Эрчим хүчний экс сайд “Эрдэнэс Монгол”-ын суудлаасаа мултрах уу …
Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрдэх гэж бас багагүй хэл ам болж байсныг олон хүн санаж байгаа болов уу. Тэднээс хамгийн их олны анхаарлыг татсан нь Эрчим хүчний сайдын томилгоо байсан. Тодруулбал эхлээд Эрчим хүчний сайдад Т.Энхтайваныг нэр зүтгүүлсэн. Гэвч мань хүнийг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн буцаасан. Үүний дараа Ц.Цэнгэлийг нэр дэвшүүлсэн ч мөн л АТГ хүлээж аваагүй. Харин эцэст нь МАН-ын бүлэг хуралдаж П.Ганхүүд Эрчим хүчний яамыг хариуцуулсан юм. Ийн олны танил бус, Саарал ордны сандал суудлын эзэн биш нөхөр тус яамны сайд болсон түүхтэй.
Мань хүний хувьд 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгссөн. Япон улсын Сэншүгийн их сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан, Эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй, Түлш, эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, Эрчим хүчний газрын орлогч даргаар ажиллаж байсан нэгэн гэдэг. Гэвч Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсноор угаас түмэнд танигдаагүй түүний сураг бүр алдарсан гэхэд болно. Ийн хэсэгтээ нам гүм байсан тэрбээр өнгөрсөн хавар гэнэтхэн л “Эрдэнэс Монгол” ХХК-ийн даргаар томилогдчихсон.
Тодруулбал “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл 2018 оны 5 сарын 18-ны өдөр хуралдаж, компанийн захирал Ц.Түмэнцогтыг чөлөөлж, Эрчим хүчний сайд асан Д.Ганхүүг шинээр томилсон юм.
Ийн ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн даргаар томилогдоод ердөө дөрөвхөн сарын нүүрийг үзэж буй П.Ганхүүг ажилчдынхаа тоо нэмсэнээс болж компанид нэмэлт зардал үүсгэсэн хэмээх үндслэлээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс шалгах ажлын хэсэг гарч, түүнд хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсныг баттай эх сурвалж хэллээ.
Экс сайд П.Ганхүү нь ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох Эрдэнэс Таван толгойг харьяанаасаа тавьж Уул уурхайн яаманд алдсан нь түүний муу ажиллаж байгаагийн нэг жишээ юм гэдгийг эх сурвалж хэлж байна. Түүнээс гадна П.Ганхүү даргаар томилогдсоноосоо хойш таван сар болж байхад гарын 10 хуруунд багтахаар цөөхөн удаа үүрэгт ажилдаа ирсэн. Түүнчлэн ТУЗ-ийн гишүүдийн хэнтэй нь ч зөвшилцөж, ярилцалгүйгээр өөрийн хүмүүсээ ажилд оруулдаг.Мөн
П.Ганхүүг ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн даргаар томилогдсоноосоо хойш хардлага төрүүлэх, бүрхэг ажиллагаанууд идэвхижиж байгааг ажилчид нь мэр сэр ярих болжээ. Тиймээс энэ байдал хэвээр үргэлжлэх юм бол П.Ганхүүг чөлөөлнө эсвэл АТГ-т өгч шалгуулна гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалж: www.today.mn
URL: http://www.fact.mn/363670.html