Оффшорчдын хөрөнгө мөнгийг оруулж ирэх үлгэр жаргачихсан юм биш биз
Эх орноосоо хумсалж, хулгайлсан хөрөнгөө гадагш гаргаад хав дарсан оффшоруудтай тэмцэж, тэдний мөнгийг оруулж ирнэ хэмээн Ерөнхийлөгч болоод бусад албаныхан сүр дуулиантай зарлаж, уриалга гаргаж байсан цаг саяхан юм. Бүр хуулийн хугацаа ч өгч, хугацаандаа оруулж ирээгүй баячуудтай хатуу тэмцэж, хариуцлага тооцно хэмээн мэдэгдэж байсан юм.
Тэгвэл өнөөдөр гадаадад хөрөнгөө нуусан 20 гаруй баяны хэд нь хөрөнгөө оруулж ирэв гэдэг нь ихээхэн сонирхол татаж байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийг биелүүлж, оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн байдаг.
Харин оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаа заав. Харин тухайн үед хугацаандаа багтаж оффшор дахь хөрөнгөө дөрвөн хүн шилжүүлсэн талаар АТГ мэдээлсэн.
Тодруулбал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол банкны газрын захирал Т.Амарсайхан нар хамаарал бүхий этгээдийнхээ эзэмшиж байсан оффшор компаний хувьцааг 2015, 2017 онд бусдад шилжүүлсэн гэдгээ мэдэгдсэн байна.
Харин ЦЕГ-ын салбар байгууллагын дарга С.Ганбат өөрийн эзэмшиж байсан гурван дансыг хаалгасан гэдгээ мэдүүлсэн байгаа юм. Эд нар хуулийн хүрээнд үүргээ ухамсарласан нь сайн хэрэг. Харин бусад нь яасан бэ.
Эрх биш улсын Ерөнхийлөгч уриалга гаргасан юм чинь хулгайч нар хөрөнгөө буцааж өгч магадгүй гэсэн хүлээлт, итгэл найдлага олныг горьдсоор байгаа. Гэвч таг чиг, АТГ-аас мэдээлэл алга.
Өнөөдөр эх орноо гэсэн хүмүүс оффшорчдын мөнгийг яасхийж эх орондоо авчрах вэ гэж арга чарга хайж байна. Оффшорчдын мөнгийг оруулж ирж төрийн алба хаагчдын цалинг нэм гэж шаардаж жагссан ч амжилтанд хүрсэнгүй.
Оффшорчдын мөнгийг Монгол руу хөөж ирэх хөдөлгөөн өрнүүлнэ гээд ч таг болов. Улс эх орноо тартагт нь тултал ядууруулчихаад ямар нүүрээрээ баян дээрээ баян болох гэж улстөрчид албан тушаалын наймаа хэлэлцээд байгаа юм бол. АТГ нь үндсэн ажлаа хийхгүй, үүрэг чиглэлээ умартан загас, жараахай хөөцөлдөж байна гэсэн шүүмжлэлд өртөөд удав.
Ажлаа хийхгүй байгаа АТГ-ыг төрөөс санхүүжүүлж байхын оронд татан буулгая гэсэн санаагаа Ерөнхийлөгч хоёрхон хоногийн өмнө хэлсэн.
Гэхдээ өөрөө оффшорчдын 17 тэрбум ам.долларыг оруулж ирнэ гэж амалсан Ерөнхийлөгч юу ярьчихав. Би хэзээ ч өр төлж, оффшор дахь хөрөнгө татна гэж яриагүй. Харин намайг дэмждэг хүмүүс наад ажлаа хий гэсэн утгатай юм хэлэв.
Ингэж амласан амлалтаасаа буцаж, хэлсэн үгэндээ хариуцлага хүлээж боломгүй санагдах юм. Төрийн тэргүүн нь ийм, төрийн ажил иймэрхүү явж байхад хулгайлсан мөнгөө гадаадаас аваад ирье гэх хүн олдохгүй дээ.
УИХ-ын гишүүн С.Жавхлан ч овт-шааруудтай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байсан ч тэгсхийгээд нам жим болов.
Хуулийн хугацаанд 4 хүн гадаад дахь хөрөнгөө шилжүүлснээ мэдүүлсэн. Цаг хугацаа нэг л мэдэхэд өнгөрч өнөөдөртэй золгожээ. Оффшорчдын мөнгийг Монголд оруулж ирнэ гэх том үлгэр жаргасан юм биш биз дээ.
О.Сайхан
Оллоо.mn
URL: