“Моннис” группийнхэн молиго үмхүүлсээр ирэх онтой золгох нь

olloo_mn_1539831111_барилгааа-11 дүгээр сард ашиглалтад оруулна гэсэн байр нь оны өмнөхөн болж хувирав-

Эдийн засгийн чадамжгүй, барилгын материал авах эх үүсвэргүй болсон хэмээн ядарсан  “Моннис” групп 20 жилийн ойн баяраа их нижгэр тэмдэглэжээ. Урлагийн тоглолтод нь гэхэд нэртэй акулуудыг урьж нэгэн оройг цэнгүүлсэн харагдав. 20 жилийн түүхтэй ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж болно.

Гэхдээ хоёрхон блок барилга ашиглалтад оруулж чадахгүй олон жил болж байгаа энэ группийнхэн ичээсэй, эмзэглээсэй. Олон айлын амь амьдралаар наадсанаа ойлгоосой билээ.

15 давхар ганц блокон барилга ашиглалтад оруулж, айлуудыг оруулна гэж хулхидаж худлаа хэлсээр өдий хүрэв. Хугацааг нь сар сараар хойшлуулдаг “Моннис” группэд 900 сая төгрөг олдохгүй, барилгын дотоод засал хийж чадахгүй байна гээд зовлонгоо ярьж байсан ч 20 жилийн ойгоо нүсэр тэмдэглэх тэдэнд мөнгө байна, боломж байна гэж харагдав. Үнэтэй ресторанд, үнэтэй дуучдыг залсан тэд төлбөрөө төлсөн нь ойлгомжтой байх.

Гэвч яагаад ядарсан ард иргэдийг молигодож өдий хүрэв. Аргаа барсан иргэд жагсч тэмцээд ч амжилт олохгүй юм. Харин ч бүр дарамталж “Ингээд байвал байрандаа орохгүй шүү” хэмээн загнадаг гэсэн. Арай ч дээ.

Дахин төлөвлөлт нэрийдлээр 150 гаруй айлын  газрыг нь дээрэмдэж, хашааг нь нурааж авсан “Моннис” группийн “Моннис Урбан Девелопмент” ХХК өнөөдрийг хүртэл ганц блокон байр ашиглалтад оруулж чадахгүй байна.

Орох оронгүй болсон иргэд түрээсийн байр, ах дүүгээрээ хоног төөрүүлж, зарим нь бүр гудамжинд гарч, настай хөгшүүл нь насан эцэслэсээр дууслаа. Хүний амьдрал, орон гэрийг нь орвонгоор эргүүлж хаячихаад юу ч бодохгүй байгаа удирдлагуудыг яах ёстой вэ.  Гэрээ хэлэлцээр хийж эхлүүлсэн ажлаа өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй “Моннис”-ийн хариуцлагагүй худалч удирдлагуудад хэн хариуцлага тооцох юм бол. Дандаа худлаа хэлж, хууран мэхэлнэ.

Ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад бүрэн оруулж, айлуудын нүүлгэн оруулна гэж ярьж байсан нөхдүүд өнөөдөр энэ ярианаасаа буцаж “Ямартаа ч шинэ он гарахаас өмнө оруулахаар ажиллаж байна” хэмээн хэлсэн хугацаанаас буцав.
Цөхөрсөн иргэд ч энэ яриатай нь бүр эвлэрчихжээ. Эхэндээ хүйтрлээ, байрандаа ормоор байна гэж тэмцэж байсан тэдний тархийг мөн л угаачихжээ. Одоо бүр чимээгүй байхгүй бол байранд оруулахгүй байж магадгүй. Хэл ам хийгээд байгаа хүмүүсийг оруулахгүй шүү гэж дарамталсан сурагтай.

“Моннис Урбан Девелопмент” ХХК-ий ерөнхий инженер н.Батболдын ярьснаар “Бид энэ ондоо багтааж ашиглалтад оруулна. Одоо дотор заслын ажлаа бараг дуусгаж байна. Бохир дулааны шугмын асуудлаа шийдэж байна. Барилгын ажил явагдахгүй биш, явагдаж байгааг ойлгоорой” гэв.

Уг нь эд нар өнгөрсөн хавар ярихдаа зургадугаар сардаа багтааж байранд нь оруулна аа гэж худлаа хэлсэн. Дараа нь наймдугаар сард байрны түлхүүрүүдийг чинь гардуулж өгнө өө гэж бас дахин хулхидсан. Арваннэгдүгээр сард яг оруулна гэсэн ийнхүү худал болж таарав. 2019 оноос өмнө оруулна гэдэгт итгэхгүй, эргэлзээ төрж эхлэв. Олон айлын амь амьдралаар тоглож байгаагаа л ойлгох хэрэгтэй болов уу.

О.Сайхан
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих