Анхны аж үйлдвэрийн комбинатыг нураагчид аж үйлдвэрийн комбинат 3-ыг барих үлгэр зохиов уу?
-Мах комбинат барьж байгаад маш их ашиг хонжоо олно гэж тооцов уу-
Өчигдөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын зорихдоо ардаа үлдэж байгаа ҮАБЗ-ийн гишүүн хоёр даргад албан бичиг үлдээгээд явлаа.
Тэрхүү албан бичгийн утга нь 2019 оны төсөвт анхаарал хандуулж, арга хэмжээ авах тухай цаашлаад Монгол улсад аж үйлдвэрийн комбинат 3-ыг байгуулах тухай аж. “Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус, бие даасан хөгжлийг бэхжүүлэхэд уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх асуудал зүй ёсны шаардлага болон нэн тэргүүнд тавигдаж байгаа. 25 сая малтай байхдаа монгол нэг аж үйлдвэрийн комбинаттай байсан, одоо 80 сая малтай тул аж үйлдвэрийн комбинат 3-ыг байгуулах боломж бий” гэжээ.
Ингэхдээ УИХ-ын дарга М.Энхболдын төсвөөс хэмнэж болох 10 хувь, түүнийг 15 хувь болгосноор 500 сая ам.доллар мөн үүнийг ирэх 2020 оны төсөвт ч баримталснаар 1 тэрбумыг хэмнэн түүгээрээ шинэхэн байгуулах аж үйлдвэрийн комбинатуудыг санхүүжүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж.
Үүнийг МАН-ын 2016 оны сонгуульд өрсөлдөхдөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн 1.4.5-д “…хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх-“21:100” гэснийг бас хүч оруулах зорилгоор дурдаж.
Ингээд тооцохоор нээрээ ч шинээр Аж үйлдвэрийн комбинатуудыг барьж байгуулахад ядах юм алга. Гэхдээ бас ч ингэж шууд “аж үйлдвэржээд” явчихмааргүй санагдаж байна.
За Ерөнхийлөгч болоод түүний Тамгын газрын багийнхны бодсон шиг аж үйлдвэрждэг юм гэж бодьё. Тэдгээр үйлдвэрүүд ямар хэвшлийнх байх вэ.
Хувийн үйлдвэрүүд байя гэх байх л даа, төрд итгэдэггүй хүмүүсийнхээр. Бүр цаашлаад жижиг дунд үйлдвэрүүд байг. Тоног төхөөрөмж, түүхий эдээс эхлээд олон асуудал гарч ирнэ.
Одоо байгаа хэдэн арьс ширний үйлдвэрүүд нь урд хөршийн хоцрогдсон тоног төхөөрөмжөөр бага сага үйлдвэрлэл явуулж, хортой бохир, хог хаягдлаа Хатан Туулыг маань амиа тавьтал урсгасаар буй. За тэглээ ч гэсэн үйлдвэрүүд байгуулагдаж.
Гэтэл тэр шинэ жижиг, дунд аж үйлдвэрүүд маань олонд танигдсан, хүсэл шаардлагыг нь хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэдэн жил зарцуулах бол. Одоо байгаа арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүд маань ингэхэд дэлхийд байг гэхэд Монголдоо танигдсан нь хэд билээ.
Эсвэл төрийн өмчийн Эрдэнэс-Нэхий, Эрдэнэс-Ноос, Эрдэнэс-Мах үйлдвэрүүд байгуулаад тэдний салбар болгож Эрдэнэс-савхи, Эрдэнэс-хром, Эрдэнэс-гутал, Эрдэнэс-Хивс /Эрдэнэт хивс биш шүү/, Эрдэнэс-Мах комбинат байгуулагдлаа гэж бодьё.
Гэтэл хувийн ч бай, төрийн ч бай аж үйлдвэрийн комбинатууд байгууллаа гэхэд хэдий 80 сая малтай ч тэр үйлдвэрүүдийн үйлдвэрлэх бүтээгдхүүний чанарт нийцэх арьс шир, ноос ноолуур, махыг нийлүүлж чадах болов уу.
Үүнийг бичиглэгч миний хувьд соц нийгмийн үед Арьс ширний анхан шатны үйлдвэрт ажиллаж байлаа.
Тэр үеийн Аж үйлдвэрийн комбинатын анхан шатанд ажиллаж байсан хүний хувьд малын мах, арьс, шир бусад түүхий эд яаж эцсийн бүтээгдэхүүн болдогийг гадарлана.
Төр засаг эхлээд малчидтайгаа хамтран малыг нь бүхлээр нь гадна, доторгүй эрүүлжүүлэх ёстой. /Соц үед бол бүх мал улсынх учраас нэгдэл нийгмээрээ малаа эрүүлжүүлдэг байлаа/
Өнөө ч Үндсэн хууль ёсоор мал төрийн хамгаалалтад байдаг тул эзэн малчидтай нь нийлээд эрүүлжүүлэх боломжтой.
Үүний дараа чанарын шаардлага хангасан малын ноос, ноолуурыг нүүс ноолуурын үйлдвэрт илгээж, малыг Махкомбинатад нядлаад арьс, ширийг нь арьс ширний анхан шатны боловсруулалтын үйлдвэрт илгээнэ. Тэнд арьс, ширийг анхан шатны боловсруулалт хийж, ашиглаж болох талбайг нь тогтоогоод гүн боловсруулалт хийх дараагийн үйлдвэрүүд рүү шилжүүлнэ.
Тэндээ савхи, гутлын шир, нэхий дээлний боловсруулагдсан арьс болоод эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэд шилжээд эцсийн бүтээгдэхүүн болоод хэрэглэгчдийн гарт хүрдэг.
Эндээс харахад манай өнөөгийн мал аж ахуй Аж үйлдвэрийн эрэлтийг, чанарын шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь эдүгээ байнга л шүлхий, боом гарч хорио цээр тогтож байна. Дээр нь мал шалз, хачиг гээд шимэгч амьтдын үүр уурхай болчихсон . Харин мал эмнэлэг гээчийн хүрэлцээ хэт бага байна. Ийм нөхцөлд эхний хэдэн жил Монгол малаа эрүүлжүүлэх нь хамгийн тулгамдсан шаардлага. Малаа эрүүлжүүлсний дараа Аж үйлдвэрийн комбинатыг хүссэнээрээ байгуулж болох мэт. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар 2019 оны төсөвт мал эрүүлжүүлэх зардалд 25 тэрбумыг тусгаад буй.
Энэ бүхэнд хэдэн арав, хэдэн зуун тэрбум ам.доллар зарцуулах бол.
Үүний дараа бас нэг гол асуудал байна. Хэрвээ Аж үйлдвэрийн комбинатыг төр мэдэж байгууллаа гэхэд зах зээлийн жамаар тун удалгүй хувьчлах нь тодорхой. Харин тэр хувьчлал нь өнгөрсөн жилүүдийнх шиг болохгүй гэх газаргүй. 1990-2016 оны хоорондох хувьчлалыг аваад үзье л дээ.
Энэ л жилүүдэд манай улс 2000 орчим аж ахуйн нэгжээ хувьчлаад 300 хүрэхгүй үгүйтэй тэрбум төгрөг олж байжээ. Үүнийг дагаад хэдэн мянган хүн ажилгүй болсон. Эндээс л Монголын өнөөдрийн ажилгүйдэл ядуурлын үндэс эхтэй гэдгийг УИХ-ын гишүүд, судлаачид ярьдаг.
1991-1995 онд 835
1996-2000 онд 922
2001-2004 онд 83
2005-2008 онд 34
2010-2012 онд 30
2015-2016 онд 25 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгө гээд өнгөрсөн 28 жилийн хугацаанд нийтдээ 1929 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгийг хувьчилжээ.
Үүнээс тухай тухайн цаг үеийн ханшаар тооцсоноор 229 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн дүн мэдээ бий. Ингээд тооцоод үз л дээ. Эдгээр хувьчлалын ихэнх нь үр ашиггүй болж, дампууран алга болж оронд нь дэлгүүр, оффисууд л нээгдсэн. Үүнд жишээ болгоход “молекул” хэмээх Б.Батбаярын хувьчилж авсан Гутлын үйлдвэр дампуураад эцэстээ байр нь “Номин”-гийн нэг салбар дэлгүүр болсон. Савхин эдлэлийн үйлдвэрийн барилга “Ажнай”-н оффис болсон, АШАШБҮ-ийн барилга тавилгын “Мишээл” худалдааны төв болсон гэх мэт. Харин цөөн хэд нь тэсч үлдсэн. Тэдний тоонд ноён Ерөнхийлөгчийг ганзагачнаас бизнесмэн болгосон, бас сэжиг бүхий байдлаар хувьчлагдсан Махкомбинат, Талх чихэр үйлдвэрүүд багтана.
Дээр дурдсан дампуурч алга болсон, сэжиг бүхий байдлаар хувьчлагдсан бүхий л үйлдвэрүүдийн хувьчлал 1990-2000 оны хооронд явагдсан. Харин хамгийн ихээр хувьчлал явагдсан үед ТӨХ-г одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга удирдаж байсан билээ.
Ингээд эцэст нь дүгнэхэд манай Ерөнхийлөгчийн багийнхан Аж үйлдвэрийн комбинат байгуулах гэдгээр улстөрийн цаашлаад эдийн засгийн ашиг хонжоо хайж байгаа нь тун ойлгомжтой уншигдаж байна . Улстөрийн ашиг хонжоо нь үйлдвэрүүд байгуул гэж би, бид их шахсан хэмээх хожмын тайлбар, хэрвээ аж үйлдвэрүүд байгуулагдах юм бол санааг нь би гаргасан гэдгээс эхлээд, үйлдвэрүүд амжилтгүй болбол МАН-ын мөрийн хөтөлбөр дагуу байгуулсан гэнэ.
Эдийн засгийн хувьд үйлдвэрүүд төрийн мэдэлд байгуулагдлаа гэхэд удахгүй хувьчлана. Тэр үед нөхдүүд мөнгөтэй учир хамгийн түрүүнд хувьчлалд оролцоно. Мөн үйлдвэрүүдийг хувийн хэвшлийнхэн байгуулах юм Ерөнхийлөгчийн компаниуд ороод л явчих байхдаа.
О.Хуяг
эх сурвалж:gereg.mn
URL: