийсэн ч үүдний хаалган дээр “Төрийн банк нэгдүгээр давхрын зүүн жигүүрт” гэсэн бичиг хадсан байхыг харсан болохоор “Төрийн банк орно” гэж хэлээд хамгаалагчдаас арай гэж мултрав. Тэр зуур нэгдүгээр давхрыг жаахан сонирхов. Баруун жигүүрт нь “Coffee shop” харагдсан. Харин зүүн жигүүрт нь “Төрийн банк” төвхнөөд амжжээ. Өөр онцын зүйл байсангүй. Засварын ажил ид үргэлжилж байгаа бололтой юм. Ариун цэврийн өрөөнүүдээ ч гүйцэд янзлаагүй байна. Харин нэгдүгээр давхарт “Зүүн жигүүрийн есдүгээр давхарт цайны газар ажиллаж байна, “Оргил” худалдааны төв рүү орох бол хойд хаалгаар орно уу” гэсэн бичиг энд тэндгүй хадчихаж. Зурагтаар “Оргил” худалдааны төв “Тусгаар тогтнолын ордон”-д шинэ салбараа нээсэн гэж сурталчлаад байхаар нь итгэж ядаад байсан чинь үнэн бололтой.
Нэгдүгээр давхарт үзэх юм бага болохоор доошоо бууж, хонгилын давхруудыг сонирхов. Энэ давхрыг “Оргил” худалдааны төв тэр чигээр нь эзэлсэн байх юм. Харин “Оргил”-ын доод давхар нь машины зогсоол юм байна.
Энэ зогсоолд 100 машин багтана гэсэн. Бас л машин зогсоож, мөнгө олох зорилготой бололтой юм. МАН шинэ байраа 14.6 тэрбум төгрөгөөр барьсан. Тэгэхдээ төрөөс 11 тэрбум төгрөг авсан. Төрөөс ч юу байхав, ард түмний халааснаас гэвэл илүү онох байх. Үлдсэнийг нь гишүүд, дэмжигчдээсээ цуглуулсан юм гэсэн. Жишээ нь, “МАК”-ын Н.Нямтайшир ордны барилгад зориулж тэрбум төгрөг хандивласан гэсэн. МАХН-ын дарга Н.Энхбаяр ч нэгэнтээ “Н.Нямтайширын хандивласан мөнгө “но” ихтэй. Түүнийг шалгуулах хэрэгтэй” гэх маягийн юм ярьж байсан удаатай. Тусгаар тогтнолын ордон их мөнгөөр боссон юм гэсэндээ гялайж гялтайх юм ихтэй байна лээ. Ордныг барихад зарцуулсан хөрөнгөө түрээсийн мөнгөөр нөхөх зорилготой нь илт. Түрээсийн мөнгөөр зардлаа нөхнө гэдгийг төрд 11 тэрбум төгрөг эргүүлж өгнө гэж ойлгож болох юм билээ. Нэг их удалгүй монголчууд МАН-аас 11 тэрбум төгрөгөө нэхэж болно, тэр үед гудийхгүй гаргаад өгчих юм байгаа биз гэх атаархал төрж байхыг яана. Ямар ч байсан хонгилын давхруудаасаа МАН-ынхан сардаа л хэдэн арван саяар тоологдох мөнгө олох бололтой. Хасах хоёр буюу хонгилын давхрын зогсоол нэгэнт бэлэн болчихсон байсан бол хасах нэгдүгээр давхарт засварын ажил хийгдэж байна. “Оргил” худалдааны төвийн хажуугаар элдэв оффис байрлах бололтой. Хонгилын давхруудыг сонирхсоны дараа харуулуудаас нуугдан байж зүүн жигүүрийн шатаар хоёрдугаар давхар руу гарлаа. Хоёрдугаар давхарт бас тэгж сонирхоод байх онц гойд зүйл алга. Оффисын зориулалттай хэдэн өрөө байгаа ч орсон байгууллага алга. Ерөөсөө 2-4 давхар хүртэл баруун, зүүн жигүүртээ оффисын өрөөнүүд л байна. 5, 6 давхарт мөн л оффисын зориулалттай өрөөнүүд дүүрэн. Засвар хийж байгаа хүмүүс ч их байна. Харин гол танхим нь долоон давхраас дээшээ есөн давхар хүртэл байрлах аж. Бүхэл бүтэн гурван давхрыг эзэгнэсэн хурлын танхим хоёр бельтажтай юм билээ. Бодвол хүндэт зочид зургаан, долоон давхрын бельтажид суух зориулалттай бололтой юм.
7, 8 дугаар давхрын гол танхимын үүдэнд чамин хээтэй, шаргал өнгөтэй хивс дэвссэн байсан. Мөн хана нь тэр чигтээ цонх бөгөөд төв зам руу харж зогсоход тааламжтай мэдрэмж төрөхийг яана. Давхар болгонд камер суурилуулсан, түүгээрээ тамхичдыг илрүүлэх зорилготой юм байх. Давхар болгоны ханан дээр “Тамхи татахыг хориглоно. Камер ажиллаж байна. Хэрвээ тамхи татвал хатуу хариуцлага тооцно” гэсэн бичиг хадсан байх юм. Өрөөнүүдийнх нь хаалга бүгд мод, бариул нь хүрэн шаргал өнгөтэй бөгөөд хүрэлдсэн аж. Тиймэрхүү бариул ширхэг нь 10 мянган төгрөгөөс хямд байна гэж байхгүй нь тодорхой. Харин гэрэлтүүлгийг нь авсаархан шийджээ. Нэг их гоё ганган, болор гэрлийн бүрхүүл алга. Шатаар өгсөх замыг гэрэлтүүлэх зорилгоор хананд нь шилэн аяга хэлбэрийн гэрлэн бүрхүүлтэй чийдэн тавьсан байсан. Гол танхим, жигүүрийн коридорын гэрлүүд ч гэсэн энгийн байсан. Харин 1-4 дүгээр давхрыг гийгүүлэх гэрлийн бүрхүүл нь тэр чигтээ болор унжлага аж. Болор унжлагын үнийг төсөөлөхөд ч бэрх биз. Зөвхөн айлынх нь 1 сая элбэг хүрдэг юм чинь тэр болор унжлага “аймаар үнэтэй” байх шүү. Хурлын танхим хавиар энэ мэтийг сонирхсоор есдүгээр давхарт гарлаа. Гол танхим орох хаалга нь цоожтой байна. Бодвол хүндэт зочдын бельтаж руу ордог хаалга учраас тэр юм байлгүй.
Дөнгөж хажуу тийшээ эргээд нэлээд хэдэн байгууллага өрөө түрээсэлж байгаа бололтой. Мөн цайны газар байрлажээ. Дахин сануулахад, энэ зөвхөн зүүн жигүүр. Цайны газарт нь орж, хоолны үнэ, амтыг нь шалгалаа. Үнэ нь яг л оффисын ажилтай хүмүүст зориулагдсан, хямд юм. Амт нь ч гэсэн дажгүй. Ширээ, сандал нь суухад тохитой юм билээ. Аяга аарц ууж, хэдэн бууз идэнгээ эргэн тойрны хүмүүсийг сонирхож суув. Энэ цайны газарт Тусгаар тогтнолын ордонд байрлаж байгаа хүмүүс хоол иддэг бололтой. Мөн МАН-ын хурган дарга нар бололтой гэдэс хавиараа бүдүүрсэн нөхдүүд орж ирж, жигнэсэн гурилтай шөл захиалангаа утсаар хэн нэгнийг загнах нь “хошин шог” гэлтэй. Бяцхан ундалж аваад цайны газраас гарлаа. Өгсөхдөө зүүн жигүүрийг шударсан болохоор буцахдаа баруун жигүүрээр уруудав. Наймдугаар давхраас эхлээд зургаан давхар хүртэл буув. Учир нь 7, 8 давхарт гол танхимаас өөр зүйл байхгүй болохоор тэр. Харин зургадугаар давхарт шилэн хаалгаар тусгаарласан том танхим байна. Тэнд Д.Сүхбаатар, В.И.Ленин нарын хөрөг зураг байна. Мөн тухайн үеийн үзэл суртлыг харуулсан том том уран зураг хана налаастай байгаа харагдсан. Бодвол тэнд “Тусгаар тогтнолын музей” байрлах бололтой юм. Музей нь ирэх оны гуравдугаар сард нээлтээ хийнэ гэсэн. Бас л том том оффисын өрөөнүүд байна. Тэнд МАН-ын удирдлагууд байрлах юм гэсэн. Ерөөс баруун жигүүрийн тавдугаар давхраас есдүгээр давхар хүртэл МАН-ынхан байрлаж, үйл ажиллагаагаа явуулах юм билээ. Намын удирлагууд, НАМЗХ буюу намын дэргэдэх залуучуудын байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллага нь ч энд байна. Мөн намын төв хэвлэл болох “Үнэн” сонин ч энэ байранд редакциа төвхнүүлэх юм гэсэн. Зургадугаар давхарт байгаа зурагнуудыг харахад МАН бүх зүйлээ шинэчилж чадаагүй, өнөөх Ленин, социализмаа музейд хадгалах гэж байгааг харж болохоор. Эсвэл музейд тавихгүй МАН-ын дарга нарын өрөөний ханыг ч чимж магадгүй байх. Бүр өөрөөр бодоод үзье. Нэгэнт байраа, нэрээ сольсон болохоор Ленин, Сүхбаатар, социализмыг дүрсэлсэн зургуудыг зүгээр л хаа нэг газар хадгалах гэж байж болох. Арай ч шатаахгүй байлгүй. Баруун жигүүрээр уруудсаар нэгдүгээр давхарт буухад хэд хэдэн байгууллага өрөө түрээсэлсэн нь харагдсан.
Ард түмний, бас миний мөнгөөр боссон ордон нэг иймэрхүү янзтай. Зөвхөн нэг нам өөрийн харьяа байгууллага, хурлын том танхим байрлах барилга барихын тулд ард түмнээс 11 тэрбум төгрөг авсан гэж хэлэхэд буруудах юм алга. Бүхэл бүтэн есөн давхар, том барилгын бусад бүх зай талбайг ард түмэнд буцаагаад түрээсэлнэ шүү дээ. Нээрээ ордноос гарахдаа араар нь тойрч, “Оргил” худалдааны төвөөр орлоо. Маш том талбай түрээсэлж байгаа юм билээ. Тэндээс ундаа, чихэрхэн худалдаж аваад гарсан. Одоо би хүнд “Тусгаар тогтнолын ордонд орж бууз идээд, гарахдаа ундаа авсан” гэж ярих нь. Хайран ч “Тусгаар тогтнол” минь.
Н.Пунцагболд
Х.Батсайхан
mminfo
URL: