Төрийн албан хаагчдын 20 гаруй хувь нь хууль тогтоомжийн дагуу томилогдоогүй байна

712-15398407685bc81c13bcd1e

Дүүргийн Засаг дарга нар Засаг захиргааны хуулийг зөрчин орлогчийн орон тоог 23 хүртэл нэмэгдүүлэн ажиллаж байгаа түгээмэл зөрчил гаргаж буй талаар өнөөдөр Нийслэл дэх Төрийн аудитын газар (НТАГ)-аас танилцууллаа.

Энэ талаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн дарга Б.Мөнх-Очир, тус хэлтсийн ахлах аудитор Л.Саранбаатар, С.Зоригт, Тамгын хэлтсийн дарга Ч.Цагаанхүү нар мэдээлэл хийлээ. “Нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын шалгалтаар дүүргийн хэмжээнд нийт Засаг дарга нарын орлогч 9 байх атал 23 буюу 14-өөр нэмэгдсэн зөрчлийг илрүүлжээ.
Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор агентлагийн орон тоо 100-гаас дээш ажилтантай бол дэд буюу орлогч дарга 1, 100-гаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх чиглэлийг баримтлах болсон. Гэтэл дээрх чиглэлийг баримтлаагүйгээс нийслэлийн 22 хэрэгжүүлэгч агентлагт дэд буюу орлогч дарга 5 байх атал 23 буюу 18-аар илүү байна. 2015-2017 онд томилсон 1369 ажилтан, албан хаагчдыг аудитын түүвэрт хамруулан шалгахад 1063 буюу 77.7 хувийг хууль тогтоомжид заасны дагуу томилсон, 306 буюу 22.3 хувь нь хууль тогтоомж болон холбогдох шаардлагыг хангаагүй байна.
Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газраас 2014 оны 5 дугаар сард баталсан “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай“ 147 дугаар тогтоолыг зөрчин 2015-2017 онд төсвийн 3 737.6 сая төгрөгийг арвилан хэмнэлтгүй, үр ашиггүй зарцуулсан зөрчлүүд илэрчээ.
Зөрчлийг арилгаж, давтан гаргуулахгүй байх талаар Нийслэл, дүүргийн Засаг дарга нар, дүүргүүдийн ИТХ-д 20 гаруй албан шаардлага хүргүүлээд байна. Тухайлбал, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулах арга хэмжээний хүрээнд нийслэл, дүүргийн орон нутгийн өмчит газруудыг нэгдсэн бүтцэд оруулах арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэх зөвлөмж бүхий албан шаардлага өгөөд байна.
Төрийн албан хаагчдын талаар иргэдээс 500 гаруй санал ирүүлжээ
Аудитын шалгалтанд 164 газар хамрагдаж, шалгалтыг УИХ-ын Төсвийн Байнгын хорооны энэ оны 06 дугаар тогтоол, Үндэсний аудитын газар болон НТАГ-ын 2018 оны ажлын төлөвлөгөөг үндэслэн Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд энэ оны 4-9-р сарын хооронд хийж, тайланг аравдугаар сарын 12-нд холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна. Адуитын шалгалтаар:
Нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалт, орон тоог баталж, мөрдсөн эсэх.
Нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын албан хаагчид холбогдох шаардлага хангасан эсэх.
Нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын чиг үүрэг давхардалтай эсэх.
Чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төсвийн хөрөнгийг арвилан хэмнэлттэй, үр ашигтай зарцуулсан эсэхэд хяналт тавьж дүнг гаргажээ.
УИХ, орон нутгийн аливаа сонгуулийн, түүний дотроос 2016 оны нийслэл, дүүгийн сонгуулийн дараагаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр нийслэл, дүүргийн төрийн албан хаагчдын орон тоо нэмэгдсэн талаар мэдээллүүд гарсан,
Сүүлийн жилүүдэд нийслэлийн зарим дүүрэгт сургууль, цэцэрлэгийн хүртээмж, багтаамжтай холбоотой хүндрэл үүссэний улмаас  БЗД, СХД зэрэг томоохон дүүргүүдийг хуваах, хороодын тоог нэмэх асуудал хөндөгдөх болсон,
Мөн НТАГ-аас аудитын сэдвийг сонгох ажлын хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 151 хорооны иргэдээс санал авахад 4068 санал ирж, ирсэн саналын 527 буюу 12.9 хувь нь төрийн байгууллага, албан хаагчдын асуудлыг хөндсөн байна. Мөн нийслэлийн зарим удирдлагаас дээрх асуудалд шинжилгээ хийж өгөх талаар албан ёсоор хандсаны дагуу аудитыг хийсэн гэж байв.
Төрийн албан хаагчдын тоо сүүлийн 5 жилд 2.5 дахин нэмэгджээ
Нийслэл хотын хүн амын тоо механикаар байнга өсч байсан сүүлийн 30 шахам жилийн хугацаанд энэ бодит байдлыг харгалзан нийслэл, дүүргийн төрийн байгууллагуудын болон түүнд ажиллагсдын тоо байнга, зарим үед нэлээд огцом нэмэгдэж байжээ. Тухайлбал,
Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн гаргасан судалгаагаар 2012-2014 онд нийслэл, дүүргийн төрийн захиргааны бүтцийн нэгжүүдийн тоо 118-аар буюу 36.8 хувиар, төрийн албанд ажиллагсдын тоо 1293 хүнээр буюу 34.4 хувиар тус тус нэмэгдэж иржээ. Үүнээс хамгийн их нь дүүргүүдийн ИТХ-ын ажлын албанд ажиллагсдын тоо 116 хүнээр буюу 2.5 дахин, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт ажиллагсдын тоо 508 хүнээр буюу 51.2 хувиар, нийслэлийн агентлагийн ажиллагсдын тоо 635 хүнээр буюу 25.1 хувиар нэмэгдэж нийт өсөлтийн 49.1 хувь нь нийслэлийн агентлагуудад ногджээ.
Улс орнуудын төрийн албан хаагчдад ногдох хүн амын тоог харьцуулан авч үзвэл манай улсад төрийн нэг албан хаагчид 17 хүн ногдож байна. УБ хотод төрийн нэг албан хаагчид 399 хүн ногдож, улсын дунджаасаа 23 дахин их байгаа нь хөдөөгийн хүн ам засаг захиргааны нэгжээрээ ихээхэн тархуу байрладаг, Улаанбаатар хотод хүн амын хэт төвлөрөл үүссэнтэй холбоотой гэж байв.
Дүүргүүдээр авч үзвэл, төвийн 6 дүүргээс Баянзүрх дүүрэгт төрийн албан хаагчийн ачаалал хамгийн өндөр байгаа бол Сүхбаатар дүүрэгт бага байна. Төвийн 6 дүүргийн ачаалал алслагдсан 3 дүүргийн ачааллаас 6.6 дахин өндөр байна. Аудитын судалгаагаар 2017 оны гүйцэтгэлээр нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудад нийт 12. 415 ажилтан ажиллажээ. Үүнээс 3.751 буюу 30.2 хувь нь төсвийн байгууллагад, 8 664 буюу 69.8 хувь нь орон нутгийн өмчит газруудад ажилладаг албан хаагчид байна. Нийт ажилтны орон тоо 2016 онд өмнөх оноос 1094 буюу 9.9 хувь, 2017 онд өмнөх оноос 621 буюу 5.2 хувиар тус тус өссөн байна. Хоёр жил дараалан өссөн боловч сүүлийн жилд буурчээ.
Төсвийн байгууллагын ажилтнуудын орон тоо 2016 онд өмнөх оноос 160-аар буюу 4.2 хувиар, 2017 онд өмнөх оноос 153-аар буюу 4.2 хувиар өсжээ. Энэ нь нийслэлийн Засаг даргын Тамгын газар 45, дүүргүүдийн ИТХ 86, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар 52 орон тоогоор нэмэгдүүлж баталсантай холбоотой байна. Харин орон нутгийн өмчит газруудын ажилтнуудын орон тоо 2016 онд өмнөх оноос 934 буюу 12.2 хувь, 2017 онд өмнөх оноос 468 буюу 5.7 хувиар өсжээ. 2015-2017 онд нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газрууд орон тооны хязгаарыг 61 байгууллагад 1927-оор хэмнэж, 14 байгууллагад 227-оор хэтрүүлсэн байна.
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих