Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Баясгалангийн хүү хар тамхины хэргээр Хятадад баривчлагдсаныг олон сар нуужээ
Монголчууд хар тамхи, хүний наймааны дамжин өнгөрөх гол бааз болж байна гэсэн сэтгэл хирдхийлгэм мэдээ одоогоос гурван жилийн өмне цацагдаж, энэ мэдээллийг сонссон олон хүн “Арай хэтэрч байна. Дэндүү сүржигнэж, хүмүүсийн амар тайван байдлыг алдагдууллаа” хэмээн дургүйцэж байсан удаатай.
Бүр Хууль зүйн сайд нь хүртэл “Тэр тийм сүртэй зүйл бишээ. Яахав Монголчууд анхааарал болгоомжтой л байх хэрэгтэй” гэж мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл хар тамхи зөевөрлөх хэрэгт Монголын төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд хүртэл орооцолдож эхэллээ. Өнгөрсөн найман сард Хятадад хар тамхи зөөвөрлөж явсан хоёр залуу баригдсан бөгөөд тэдний нэг нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн хүү гэдэг нь тогтоогджээ.
Тэрбээр бусдын ачаа бараа тээвэрлэж явсан хэмээн мэдүүлж байгаа гэнэ. Гэвч түүнийг Хятадын шоронд хорьж ар гэрийнхэнтэй нь ч уулзуулахгүй байгаа аж. Ямартай ч хууль зүйн яамныхан энэ хэрэг гарсны дараа сандарч нэр бүхий ажилтнууд нь Бээжин рүү ниссэн аж.
БНХАУ-ын Эрүүгийн хуулийн долдугаар хэсгийн 347 дугаар зүйлд “50 гр-аас дээш хэмжээтэй герион зөөвөрлөх, боловсруулах гэмт хэрэгт холбогдсон этгээдэд хугацаагүй хорих, цаазаар авах ял ногдуулж, бүх өмчийг нь хураана” гэж заасан байдаг. Тиймээс Хууль зүйн Төрийн бичгийн даргын хүүг ял зэмгүйхэн мултлах гэж манайхан хэрдээ л хичээж байгаа бололтой.
Энэ хэргийг саяхан илэрсэн мэтээр ярьж бичиж байгаа юм. Үнэн хэрэгтээ Хууль зүйн Яамны Төрийн нарийн бичгийн даргын хүү хар тамхи тээвэрлэж явсан тухай мэдээлэл Тагнуул болон, ГХЯ-д одоогоос дөрвөн сарын өмнө ирсэн аж. Гэвч энэ тапаархи мэдээллийг нууцалж, хэл амгүйхэн хүүг нь салгаж авахыг оролдож байсан бололтой.
Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хоёр хүүхэдтэй. Хятадад хар тамхи тээвэрлэсэн хэргээр хоригдож байгаа энэ залуу түүний том хүү аж. Тэрбээр Малайзад сурч байсан аж. Монголын том даргын хүү хар тамхины асуудалд холбогдсныг мэдсэн хятадууд ч бас зүгээр суусангүй. Төрийн нарийн бичгийн даргын хүүтэй уулзах, болж өгвөл энэ хэргээс салгаад авчих санаатай оролдож байгаа хүмүүсийг битүүхэн дарамталж, “Нэг бол цаазын ял coнсоно. Эсвэл энэ залуу бүх насаараа хоригдоно” хэмээн дарамталж байгаа аж.
Хууль зүйн яамныхан ялтан солилцох гэрээг байгуулах, хар тамхи болой хулгайн хэргээр хоригдож байгаа иргэдийг яаралтай татаж авчирах асуудлаар бүхэл бүтэн ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.
Эх сурвалж: “Тэргүүн”
URL: