С.Батцэнгэл: Найз минь БНСУ-д гурван сараар ажиллах гэж ирээд амиа алдаж, таван настай хүү нь өнчирч үлдлээ
Бага ангийн багшаар ажилладаг Э.Хишигбаяр гэх эмэгтэй гурван сарын аялалын визээр БНСУ-д ажил хийж, амьдрал ахуйгаа сайжруулах гэж яваад энэ сарын 10-ны өдөр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тус хэргийг Солонгосын цагдаагийн байгууллагаас ар гэрийнхэнд нь 10-ний өдрийн үүрээр “Танай энэ хүн нас барсан байна” хэмээн мэдэгдсэнээр ах, эгч нь шарилыг нь чандарлан авч явахаар Солонгост очоод байгаа юм. Тэнд моорогны төлбөр, чандарлах зардал, орчуулагч, хуулийн зөвлөгөө авах тал дээр манайхыг бодвол өндөр өртөгтэй байдаг. Мөн өнчирч үлдсэн таван настай хүүгийнх нь ирээдүйд зориулан талийгаачийн найз, нөхөд “Хамт туслая” уриан дор хандивын аяныг өрнүүлээд байгаа аж. Одоогийн байдлаар Монгол дахь 5032416700 Б.Болор-Эрдэнэ дансанд 3 сая төгрөг, Солонгос дахь 14491054134907 С.Батцэнгэл дансанд 315000 вон цуглараад байна.
Талийгаачийн найз С.Батцэнгэлээс болсон хэргийн талаар тодрууллаа.
-Талийгаач хэзээ БНСУ-д очсон юм бэ. Ажил хийж байсан юм уу?
-Тиймээ. Ажил хийж амьдралаа сайжруулах гээд өнгөрсөн долдугаар сарын сүүлээр ирсэн санагдаж байна. Ирээд нэг сауны газар ажиллаж байсан. Уг нь буцах хугацаа нь болж байсан ч ийнхүү харамсалтай юм болчихлоо.
-Юуны улмаас амиа алдчихсан юм бэ?
-Нас барсан шалтгаан нь тодорхойгүй байгаа. Хаана ямар байдалтай нас барсан талаарх мэдээллийг зөвхөн ар гэрийнхэнд нь л хэлнэ гэж Солонгосын цагдаагаас хэлсэн.
-Ямар нэг гадны нөлөө бий юм болов уу. Тэр талаар мэдсэн үү?
-Гадны нөлөөтэй эсэхийг мэдэхгүй байна. Ямартаа ч гаднаа ямар нэг шарх сорви байхгүй гэсэн. Задлан шинжилгээний хариу 30 хоногийн дараа гарна. Тэр үед л нас барсан шалтгаан нь тодорхой болно гэж хэлсэн.
-Талийгаачийн ах, эгч хоёр нь цогцосыг авч явахаар очсон байгаа юм байна. Солонгосын цагдаагаас тодорхой мэдээлэл авч байгаа байх. Тийм үү?
-Өчигдөр ах, эгч хоёр нь Солонгост ирмэгцээ шууд Солонгосын цагдаатай уулзсан. Юу ярьсныг би мэдэхгүй байна. Шинжээчдийн анхны дүгнэлтээр гадны нөлөөгүй нь тогтоогдсон гэсэн мэдээлэл л авсан.
-Талийгаачийн цогцсыг хэзээ монголд авч ирэх вэ?
-Монгол руу шарилыг авч явахад хүндрэлтэйн дээр өртөг их учир энд нь чандарлаад чандарыг нь авч явахаар болсон. Өнөөдөр чандарлах байх.
-Талийгаачийн таван настай хүү өнчирч үлдлээ. Хүүгийн ирээдүйд зориулан хандив цуглуулж байгаа гэсэн?
-Талийгаач маань өөрөө их хүнлэг, олон түмэнтэйгээ хүн байсан. Бүтэн өнчин хэрнээ багш мэргэжил эзэмшихийн төлөө сургуулийнхаа захиралтай биечлэн уулзаж гуйж байгаад тэтгэлгээр сурсан. Хүнд тусархаг, байнга инээмсэглэл тодруулж явдаг тийм эерэг хүмүүсиййн нэг байсан. Тиймээс ч түүний ард үлдсэн хүүд нь туслах аян маш эрчимтэй байгаа. Ажиллаж байсан сургуулийн бага ангийн багш нар бас хандив эхлүүлсэн байсан. Хоёр хандив давхацсан учир хүмүүс энэ аяныг хуурамч, луйвар байна, мөнгө олох гэсэн арга гэж хүлээж авах хандлага ажиглагдсан байгаа. Дашрамд дуулгахад энэ хандивын аян бол луйвар биш. Бүх зүйл шударга явж байгаа бодит тусламж юм шүү. Харийн нутагт ажиллаж, амьдардаг монголчууд маань нэгэндээ тохиолдсон зовлонг хамтдаа даван туулдаг юм шүү гэдгийг хэлмээр байна.
Х.Соёл-Эрдэнэ
Zaluu.com
URL: