Хэнтийн нөхөн сонгууль хэнд ашигтай, хэнд ашиггүй вэ?
Хэнтий аймгийн 42-р тойргийн сонгогчид хэзээ УИХ-ын гишүүнтэй болох вэ? Энэ асуултын хариу тодорхойгүй байна. Нөхөн сонгуулийн эргэн тойронд “МАНАН” татаж, тус тойргийн сонгогчид төдийгүй бүх ард иргэд энэ сонгууль хэрхэн өрнөхийг чих тавин хүлээж сууна.
УИХ-ын 42-р тойргоос нэр дэвшиж сонгогдсон Д.Гантулга өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсантай зэрэгцэн улстөрийн намууд түүний орыг залгах хүний эрэлд гарч, бэлтгэлээ базааж эхэлсэн.
Хэн ч нэр дэвшсэн сонгогдохоор байсан 2016 оны УИХ-ын сонгуульд Д.Гантулга өрсөлдөж, торох юмгүй парламентад орж ирсэн. Гэвч намын болон өөрийн нэр хүндээ ор хөнжлийн асуудлаар сэвтээн УИХ-ын “бандааш” хочтой болоод УИХ-ын хаалгыг хаагаад удаагүй байна.
УИХ-ын нөхөн сонгуулийг аравдугаар сарын 7-нд товлосон ч Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн иргэд УИХ-ын энэ 62-р тогтоолыг эсэргүүцэн Үндсэн хуулийн цэцэд хандан сонгуулийг хойшлуулаад байгаа.
Үндсэн хуулийн цэц иргэдийн гомдлыг хүлээн авч, УИХ нөхөн сонгууль зарлахад Сонгуулийн тухай хуульд нэгэнт товлон зарласан нөхөн сонгуульд төрийн жинхэнэ албан хаагчдыг хэрхэн оролцуулах тухай зохицуулалт огт тусгагдаагүй хийдэл үүссэн гэсэн дүгнэлтийг гаргасан юм.
Нөхөн сонгууль яагаад ийн гацсан шалтгаан нь 2012-2016 онд Засгийн эрх барьсан АН-ынхны хууль тогтоох чиглэл дээр гаргасан алдаатай холбоотой болж таарсан. Үнэхээр ч энэ парламентын үед “Сонгогчдын боловсрол” ярьсаар УИХ-д заларсан Р.Бурмаа Сонгуулийн тухай хуулийг өөрчлөн найруулж, хэд хэдэн хуулийг нэгтгэн УИХ-аар батлуулж байв. Ингэхдээ дээрх маргааныг үүсгэх эх үндсийг бүрдүүлж орхисон нь нөхөн сонгууль болох хугацааг тодорхойгүйгээр хойшуулахад хүргээд байгаа.
УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад 1 жил хагасын хугацаа үлдсэн. Нөхөн сонгууль тойрсон асуудал Үндсэн хуулийн цэц, УИХ хоёрын дунд хэр удаан хэлэлцэгдэхийг хэлэхэд эрт байна. Энэ сарын эрхээр УИХ Үндсэн хуулийн Цэцийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн авах боломжгүй гэж үзээд байгаа. Үндсэн хуулийн Цэц одоо Их суудлын хуралдаанаараа энэ асуудлыг дахин хэлэлцэх юм. Энэ хуралдаанаар Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн өмнөх шийдвэрээ хадгалж үлдэх юм бол сонгуулийг яаравчлуулах бодол агуулсан УИХ-ын тогтоол шууд хүчингүй болно гэсэн үг.
Асуудал хууль эрх зүйн орчныг тойрон хэт албаны хэллэгтэй үргэлжилж байгаа боловч “Сонгуулийг явуулах сонирхолгүй, этгээд улс төрд бий” гэсэн яриа далд хүрээнд өрнөж байгаа юм.
УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө болсон нөхөн сонгуулиуд дараагийн сонгуульд аль нам ялалт байгуулж, Засгийн эрхийг атгах вэ гэсэн асуултын хариуг төвөггүй хэлээд өгдөг. Нөхөн сонгуульд ялсан нам дараагийн сонгуулийн ялагч болдог гэдгийг өнгөрсөн 28 жилийн туршлага харуулсан. Сонгууль ингэхэд хэнд ашигтай, хэнд ашиггүй вэ.
Олиггүй нэр зүүж УИХ-ын танхимыг орхисон Д.Гантулга зөвхөн Хэнтийд ч биш МАН-ын рейтингийг сайн гэгч унагаасан. Цүнх, цай зөөж, фракц бүлэглэлийн хүүхэлдэй болж гүйсээр улс төрд хөл тавьсан Д.Гантулга шиг залуучууд АН, МАН бүр МАХН-д ч бий. Албан тушаал ахиж, бага зэрэг шат ахихаараа нялхасын өвчинд автаж, попрохоос хэтрэхгүй. Ингэж явсаар өөрөө ч өндрөөс унаж, намын нэр хүндээ ч шавартай хутгаж орхидог.
Д.Гантулга намынх нь рейтингийг шороотой хутгахад томоохон дэмжлэг үзүүлсэн учраас нөхөн сонгуульд яаж оролцох вэ гэдэг асуудал МАН-ын хувьд эмзэг сэдэв байх нь тодорхой. Тэгээд ч намын дарга Ерөнхий сайд нь Хэнтий аймгаас УИХ-д сонгогдож байсан МАН Хэнтийгээс ялалт горьдоод нэмэргүй. Энэ утгаараа сонгуульд тус намд ашиггүй байх магадлалтай.
Сөрөг хүчин АН сонгуулиас од шүүрнэ гэж бодож байж мэдэх. Гэвч мөн л тус намын Хэнтийгээс сонгогдож байсан, бараг дархлагдах хэмжээнд хүрчихээд байсан Б.Гарамгайбаатар “Бондын мөнгийг үрэн таран хийсэн” хэргээр шалгагдаж байгаа. Б.Гарамгайбаатарын АТГ-ын өрөөнд байцаалт өгсөн өдрийн хар түүх, Ганц худагт саатуулагдсан хоногууд одоохондоо олон олон авлигын гэмт хэргийн дуулианд дарагдсан байгаа.
Гэхдээ энэ баримтууд нөхөн сонгуулийн сургаар дахин амилж, төсвийн хөрөнгийг АН-ынхан МАН-аас илүү иддэг. Тэд 2012-2016 онд ямар хэмжээний мөнгийг хааш нь шингээсэн байна вэ, харцгаа. Тэр тусмаа Б.Гарамгайбаатар чинь ийм “баба” гэсэн мессежтэй гараад л ирнэ. Тиймээс энэ сонгуулиас АН бас хожоо хараад нэмэргүй л болов уу.
Я.ХУЛАН
Updown.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энхбаярт хэнтии болмоор гээд гэхдээ хэнтиидтиим ч нэрхүнд алгадаа гарамгай бол хэнтиид бүтээн байгуулалт их хиисэн бусад аймаг газар доорх шугам сүлжээ хиисэн болов уу манайд хиисэн аймаг битгии хэл хотод ч байхгүй энэ ажил бол байр барилга барихад бэлэн дээ аварга ч хиигээгүй иим л мундаг юм хиисэн дээ тиимээс хэнтиид барилга их баригдаж байна