Хөгжлийн банк 500 сая долларын өр нэмж тавьжээ
Хөгжлийн банк 500 сая долларыг таван жилийн хугацаатай жилийн 7.25 хувийн хүүтэйгээр гадаад санхүүгийн зах зээл дээрээс босгосон байна. Энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлж, “Нэг сайн мэдээ дуулгамаар байна. Юу гэхээр өчигдөр шөнө Хөгжлийн банк гадаад санхүүгийн зах зээл дээрээс 500 сая ам.доллар амжилттай босголоо. Энэ бол Засгийн газрын баталгаагүйгээр Хөгжлийн банк өөрөө явж босгосон мөнгө гэж үзэхээр, Монголбанкны зүгээс амжилт гэж харж байна.
Энэ мөнгийг босгосон явдал бол манай улсын гадаад валютын нөөцөд учрах байсан дарамтуудыг тодорхой хэмжээгээр бууруулж өгч байна. Хугацаа тулсан өр төлбөрөө барагдуулах санхүүгийн эх үүсвэртэй болж байгаа нь Монгол Улсын гадаад валютын нөөцөд ирэх дарамтыг багасгаж байна. Мөн цаана нь монгол төгрөгийн ханшийг тогтворжуулах алхам боллоо” гэсэн юм.
Энэхүү 500 сая долларын бондоор богино хугацаатай, хөвөгч хүүтэй гадаад өрийг дахин санхүүжүүлэх ажээ. Бондын эргэн төлөлт болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг Хөгжлийн банкны удирдлагууд гадны томилолтоос ирээд өгнө гэж тус банкнаас мэдэгдлээ.
2012 оноос хойш манай улс Евро, Чингис, Самурай, Димсам, Мазаалай, Хуралдай, Гэрэгэ бондууд босгосон. Хөгжлийн банкны энэ удаагийн 500 сая долларын бонд хамгийн “отгон” нь болж байна. Мөн анх удаа Засгийн газраар баталгаа гаргуулаагүй гэдгээрээ онцлогтой.
Бондуудыг харьцуулсан мэдээллийг хүргье.
Дээрх бондуудаас Евро бондын 580 сая доллар, Дим Самын нэг тэрбум юань, Чингис бондын эхний 500 сая долларыг төлсөн, бусад нь өр хэвээр байгаа юм. У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд 5 их наяд 698 тэрбум төгрөгийн гадаад, дотоод өр, зээл төлж барагдуулсан гэдэг. Гэхдээ энэ нь АН, МАН-ын аль алиных нь тавьсан өр гэдгийг иргэд мэдэх билээ.
Хөгжлийн банкныхны босгосон 500 сая доллараар өмнөх богино хугацаатай зээлүүдээ төлөх Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы яриа болон Хөгжлийн банкны мэдээллээс тодорхой болсон. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан бүр баярлаад байгаагаа нуугаагүй шүү дээ.
Засгийн газрын авсан зарим өрийн төлөх хугацаа тулсан учраас Хөгжлийн банкныхан ийнхүү бонд босгожээ. Өмнө нь Хөгжлийн банкны 580 сая евро бондын 82.5 хувийг солилцоогоор буюу шинэ “Хуралдай” бондоор хаасан. Энэ удаа ч мөн өрийг өрөөр төлөх гэж байна. Бондын эргэн төлөлт, хүүг төлж чадахгүй байдалд хүрч дахин бонд босгох замаар өмнөх бондынхоо эргэн төлөлтийг жишгийг манай улс нэгэнт тогтоосон нь энэ үйл явдал харууллаа.
Сүүлийн жилүүдэд Засгийн газраас төсөвт гадаад зээлийн хүүгийн төлбөрт нэг их наяд төгрөгийг суулгадаг болсон. Мөн 2019 онд манай улс 380 сая ам.долларын зээлийн өрийг төлөхөөр төлөвлөөд байгаа юм. Гэхдээ энэ мөнгийг Хөгжлийн банкны олж ирсэн дээрх 500 сая доллараар дарах ажээ.
https://news.caak.mn/view/8279968/
URL: