Төрийн байгууламжийг бүхэлд нь суурь тогтолцоо буюу засаглалын хэлбэр, нутаг захиргааны эрх үүргийн хуваарилалт, тэдгээрийн хооронд гүйж байгаа амьд хэлхээ, холбоо гэж том зургаар нь ойлговол зохино. Хүн ажилладаг нийгмийн амьд харилцаа болохоос модуль биш. Хүний нийгмийн харилцааг машины мотор, барилгын архитектур, гэрийн хийц мэтээр хийсвэрлэн бодож, загвар зохион бүтээх нь нэн осолтой. Хүнээ эрүүл байлгах, өвчилсөн л бол эдгээх үүргийг эмч нар нуруундаа үүрдэг. Яг үүнтэй адилхан нийгмийг эрүүл байлгах, доголдол бүрийг илааршуулах мэргэжилтнүүд нь нийгэм зүйчид. тэд бол нийгмийн эмч нар. Тэгэхээр мэргэжлийн нийгэмзүйчдийг илүү анхааралтай сонсох учиртай л даа. Энэ нь улс төрчид, хуульчдын зүгээс гаргасаар байгаа нэг талыг барьсан субъектив хандлагуудыг саармагжуулах маш чухал хүчин зүйл болно. Мөн улс төрчид хэмээн өөрсдийгөө өргөмжлөгчид, тэр дундаа үндсэн хуульд өөрчлөлт оруулах зэрэг янз бүрийн гаргалгаа санаачлаад, зүтгүүлээд, чармайгаад байгаа эрхмүүдийн хувьд ойлголтын зөрүү дэндүү их байна.
Ихэнх нь тогтолцооны талаар нарийн ойлголтгүй, нийгэм зүйн түлхүүр утга (индекстерм)-ын баримжаагүй, тодорхой концепцгүй байх юм. Энэ нь бүхэлдээ үндсэн хуулийг өөрчлөх, эсвэл өөрчлөлт оруулах бодит нөхцөл үүссэн ч субъектив хүчин зүйл талаасаа таатай нөхцөл бүрдэхгүй байна гэж л ойлгогдоод байна. Tөрийн тогтолцооны засаглалын оновчтой хэлбэрийг олж тогтоохын тулд төрийн гурван өндөрлөг гээд яриад сурчихсан тэр субъектуудын үүрэг, функцыг эхэлж сайтар нягталж, тогтоохоос эхэлнэ. дараа нь эрх мэдлийг зүй зохистой хэрхэн хуваарилж чадах эсэх бус, хэнд нь ямар эрх хэмжээ олгохыг урьтал болгох нь дараа дараагийн асуудал гэдгийг ч ухаарахгүй байна. Энэ бүхнийг тоочоод барахгүй учраас үг, цаг хэмнэх үүднээс гол асуудалдаа шууд орьё! тогтолцоог сууриар нь өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа тухайд л хэн нэгний хэлж амжаагүйг товчлон хэлэх гэсэн юм, болгоон соёрхоно уу!
БОДИТ НӨХЦӨЛ БАЙДАЛ
Анх үндсэн хууль батлагдсан үеэс өнөөдрийг хүртэлх түүхэн үйл явцыг судлаад, түүнд тулгуурлан том зорилт агуулсан үзэл баримтлал гаргаж ирнэ гэвэл худлаа. Өнгөрсөн алдаанаас сургамж аваад цааш хөгжинө гэдэг үзэл санаа хоцрогдсон. Харин өнөөдрөө, яг одоо үүсчихээд байгаа нөхцөл байдлаа сайн шинжлээд, түүнээс цагийн байдал төлөвийг гаргаснаар чиг хандлагаа тодорхойлох нь зөв. Үүнийг нийгэм зүйчид, каузэл шинжилгээний арга гэдэг. Эмнэл зүйгээс орж ирсэн ухагдахуун, нийгэм зүйн судлагааны орчин цагийн арга юм. Өнөөгийн үндсэн хуулийг хэрэгжүүлснээр Монгол улсад өнөөдөр чухам ямар нийгэм бий болов? Бид хаана амьдарч, хаашаа яваад байна? Хөгжлийн ямар хандлага бодитойгоор гарч ирэв? Улстөрийн прогноз нь ямар байна? Эдгээр асуултад заавал хариу өгөх ёстой. Тэгэхгүйгээр муушиг тоглож байгаа юм шиг цочир шийдэл гаргаж, таг харанхуй гүйгээд орчихож болохгүй л дээ.
Намууд нийгмээ үнсэнд хаясан шалз шиг орхисон
Социалист нийгэмтэй байсан орнуудын хувьд өөрсдийн хүч бололцоонд тулгуурлан ардын эрхт БНУ-ын замаар явах уу, аль эсвэл барууны том гүрнүүдийн оролцоо, дэмжлэгтэйгээр хөрөнгөтний БНУ болох уу гэсэн хоёрхон сонголт бий. Орчин цагийн нийгмийн ухааны нэвтэрхий толь гэгддэг Эдвард Люттваак маш тодорхой хэлсэн байдаг юм. Mонгол улс хоёр дахь замыг нь сонгохоор шийдэн, эсэргүүцэн зогссон заримыгаа зольж, 28 жил хамаг байдгаа барьж, барж, зөөж эцэст нь хэдхэн хүн баяжиж, зон олон нь амиа аргацаасан гуйрамчийн амьдралд орсон. Ийм нийгмийг Люттваак turbo capitalism гэж томьёолсон. Монголоор хүчлүүрт эсвэл нүдүүрийн капитализм ч гэмээр юм уу. Турбокапитализмын тухай бүрэн ойлголтыг нийтлэлийн бяцхан “хавчуурга” маягаар өгөх ямар ч боломжгүй. Харин Люттваакийн Turbo capitalism гэдэг бүтээлийг нь Харвардын их сургуульд уншсан хэд хэдэн цуврал лекцтэй нь сонирхоорой. Миний хувьд Монгол улс “нүдүүрийн капитализм”-ыг тун “амжилттай” байгуулсан гэж үздэг. Гэхдээ энэхүү үзэл бодлоо хэнд ч тулгахыг хүсэхгүй. Харин энэ “Нүдүүрийн капитализм”-ын гол 10 шинжийг жагсаалаа. Эдгээрийг улс орныхоо нөхцөл байдалтай харьцуулаад Монгол улсад “нүдүүрийн капитализм” үнэхээр байгуулагдчихсан юм уу гэдэг асуултад уншигчид өөрсдөө хариулна биз ээ.
1. Эдийн засгийн цар хүрээ макро түвшиндээ асар хурдтай тэлнэ. Эдийн засгийн хөгжлийн хурдацаар зарим жилд дэлхийд манлайлан гарч ирнэ.
2. Нийгмийн тодорхой хэсэг хэт баяжиж, олонх нь ядуурч, дундаж давхарга дарангуйллын шуурганд нэрвэгдэж, ширвэгдэж ядуурал руу гулсах бүхэл бүтэн арми бий
болно.
3. Орлогын туйлчлал гэгч бий болж, баялгийн тэгш бус хуваарилалт ердийн хэв хэмжээ болон үйлчилнэ. Тодорхой орон зайд, нийгмийг хүч түрэн давамгайлах процесс (polarisation) биеллээ олно.
4. Ядуурлын эсрэг салангид тэмцлүүд өрнөж мэдэх ч үр дүнд хүрэхгүй. Ард олон өчүүхэн амьжиргаанаасаа бүр мөсөн хагацахыг хүсэхгүй.
5. Ядуурал жил, сараар биш өдөр, хоногоор газар авна.
6. Эдийн засгийн бодит секторт үнэт цаас (хувьцаа, лиценз) хэмээх хоосон зүйлийн үнэлгээ (dematerialisation) тэнгэрт хадаж, орлого нь хэдхэн хүний гарт төвлөрнө.
7. Дотоодын хөрөнгө оруулалтын нөхцөл хумигдаж, дундаж үйлдвэрлэгчид банкуудын мэдэлд шилжиж, дампуурсаныхаа төлөө мөнгө төлдөг гажуу (situs inversus) процесс явагдана.
8. Олигархуудын эзэгнэл улс төрийн механизмаар эсвэл цэрэг, цагдаагийн хүчээр баталгаажна.
9. Тооны хөгжил давамгайлж, чанарын өөрчлөлтүүд зогсонги байдалд орно.
10. Олигархуудад зориулагдсан хулгайн мөнгө хадгалах нуувчууд (оффшорыг хэлж багаа бололтой) хилийн гадна бий болно.
Дэлхийд нэртэй зарим нийгэм зүйчид Люттваакийг, “Акулуудад жижиг загас яаж амархан барьж идэхийг заагаад өгчихлөө” гэж шүүмжилдэг. Хүн ардын амьдралын тавлаг орчныг бүтээн, хүндээд үзлийг (personalism, оросоорчеловеческое доцтоинство) тулгуур болгон баримталж, гайхамшигтай хөгжиж яваа Скандинавын хөгжлийг тунхаглагчид, эрдэмтэд турбокапитализмыг эсэргүүцэн тэмцэж байна. “Тэмцээнд хэн амжуулсан нь, хэн уучлахгүй байж чадсан нь, хэн өрөвдөхгүй байж чадсан нь, хэн бууж өгөөгүй нь ялна” гэж дуулсан Лондоны олимпын сүлд дуулал (Muse-Survival)-ыг Ханну Итконэн (фин) тэргүүтэй нийгэм зүйчид хатуу шүүмжилж байсныг санаж байгаа байх. Өөр ч олон баримт бий. Монгол улс ардчиллын замаас ухарч болохгүй нь ойлгомжтой, хэн ч ухаръя гэж уриалаагүй. Гэхдээ турбокапиталист хөрөнгөтний эрхийг хамгаалсан ардчиллыг халж, ард нийтээрээ Зөвлөлдөх ардын эрхт ардчилсан төрөөр солих реформ зайлшгүй байдал хаалга тогшоод байгаа нь хэн бүхэнд тодорхой баймаар юм. Төрийн өндөрлөгүүдийн хооронд эрх мэдлийг оновчтой хуваарилна гэсэн “Лүндээжанцантангуудын үзэл баримтлал нь дэлхийд байхгүй хоцрогдлын хар гай. Өнөөдөр бий болчихоод байгаа 77 “өндөрлөг”-ийн эрх мэдлийн донг яаж хуваарилалтаар дарах гэсэн нь ойлгомжгүй. Хувь хүн, гэр бүл, албан байгууллага, улс орон ганцхан толгойтой байж урагшлан хөгжинө гэдгээс өөр үзэл баримтлал хүн төрөлхтөн олж чадаагүй байна. Дэлхийгээс ухаантай царайлах хэрэг байна уу? Эсвэл эх орныхоо эсрэг хэсэг бүлэг хүний ашиг сонирхлыг сөргүүлэн тулгаад байна уу?
• Нэгэнт макро түвшинд чанарын өөрчлөлт хийхээр зориглож байгаа л бол Үндсэн хуулийн тулгуур зарим заалтуудад өөрчлөлт оруулахаас өөр гарцгүй.
• Хүний нийгмийн харилцааг машины мотор, барилгын архитектур, гэрийн хийц мэтээр хийсвэрлэн бодож, загвар зохион бүтээх нь нэн осолтой.
• Цааш урагшлах тэнхээ барагдсан учраас цаг алдалгүй чанарт шилжих ёстой.
ХҮРСЭН ТҮВШИНГЭЭСЭЭ УХАРЧ БОЛОХГҮЙН УЧИР
Дэлхийн 193 орны төрийн байгууламжийг судлахад даруй 172 нь бүгд найрамдах засаглалтай буюу парламенттай байна. Монгол улсын парламент бол муугүй төлөвшиж яваа гэгддэг бүгдээрээ зөвлөлдөх хэлбэрийн засаглал. Энэ утгаараа Монгол улс шинэ үндсэн хуулийн ачаар төрийн байгууламжийн тодорхой түвшинд хүрсэн. Энэ түвшингээс ухарч хэрхэвч болохгүй. Харин нэгэнт төлөвшиж яваа парламентаа улам боловсронгуй болгож, дэлхийн парламентын сонгодог хэлбэр рүү аажмаар ойртуулах ёстой. Ер нь сонгодог парламент гэж ярьж хэвшсэн нь ч буруу. Парламентын сонгодог хэлбэртэй жишиг орнууд гэж бол бий. Герман, Франц, Америк, Австрали үүнд багтана. Сүүлийн үед Норвегийг ч үүнд багтаах талаар их ярих болсон. үндсэндээ парламентын засаглал нь төгөлдөржөөд, суурь алдаа гэх юмгүй болтлоо төлөвшчихсөн орнуудыг л сонгодог гэж нэрлээд, бусад улс орнууд жишиг болгож дуурайгаад байгаа юм. Өөр нэг маш чухал баримтлал нь Монгол улс шинэ үндсэн хуулийн ачаар хоцрогдсон орны тооноос хасагдаж, соёл иргэншил төлөвшүүлж яваа орнуудын гэр бүлд багтан орсон түүхэн үйл, энэ төвшингээс ухрах эрх монголчуудад байхгүй ээ! Энэ бүхнээс дүгнэхэд Монгол улсад парламентаас ухрах зам байхгүй. Харин парламентаа хоёр танхимтай болгох, нэг танхимтай хэвээр үлдээлээ гэхэд ядаж л их, бага гэсэн хоёр чуулгантай болгож ардын хяналтын систем оруулж ирэх хэрэгтэй. Бусад улс орны жишгээр сонгуулиас бусад үед төрийн үйл ажиллагаанд намуудыг оролцуулахгүй байх эрх зүйн орчинг бий болгох, иргэдэд чөлөөтэй, тэгшээр сонгох эрхийг нь олгох зэрэг механизмын чанартай асуудлуудаа ард түмэнтэйгээ нээлттэй зөвлөлдөөд, шийдээд цааш зогсолтгүйгээр урагшлах ёстой. одоогийн үндсэн хуулиа өөрчлөхгүйгээр урагшлах зам аяндаа нээгдэхгүй.
ТООНООС ЧАНАРТ
Одоогийн үндсэн хуулийн концепц нь тэлэх чанар давамгайлсан үзэл баримтлалтай. үндэсний орлого, ДНБ, мал сүрэг, бүр байшин барилга, автомашин тоо гээд бүх юманд тооны динамик өсөлт давамгайлж, макро түвшиндээ даац хэтэрсэн. Цааш урагшлах тэнхээ барагдсан учраас цаг алдалгүй чанарт шилжих ёстой. Энэ бол чанарын “хувьсгал” байх болно. Нэгэнт макро түвшинд чанарын өөрчлөлт хийхээр зориглож байгаа л бол үндсэн хуулийн тулгуур зарим заалтуудад өөрчлөлт оруулахаас өөр гарц байхгүй л дээ.
УЛС ТӨРЖСӨН НИЙГМЭЭС НИЙГЭМЖСЭН УЛС ТӨРД
Төрөө нийгэмтэй нь бүхэлд нь жанжилсан, төрийнхөө дээр олбог дэвсэж байгаад сандайлаад суучихсан намуудын хар гайгаар энэ 30 шахам жилд нийгэм бүхэлдээ муухай улстөржлөө. Урьд нь 70 жил намыг бурханчлан шүтэж ирсэн нийгмийн сэтгэлгээ энд тус болсныг дурдаад өнгөрье! Намгүй бол амьдралгүй гэж итгэж үнэмштэл нь толгойг нь эргүүлсэн. Намууд төрөөр тоглож олигархуудтай нэг хөнжилд орон шургаснаар аргаа олж, баяжих зорилгодоо хүрсэн нийгмээ үндсэнд нь үнсэнд шидсэн шалз мэтээр хаясан. Нийгэмд хуримтлагдсан том бэрхшээлүүдийг шийдэлгүй орхиж, гар хурууны үзүүрээр жижиг сажигийг нь олж, шийдээд түүгээрээ гайхуулан иргэдээ баярлуулах гэж оролдож байна. Энэ зуур нийгмийн 30 орчим хувь нь ядуурч, дундаж давхарга доош живсэн. Ард иргэд харин талцаж маргалдсанаар юу ч олж долоохгүй. Төрийн зальжин механизм байжээ гэдгийг сайн гадарлах болсон. Ер нь ард түмэн их зүйлийг таньж мэдсэн. Нийгмийн ухамсар төрийн харилцаанаас түрүүлж алхаж байгаа. Тиймээс ийм өөрчлөлт гарах гарцаагүй бодит үндэслэл болж байна. Энэ хувьсгал, “Улстөржсөн нийгмээс нийгэмжсэн улс төрд шилжих хувьсгал” байх ёстой. Улстөрийг нийгэмчлэхийн тулд үндсэн хуулиа өөрчлөх ёстой. үүнийг үндсэн хуулийн хувьсгал гэнэ.
ҮНДСЭН ХУУЛИЙН АЛДААНУУД
Үндсэн хуулийг өөрчлөхөд нөлөөлөх бас нэг учир шалтгаан бол судлаачдын яриад, маргалдаад байгаа үндэслэлүүд. Өөрөөр хэлбэл, үндсэн хуулийн өөрийнх нь сул талууд юм. Үүнээс заримыг нь энд тодотгоё. Одоогийн үндсэн хуулийг батлах үед нийгэмд хувьсгалт өөрчлөлт нэгэнт гарчихсан, түүнийг дагаад нийгмийн сэтгэлгээнд хувьсах шатны түвэгтэй байдал бодитой бий болсон байсан. Социализмын хашаанаас алдуурсан Монголын ард түмэнд цааш амьдралд хөлөө олоход маш түвэгтэй алхам тулгарсан. Хүн бүр чинээлэг амьдрах ёстой гэдгийг мэдэрчихсэн байсан үе. Үндсэн хуулийн тулгуур зарчмуудыг боловсруулагчид, хууль л зөрчөөгүй бол хөрөнгөжих, чинээлэгжих арга чөлөөтэй гэсэн үзэл баримтлал үндсэн хуульд шургуулсан гэж үздэг нийгэм зүйчидтэй би санал нийлдэг. Б.Чимид гуай ч энэ тухайгаа хожим нь дурссан байдаг юм. Хүн ард хөрөнгөжих нь юунаас ч чухал гэж бодсон байж мэднэ. Гэтэл хүн ардыг биш дуулгавартай хэдхэн хүнийг л хөрөнгөжүүлэх чигт гаднаас залчихлаа шүү дээ.
Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалд том ачаа үүрэх ёстой
Америкийг диваажин гэж шүтэх, Оросыг үзэн ядах нийгмийн уур амьсгал ч бас нөлөөлсөн байх талтай. Одоо бол нийгэм-эдийн засаг, оюуны сэтгэлгээ тэр үетэй харьцуулахад газар тэнгэр шиг ялгаатай болсон. Орчин цагтаа захирагдан төрийн тогтолцоог үндсээр нь өөрчлөхөөс өөр арга монголчуудад үлдсэнгүй.
Дүгнэлт: Хүчтэй Ерөнхийлөгчтэй, тэр нь гүйцэтгэх засаглалдаа том ачаа үүрдэг. “Сонгодог” хэлбэрийн парламенттай, тэр нь гүйцэтгэх засаглалаа, ард түмнийхээ оролцоо, дэмжлэгтэйгээр бүрэн хянаж чаддаг тийм тогтолцоотой, эрүүл төртэй, улс шиг улсад амьдрах нь Монголын ард түмний нийтлэг, язгуур эрх ашиг мөөн!
И.Цэрэнхүү