Цагдаагийн албан хаагчид Х.Тэмүүжинд мэдэгдэл хүргүүлэхээр болжээ

Долдугаар сарын 1-ний хэргийн талаарх ноцтой баримтууд өнгөрсөн долоо хоногт дэлгэгдэж хуулийнхныг түргэн авахуулав. Нэг үгээр хэлбэл, мөрдөж чадаагүй хэргийн учгийг эрхэм гишүүн Х.Тэмүүжин илчилж орхисон. “Дарав ч далдайна, булавч бултайна” гээч нь л энэ байх. Долдугаар сарын 1-ний хэрэг улс төрийн зорилготой байсан уу, хэн нэг өдөөн турхирагч байсан уу гэдэг нь өнөөдрийг болтол эргэлзээтэй хэвээр. Энэ хэргийн талаар холбогдох хүмүүс олон янзын тайлбар хийдэг. Гэсэн атлаа хэргийг шийдэж чадахгүй дүлэгнэсээр дөрвөн жилийг ардаа орхих гэж байна.

Гэтэл хуулийнхнаас өмнө Хүний эрхийнхэн хурдан ажиллаж хэрэгт холбогдолтой нотлох баримт, гэрчүүдийг нь олчихсон байх юм. Өнөөх тагнадаг чагнадаг, мөрддөг, мөшигдөг газрууд нь энэ хугацаанд юу хийв. Хавтаст хэрэг хэмээх хар данс нээчихээд хаа нэг хэдэн асуултад хариулт авчихаад хэрэг шалгагдаж байна, нотлох баримт хангалттай хэмээн даналзах жишээтэй. Монголын түүхэнд хар толбо үлдээсэн долдугаар сарын 1-ний хэргийг шийдэгдээсэй, эзэн холбогдогч нь илрээсэй гэсэн хүлээлт иргэдийн дунд бий.

Ээдрээтэй энэ хэргийн талаарх баримтуудыг хуурамч хэмээн “Цагдаа ба ар гэр холбоо”-ноос мэдээлэл хийв. Тэдний хэлж буйгаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний мэдэгдэл хуурамч гэнэ. Түүнчлэн энэ хэргийг шалгаж буй прокурор, тагнуулынхан хангалтгүй ажилласнаас болж сунжирч буйг дурьдсан юм. Мөн энэ үеэр тус холбооны тэргүүн хэлэхдээ “Ганцхан цагдаагийн албан хаагч дүрэмт хувцас өмсч, галт зэвсэг хэрэглэдэггүй. Хэргийн газраас олдсон сум нь цагдаа нарын сумтай тохирдоггүй.

Гэтэл цагдаагийн албан хаагч нарыг зэвсгээ жорлонд булсан мэтээр буруу ташаа мэдээлэл гаргасан нь цагдаа нарыг шууд утгаар нь буруутгаж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин худал мэдээлэл тараасан. Х.Тэмүүжингийн хэлээд байгаа шиг зүйл байхгүй. Тухайн үед сэжигтнээр татагдаад байгаа цагдаа нар хоригдож байсан” гэдгийг онцолж хэллээ. Мөн хэрэгт сэжигтэн гэгдэж буй цагдаагийн албан хаагч нар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд гарын үсэг бүхий мэдэгдэх хуудас илгээсэн сурагтай.

Эх сурвалжийн мэдээллээр энэ хэрэгт холбогдолтой баримтуудын дагуу Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газарт шалгаж эхэлжээ. Тодруулбал, тэмдэглэл хөтөлсөн гэх цагдаагийн албан хаагчдаас мэдүүлэг авч эхэлсэн байна. Мөн Хүний эрхийн дэд хороонд хүсэлт гаргаж цагдаагийн тэмдэглэлийг хавтаст хэрэгт бүртгэн авчээ.

Б.Чанцал

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих