Уулчдын цогцсыг эх оронд нь авчирчээ
Өнгөрсөн бямба гарагт Балбын Хималайн оргилд авирах үедээ амиа алдсан таван солонгос уулчны цогцсыг лхагва гарагийн өглөө эх оронд нь авчирсан тухай “Yonhap” агентлаг мэдээлэв.
“Korean Air” компанийн “KE696” нислэг орон нутгийн цагаар өнөө өглөөний 5 цагийн орчимд “Инчеон” олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд харамсалтайгаар амь насаа алдсан уулчдын цогцсыг уй гашууд автсан гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Ням гарагийн өглөө Ким Чан Хо тэргүүтэй таван солонгос уулчин болон дөрвөн балба уулчин Балбын баруун нутгийн Гуржа уулын 3500 метрийн өндөрт буудалласан газраасаа холгүй амиа алдсан байдалтай олдсон бөгөөд аврах албаны ажилтнууд тэдний цогцсыг нийслэл Катманду хотын эмнэлэгт хүргэжээ.
Уулчид хүчтэй шуургад өртөн уулын эгц налуу руу унасан хэмээн таамаглаж байгаа бөгөөд нэг цогцос буудалласан баазын ойролцоогоос олдсон бол бусад найман хүнийг уулын хөндийн доод хэсгээс олсон байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: