Тусгай сургуулиуд шалгалтаар бүдэрчээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар саяхан ерөнхий боловсролын тусгай сургуульд суралцагчдад хэрхэн боловсрол олгож байгаа талаар шалгалт хийжээ.Шалгалтад сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургууль, оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 25, 55, 63, 70 дугаар сургуулийн удирдах ажилтнууд хамрагдсан байна.

Энэ үеэр Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тогтоох тусгай сургуулиудад нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээнд нийцсэн ном, сурах бичиг дутмаг зэрэг зөрчил илэрсэн байна.

Гол нь тухайн сургуулиуд ердийн сургалттай ЕБС-ийн сурах бичгийг сургалтдаа ашигладаг байжээ. Түүнчлэн сүүлийн 10-15 жилд тусгай сургуулийн сургалтын агуулга хөтөлбөрт нийцсэн сурах бичиг хэвлэгдээгүй, хэрэглэж байсан сурах бичгүүд нь хэт хуучирч, эрүүл ахуйн шаардлага хангахаа больсон гэнэ.

Тухайлбал, харааны бэрхшээлтэй хүүхдүүд ердийн сургалттай ЕБС-ийн жижиг үсэгтэй сурах бичиг хэрэглэхэд хүндрэлтэй, зөвхөн хоёр хичээл брайль үсгийн сурах бичигтэй аж. 25 дугаар тусгай сургууль гэхэд нэгдүгээр ангийн цагаан толгойноос өөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сурах бичиггүйг холбогдох байгууллагууд шалгалтын үеэр тогтоосон байна.

Мөн 70 дугаар тусгай сургууль БСШУЯ-ны Бага дунд боловсролын газрын даргын баталсан оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн сургалтын төлөвлөгөөг мөрдөж ажиллаагүйн зэрэгцээ тухайн сургуулиуд хими, физик, гадаад хэлний дадлагын хичээлийг зориулалтын кабинет лабораторид явуулдаггүй байж. Тиймээс оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 25,55,70 дугаар тусгай сургуулиудад улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна.

Харин сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулиудыг Боловсролын тухай хуулийн 48.2.4 дэх заалтыг үндэслэн тус бүр 200 мянган төгрөгөөр торгожээ. Боловсролын стандартыг мөрдөж ажиллаагүй сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн сургалтын менежер М.Ганцэцэг, 70 дугаар тусгай сургуулийн сургалтын менежер Г.Цэгмид нарт боловсролын хуулийн 48.2.7 дахь заалтыг үндэслэн нийт 500 мянган төгрөгийн мөнгөн торгууль ногдуулсан байна.

Дээрх шалгалтанд хамрагдсан тусгай сургуулиудын 138 бүлэгт оюун ухааны бэрхшээлтэй 799, сонсголын бэрхшээлтэй 363, харааны бэрхшээлтэй 77, хавсарсан бэрхшээлтэй 429, нийт 1668 сурагч сурдаг ажээ.

Н.Алтанцэцэг

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих