“ХУРГАН ДАРГА “ нарын тансаглаж буй төсвийг ХҮҮХЭД-ийнхээ тархинд зориулья!
“Сүүлчийнхээ сохор зоосыг ч хүүхдийнхээ боловсролд зориул”. Энэ бол соёлт хүн төрөлхтний бичигдээгүй хууль. Гэтэл манайд ирээдүйн МОНГОЛ хэмээх улсыг авч явах иргэдээ БҮТЭЭЖ буй багш нараа хамгийн бага цалингаар үнэлнэ. Шилдэгүүд, манлайлагчид нь багш болж, нийгмээ оройлон, үлгэрлэж явах ёстой ч ЭСРЭГ эргэжээ.
Улс орны уураг тархийг бэлтгэж буй боловсролын салбар дампуурсан. Нэг ангид 60-70 уулаа , сургууль нь 3 ээлжээр хичээллэж,анги танхим нь хүчилтөрөгчөөр дутагдаж, хүүхдийн сурч боловсрох байтугай эрүүл байх эрх ч зөрчигдөж байна. Стандарт энэ тэр яриад ч хэрэггүй. Хотын төвд сургууль цэцэрлэг барих газар олддоггүй юм гэсэн. Газраа авлигаар өгсөн дарга нар нь өнөөдөр энэ улс орныг удирдаж буй. Ирээдүйд гишгэх газар олдохоо болиход гайхах зүйлгүй.
Багш нарын цалинг нэмэх БОЛОМЖ их бий. Төрийн данхгар бүтцээ цөөлж, хэрэггүй үрэлгэн зардлаа ТАНААД л болоо. Өнөөдөр төрийн албан хаагчдын тоо 190,000.Төрийн яам,агентлаг,төрийн өмчит компаниудад онцын хэрэггүй ОРОН ТОО, ЗАРДАЛ маш их бий.
Дэд сайд,
Дэд ерөнхийлөгч
Тэргүүн дэд захирал
Тийм ийм зүйл эрхэлсэн захирал
Тэр даргын зөвлөх /орон тооны болон орон тооны бус зөвлөх/……Нэг биш бүр хэд хэдээрээ ийм албан тушаал бий.
Төрийн банк л гэхэд өнгөрсөн жил 70 захиралтай. Тэдгээр нь сардаа 10 гаруй сая төгрөгийн цалинтай байсан нь ил болсны дараа захирлуудынхаа тоог 50 хувиар цөөлж байлаа. Өнөөдөр орд газар болгонд төрийн өмчит компаниуд эзэн сууж буй. Тэнд мөн л хурган дарга нарын орон тоо шинээр нэмэгдсээр. Нам дагаж, сонгуулиар ажилласан, улс төрчдийн цүнх баригчдын АЧ ХАРИУЛАХ газар нь ТӨРИЙН АЛБА болчихоод байгаа учраас үүнийг өөрчлөх хүсэл аль ч намын үед эрх баригчдад угаасаа байхгүй. Иймээс олон нийтийн шахалтаар төрийн байгууллагын данхгар бүтэц , хэрэггүй орон тоо, үрэлгэн зардлыг танаж чадвал багш эмч нарын цалинг нэмэх БОЛОМЖ бий. Сангийн сайд аа !!!!!!
Сэтгүүлч Б.ОТГОН
URL: